Улаанбаатар 1c

Монголбанк: Хятадын Ардын банктай хийсэн своп хэлцэлийг гурван жилээр сунгасан

Монголбанкнаас сар бүр зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн хурлаа өчигдөр хийлээ. Хурлын эхэнд Монголбанкны төлбөр тооцооны газрын захирал Э.Анар үндэсний төлбөрийн “Т” карт  EMV чип технологид шилжүүлэх гэж буй талаар мэдээлэл өгөв. Тэрбээр  “Монголбанкны зүгээс энэ сарын 10-нд  Үндэсний төлбөрийн “Т” картыг чип технологит шилжүүлэхээр гадны “Мастер карт” компанитай гэрээ байгуулсан. Мөн уг компанитай хамтран үндэсний “Т” картаар гадаадад төлбөр хийх талаар судалж байна. Өнөөдрийн байдлаар нийт 3.6 сая   ширхэг карт хэрэглээнд  байгаагаас 75.1 хувь буюу 2.7 сая ширхэг карт нь Монголбанкнаас зөвшөөрөлтэй гаргадаг “Т” карт” гэв. Монголбанкны Судалгаа статистикийн газрын захирал Б.Батдаваа “Мөнгөний нийлүүлэлт аравдугаар сарын байдлаар 20.5 их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Зээлийн нийт хэмжээ 18 их наяд төгрөгт хүрсэн. Төлбөрийн тэнцлийн урсгал данс энэ оны эхний есөн сарын байдлаар  907 сая ам.долларын алдагдалтай гарсан. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 456 сая ам.доллар буюу 33 хувиар буурсан. Төлбөрийн нийт тэнцэл 264 сая ам.долларын ашигтай гарч, валютын нөөц 3.98 тэрбум ам.доллартай тэнцлээ” хэмээв. Статистик тойм мэдээллийн дараа Монголбанкны  Нөөцийн удирдлага, санхүүгийн  зах зээлийн газрын  захирал А.Энхжин  сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 
-Эдийн засгийн дүр зураг таатай байхад төгрөгийн ханш яагаад чангараад байна вэ? 
-Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах ханш 2.5 хувиар суларсан. Иргэдийн дунд саарал жагсаалтаас болоод эдийн засагт томоохон дарамт үүснэ гэсэн яриа гарснаас үүдэн төгрөгийн ханшид дарамт үүсэх нөхцөл бий болсон. Мөн ирэх онд Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлээс өөр томоохон төлбөр байхгүй. Тавантолгойн IPO хийгдэх яриа, хэлэлцээр ахицтай яваа. Энэ нь манай улсад таатай нөхцөл бий болгоно гэсэн хүлээлттэй байна.  
-Засгийн газар дотооддоо үнэт цаас гаргахгүй гэж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор үнэт цаасны хэмжээ огцом өссөн. Энэ нь эдийн засагт ямар эрсдэл дагуулах вэ? 
-Төв банкны үнэт цаасны үлдэгдэл одоогийн байдлаар 4.2 их наяд төгрөг байна. Үнэт цаасны хэмжээ өссөн нь Засгийн газрын шийдвэртэй шууд холбоотой. Нөгөөтэйгүүр манай улсад орж ирж байгаа валютын урсгал сүүлийн жилүүдэд нэмэгдсэн нь үнэт цаас өсөхөд нөлөөлсөн. Үнэт цаасны хэмжээ нэмэгдэж байгаа нь төв банкнаас эдийн засагт эрсдэл үүсэхээс сэргийлж буй гол арга хэмжээ юм. 
-Своп хэлцлийг сунгах асуудал ямар үе шатанд явж байгаа вэ? 
-Своп хэлцэлтэй холбоотой мэдээлэл сүүлийн өдрүүдэд нэлээд гарсан. Энэ нь үндэслэлгүй мэдээлэл. Монголбанкны ерөнхийлөгч 2018 оны арваннэгдүгээр сард Хятадын Ардын банкны ерөнхийлөгчтэй уулзахдаа своп  хэлэлцлийг 2020 онд дуусахад дахин гурван жилээр сунгах хүсэлт тавьж, шийдвэрлэсэн. Монголбанкны зүгээс Хятадын Ардын банктай гэрээ хэлцэл хийх ажлыг эхлүүлсэн. Своп хэлцлийн хугацаа 2020 оны долдугаар сард дуусна. 
-Алтны хууль бус наймаатай тэмцэж чадахгүй байна гэсэн асуудал яригддаг. Монголбанкны зүгээс хяналт, шалгалтын ажлыг хэрхэн хийж байгаа вэ? 
-Монголбанкны алт худалдан авалтын хэмжээ өнөөдрийн байдлаар 14 тонн байгаа. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 23 орчим хувиар буурсан үзүүлэлт. Өнгөрсөн оны мөн үед Монголбанк 18.2 тонн алт авч байсан бол одоо энэ хэмжээнээс 4.2 тонноор буурсан. Үүнд АМНАТ-ын нэмэгдэл тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа. 
-Саяхан төв банкны ерөнхийлөгч солигдсон. Банкны бодлогод өөрчлөлт гарах уу? 
-Монголбанкны ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт шинээр томилогдсон. Үүнтэй холбогдуулан бодлого, чиг баримтлалаа Монголбанкны захирлууд болон нэгжүүдийн уулзалтад уламжилсан. Монголбанкны сүүлийн гурван жилд баримталж ирсэн бодолого, чиг баримтлалыг өөрчлөхгүй, үргэлжлүүлнэ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид