Улаанбаатар 1c

Сайхан хун жигүүр амрааж, Сангийн далайд чуулсан нутаг минь

Сангийн далай нуурын зүүн талд Модон овоо гэх намхан бор толгой бий. Тэр толгойн баруун аманд манайх өвөөгийнхтэй өвөлждөг байлаа. Би тэр үед сургуульд суухын хүслэн болсон дэггүй шар жаал байж. Ах эгч нар амралтаар ирэхээрээ надад ном сонин авч ирнэ. Үсэг мэдэхгүй ч мэддэг хүн шиг л уншина. Тэд амралтын хоёр өдрөө дуусгаад явах болоход би араас нь дагаад гүйдэг байснаа ерөөс мартдаггүй. Одоо бодоход тэднийг дагадаг байсан минь эрдэм ном сурах гэсэн дээ биш ганцаарддагаас байжээ. Уулын аманд аав, ээж, эмээ, өвөө тэгээд би. Уйдах ганцаардах нь аргагүй. Цан хүүрэг болсон өвлийн богино өдрүүдэд Сангийн далайн мөсөн дээр гулгаж, чанх хойно харагдах моддоор эмжээрлэгдсэн Дулаан хайрханаа л харна. Ойр орчмын айлуудад миний насны хүүхэд байхгүй байсан нь сонин. Өвөө, аав хоёр гэртээ байхаасаа байхгүй нь их. Адуу мал, хонь, ямаа гээд л явчихна. Ээж, эмээ  хоёрыг аргалд явахад араас нь би шилбүүрэн морио унаад шогшиж өгнө. Тус болж тэдэнд аргал түүхийн оронд Зэгстэй голын хөвөөг уруудаж өгсөн давхиад л төсөөллийнхөө малыг хардаг байжээ.  Манай нутаг тал хээр, уул хангай, ус мөрөн хосолсон жаргалын орон. Хүний сэтгэлийг татах өндөр хадан цохио, үргэлжилсэн ой шугуй байхгүй ч гэлээ хэний ч сэтгэлд дотно мэдрэмж төрүүлнэ. Ус цалгилтал шувууд нь ганганаад, адуу янцгаах нь ямар сайхан гэж санана.
Хавар урь унаж, цас хайлан урсах цаг. Сурагчдын урт амралт болж ах эгч нар дуу шуу болсоор ирлээ. Тэднийг байсан 14 хоногт надад уйдах зав гарахгүй. Ах бид хоёр нялх төлийн дуу цангинасан хотондоо өдөржин тэвэг тоглоно. Нар шингэхийн алдад хамтдаа үхэр хураахаар Сангийн далай руу явна. Энэ үед бид ам хуурайгүй ярьж алхана. Үхрээ өөрөө тууна гээд л том хүн шиг алхахад хөл доор таарах цан болсон бөөрөнхий чулуу бүхнийг тоолно. “Тэр толгодын цаана тэднийх байгаа. Энэ гэрийн эгч үнээгээ их орой саадаг, хажуу айлынх нь эгч худгаас ус авахаар явж байна, харьж байгаад би бас явнаа… Халгайтын хоолойд  нэг хар юм байна, магадгүй аавын минь дүү ирж байгаа болов уу” гээд л ар араас нь хөврүүлэн ярихдаа том хүн шиг байдагсан. Энэ л нам жимхэн нутагтаа үхрийн жим дагаад алхахад, халуун орноосоо сүрэглэн ирэх хун шувуудын нүүдэл ганганаад л шүлгийн мөр шиг яруухан. Жаргах нарны алтан туяаг нуруун дээрээ үүрсээр нисэх шувуудын араас даллан гүймээр санагдана. Довын толгой борлож, сэгс салхинд найгах нь миний нутгаас л сонсож болох аялгуу. Усны цалгих чимээнд унага туурайгаараа газар дэвсэлж, үхэр тугал мөөрөх хаврын орой үзэсгэлэн гоо бас л манай нутагт байдаг юм шиг ээ. Дассан газрын давуу зөөлөн гэдэг шиг төрсөн нутгийнхаа сайхныг дурсаад баршгүй.
Ирсэн зочин буцдагийн адилаар ах, эгч амралтаа дуусгаад буцах болов. Тэднийг явахад урьдын адилаар уйлан араас нь гүйж байгаад чулуунд бүдчин унаад цус, нулимстайгаа холилдож билээ. Ингээд л надтай тоглох хүн байхгүй гэж бодохоор жаахан хүүхдийн сэтгэлд бөөн, бөөн гуниг төрх нь ойлгомжтой. Нулимс хатаж амжаагүй байхад өвөө тэднийг хүргэж өгөөд ирнэ. Өврөөсөө чихэр, жимс гаргаж дэггүй шар хүүдээ гээд өгнө. Өвөөгийн нялуун үгэнд биш чихрийн амтанд бялуурсан надад өөрийн эрхгүй баяр төрнө. Хүүхдийн сэтгэл гэж хаврын тэнгэр шиг олон ааштай. Гэнэт баярлаж, гуниглах нь салхинд найгах зэгс шиг л байдаг хойно доо.
Нэг л мэдэхэд ах, эгчийн араас гүйдэг байсан миний сургуульд орох нас болж. Сангийн далай нуурын шувуудтай цуг алтан намраар гэрээсээ гарах болсон юм.  Аав “Иж планета 5” хэмээх улаан өнгийн мотоциклоо асаахад ард нь үсрэн сууссан. Биднийг хөдлөхөд ээж минь дээж өргөн үлдэж билээ. Төрж өссөн гэр минь алсрах тусам хоосон санагдана. Эндээс миний ээждээ үнсүүлээд аавыгаа дагаад эрдэм сурахаар явсан он жилүүд эхэлж билээ. Нэг л мөчийн өмнө болоод өнгөрсөн мэт сэтгэлд тодхон үлдсэн дүр зураг минь тодоос тод дурсамж болоод үлджээ.  
Хүсэж  байснаараа сургуульд орсон ч нэг ч хонож чадалгүй гэрээ санаад уйллаа. Ах, эгчээрээ аргадуулан, чихэр жимсэнд бялууран долоо хоногийг арай чүү даваад гэртээ харих хамгийн сайхан байж билээ. Гэрийн гадаа зогсоод алсыг ширтэхэд адуугаа туун наашлах өвөөгийн минь бараа тэртээ холоос сүүмэлзэн харагдана. Хүй цөглөсөн нутаг усныхаа эзэн болсон өвөө минь. Эх нутгийнхаа уулс шиг нөмөртэй хүн байсан. Сангийн далай нуурынхаа хөвөөгөөр аргал түүн явах эмээ минь зэрэглээ дундаас тормолзон харагдана.
Бор хошууны талд татах зэрэглээ гэж манханы оройд нар туссанаас эхлэн хараа хүрэхгүй газар намс намс хийн жирэлздэг элдэвтэй зүйл. Бэлчээрт налайх хонин сүрэг өндөр хад чулуунууд шиг харагдана. Энэ талд ундаассан хүн зэрэглээнд хууртаж хонь малаа андуурах тохиолдол гарна.
Одоо бол зуны амралтаараа ирэхэд ганц цагаан гэр тунгалаг усны толионд бөмбийн цайж харагддаг юм. Араг үүрээд аргалд яваа ээжийгээ дагаж, Бор хошууны талаас бутарсан цагаан аргал, шар шавагхан түүж ахуйдаа солонго барина гэж боддог шигээ зэрэглээн дунд зогсмоор санагдаж, тэрүүхэнд мяралзах зэрэглээг хөөн гүйдэгсэн. Гэхдээ энэ шаргал талд яваа цагт үргэлж л зэрэглээн дунд зэрэглээ болон жирэлзээд байх шиг... Зэгстэй гол, ай даа мөн ч сайхан даа. Энэ л голын хөвөөнд аавтайгаа хонь усалж явахдаа цангинатал дуулж эхлээд дунд хэсгээсээ хоолой нь зангирч аажуухан чимээгүй болдогсон. Энэ бүхнийг санах  бүрт нутгаа санасан сэтгэл минь хөдөлж, буруу харан нулимсаа арчдаг юм. Нутаг усны хүмүүс ирэхээр 
Сайхан хун жигүүр амрааж
Сангийн далай чуулах цагаар
Тэнгис талын сүрэг бэлчин
Тэнгэрийн заадас шиг тоосрон байдаг. Хэмээх Д.Пүрэвдорж гуайн шүлгээр бүтсэн дууг өөрийн эрхгүй аялах сайхан. 
Эх нутгийн зүг хүлгийн жолоо өргөн санасан сэтгэлээ дэвтээхээр алсын замд гарах сайхан. Төрсөн нутгийн минь үзэсгэлэнт  байгаль нүдний өмнүүр жирэлзэн бөхөлзөөд эмгэн ээж шиг минь дулаахан. Төрсөн нутгийнхаа салхийг амсан буухад цаанаасаа л алжаал тайлагддаг гэхэд хилсдэхгүй. Хүй цөглөсөн нутагтаа яарна. Яарсан сэтгэлд цаг хугацаа явж өгөхгүй, ядаж байхад зам хорогдохгүй нь хачирхалтай. Явсаар, явсаар л сая ирнэ.
Өссөн нутгийн минь хөх өвс ойртох тусам өөрийн эрхгүй сэтгэл зүрх хүчтэй цохилон, догдолж нүдэнд минь хязгааргүй их аз жаргал, дурсамж дурдатгал, гуниг харууслын аялгуу, сүлэлдэг юм. Хүн болгонд л төрж өссөн нутаг ус, хүний зэрэгт хүргэсэн ижий, аав хэн бүхнээс үнэтэй байдаг хойно доо. Өчүүхэн биеийг минь хүний дайтай явахад намхан бор уулс минь түшиж, өвөг дээдсийн алтан сургааль замыг минь зааж яваа. Миний төрсөн нутаг алдар нэрд гарсан, айлчин гийчин хурсан тийм нутаг биш л дээ. Хос хунгийн болзоо болсон Савын бүрдтэй, нутгийнхан минь тахиж шүтдэг гурван уулс нь цэцэг навч, ан амьтан, араатан жигүүртнээрээ гоёсон, дээд тэнгэрийн заллагатай Илдэн бээлийн хошуу нутгийн үргэлжлэл юм.
аавын гандсан тэрлэг шиг дулаан миний нутгийн намар сэтгэл уяатай явдаг. Хаа холоос нүдээ аниад нутгаа төсөөлөхөд хамгийн түрүүнд нүдэнд Сангийн далай хун шувуудаа эрхлүүлнэ. Ээжийн минь сүү үнэртсэн энгэр шиг дотно салхи, анхны минь хайр шиг дулаахан төрх, ай даа энэ миний төрж өссөн өлгий нутаг. Хүүхэд насны гэгээн дурсамж хөврөн хөврөн сэтгэлд санагддаг.  Алтан навч хийсэн унаж, намрын шаргал өдөр ээждээ үнсүүлээд  эрдэм сурахаар явсан тэр цагаас хойш нутагтаа очих минь багассаар байгаад харамсал төрөх нь бий.
Тэр бяцхан зүрх сэтгэлдээ эрдэм сурна, багшаар хичээл заалгана гэсэн гэгээн мөрөөдөлдөө хөтлөгдөн, эмээ өвөө, ижий ааваа орхин алсын замд одож байсан. Дөрвөн сайхан ачтаны хайр ивээлд дээдийн жаргалаар өссөн дэггүй шар хүү хүй цөглөсөн нутаг, сүү өргөн үдэх ижий, сүсэглэн залбирсан буурайгаасаа холдох нь үнэндээ үгээр илэрхийлшгүй утга уянга, уярал хайр байж дээ.
Алсын алс замд гарсан надад эрдэм сурах, ээжээсээ хол байх, эх нутгаа санана гэдэг хязгааргүй гуниг. Нар гарах шиг инээсээр гүүний зэлнээс наашлах ижий аав, налайтал бэлчих сэтгэлд дотно мал сүрэг. Бүлээн дулаан харц, нутгийн буурал хөгшид, бүдэрч, босож, тоглож өссөн толгод, бүлтийтэл ширтэж байсан уулсаа санасан хором бүр минь сайхан. Эрдэм сурахаар нутгаасаа намар гарсан шиг ээ, халуун намраар шувууд буцсаны дараа “шувуу” нь болоод очно оо.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид