Улаанбаатар 1c

Мандширын Янжиндулам бол далаад оны домог

NPost.mn
2019-11-29 08:26

Сүүмийн сүүмийх алс тэртээд
Сүргээ хариулж яваа даа
Баян далайн ус шиг
Бялхам сэтгэлт аав минь
Сураг чимээ чагнаад
Хүүгээ хүлээж суугаа даа...
Энэ дууг дал, наяад оныхон андахгүй. Тэд өдгөө ч найр наадам дээр дуулсаар л байгаа. Мөн энэ дуутай холбогдоод “Сүүмийн сүүмийх...” гээд аялангуут л дуучин М.Янжиндулам санаанд буудаг. Цаг хугацааны шалгуурт сайхан дуу үлдэхээс гадна сайн дуучны хоолой бас хоногшиж үлддэг. Дууг нь сонссоор байгаад тухайн дуучны хоолой сэтгэл зүрхэнд хоногшчихдог. Гэвч зүрхэнд хоногшсон тэр сайхан дуу, хоолой өдгөө бидний сонорт байнга хүрээд байх боломжгүй.
Хэдэн зуун жилийн өмнөөс амнаас ам дамжин яригдаж хүн бүрийн сэтгэлд үлдэж хоногшсон зүйлийг бид “Домог” гэдэг. Гэхдээ домог заавал тийм олон зуун жилийн урт настай байх албагүй. 50-хан жилийн өмнөх “Битлз”, 30-хан жилийн өмнөх Фреди Мерькюри гэх мэт дэлхий дахинд домог болчихсон хамтлаг, дуучид олон бий. Үүн шиг Монголд М.Янжиндуламаас эхлээд домог болчихсон дуучдыг хорь, гуч, дөчөөр нь тоолох хэрэг гарна.
Тээр жил яруу найрагч Б.Даваацэрэн М.Янжиндуламын тухай “Уг нь миний садан хүн л дээ. Жамбын Янжиндулам гэдэг юм. Жинхэнэ нэр нь Янжиндулам биш Янжинлхам юм шүү дээ. Жамбын ах нь Содном гэж байсан. Энэ хүмүүс манай аав Бямбажавын нагац юм л даа. Түүнийг 70-аад оны дунд үед зарим аймгаар Хятадын тагнуул гэж нэг хэсэг шуугисан. Ямар юмных нь Хятадын тагнуул байхав дээ. Тэр ярианаас чинь болоод М.Янжиндулам нэг хэсэгтээ л сэтгэл санаагаар унаж гутарсан...” гэх мэтээр сонинд ярилцлага өгч байлаа. Гэхдээ энд овог нь зөрөөд байдаг. Мандширын Янжиндулам гэдэг шүү дээ. Тэгэхээр нэрээ өөрчлөхөөс гадна овгоо бас өөрчилсөн ч юм шиг. 1970-аад оны дунд үед дуучин Янжиндуламыг Хятадын тагнуул гэж хөдөөгүүр нэг хэсэгтээ шуугиж байсныг тэр үед тавдугаар ангид байсан миний бие сайн мэдэх юм.
Ялангуяа манай Өвөрхангай аймгийн хэдэн сумдаар түүнийг Хятадын тагнуул гээд бүр итгэчихсэн, томчууд хүртэл “Нам засаг худлаа хэлнэ гэж байхгүй ээ. “Үнэн” сонин дээр хүртэл бичигдсэн болохоор М.Янжиндулам тагнуул байхаас зайлахгүй” гээд л цуурч өгдөг байлаа. Сугарын хөгжим “Аавдаа” дуунд,
“Хантайширын оройгоор харийн шувууд буцлаа даа
Хайртай буурал аавтайгаа харьж очоод золгоно доо” гэдэг мөр бий. Үүнийг томчууд өлгөж аваад,
“За тэр харж байна уу. Хантайшир гэдэг уул Өвөрмонголд байдаг юм гэнэ. Хайртай буурал аавтайгаа харьж очоод золгоно доо” гэдэг чинь Хятадад байгаа аавтайгаа уулзахыг хэлж байгаа юм. Даанч дуучин М.Янжиндулам үүргэвч үүрээд урагшаа гарах гэж байгаад баригдчихжээ” гээд л хүүхэд бидний тархийг эргэтэл тун үнэмшилтэй хүүрнэдэг байж билээ.

Далаад оны үед ийнхүү баруун солгойгүй цуурч байсан томчууд маань “Үнэн” сонин дээр үнэхээр л М.Янжиндуламыг тагнуул мэтээр бичсэн эсэхийг нь ч мэдэхгүй байж дур зоргоороо цуурч байсан нь төдөлгүй ойлгогдсон. Дуучин М.Янжиндуламын тухай бүх зүйл худлаа болж хувирав. Одоогийнхоор бол дуучин маань нэр төрөө сэргээлгэхээр Өвөрхангайчуудаас овоо хэдэн сая төгрөг нэхэмжилж болохоор л байлаа. Тэгтэл харин ч элдэв юм санасан шинжгүй 1979 онд “Баян Монгол”-ын хэсэг дуучидтай ирж Хужиртын амралтын соёлын төвд тоглолт хийж хөдөөгийн залуусыг нэг сайн баясгаад авч билээ. Уг нь өөрийг нь тагнуул гэж гүтгэсэн тэр том агуулган дээр одоогийнх шиг жаахан “хар пиар” хийж өгөөд “хэлбэр” хөөчихсөн бол М.Янжиндулам улам од болох байлаа. Учир нь түүнд агуулгаас хэлбэрт нөлөөлөх амьдрал, авьяас, баримт, тэдгээрийн түгээмэл тодорхой илрэлүүд бүгд байсан. Гэвч ихэнх тохиолдолд агуулга нь хэлбэрээс түрүүлж хөгжих зүй тогтолтой байдаг болохоор дуучин бүсгүй маань аясын салхинд өөрийнхөөрөө л намирч ард түмний дунд домог болсон.

Хантайширын оройгоор харийн шувууд буцлаа даа
Хайртай буурал аавтайгаа харьж очоод золгоно доо

Дуучин М.Янжиндуламын тухай дээрх утгагүй гүтгэлгийг тухайн үед залруулж явсан хүн бол Улсын филармонын дарга Д.Ухнаа юмсанж. Энэ тухай Д.Ухнаа гавьяат өгүүлэхдээ “Тэр үед нэг сонин зүйл болсон нь “Залуучууд” сонин дээр “Үүргэвч үүрсэн бүсгүй” нэртэй нийтлэл гарч, тэрхүү нийтлэлд м.Янжиндуламыг Өвөрмонголын тагнуул хэмээн бичжээ. Тухайн үед үүргэвч үүрч явдаг хүн ховор байж. Өөрөөр хэлбэл, гуйлгачин хүн л үүргэвч үүрэх ёстой байв. Харин М.Янжиндулам хаанаас авсан юм бүү мэд, нэг тийм бор үүргэвчтэй байжээ. Тиймээс тэрхүү үүргэвчнээсээ болж хардуулж, одоогийнхоор бол жинхэнэ “сенсаац”-ийн эзэн болсон. Дээрээс надад үүрэг өгч, М.Янжиндуламын удам судрыг  судлах лүндэн буулгав. Нэгэнт ийм лүндэн авсан хүн өөр яахав, Төмөр зам дахь гэрт нь очиж аав ээжтэй нь уулзаж, аав нь Ховд, ээж нь Архангайгаас гаралтай болохыг өөрийн чихээр сонсож ирээд гадны тагнуул биш, цуу яриа болохыг тайлбарлаж байлаа...” хэмээв.

Дуучин М.Янжиндулам  Д.Ухнаа даргын анхны шавь бөгөөд түүнийг “од” болгох замыг анх зассан хүн нь мөн л Д.Ухнаа дарга юмсанж. 1975 онд тэрбээр “Эстрадын залуу дуучид” уралдааныг санаачлан зохион байгуулжээ. Тэрхүү уралдааны тэргүүн байрыг “Архи пивоны үйлдвэр”-т савлагч ажилтай, өвөрмөц содон хоолойтой, урлагт сэтгэлтэй охин авсан нь Мандширын Янжиндулам байлаа. Хоёрдугаар байрны шагналыг гэр бүлийн дуучид болох О.Болдбаатар, Н.Пүрвээ нар, харин гуравдугаар байрыг өнөөгийн Ардын жүжигчин А.Долгор хүртэж байжээ. Үүний дараа Д.Ухнаа дарга Янжиндуламыг филармондаа дуучнаар үлдээх санал тавихад дуучин бүсгүй маань ноот мэдэхгүй гээд түр хойшлуулжээ. Тэгсэн ч Ухнаа дарга “Архи пивоны үйлдвэр” рүү явж очоод тэндхийн ээлжийн мастер авгайг хөнгөхөн аргалж байгаад Янжиндуламыг “Баян Монгол”-ын тоглолтонд дуулуулдаг байжээ. Үүгээр зогсохгүй түүнд дуулах арга барил, тайзны соёл гээд дуучин хүнд байх ёстой бүхнийг зааж сургаж, радиод дуугаа бичүүлэхэд нь хүртэл дагаж явдаг байсан байна. Удалгүй М.Янжиндулам олонд танигдаж, жинхэнэ “од” болон гялалзжээ.
Энэ тухай Ухнаа дарга “Тэр үед Ардын дууны Адраа ид нэрд гарч хот хөдөөгүй байлдан дагуулж байлаа. Тиймдээ ч хөдөөд Адарсүрэн ирсэн бол Ардын дуу бүжгийн тоглолтыг үзнэ, Янжиндулам яваа бол “Баян Монгол”-ын тоглолтыг үзнэ гэх яриа гарахав дээ. Сүүлдээ “Баян Монгол” чуулга, Ардын дуу бүжиг хоёр тоглолтоо зөрүүлдэг болж, Адраа баруун аймгаар бригадаар явсан бол, “Баян Монгол”-ынхон Янжиндуламыг аваад зүүн аймаг руу явдаг болсон...” гэж дурссан юм.
Нэгэн үе Монголын эстрад урлагт өөрийн өвөрмөц хоолой, авъяас чадвараараа од болон гялалзаж явсан М.Янжиндулам тухайн цаг үеийнхээ сор болсон хэдэн сайхан дуутай. “Аавдаа”-гаас гадна “Орь залуу нас”, “Алсаас дуулсан дуу”, “Огторгуй сонсоорой” гэх мэт. Тухайн үед Соёлын гавъяат зүтгэлтэн Ж.Бадраагийн өвөрмөц үг хэллэг бүхий дууны шүлгүүд уламжлалт нийтийн дуунаас эстрад урлагт орж ирсэн байдаг.  Жишээлбэл “Орь залуу нас” байна.
Тас хар огторгуй нойрсон тайвшираад
Танан эрдэнэ гялалзан одод чуулалдахад
Орь залуу нас саран шиг туяа цацаад
Орчлон хорвоогийн зулайд нь гэрэлтэнэ ээ
Үүр цайж бялзуухай дуулан бүжиглээд
Үүлэн хөшиг ярагдан наран гарч ирэхэд
Opь залуу нас өглөө шиг баяраар бялхаад
Орчлон хорвоогийн зүрхэнд нь булиглана аа...
“Дуу аялгуу”, “Хөг аялгуу”, “Хэл аялгуу” гурав яруу сайхнаар зохиролдсон энэ дуу “Арьсны хэнгэргийг мянган дохиур дэлдэвч, аялгуу хөгийг нэгэн дохиурт тогтооно” гэх эртний үгийг санагдуулдаг.
Янжиндулам хатагтай Гадаадын эстрад урлаг, тэр дундаа оросоор ч олон дуу дуулсан байдаг. “Чингис”-ийн Жагаа түүний тухай дурсахдаа: “Мандширын Янжиндуламын маш чадварлаг дуулсан, чанарлаг уран бүтээлүүд сонсогчдод хамгийн ойр дотно дуулагдсаар ирлээ. Хэнтэй ч андуурамгүй өвөрмөц хоолой түүнийх байлаа. Хэн гаргасан нь мэдэгдэхгүй цуу ярианд тэгтлээ гундаагүй энэ дууч бүсгүй “Орчлон хорвоод дуулах гэж ирсэн” хэмээн ярих дуртай байсан. 1970-аад онд залуусын дунд зохиогдсон эстрадын анхны уралдаанаас нэрд гарах эхлэлээ тавьж, “Боргио”, “Залуус”, “Баян Монгол” зэрэг хамтлаг, чуулгад гоцлон дуулж байсан энэ дуучин бүсгүй гадаад орнуудад Монголын нэрийг гаргахад жинтэй хувь нэмэр оруулсан юм. Түүнийг нэг үе Монголын Роза Рембаев гэж хэлэлцдэг байлаа…” гэж өгүүлэв.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид