Улаанбаатар 1c

Дэлхийн дэвжээ зүүдэлсэн арван найман нас

М.Пүрэвтунгалаг, Э.Сумъяа нарыг бүү буруутгаач

Яг энэ өдрүүдэд “НурСултан-2019” чөлөөт бөхийн ДАШТ Казахстаны нийслэлд үргэлжилж байна. Хэзээнээсээ бөхөд хайртай монголчууд хоёр охиноо томчуудын атаа, том том эрх ашигтай холбоодын дунд өрнөсөн хэрүүлийн бай болгож нийтээрээ хэсэг шуугицгаав. Асуудлын учгийг хөөвөл багш, дасгалжуулагч, холбоодын удирдлагуудад буруу байсан нь учир мэдэх нэгэнд илт байсан ч дэрсхэн хоёр тамирчин охиноо энэ дүйвээнд баллах шахав, бид. Ухаантай, учир явдлын зангилааг мэддэг хүн бол М.Пүрэвтунгалагийн эр зориг, өөртөө итгэх итгэл, золиос бүхнийг хайрлав. Алдаа оноо алин болохыг дэнслэхийг хүсдэггүй, дэндүү өөрийнхөөрөө 18 настнуудын хүсэл мөрөөдлийн ижилслийг олж харав.  М.Пүрэвтунгалаг охины цуцашгүй хөдөлмөр, бэлтгэлээ тултал хангасан бахархам үйл хэргийг бишрэв. Бэлтгэл ханасандаа эрдэж, бярдахын их итгэлийг олж үзэв. Хэдийгээр нас, туршлагаар М.Пүрэвтунгалагаас илүү ч МУГТ, Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин Э. Сумъяаг ч нийтээрээ буруутгамааргүй. Энэ хоёр охин монголчуудын ирээдүйд итгэх итгэл болон гялалзаж тамирчин хүний туулах, давах ёстой даваагаар дөрөө харшуулан зүтгэцгээж байна. 

Хүн бүр өөр өөрийн амбийцтай. Амбийц бүхэн хөлс, хүч, үйлдлээр дамжигдаж бүтээгддэг гэж би хувьдаа боддог. Аль, аль нь өөр өөрсдийн их амбийцаа бүтээж явна. Гагцхүү томчуудын бодлогогүй, зохион байгуулалтгүй, хэт туулширсан, хуваагдлын золиос болж баахан балбуулсан нь тоогүй. Авьяастай, барилдаанч, туйлын их хүсэл зоригтой хоёр монгол охиноо хайрлацгаая. Дэлхийн дэвжээ зүүдэлж хоносон шөнө бүхэн уртдаж бэлтгэл хангасан цаг бүхэн богинохон санагдаж хөлсөндөө норсон кимоногоо тэвэрч харьсан тэр л өдрүүд... М.Пүрэвтунгалаг охиныг цуцашгүй дайчин, барилдаанч, зориг шантрашгүй тэмцэгч болохыг төвөггүй ойлгуулна. Э.Сумъяагийн тухайд монголчууд түүнээс амжилт, алтан медаль, олимпийн эрх хүлээв. Ялагдвал нийтээрээ чичлэхээр гар хуруу, ам хэл нь загатнах. Ийм армийн эхний фронтынхон хэдийнэ цахим орчинд түүнийг шүүмжлээд эхэлчихлээ. Яг энэ мөчид “Хэрэггүй, ээ тэр буруугүй” гэж хэлье. 
Э.Сумъяагийн оронд явсан хэнбугай ч өрдөж, өрдөж өндрөө авсан тэр их галын халуунд шатсаар яваад л ирэх байсан. Ийм их хэл ам, хэрүүл тэмцлийн ард тамирчны сэтгэл зүй өндийдөггүй юм аа. Өөрийгөө яаж ч зоригжуулаад дэлхийн дэвжээн дээр гараад л нурна. Дэндүү их ачаалал, айдас нуруундаа үүрч “Нурсултан-2019”-ны дэвжээн дээр гарсан Э.Сумъяагаас медаль хүлээх эрхгүй ээ, бид. Алив нэг амжилт гэдэг биеийн хүчнээс гадна, сэтгэлийн, оюун санааны хүчээс давхар хамаардаг. Бид дэлхийн дэвжээнд гарахаар мордоход нь ганц сайхан үг хэлсэн билүү, Э.Сумъяадаа.  Ийм ачааллыг ямар ч агуу, мундаг тамирчин тэсдэггүй юм аа. Хэн хэнийг нь ч буруутгах аргагүй ээ. Дэлхийн тамирчин болох, Олимпийн дэвжээнд зодоглохыг ямар ч тамирчин хүснэ. Тэр хүслээр нь Монголын Чөлөөт бөхийн холбооныхон, багш дасгалжуулагчид нь тоглочихлоо. 

 ТАМИРЧНЫ ЗОВЛОН ЖАРГАЛЫГ ХАЙРЛАЖ ЧАДНА, БИ

Нэг нь 18 настай, нөгөө нь 29 настай тэдний зовлон жаргалыг хайрлаж чадна, би. Тэднийг яагаад хайрлах ёстойг өөрийн дурсамжаараа дамжуулахыг хичээлээ. Учир нь өлсөж үзсэн хүн л өлсөж яваа хүнийг ойлгодог гэдэг. Миний хувьд тамирчин байж үзсэн учраас эдгээр охидыг хайрлаад байгаа юм. Өөриймсүүлж ойлгоод өрөвдөөд байна. 
...Миний хүүхэд насны дурсамжид хэд хэдэн үйл явдал өчигдрийнх юм шиг тод томруун үлдсэн байдаг юм. Тэр үед би зургадугаар ангийн жаахан охин байв. Яг л өнөөдрийн Мөнхбатын Пүрэвтунгалаг шиг.
Ангийн охидоос биеэр том, тэрүүхэн тэндээ унаган махтай. Зургаан хүүхэдтэй айлын дээрээсээ хоёр дахь нь. Ахгүй учраас гэрийнхээ хамаг л хар бор ажлыг хийнэ. Аав юу хийнэ, түүнээс нь хийлцэнэ. Ёстой л гэрт орж эм, гадаа гарч эр гээчээр өссөн юм. Зургадугаар ангийн жаахан охин гэхэд 40-ын битонтой усыг сэвхийтэл өргөөд тэргэндээ тавьчихна. 25-ын шуудай нүүрсийг түүртэх ч үгүй үүрээд алхчихна. Шавар элс хольж зуураад блок цохиж ч үзсэн. Ийм байдлаар аавтайгаа ажиллаж зуны гурван сард хичээл хийх бус амбаар, байшин, хэд хэдэн хашаа ч барьсан байдаг. Тухайн үеийн хүүхдүүдийн олонх нь яг л над шиг хөдөлмөрлөсөөр, гэрийнхээ амьжиргаанд тус дэмтэй ажил хийж зуны амралтаа өнгөрүүлдэг байлаа. Ухаан орохоосоо л аавынхаа машины кабинд “уяатай” явдаг би тав, зургадугаар ангийн том охин боллоо ч аавыг л дагана. Аав бид хоёр бие биенээсээ “зүүгдэж” явсан өдрүүд олон. Нэгэн өдөр аав хэлж байна. “Миний охин барилдаж үзэх үү. Хоёулаа энэ том ордон орж үзэх үү. Миний охин шиг охидууд мундаг барилддаг юм билээ. Аав нь харуулах уу” гэж асууж байна. Түүний энэ шийдвэр яагаад ч юм Пүрэвтунгалагийн аавыг ойлгох орон зайг олгоод байдаг. Мөнхбат гуай яг л миний аав шиг охиноо дэлхийн хэмжээний тамирчин болно гэж итгэсэн хэрэг л дээ. Тиймээс би нэр төрөөрөө дэнчин тавьж МЧБХ-ны удирдлагуудад цочроо өгсөн Мөнхбат гуайг хэзээ ч буруутган бодож чаддаггүй юм.  

Хоосон дайралт, хий хардалт, үхэл, хагацлаар “ерөөсөн” бохир шүүмжлэлээ зогсоогооч гэсэндээ оонын хоёр эвэр шиг онцгойрч тодорсон хоёр охиноо өмөөрч бичлээ. Тамирчны ялалт хямдхан олддоггүйг санаж М.Пүрэвтунгалаг, Э.Сумъяа нарынхаа ирээдүйг хайрлая. Тэд буруугүй ээ.  

...Манай аймгийн Спортын ордон гэж их гоё загвартай том цагаан байшин бий. Магсаржавын нэрэмжит кино театрын яг дэргэд дүнхийнэ. Өндөр шатных нь хоёр талаар уруудсан хэсэгт форм, парчикаа халтарттал гулсаж тоглож байснаас өнөөх гоё дүнхгэр цагаан ордон руу орж болдог гэж бодоогүй явсан надад аавын асуултад бодох ч шаардлага байсангүй. Шууд л “Тэгье, орж үзье. Би барилдаж чадна” л гэчихлээ. Ингэж л би Ховд аймгийн Спортын ордны самбо, жүдо бөхийн секцэнд бүртгүүлэн Монгол Улсын гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од шиг гайхамшигтай бөх болно гэсэн мөрөөдлөөр өөрийгөө төсөөлсөөр орж байж билээ.  Тухайн үед зургадугаар ангийн жаахан охинд мундаг бөх болно гэхээсээ илүү өнөөх гоё цагаан кимоног нь өмсөж үзэхсэн гэсэн хүсэл л юу, юунаас илүү төрөөд байв. М.Пүрэвтунгалаг ч гэсэн Баянхонгор аймгийнхаа төвөөс “Женко” клубын тамирчин болохдоо ийм л хүслээр жигүүрлэсэн болов уу. Ингээд л аав бид хоёр самбо, жүдогийн тамирчдын бэлтгэлийн заалыг хайж явсаар Н.Гансүх гэж багшийг олж уулзав. Н.Гансүх багш намайг харуутаа л “За гутлаа тайлаад хөл нүцгэн дэвжээндээ гардаг юм. Бэлтгэлийн зааландаа орж ирэхээсээ л хаалгандаа эхлээд бөхийж ёслоно. Дараа нь дэвжээндээ ёслоно. Багш бол хамгийн хүндтэй хүн учраас багшдаа ёслоод бэлтгэлээ эхэлдэг юм. Тамирчид тэр дундаа нэг дэвжээний тамирчид бие биендээ хайртай байх ёстой. Нэг нэгнийгээ хүндэтгэдэг байх ёстой учраас барилдах бүртээ ёслож гар бариад бэлтгэл эхэлнэ” гэх байдлаар самбо, жүдо бөхийн А үсгийг анх заасан хүндэт хүн юм. Татами гэх дэвжээн дээр анх гарсан тэр мэдрэмж одоо ч надаас арилдаггүй. Зүлэг, ширгэн дээр л хөл нүцгэн гүйж явснаас тийм зөөлөн шал байдаг гэж бодож яваагүй жаахан охинд татами бол тайлбарлашгүй орон зай байв. Тэнцвэрээ алдаж толгой эргэх шиг мэдрэмж төрж билээ. Хэд хоногтоо л түүн дээр алхаж, гүйж, харайх нь эвгүй. 

УЛСЫН АВАРГЫН ДЭВЖЭЭНЭЭС УЙЛСААР БУУСАН ТОРГОН АГШИН

2003 он. Самбо, жудо бөхийн аймгийн аварга хэд хэдэн удаа боллоо. 18 настай намайг Улсын аваргад авч явна гэсэн баярт мэдээг Гансүх багш дуулгав. Би гэдэг чинь бөөн баяр, хөөр. Улсын аваргаас медаль авч амжилт  үзүүлье гэхээсээ илүү улсын нийслэл Улаанбаатарыг үзэх нь миний хувьд чухал байв. Ингээд багтаж ядсан догдлол дунд хэд хоног нисэв. Аав, ээж хоёр ч улсын аваргын чимээнээр цалингаа нааш, цааш нь болгож, авлага өглөгөө тэнцүүлсээр хоол, унааны зардлаас гадна халаасны хэдэн төгрөг мачийж байж цуглуулж өгсөнсөн. 2003 он гэдэг бол мөнгө хатуу, цаг хэцүү байсан үе.  Одоо ч надад өчигдөрхөн болоод өнгөрсөн үйл явдал шиг нүдэнд харагддаг юм. Спортын төв ордон  аймаг бүрээс ирсэн тамирчдын хөлд  дараастай. Цэлгэр том танхимын голд хоёр ч дэвжээ зассан нь сүрдэм. 57 кг-ийн жинд сонгогдож ирсэн би гэдэг хүн Ховдоос хот руу ирэх 1450 км зам туулж гурван хоног пургонд явахдаа гурван кг нэмжээ. Ингээд тэмцээний урд өдөржин бэлтгэл хийж жин хасах үүрэг хүлээв. Хол замын ядаргаа гараагүй, хот газрын шоконд орсон жаахан охинд гурван кг хасах 24 цаг л байв. Маргааш өглөө 09.00 цагт тэмцээн эхлэхэд 57 кг жиндээ яг бариулж жингээ хассан нь миний хувьд Улсын аваргын алтан медаль зүүснээс ч илүү аз жаргал бэлэглэж байв. Ингэж л 16 настай улаан хацартай хөдөөгийн жаахан охин УАШ тэмцээний дэвжээнээ гурван өдрийн аян замын ядрал, 24 цагт зогсолтгүй гүйсээр хассан жингийн тулаанаасаа салж амжаагүй гарч байлаа... Тэгэхэд л тамирчин хүн ямар их хаттай, тэвчээртэй байх ёстойг ойлгосон. Сэтгэлзүй хаана нурдгийг мэдэрсэн. “Энэ яасан том дэвжээ вэ, би чадахгүй бол яана аа. Аав ээжийнхээ хуруу хумсаа хугалах шахам байж өгсөн мөнгийг дэмий үрчихсэн байвал яах вэ, жин хассан бэлтгэлээс болж ялагдвал яана аа, туршлагатай мундаг тамирчинтай таарчихвал...” гэх мэт жижигхэн мэт боловч олон асуулт тамирчны сэтгэл зүйд асар хүнд нөлөөлдгийг тэгэхэд мэдэрч билээ. Ай миний улсын аваргын алтан медаль мөрөөдөж сэрсэн 18 нас минь. Цагаан кимоно л өмсчихвөл хүмүүс намайг онцолж харна даа гэсэн гэнэн бодолдоо дэвэрч асгарсан гэгээн нас минь ээ.  
...энэ бүх дурсамжаа уудалсны учир нь тамирчны замнал дардан байдаггүй ээ. Өөр, өөрийн үнэ цэнээр бий болдог. Давж туулдаг. Хэзээ ч хямдхан олддоггүй аваргын дэвжээ хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн. Амжилтын төлөө асгаруулсан тэдний хөлсийг бид шүлсээрээ булж болохгүй. Хоосон дайралт, хий хардалт, үхэл, хагацлаар “ерөөсөн” бохир шүүмжлэлээ зогсоогооч гэсэндээ оонын хоёр эвэр шиг онцгойрч тодорсон хоёр охиноо өмөөрч бичлээ. Тамирчны ялалт хямдхан олддоггүйг санаж М.Пүрэвтунгалаг, Э.Сумъяа нарынхаа ирээдүйг хайрлая. Тэд буруугүй ээ.  

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид