Улаанбаатар 1c

Ослоор амиа алдсан иргэдийн дурсгалыг хүндэтгэж, замын хөдөлгөөнийг түр зогсооно

NPost.mn
2019-11-29 08:53

Тээврийн цагдаагийн албанаас тооцоолсноор замын хөдөлгөөний дүрмийн зөрчлөөс үүдэн өдөрт хоёр хүн нас барж, 15 хүн гэмтэж, 520 жолооч эд хөрөнгийн хохирол амсдаг аж. Харин тээврийн хэрэгслээр зорчигчид суудлын бүсээ зүүж, жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ баримталж, явган зорчигчид гарцаар дүрмийн дагуу гарч замын хөдөлгөөнд оролцож чадвал өдөрт хоёр хүн амь насаа алдахгүй, 15 хүн эрүүл мэндээрээ хохирохгүй, 260 зам тээврийн осол гарахгүй байх боломжтой гэнэ. Иймээс Тээврийн цагдаагийн албанаас санаачлан зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ослын аюул, хор уршгийг иргэдэд ойлгуулах, эрсдэлээс иргэдээ хамгаалах зорилгоор НИТХ, төрийн болон төрийн бус байгууллагын дэмжлэгтэйгээр “Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан иргэдийнхээ дурсгалыг хүндэтгэх” үйл ажиллагааны хүрээнд “Хичээх өдөр” арга хэмжээг өнөөдөр улсын хэмжээнд зохион байгуулж байна. 
Энэ хүрээнд Энхтайваны өргөн чөлөөний авто замын хөдөлгөөнийг  11.00 цагаас таван минутын хугацаатай түр зогсоох аж.  Мөн зам тээврийн ослын үед шуурхай тусламж үзүүлдэг цагдаа, эмнэлэг, онцгой байдлын газрын тээврийн хэрэгслүүд тусгай дуут болон гэрэл дохиогоо асаан, иргэдэд анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг сануулах юм. Түүнчлэн иргэдэд сэрэмжлүүлэг болгож зам тээврийн ослын дараа тээврийн хэрэгслүүд ямар байдалтай болдгийг үзүүлж, ослоос сэргийлэх үзүүлэн самбарыг бэлтгэн харуулахаар бэлджээ.
Мөн авто клубын залуусын автомашины цуваа 10.20 цагт “Дүнжингарав” худалдааны төвөөс хөдөлж, Нарны замаар Хүүхдийн паркийн баруун уулзвар-Төв шуудан-Баруун 4 зам- Нарны гүүрний доогуур “Дүнжингарав” худалдааны төв гэсэн маршрутаар явж, замын хөдөлгөөний дүрмээ зөрчихгүй байхыг уриална. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид