Улаанбаатар 1c

Ц.Хосбаяр: Хүндийн өргөлтийн тамирчид ганзагын наймаа руу орж, шигшээ баг тамирчингүй үлдсэн үе бий

NPost.mn
2019-11-28 11:54
Монголчууд хүндийн өргөлтийн спортын дэлхийн аваргаас медаль хүртэж чаддаг гэдгийг шавь нарынхаа амжилтаар харуулж яваа хүн бол Ц.Хосбаяр. Хүндийн өргөлтийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Цэнхэржавын Хосбаяртай ярилцлаа.

-Та хүндийн өргөлтийн спорттой хэзээнээс холбогдов. Хоёулаа эндээс яриагаа эхэлье?
-Монголын хүндийн өргөлтийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, миний төрсөн ах Ц.Хасбаатар энэ спортоор хичээллэдэг байсан юм. Тэрбээр Т.Самбуу багшийн секцэнд явдаг байв. Намайг секц рүүгээ дагуулж явах дургүй ч би байнга гуйна. Тэгж явсаар 1984 оны есдүгээр сарын 15-ны өдөр миний хүсэлтийг биелүүлж, хүндийн өргөлтийн секцэндээ оруулж өгсөн юм. Ингэж л энэ спортын хаалгыг татаж орсон доо. Тухайн үед би 10 настай, 140 см өндөртэй, 40 кг  жинтэй хүү байлаа. Энэ спорттой 35 жил нөхөрлөж явна.
-Дурлаж, дурлаж очсон клуб тань ямар нэртэй байв. Одоо бий юү?
-Хуучнаар Хүүхдийн спорт, сургалтын төв. Одоогийн гимнастикийн заал байгаа байшин. Тухайн үед үнэхээр сайхан спортын ордон байсан юм. Харамсалтай нь хувьд шилжүүлснээс болж хог дээр гарсан. Уг нь спортын маш том цогцолбор байлаа. Хүүхдийн спортын өдөр өнжүүлэх бүлэгтэй. Мөн хоолны газар, гимнастик, бокс, шатар, самбо, жүдо бөх гээд олон секц дугуйлан хичээллэдэг.
-Тэгвэл та чинь Хүүхдийн спорт, сургалтын төвийн унаган тамирчин юм байна. Хүндийн өргөлтөөр хамт хичээллэж байсан, одоо олны танил тамирчид хэн, хэн байна вэ?
-Одоо жүдо бөхийн ахлах дасгалжуулагч хийж байгаа, гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Халиуны Болдбаатар байна.  Болдоо маань буурал Гансүх багшийн самбо, жүдогийн секцний хүүхэд. Мөн түүнээс гадна манай БТСГ-ын Ц.Шаравжамц дарга байна. Тэр үед шатрын дугуйлангийн сурагч байсан юм. Дараа нь сагсанбөмбөгөөр хичээллээд явсан. Яриад байвал олон шилдэг тамирчин, дасгалжуулагч байна шүү.
-Залуудаа хүндийн өргөлтийн тэмцээнд хэдэн кг-ын жинд өрсөлддөг байв?
-Хүүхэд байхдаа 40 кг-ын жингээс эхлээд хүндийн өргөлтийн бүх жинд өрсөлдөж үзсэн. Алгассан жин байхгүй. Өсвөр үеийн хамгийн том  жин 75 кг байв. Хамгийн сүүлд тэр жинд ороод залуучуудын ангилал руу шилжсэн. 
-Таныг залуудаа улсын шигшээд орсон гэж ярьдаг?
-Багшийнхаа буянаар 17 настайдаа Үндэсний шигшээ багт орсон. Т.Самбуу багш Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч байсан болохоор надад итгэл хүлээлгэсэн байх. Тэр үед надаас илүү амжилт гаргадаг тамирчид  байсан. Би 18 настайдаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэв. Дараа жил нь буюу 19 настайдаа (1993 он) Хятадын Ши Ляон хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. Энэ медаль Монголын хүндийн өргөлтийнхний хамгийн анхны Ази тивийн аваргаас авсан алтан медаль байлаа. Мөн 1994 онд 20 настайдаа манай улсад болсон Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн.
-Дасгалжуулагчийн албанд хэдий үеэс шилжиж ажиллав. Энэ хугацаанд  гаргасан ажлынхаа үр дүнгээс товч танилцуулахгүй юу?
-Надад эрт зодог тайлах, шалтгаан нөхцөл байсан юм. Гэмтэл, бэртгэл ч байв. Тэр үеийн нийгмийн амьдрал хүнд хэцүү бэрхшээлтэй тулгарсан. Дэлгүүрийн лангуун дээр давс, гурилаас өөр юмгүй. Тамирчид ганзагын наймаанд шилжиж, шигшээ баг тамирчингүй шахам болсон. Би зодог тайлаад ахтайгаа цуг уул уурхай руу оров.  Гэвч шавь нараа хаяж чадаагүй. Сэтгэл зүрх минь хүндийн өргөлтийн спорт руу татагдсан хэвээр. Шавь нарынхаа бэлтгэл сургуулилалтад байнга анхаарал хандуулна. Алсын зайн сургалт гэдэг шиг бэлтгэлийн график, хуваарийг нь гаргаж, тохируулж чиглүүлдэг байв. 2012 онд Хүндийн өргөлтийн холбоонд бүтцийн өөрчлөлт, шинэчлэлт орсон. Миний үеийн тамирчид МХӨХ-ны удирдах албанд томилогдов. Тэр үед би 73 дугаар сургуулийн чөлөөт бөхийн Дандар багштай хамт, бөхчүүдийн хүчний бэлтгэлийг хариуцаж хийлгэдэг байсан юм. Тэгсэн Ч.Даваадорж дарга “МХӨХ-ны  дасгалжуулагч хийгээч гэсэн” саналыг надад тавьсан. Даргын саналыг дуртай хүлээн авч холбооныхоо дасгалжуулагч боллоо. Эхний ажлаа багшийнхаа нэрэмжит “Т.Самбуу сан” байгуулахаас эхэлсэн. Сангийнхаа дэргэд клуб байгуулан хоёр тамирчинтай ажлын гараагаа эхэлж байлаа. Гэтэл өнөөдөр 100 гаруй шавьтай болчихоод явж байна. Энэ долоон жилийн хугацаанд  Олон улсын хэмжээний мастер цолтой 29,  спортын мастер 36, спортын дэд мастер цолтой 39 тамирчинг төрүүлжээ. Шавь нар минь Монгол Улсын рекорд амжилтыг 270 орчим удаа шинэчлэн тогтоосон байна.
-Таныг дасгалжуулагч болох үед манай тамирчид дэлхийн аваргаас медаль хүртсэн байв уу?
-Намайг дасгалжуулагч болох үед хүндийн өргөлтийн хамгийн том амжилт нь залуучуудын дэлхийн аваргаас хүртсэн нэг хүрэл медаль байсан. Т.Самбуу багшийн шавь Энхбаатар ах дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн байдаг юм. Өнөөдөр энэ бүхнийг дүгнээд харахаар манай шавь нар насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас хоёр, залуучуудын дэлхийн аваргаас дөрөв, өсвөр үеийн дэлхийн аваргаас нэг, оюутны дэлхийн аваргаас дөрвөн медаль хүртээд байна. Долоон жилийн хугацаанд дэлхийн аваргаас 11 медаль хүртэнэ гэдэг тийм чамлахаар амжилт биш. Дэлхийн цомын  аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 30-40 гаруй медаль авчихаад байгаа. Энэ дан ганц миний амжилт биш, хүндийн өргөлтийн холбооны багш, дасгалжуулагч, шавь нарын хамтын хөдөлмөрийн, сэтгэл зүтгэлийн  үр дүн.
-1990 оны шилжилтийн үеийг бодвол өнөөдөр спортын техник, тоног төхөөрөмж хангалттай болсон уу?
-Тэр хүнд үеийг бодвол харьцангуй дээрдсэн. Энэ жил гэхэд БТСГ-аас 40-50 сая төгрөгийн хөрөнгө, мөнгө гаргаж дөрвөн шинэ шатанг, шинэ шал авч өгсөн. Бүх тоног төхөөрөмж, техникийг шинэчлэнэ гэвэл 500-600 сая төгрөг шаардлагатай. БТСГ-ын төсөв юу билээ. Асуудал их бий. Стандарт хангасан нэг ком штангийг авъя гэвэл 6700 ам.доллар хэрэгтэй. Манай шигшээгийн зааланд 10 дэвжээ байдаг. Тэгэхээр 10 ком штанг хэрэг болно. Би ер нь юмыг голж шилээд суугаад байх дургүй. Аль болох байгаа зүйлээрээ болгож, бүтээхийг хичээдэг. Болохгүй байна, бүтэхгүй юм гээд амнаасаа бэлгэгүй хар муу үг унагаад байхыг хүсдэггүй.  Монголчууд “Амны бэлгээс, ашдын бэлгэ” гэдэг дээ. Бүх зүйлийг болгоно, бүтээнэ гэж өөдрөгөөр хардаг.
-Монголын хүндийн өргөлтийн нэр төрийг дэлхийд гаргаж яваа М.Анхцэцэг таны анхны шавь нарын нэг үү?
-Анхаа бид хоёр 2012 оноос хойш хамтдаа зүтгэж байна. Анхаагийн анхны багш нь Ё.Цэрэнням гуай юм. М.Анхцэцэгийн хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэж өгсөн Ё.Цэрэнням багшид талархахаас өөр арга байхгүй. Өвгөн багш М.Анхцэцэгийг олж авч, штангийн гол атгуулсан түүхтэй. Түүний дараа Т.Чулуунпүрэв, Б.Гансүх багш М.Анхцэцэгтэй ажиллаж байсан. 2012 онд М.Анхцэцэгийн нуруу нь бэртсэн тул штангаас түр хөндийрч хөдөө явчихсан юм. Хөдөөнөөс дуудаж авчираад ардын уламжлалт аргаар нурууг нь эмчилсэн. Ингэж л М.Анхцэцэг олон багшийн хүч хөдөлмөр, хичээл, зүтгэлийн үр дүнд өнөөдрийн том амжилтын эзэн болж чадлаа шүү дээ.
-М.Анхцэцэг төрөлхийн бяр, тэнхээтэй хүүхэд үү. Эсвэл бэлтгэл, сургуулилалтын явцад бяр, тэнхээ суугаад, техник нь сайжирсан юм уу?
-Байгалиас заяасан 100 хувийн авьяастай хүн байж болно. Гэхдээ хөдөлмөрлөж, хичээж, зүтгэхгүй бол тэр нь зэвэрч үгүй болдог. Нэг хувийн авьяас, 99 хувийн хөдөлмөр гэж ярьдаг. Тэгэхээр тухайн тамирчны өөрийн хичээл зүтгэл чухал.  М.Анхцэцэгт байгалиас заяасан өгөгдөл, материал бий. Үүнд өөрийнх нь хөдөлмөрч, дайчин зан чанар чухал нөлөө үзүүлж, хөдөлмөрийнх нь үр шим гарч байгаа. 
-Та М.Анхцэцэгийг гэр хорооллын хашаанд бэлтгэл хийлгэдэг байсан гэдэг үнэн үү?
-Спортын бэлтгэл, сургуулилалт байнгын зогсолтгүй үргэлжлэх ёстой. График, төлөвлөгөөний дагуу бэлтгэл явагдахгүй тасраад байвал, яаж амжилт гаргах юм. Тийм учраас ганцхан бэлтгэлийн зааланд гэлтгүйгээр, бэлтгэл хийх боломжтой газар бүхэнд очиж хийдэг. Бэртэл, гэмтэлтэй үед бэлтгэлийг нь таслахгүйн тулд бусад эрүүл хэсгийн булчингуудад таарч, тохирох, ачаалал өгч, хөгжүүлэх дасгалыг хийлгэх жишээтэй. Хашаа битгий хэл, хаа таарсан газраа бэлтгэл хийх шаардлага гарах нь бий. 
-М.Анхцэцэг Токиогийн олимпын эрх авчихсан байгаа юу?
-Хүндийн өргөлт, жүдо бөхтэй ерөнхийдөө адил зарчимаар оноо цуглуулж олимпын эрх авдаг төрөл. Дэлхийн холбооноос олимпын эрх олгох тэмцээнийг зарладаг. Алт, мөнгө, хүрэл гранпригээс гадна дэлхийн цомын тэмцээнээс оноо цуглуулж байгаа.  Олимпын эрхийг  жин, жингийн эхний 15  тамирчны рейтингээр тасалдаг. Анхаа дэлхийн аваргын өмнө ганцхан тэмцээнд орсон байсан юм. Төрөөд тэмцээнд ороогүй. Ази тивийн аваргад ороод рейтинг нь 47-д жагссан. Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртээд 27 руу ороод ирчихсэн. Түүний дараа дэлхийн цомд түрүүлээд байгаа. Тэр оноо нь одоогоор чансаанд нэмэгдэж ороогүй байна. Удахгүй орох байх.  Энэ оноо нэмэгдвэл рейтинг нь 20 руу орж, чансаа ахих ёстой. Ирэх сарын 8-13-нд дэлхийн цомын тэмцээн Хятадын Тяньжинь хотод болно. Дараагийн цуврал нь 19-20-нд Катарт явагдана. Шинэ он гараад олимпын оноо олгох таван тэмцээн байгаа. Эдгээр цуврал оноо олгох долоон тэмцээнээс манай баг 2-3 олимпын эрх авах зорилготой байна.
-М.Анхцэцэгийн жин нэмэгдсэн. Одоо хасагдаж хуучин жиндээ орох боломж бий юү?
-М.Анхцэцэг төрөөд 97 кг жинтэй болсон. Одоо 20 кг хасагдсан байгаа. Үндсэн өөрийн ордог  жиндээ ойртож байгаа. Нэг их удахгүй хэвийн жиндээ ороод явчих байх.
-Зах зээлийн шилжилтийн хүнд үед хүндийн өргөлтийн заал тамирчингүй шахам болсон гэлээ. Гэтэл өнөөдөр зааландаа багтахгүй олон тамирчинтай болж чадсан нь юутай холбоотой вэ?
-Энэ бүхэн М.Анхцэцэг гэдэг хүнтэй салшгүй холбоотой. Би шинээр ирж байгаа охидуудаас “Энэ спортоор яагаад хичээллэх болов” гэж асуудаг юм. Тэд “Анхаа эгч шиг дэлхийн шилдэг тамирчин болно” гэж хариулдаг. Тэгэхээр ганцхан спорт гэлтгүй, ямар ч зүйлд манлайлагч гэдэг чухал үүрэг гүйцэтгэдэг. Нийгмийн сэтгэл зүй манлайлагчийг дагаж, хошуурдаг юм байна.  
-Манай эмэгтэй тамирчид амжилт гаргаад байдаг. Яагаад эрэгтэйчүүдийн амжилт тааруухан байна вэ?
-Олон шалтгаан бий. Ганцхан хүндийн өргөлтийн эрэгтэй тамирчид биш, бусад төрөлд ч адилхан эрчүүд амжилт гаргаж чадахгүй байгаа. Энэ жилийн чөлөөт бөх, жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хар. Эрчүүд байхгүй.  Дэлхийн хошой аварга З.Ойдов багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох багш нар үүнийг хариуцлага, сахилга алдагдсантай холбоотой гэж байна лээ. Бидний үед багшийн үг хууль байлаа. Хагас цэргийн маягийн зохион байгуулалттай байсан. Одоо тэр зохион байгуулалт, дэг журам алдагдсан. Би зөвхөн өөрийн хүндийн өргөлтийн тамирчдын нэг жишээг ярья. Байрлаж бэлтгэл хийж байсан тамирчин, төрсөн өдрөөр гэр рүү явуулсангүй гээд шигшээ багаа орхиод явж байсан. Ийм дэг журамгүй, цаг барихгүй, сахилга батгүйгээр бид яаж амжилт гаргах юм бэ. Нөгөө талаар эрэгтэй тамирчид гэр бүл, эхнэр хүүхдээ тэжээх болдог. Гэтэл шигшээ багийн бага цалин хаана нь ч хүрэхгүй. Гэр орондоо санаа зовж, амьдрахын төлөө илүү цалинтай ажил хийх шаардлагатай.  М.Анхцэцэг шиг шилдэг тамирчин, манлайлагч хүндийн өргөлтийн эрэгтэй тамирчдын дунд алга. Үлгэр дууриалал авчих манлайлагч тамирчин байхгүй байгаатай эрэгтэй тамирчдын амжилт холбоотой байх.  Энэ мэтээр маш олон шалтаг, шалтгаан бий.
-Хүндийн өргөлтийн спорт орон нутаг боломжийн түвшинд хөгжиж байна. Дарханы дасгалжуулагчийг ажлаас нь халчихсан. Гэтэл ажилгүй болсон тэр багш, хүүхдүүдээ аваад улсын аваргад оролцож байсан. Спортын төлөө гэсэн ийм сайхан сэтгэлтэй багшийг яагаад ажлаас нь халчихсан юм бол?
-Хөдөө орон нутагт хүндийн өргөлтийн спорт үсрэнгүй, хурдтай хөгжих болсон.  Хэнтий, Хөвсгөл, Эрдэнэт, Дархан, Сүхбаатар, Дорноговь, Багануур гээд олон аймагт хүндийн өргөлт амжилттай хөгжиж байгаа. Та Дарханы дасгалжуулагч Мажигжавын Сэлэнгэбаатар ахын талаар ярьж байх шиг байна.  Монголд Сэлэнгээ ах шиг зүтгэлтэй дасгалжуулагч олон байвал хүндийн өргөлтийн ирээдүй үед санаа зовох зүйлгүй болно. Дарханы БТСХ-ны дарга зөвхөн өөрийн хувийн тааламжгүй харилцаанаас шалтгаалж, тэр хүнийг ажлаас нь халчихсан. Үүнээс үүдэж Дарханы залуусын эрх ашиг хохирсон. Сэтгэл зүйн хувьд тамирчдад ямар их дарамт, учирч байгааг спортын салбарын дарга мэдэх л ёстой. Сэлэнгээ ах ажлаасаа халагдсан хэрнээ, машинаа зарж бүх тамирчдынхаа зардлыг даагаад улсын аварга шалгаруулах тэмцээнд ирж байгаа юм. Ажлаасаа хөөгдөж, спортоос хөндийрсөн ч тэр хүний спортыг хөгжүүлэх гэсэн сэтгэл зүрх нь хэвээрээ байна  лээ. Уг нь сэтгүүлч та нар надаас биш тэр далд, нууц байдаг хүнээс яриа авбал сайн байна. Эгэл баатар болсон, спортод элэгтэй тийм хүмүүсээс яриа авах хэрэгтэй байгаа юм. Сэлэнгээ ах олон жил Дарханы хүндийн өргөлтийн спортыг авч яваа. Миний мэдэхийн шавь нараас нь 5-6 ОУХМ цолтон төрсөн шүү. Улсын шигшээ багт олон тамирчныг бэлтгэн өгсөн байгаа. Энэ бүхэн тэр хүний ажлын үр дүн мөнөөс мөн. Ийм мундаг дасгалжуулагчийн ажлыг үнэлэхгүй гудамжинд гаргаад хаячих юм. Үнэхээр харамсалтай.
-Өвөрмонголын тамирчид танай дээр ирж бэлтгэл хийж байгаа юм уу?
-Тийм ээ, жил болгон Өвөрмонголын бөхчүүд ирж, надаар хүчний дасгал заалгаж, бэлтгэл хийдэг уламжлал тогтоод байгаа.  Миний удирдлага дор бэлтгэл хийж байсан Цагаанзаан  Өвөрмонголын аварга болсон байна лээ. Мөн энэ жил бэлтгэл хийгээд явсан Амарсанаа аварга болсон гэж дуулгалаа. Жилд 20-30 бөхчүүд Өвөрмонголоос ирдэг болсон.
-М.Анхцэцэгийн залгамж халааг бэлтгэх асуудлыг асуувал арай эртдэх үү?
-Багш хүн өнөөдөр, маргаашийг биш, алс ирээдүйг харж төлөвлөдөг. Анхаа, Билгээгийн үе 4-5 жил үргэлжилнэ. Тэднийг залгамжлан үргэлжлээд явах тамирчдыг бэлтгэх юмсан гэсэн алсын хараа бий. Энэ хэдийгээ зодог тайлах үед нь дасгалжуулагч болгочихоод, өөрөө амралтандаа сууна гэж боддог. Ер нь манай ирээдүй үе гэрэл гээтэй сайхан харагдаж байгаа. Бид энэ жил Өсвөр үеийн дэлхийн аваргаас анхны хүрэл медалиа хүртлээ. Залуучуудын дэлхийн аваргаас хүрэл, насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн. Мөн Ази тивийн аварга, дэлхийн цомоос медаль хүртэж чадлаа. Залгамж халаанд санаа зовох зүйлгүй.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид