Улаанбаатар 1c

Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг хэлэлцүүлэхийг дэмжлээ

Төв цэнгэлдэх хүрээлэн тэргүүтэй барилгуудыг хувьчлах шаардлагагүй гэж үзэв

НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өчигдөр болов. Тус хуралдаанаар "Нийслэлийн 2019 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, Нийслэлийн ИТХ-ын 2019 оны 26/23 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай", "Нийслэлийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай", "Нийслэлийн өмчөөс 2020 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай" асуудлыг нийслэлийн ИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаанаар хэлэлцэхийг дэмжих эсэхийг хэлэлцэв. Хуралдааны эхэнд  Нийслэлийн ЗДТГ-ын  Санхүү, төрийн сангийн хэлтсийн  дарга Э.Ганхүү “Нийслэлийн 2019 оны хүлээгдэж буй төсвийн гүйцэтгэл”, “2020 оны төсвийн төсөл”-ийг танилцууллаа. 2019 онд нийслэлийн төсөвт нэг их наяд 41.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталжээ. Үүнээс хүлээгдэж буй гүйцэтгэл нь 986.9 тэрбум төгрөгийн орлого болж, төсвийн орлого 47.4 тэрбум буюу 4.4 хувиар тасрах урьдчилсан төлөвлөгөө гарчээ. 
Харин 2020 онд Нийслэлд 985 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх бөгөөд суурь орлого 894.1 тэрбум, суурь зарлага 338.1 тэрбум, улсын төсөвт 319.4 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тусгажээ. Ирэх оны төсөв Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд үйлдвэрлэлийг шинжлэх ухаанд тулгуурлан хөгжүүлэх нөхцөл бүрдүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэх, хүний хөгжлийг дэмжих, ажлын байр орлого нэмэгдүүлэхэд чиглэсэн гэдгийг онцлов.  Түүнчлэн Улаанбаатар хотын хэт их  төвлөрөлийг  сааруулах, авто замын ачааллыг бууруулах, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулах, парк шинэчлэл хийх зэрэг томоохон ажлыг ирэх онд хэрэгжүүлэхээр төлөвлөж, үүнтэй уялдуулан нийслэлийн 2020 оны төсвийн төслийг боловсруулсан байна. Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг ИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаанаар хэлэлцүүлэхийг тэргүүлэгчид дэмжлээ. Хуралдааны төгсгөлд, Нийслэлийн өмчөөс 2020 онд хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай асуудлыг хэлэлцсэн юм. Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газраас ирэх онд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс зэрэг есөн барилга, байгууламжийг хувьчлахаар санал оруулсан. Өмчийн харилцааны газрын мэдээлж буйгаар  ирэх онд есөн барилга, байгууламжийг хувьчилсанаар нийслэлийн төсөвт 68.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрөх аж. Хуралдааны төсгөлд, дээрх асуудлуудыг нийслэлийн ИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжсэн ч тэргүүлэгчдийн олонх нь Төв цэнгэлдэх хүрээлэн, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн байр, Баянгол дүүргийн I хорооны ӨЭМТ-ийн барилгуудыг  хувьчлах  шаардлагагүй гэж үзэв. Иймд уг асуудлыг “дэмжихгүй” гэх саналтайгаар ИТХ-аар хэлэлцүүлэхээр болов.
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид