Улаанбаатар 1c

Тавин жил мөрөөдсөн мөсөн ордон дээврээ битүүлчихжээ

2020 оны долдугаар сард монголчууд мөсөн ордонтой болно 

Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэж монголчууд ярьдаг. Монгол Улсад мөсөн спорт үүсэж хөгжөөд нэгэн жаран болж байгаа ч зориулалтын талбай, цогцолбор ордон байсангүй ээ. Туйхайлбал, Монголын хоккейн спорт өдгөө хөгжлийнхөө дээд түвшинд хүрсэн гэдгийг  шайбтай хоккейн спорт сонирхогч, тамирчид хэлдэг. Арга ч үгүй. Монголчууд шайбтай хоккейн анхны тэмцээндээ 1970 онд  оролцож байжээ. Тэр үеэс тоолбол, Азийн челлэнж кап тэмцээнд Монгол улсын шайбтай хоккейн шигшээ багийнхан сүүлийн зургаан жил дараалж медаль хүртсэн ба 2013, 2014, 2015, 2016 онуудад хүрэл, 2017 онд мөнгө, 2018 онд анх удаагаа түрүүлж аваргын алтан медалийг эх орондоо авчирсан түүх бүдгэрээгүй байна. Яг энэ үед мөсөн спортоор хичээллэдэг хүүхэд, залуусынхаа мөрөөдлийг биелүүлсэн ордны  бүтээн байгуулалтын явц 60 гаруй хувьтай сүндэрлэж байгааг үзээд ирэв. Хан-Уул дүүргийн VIII хороонд буюу бидний нэрлэж заншсанаар Буянт-Ухаа II хорооллын замын эсрэг талд сүндэрлэж байгаа уг ордонг “Ачит-Ихт” компанийнхан нийгмийн хариуцлагынхаа хүрээнд санхүүжүүлж “Степпа Арена” компанийнхан 16 сарын дотор буюу 2020 оны долдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллацгааж байна.
“Мөсөн өргөө”-тэй танилцахаар байгууламж руу дөхөж очтол тэшүүр, цана үүрсэн арваад хүүхэд хөөцөлдөн наана, цаана гүйлдэх нь өсвөр насны тамирчдад түүхийн гэрч болж байгаа мэт санагдах томоохон бүтээн байгуулалт болон сүндэрлэж байга нь илт. Уг байгууламж дээр ажиллаж байгаа залуусаас баганагүй, ямар нэг дээврээс тулах тулгуургүй огторгуйн дээвэр барих ямар байгааг асуувал “Бид цөм хичээж байгаа. Гагнуурчнаас эхлээд инженер, техникийн ажилчид туслан гүйцэтгэгч компанийнхан бүгд шинэ технологи, шинэ санаа, шинэ инноваци, шинэ бүтээн байгуулалт босгож байгаадаа баяртай байгаа. Цаг тутам суралцаж хаа хаанаа туршлага хуримтлуулж байна” гэдгийг онцолж байлаа. Энэхүү мөсөн өргөө 2020 онд ашиглалтад орчихвол Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Азийн хүүхдүүд” олон улсын спортын их наадам, 2023 онд Азийн залуучуудын наадам болохоор тов нь гарчээ.  
Монголын хоккейчдын 50 жилийн мөрөөдөл болсон “Мөсөн өргөө” нь 2600-3600 хүртэлх хүний суудалтай байх юм гэнэ. Суудлын тоог бодоход л ямар хэмжээний том бүтээн байгуулалт болж байгаа нь тодорхой ойлгогдох биз ээ. Энэ өргөөнд хоккей, уран гулгалт, шорт трейкийн тэмцээн уралдаанаас гадна шалыг нь солиод сагсан бөмбөг, гар бөмбөг, уран сайхны гимнастик, бокс, урлаг соёлын томоохон арга хэмжээ, олон төрлийн танхимын спорт мөн экспо, дотоод, гадаадын хурал зохион байгуулах боломжтой байгууламж сүндэрлэж буйгаараа онцгой гэнэ. Тус өргөө нь ашиглалтын 5700 м.кв талбайтай бөгөөд Олон улсын Олимпийн хорооны стандарт хэмжээс болох 60х30 метр бүхий мөсөн гулгуурын талбайтайг барилга барьж байгаа ажилчид хэлж байлаа. Мөн фитнес клуб, хувцас солих дөрвөн өрөө, кофе шоп, усан сан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам, талбайтай бөгөөд одоогоор 20 орчим тэрбум төгрөг зарцуулжээ.

Өвөлдөө -40 хэм хүрч хүйтэрдэг манай улсад өвлийн спорт сонирхогчид уур амьсгал, улирлын онцлогоос хамаарч арванхоёрдугаар сарын эхнээс хоёрдугаар сарын сүүлч хүртэлх богинохон хугацаанд бэлтгэл хийдэг зовлонг ярьсаар өнөөдрийг хүргэсэн. Тив дэлхийн тэмцээнд амжилт олсон туршлагатай тамирчдаас эхлээд дөнгөж л цана, тэшүүр дээр гарч байгаа залуус нэг бол хотоос гадагшаа ууланд гарч бэлтгэл хангадаг бол  нөгөө нь гадаа талбайн мөсөн каток дээр дасгал, сургуулилалтаа хийдэг гэдгээ нуудаггүй ээ. Улсын хэмжээнд 28-хан ширхэг тоологддог Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиудын гадна талбайн мөсөн катокоос арай дөнгүүр нь зургадугаар сургуулийн талбай юм гэсэн.  Тэгэхээр байгаадаа баярлаж сэтгэл ханаж, бэлтгэл базаадаг тамирчдын төлөөлөл нь мөсөн спортынхон гэдэг нь гарцаагүй байна. Нэгэнт хэрэгцээ, хэрэглэгч хоёрынх нь тоо жил бүр өссөөр, залуужсаар байгаа энэ цагт төр засаг нь битүү дээвэртэй ордон бариад мөсөн спортын тамирчдаа дэмжье гэж ам нээхгүй байгаа энэ цагт орон сууц, хотхон, хороолол болгоны гадна талбайг мөсөөр дүүргээд жижигхэн бизнес эрхлээд байгаа цөөн хэдэн хүн байдаг. Үүнээс өөрөөр хотын залууст өвөлдөө бахаа ханатал гулгах, чөлөөт цагаа спортод зориулах боломж хомс. Тэгвэл өдгөө монголчуудын хувьд мөрөөдөл болоод байсан өвөл, зуны битүү дээвэртэй мөсөн ордонг ийнхүү бариад эхэлсэн нь яах аргагүй магтан сайшаамаар бүтээн байгуулалт гэдэгтэй санал нийлэх хүн олон биз.  Олимпийн сонгодог төрлүүдийн нэг шайбтай хоккейн спортыг энэ төрлийн зүтгэлтнүүд өвлийн спорт гэж ойлгохоос илүүтэй битүү ордны спорт гэдэг юм билээ. Тэгэхээр мөн л битүү ордны спортууд болох шорт-трейк, тэшүүр, уран гулгалтаар ч залуусаа хөгжүүлэх, тамирчдаа бэлтгэх, ирэх жилүүдийн олимп, тив, дэлхийн чанартай тэмцээнд бэлтгэх боломж бүрдэж байгаагаараа өндөр үр өгөөжтэй бүтээн байгуулалт аж. 
Саалиа бэлдэхээр саваа бэлд гэсний учир нь бид олимп, тив дэлхийн тэмцээн, уралдаанаас медаль горьдож тамирчдаа “ташуурддаг” хэрнээ бодит амьдрал дээр бэлтгэл хийх заал, талбай, дэвжээ, ордон, цалин хангамж, хувцас хэрэглэлээр нь хангах үүргээ умартдаг. Өөрөөр хэлбэл, бидэнд зарим спортын төрөлд тамирчин нь байгаад ч бэлтгэл хангах орчин үеийн бүү хэл дээхнэ үеийн барилга, ордон байдаггүй. Улсын төсөвт ч спорт, соёл урлагийн чиглэлийн барилга байшин, бүтээн байгуулалтын ажлыг цогцоор нь шийдсэн мөнгө хөрөнгө суудаггүй. Ийм байдлаар бид хүүхэд залуусынхаа хөгжих, биеийн тамир, спортын чиглэлээр хичээллэх эрхийг хязгаарласаар өнөөдрийг хүрсэн. Энэ гунигт дүр зураг өөрчлөгдөж байгаа нь юутай сайхан. 
Өөр бас нэгэн учир нь манай дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай үйлдвэр, аж ахуйн нэгж компаниудад дутагдалтай тал олон. Үүний нэг нь нийгмийн хариуцлагаа ухамсарлах. Олон нийт, хойч үе, нийгэмд хэрэгтэй, тус дэмтэй ажил хийх, бүтээн байгуулалт өрнүүлэх, бусдад бахархал төрүүлэм үлгэрлэхдээ тун хойрго. Ашиг олж байгаа бол нийт олондоо тусыг нь хүртээдэггүй бэртэгчин. Ерөөс газрын хэвлийн баялгийг ухаж байгаа нь ч газар дээр том том барилга байшин босгож байгаа нь ч тэр. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нэг эмнэлэг, нэг сургууль, нэг спорт цогцолбор барих нь бүү хэл хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон, олон хүүхэдтэй иргэнээ ажил, орлоготой болгоё гэж зорьдоггүй нь олон. Хэрэв аж ауйн нэгж, компаниуд нийгмийн хариуцлага гэх үүргээ биелүүлж чадвал Монгол Улс бизнес эрхлэгчдийнхээ санхүүжилтээр сэвхийтэл босоод ирэх боломж байгааг “Ачит-Ихт” компанийн санхүүжүүлж байгаа “Мөрөөдөл биелэх мөсөн өргөө”-нөөс харж болохоор байна. 
Уг ордны загвар, шийдлийн тухайд “СтеппеАрена” компанийн гүйцэтгэх захирал Н.Батмөнх “Монголд анх удаа битүү мөсөн талбай барих төсөл хэрэгжүүлж байна. “Мөсөн өргөө”-ний зураг төслийг “Анаграм” компани боловсруулсан. Төслийг Улаанбаатар дахь Канадын Консулын газар дэмжиж  “Степпе Арена” компанийнхантай уулзаж, зөвлөгөө өгсөн. Төслийг удирдагчид барилгын өвөрмөц шийдэл, спорт, үндэсний бахархлыг нэг дор цогцлоохыг зорьсон. Монголд анхны “Мөсөн өргөө” барих багийн гишүүн Канадын Ванкуверын архитектор Марк Хенц гэж мундаг хүн зөвлөсөн. Энэ хүн бол Канад даяар олон нийтэд зориулсан байгууламж, төвүүдийн зураг төслийг боловсруулж байсан туршлагатай. Монголын архитекторууд “Мөсөн өргөө”-г аль болох байгалийн гэрэл орохоор хийх бөгөөд хойд талыг бүхэлд нь шилээр бүрэхээр зураг төсөлдөө тусгасан” гэлээ. Харин уг ордныг хэрхэн зөв технологийн дагуу барих зөвлөгөөг Марк зөвлөхдөө “Монгол орны зун нарлаг байдаг учраас +30 хэм хүртэл халдаг. Иймд барилгын урд талыг битүүлж, нарны хурц туяанаас мөсөн талбайг хамгаалах нь зүйтэй” гэсэн байна.
“Мөсөн өргөө” загварын хувьд онгоцтой төстэй гэлээ. Тухайлбал, барилгын дээвэр нь онгоцны далавч шиг харагдах бол дээвэр дээр байрлах нарны халаалтын батарейг цэнэглэх зорилгоор дээврийг урд тал руугаа хэлбийлгэн, налуу байдлаар хийхээр тооцсон байна. 
“Мөсөн өргөө” төслийг санаачлагч П.Цагаан нэгэн сонирхолтой түүх хуваалцав. Тэрбээр  “Би хэдэн жилийн өмнө олон улсын хуралд оролцох үедээ Канадын нэг иргэнтэй танилцсан. Гэтэл өнөөх канад эр “Танай улс хэдэн мөсөн өргөөтэй вэ” гэж асуусан. Тухайн үед шинэ танилынхаа амыг хаах үг олж “Манайх өвлийн улиралд гадаа байгалийн цас, мөсөн дээр тоглодог” гээд хэлчихсэн. Ингээд яагаад битүү дээвэртэй “Мөсөн өргөө” барьж болохгүй гэж вэ, хэмээн дотроо бодсоор явсан” тухайгаа дэлгэсэн юм. Санаж явбал бүтнэ гэж энэ биз ээ. Залуус, мөсөн спорт сонирхогчид гадна талбайн стандарт бус каток дээр гулгадаг, бэлтгэл хангадаг цаг 2020 оны долдугаар сард дуусгавар болох нь ээ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • good
    2019 оны 11 сарын 29 | Хариулах
  • Hiij heregjuulj bga sanaachlaga gargaj, hamtran ajillaj bga humuust bayarllaa.Saihan buteen baiguulalt
    2019 оны 11 сарын 29 | Хариулах
  • Сайхан мэдээ байна
    2019 оны 11 сарын 29 | Хариулах
Нийтлэлчид