Улаанбаатар 1c

Гялгар уутаар эмээл, зам, хашаа бүтээсэн буурай

Хоёрдогч түүхий эд буюу гялгар уутаар монгол эмээл, хашаа, явган хүний зам бүтээсэн ахмад настан С.Нацагдорж гуайн үйлдвэрээр зочлохоор бид Хэнтий аймгийн Биндэр сумыг зорилоо. Улаанбаатар Хэнтий аймгийг холбосон авто замаар донсолгож явсаар бид шороон замтай золгов. Цас орж, шуурсан шороон замаар 200 гаруй километр давхисаар Биндэр суманд хүрлээ. Бидний зорьж очсон С.Нацагдорж гуайнх сумын төвөөс хойш холгүйхэн мал маллан амьдардаг. “Хөгшөөí урд хөтлөөр машин даваад ирж байна шүү, цагаан тоос бужигнаад юу юугүйхэн гэрийн гадаа ирлээ гэж эхнэртээ ярьж байлаа” хэмээн хошигнон ярих буурайнууд хоёр шар нохойгоо нэг, нэгээр нь хүзүүдэн барьж, биднийг тосон угтав. Гэрийнх нь хаалга онгорхой, үүдээр нь уур савсаж “Ороорой, дээшээ суу” хэмээн эхнэр нь дуугарлаа. Өвөлжөөндөө буугаад удаагүй эднийх гадна талдаа “ассент” маркийн автомашин, 2х3 харьцаатай байшин, нэлээн том хэмжээний ногооны хашаа, саравчтай. Жижиг сараалжин байшиндаа хоёрдогч түүхий эд буюу гялгар уут, хуванцар сав хайлуулдаг тусгай зуухыг байршуулжээ. С.Нацагдорж гуай өдгөө 70 насыг зооглож буй. Тэрбээр “Хөгширсөн гэж өөрийгөө нэг ч удаа голж үзээгүй. Толгойд хийх, бүтээх зүйлсийн санаа орж ирвэл нойр хүрдэггүй. Шөнө дунд хүртэл босож суугаад бүтээх зүйлийнхээ зургийг зураад суудаг даа” хэмээснээр бидний яриа эхлэв.

 Биндэр сум ойн аж ахуй хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нөхөрлөлийн олон бүлэгтэй. Өөрөөр хэлбэл, малчид, иргэд бүлэг болж, цагаан идээ, ойí аж ахуйн, аялал жуулчлал гэх мэт чиглээр үйл ажиллагаа явуулдаг гэсэн үг. Үүний нэг нь С.Нацагдорж гуайн үүсгэн байгуулсан байгаль хамгаалах чиглэлийн “Цагаан нуга” ойн нөхөрлөл. Энэ нөхөрлөл анх 2009 онд найман өрхийн 15 гишүүнтэй үүсгэн байгуулагдаж байжээ. Үүнээс хойш тэд сум орон нутгийнхаа аялал жуулчлалыг хөгжүүлэхийн төлөө тасралтгүй зүтгэж яваа эгэл жирийн иргэд. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Сайханы хөтлийн жишгээр сумынхаа хойд талд байрлах Яргуй хавцал, Зэгст нууранд аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор тохижилтын ажил хийж эхэлсэн байна. Байгалийн үзэсгэлэнт газруудынхаа ойр орчимд сум орон нутгийн хөрөнгө оруулалтаар баавгай, чоно, шонхор, хун шувууны хөшөө барьжээ. Мөн усан аяллын завь зундаа ажиллуудаг гэнэ. Үүнээс гадна энэ нөхөрлөлийнхөн хаягдал хуванцар сав, гялгар уут хайлуулж сандал, эмээл, хашаа, явган хүний зам үйлдвэрлээд байгаа нь энэ. Мөн уламжлалт аргаар хонины арьс, нэхий элдэн боловсруулж дах, дэгтий, бээлий, малгай, сандлын бүрээс зэргийг хийжээ. Тэр ч бүү хэл модны үртэс, үхрийн баас, нүүрсний хогийг ашиглаж шахмал түлш үйлдвэрлэсэн байна. Энэ нь түүхий нүүрс, хөрзөнгөөс хоёр дахин илүү дулаанаа хадгалдаг, илч сайтай хог хаягдал бага гардаг гэнэ. 

С.Нацагдорж: Бэрхшээлийг давахгүй бол бизнес цэцэглэхгүй

Хэдий 70 насны босгыг алхсан ч наснаасаа залуухан харагдах энэ эрхэм зүгээр сууж чаддаггүй нэгэн бололтой. Залуу хүн шиг түргэн шалмаг хөдөлгөөнтэй С.Нацагдорж гуайтай ярилцлаа.

-Таны бага, залуу нас хаана өнгөрсөн бэ?  
-Улс төрийн ажил мэргэжлээр хойно сургууль төгссөн. Буу шагайж явсан хятад орон маань сайн, тусалж явсан орос орон муу болж байгаа энэ цаг үеийг би хараад сууж байх тавилантай юм  байна. Сургуулиа төгсөж ирээд хилийн цэрэгт насаараа ажиллаад тэтгэвэртээ гарсан. Үүнээс хойш “Цагаан нуга” ойн нөхөрлөлийг үүсгэн байгуулаад 10 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Байгаль орчин, ой модоо хамгаалъя гэсэн зорилготой эхэлж байлаа. Өөрийгөө би хилийн манаа, байгаль орчноо хамгаалах үйлсэд зүтгэхээр төрсөн хүн юм гэж үргэлж итгэдэг.
-Та гялгар уут, хуванцар сав хайлуулах үйлдвэрээ хэрхэн эхлүүлж байв?  
-Манай гэр сумын төвийн хогийн цэгтэй ойрхон учраас их хэмжээний хуванцар сав, гялгар уут хийсэж, агаар, орчныг бохирдуулдаг. Энэ хавийн газар нутаг манай нөхөрлөлийн бүлгийн харьяа юм. Бид “Хог болж байгаа гялгар уутыг бүтээгдэхүүн болговол яасан юм бэ” гэж ярилцсан. Тэгээд гялгар уут, хуванцар саваар юуг хэрхэн бүтээх талаар интернэтээс хайж, судалсан. Өндөр “Хөгжилтэй гадаад орнуудад гялгар уутыг ангилаад, хэдэн шат дамжлагатайгаар угааж, цэвэрлээд юу л бол юуг хийдэг юм билээ. Тэгээд гадаад оронд хийж болоод байхад манайх яагаад болохгүй гэж бодоод өнөөх гялгар уут, хуванцар саваа ашиглаж юм хийе, бүтээе гээд 200-ийн том төмөр саванд гал түлж байгаад гялгар уут, хуванцар савыг хайлуулж, дөрвөлжин хэвэнд цутгаж үзсэн. Гэтэл тэр маань явган хүний замын хавтан, жижиг сараалжин хашааны банз шиг болсон. Үүнээс хойш хоёрдогч түүхий эд боловсруулах ажил маань эхэлсэн дээ. Нэг өдөр аймгийн төвд хөдөлмөр халамжийн чиглэлээр сургалт явагдаж, төсөл буюу хүүгүй санхүүжилт олгоно гэдэг сураг дуулдлаа. Нөхөрлөлийнхөө нэг хүнтэй аймгийн төв рүү  давхиад очтол 60-аас дээш насны хүн хөдөлмөр халамжийн санхүүжилт олгохгүй, сургалтад хамруулахгүй гэв. Сургалтад хамт явсан хүн маань залуухан байсан учраас тэрнийхээ нэр дээр ороод л, гялгар уутаар бүтээж болох зүйлсийнхээ талаар танилцуулсан. Гэтэл төслийн удирдагч нь “Та үнэхээр хийж чадах юм уу” гэж асуув. Би ч “Толгойд, бодол санаанд багтаад байна аа” гэж хариулсан. Тэгээд намайг дэмжиж, хөдөлмөр халамжаас гурван сая төгрөг эргэн төлөх нөхцөлтэйгөөр хүүгүй зээлсэн. Миний нэг танил Дархан хотод хуванцар хайлуулдаг хувийн бизнестэй юм. Тэр залуу намайг “Та миний анх хэрэглэж байсан хуванцар хайлуулдаг төхөөрөмжийг таван сая төгрөг төлөөд ав” гэсэн. Тэгэхээр нь би “Надад таван сая байхгүй ээ. Бараг үхэн хатан сургалтад сууж байж, арай гэж гурван саятай болсон. Харин би чамд өвлийн идэш, монгол архи гэх мэт нутгийн брэндүүдээс өгнө” гэж байж тэр хайлуулах төхөөрөмжийг нь авсан. Өөр бусад жижиг, сажиг төхөөрөмжүүд хэрэг болно. Түүнийгээ таньдаг, мэддэг хүнээсээ зээлээр гуйж аваад л хайлуулах төхөөрөмжөө бүрэн ашиглах болсон
-Хуванцраар эмээл бүтээе гэж та яаж бодож олов? 
-Одоогоос жилийн өмнө би Нарантуул захаар хэсэг хэссэн юм аа. Мангасын амаар ч тэр, надад хэрэгтэй юм юу байна гэж эрэл хайгуулж хийж тэнэсэн. Гэтэл эмээлийн мод зардаг лангуунд босоо өндөр бүүрэгтэй, саарал өнгийн хуванцар эмээл нүдэнд харагдав. Худалдагчаас нь ямар үнэтэй вэ гэтэл “170 мянга” гэсэн. Эдийн засгийн тагнуул байдлаар хаанаас оруулж ирсэн, хэн хийсэн гээд л худалдагчаас нь асууж, шалгааж өглөө. Харин худалдагч  “Манай нөхөр Хятадаас оруулж ирдэг” гэсэн юм. Хотоос гэртээ ум хумгүй ирээд эмээл хийхээр шийдсэн. Би их сонин хүн. Нэг санаа толгойд орж ирсэн бол хийж байж л санаа амардаг. Эмээлийн хэв өөрөө бүтээгээд хайлуулсан хуванцраа анх удаагаа цутгав. Тэгсэн нэг мөлийсөн, эмээл гэхэд эмээл биш, хэлбэргүй юм бүтсэн. Сэтгэлээр унаад бүтэхгүй, чадахгүй юм гэж амандаа үглээд л хөгшиндөө хэлсэн чинь “Зөрүүд зан чамд амжилт авчирдаг” юм шиг санагддаг гэж надад урам хайрласан. Дараагийнхыг 140 градусын халуунд хайлуулаад хөгшинтэйгөө хамт цутгасан. Харин давгүй эмээл төрхтэй юм бүтэж, урам авч дараагийхаа сайжруулсан даа. Бэрхшээлийг давахгүй бол бизнес цэцэглэхгүй гэж би бодож явдаг. 

Жаахан залуу байсан бол их юм хийхээр санагдах юм. Гэхдээ хажуу талын хүн маань өөрийгөө хөгшин гэж голдоггүй болохоор би ч түүнд хүүхэд шиг итгэдэг дээ

-Та хэдэн эмээл бүтээгээд байна вэ. Мөн эмээл хийхэд хэдий хэр цаг хугацаа ордог вэ? 
-Одоогоор 20 арай хүрэхгүй. Бүтэлгүйтсэнтэйгээ нийлээд 18,19 эмээл хийгээд байна. Хамгийн багадаа ойролцоогоор 2-3 цагийн хугацаанд нэг эмээл гарах боломжтой. Манайх сумын төвдөө байдаггүй, цахилгааны хүчин чадал бага учраас санаснаараа эмээлээ хийж чадахгүй байна. 
-Та өөрийнхөө бүтээсэн эмээлд баталгаа олгох уу?
-Олгоно. Эдэлгээ даах чанартай л гэж өөрөө итгэж хийсэн. Туршиж үзсэн. Хэрэв хоёр жилийн дотор ч юм уу, ер нь эмээл нь хагарч, бутрах тохиолдол гарвал буцаагаад аваад ирээрэй, дахиад шинээр хийгээд өгнө гэж худалдан авагч нартаа захисан. 
-Таны бүтээсэн эмээл юугаараа онцлог гэж бодож байна вэ?
-Мэдээж хоёрдогч түүхий эд ашигласан гэдгээрээ онцлог. Мөн нэг ширхэг ч хадаас ороогүй. Модон эмээлээс ялгаагүй жинтэй, морины нуруунд тохирсон юм. 
Тэрбээр эмээлээ 150 мянган төгрөгөөр үнэлж зардаг гэсэн. Мөн нөхөрлөлийнх нь эмэгтэй гишүүд эмээлийн гөлөм, тохом зэргийг урлаж  тохоход бэлэн. Эмээлээ бүрэн тоноглосон байх үеэр нь таарлаа. Харин худалдан авагч нар нь голдуу малчид байдаг учраас заавал мөнгө гэлтгүй хонь, ямаагаар сольж болдог байна. “Цагаан нуга” нөхөрлөлийг хуванцар хайлуулах төхөөрөмжтэй болсноос хойш хогийн цэгийн гялгар уут ч багассан байна. Учир нь С.Нацагдорж гуай бүлгийхэнтэйгээ цуг сумын хүнсний дэлгүүр, цайны газар, баар гэх мэт үйлчилгээний газруудтай гэрээ хийж гялгар уут, хуванцар савыг нь ялгаж авдаг болжээ. Мөн сургуулийн хүүхдүүдэд байгаль орчноо хамгаалах, эко орчинд амьдрах зэрэг сургалтыг зохион байгуулж, ойгоо тогтмол цэвэрлүүлдэг гэнэ. Тэрбээр “Хог хаягдал гарч байгаа цагт манай бизнес зогсохгүй, нөөц хангалттай байгаа” хэмээн ярьсан.

Хөгширсөн гэж өөрийгөө нэг ч удаа голж үзээгүй. Толгойд хийх, бүтээх зүйлсийн санаа орж ирвэл нойр хүрдэггүй. Шөнө дунд хүртэл босож суугаад бүтээх зүйлийнхээ зургийг зураад суудаг даа 

Түүний гэргий М.Дуламсүрэн зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн. Сувилагч мэргэжилтэй бүсгүй ханьтайгаа амьдраад 50 гаруй жил болж байгаа. Зундаа булцуут цэцэг тарьж сумандаа “Булцуут цэцгийн цай” үйлдвэрлэж эхэлжээ. М.Дуламсүрэн эгч ханийнхаа тухай “Манай өвгөн хийнэ л гэсэн бол хийнэ. Эхэлсэн бол дуусгадаг хэцүү зантай. Хүүхдүүд маань аавынхаа занг дуурайж, бүгд л завгүй, шаргуу хөдөлмөрлөж байна даа. Жаахан залуу байсан бол их юм хийхээр санагдах юм. Гэхдээ хажуу талын хүн маань өөрийгөө хөгшин гэж голдоггүй болохоор би ч түүнд хүүхэд шиг итгэдэг дээ” хэмээн ярьж гэрийнхээ зүүн хатавчинд өвгөнийхөө гутлын дахийг хадан, хадаас алх хоёр дуугаргаж суусан юм.

С.Нацагдорж гуай “Цагаан нуга” нөхөрлөлийн бүлгийнхэнтэйгээ хамтраад  энэ амралтын өдрүүдэд “Мишээл” экспод үзэсгэлэнгээ дэлгэх аж: 
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин
    Зөв, зөв хүн өөрийгөө настай гэж хэлүүлэх дургүй. Буурай гэхээр байгаагаас нь хөгшин, ядарсан мэт сэтгэгдэл төрүүлж байна. зарим газар настай хүнийг буурай гэж авгайлдаг ч цаанаа явдарсан, буурсан, ядуу буурай гэх утга явдаг.
    2019 оны 12 сарын 05
  • Нацаг
    Хийж бүтээж байгаа болохоор нь олонд таниулжээ. Хийж байгаа зүйлийг сайн уншна уу та. Тэгээд суралцаарай. Хэл амаа билүүдэж байхаар хийсэн бүтээсэнтэй дуус. Чадхаараа гаргаад өгж байгаа хүүхдийг яана вэ
    2019 оны 12 сарын 01
  • чимэд
    Чанцалдуламд. Өтгөс буурайгаараа дуудуулах нас нь болоогүй, дөнгөж 70 шүргэж яваа хижээл эр хүн байна.Үс зүс нь бууралтах болоогүй явна наад хүн чинь.Хүнийг нас шүдээр нь дуудахаа жаахан азнаач хүүхээд. Чамайг хөгшин авгай, чавганц гэж дуудах арай болоогүй гэж найдъя
    2019 оны 11 сарын 30 | Хариулах
    • Зочин
      Зөв, зөв хүн өөрийгөө настай гэж хэлүүлэх дургүй. Буурай гэхээр байгаагаас нь хөгшин, ядарсан мэт сэтгэгдэл төрүүлж байна. зарим газар настай хүнийг буурай гэж авгайлдаг ч цаанаа явдарсан, буурсан, ядуу буурай гэх утга явдаг.
      2019 оны 11 сарын 30
    • Нацаг
      Хийж бүтээж байгаа болохоор нь олонд таниулжээ. Хийж байгаа зүйлийг сайн уншна уу та. Тэгээд суралцаарай. Хэл амаа билүүдэж байхаар хийсэн бүтээсэнтэй дуус. Чадхаараа гаргаад өгж байгаа хүүхдийг яана вэ
      2019 оны 11 сарын 30
  • B baatar 88440860
    Malchid ad 32 Mal ogson tegeel bolson baih oor ymgui
    2019 оны 11 сарын 30 | Хариулах
  • Баяр хүргэе. Мундаг хүн юмаа, залуучууд энэ хүнээс сурах юм их бна.
    2019 оны 11 сарын 30 | Хариулах
  • буурай эм хүйс буурал эр хүйс биз дээ
    2019 оны 11 сарын 30 | Хариулах
  • Baatarsuren
    Utas ni bn uu yaj holbogoh be
    2019 оны 11 сарын 30
  • А.Батсайхан
    Энэ ахтай нэг сургууль төгссөн. Эх оронч ахаараа бахархаж байна.
    2019 оны 11 сарын 30 | Хариулах
    • Baatarsuren
      Utas ni bn uu yaj holbogoh be
      2019 оны 11 сарын 30
  • Хошууч маань хийж бүтээсээр л яваан бна.Урт нас удаан жаргалыг хүсэеэ
    2019 оны 11 сарын 30 | Хариулах
  • dorno
    ee urid 90 onii suuleer hiij baisan dee 1 hujaa zarj bgaa yumaas sanaa avsan geh shig barag 95 onii ued huvantsar ols hailuulj hiij baisan sh dee undesnii tv garaad
    2019 оны 11 сарын 30 | Хариулах
Нийтлэлчид