Улаанбаатар 1c

Төрийн дууллын 70 жилийн ойд зориулж бүтээлийг Төрийн түүхийн музейд заллаа

Д.ЦЭЦЭГ, Npost.mn
2019-11-29 09:11

Төрийн дууллын хөгжмийг зохиосны 70 жилийн ой, төрийн хошой шагналт, ардын жүжигчин хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн нарын мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан  “Лувсанжамбын Мөрдорж” сангаас санаачлан дээрх бүтээлийг Төрийн түүхийн музейд үзмэр болгон залах ёслолын ажиллагааг өчигдөр зохион байгууллаа.
Түүхийн баримт сөхвөл 1914 онд Богд хаант Монгол Улсын төрийн дууллыг Богд хаант Монгол Улсын Засгийн газрын захиалгаар Оросын Санкт-Петербургийн Маринийн театрынн хийлч А.Кадлец “Зуун лангийн жороо луус” ардын дууг найруулан зохиожээ. Энэхүү сүлд дууг 1914-1924 онд  шашин төрийн ёслолд эгшиглүүлж байв. Үүний дараа С.Буяннэмэх, Н.Насанбат нарын 1922 онд зохиосон “Монгол Интернационал” дууг аливаа ёслол арга хэмжээнд төдийгүй Монголын радиогийн өргөн нэвтрүүлгийн эхлэл, төгсгөлд улсын төв театрын хөгжимчид хөгжимдөж байжээ. Ингээд 1945 онд Тусгаар Монгол Улс төрийн сүлд дуулалтай байх нь зүйтэй гэсэн ард нийтийн санаачлага гарснаас хойш БНМАУ-ын төрийн дууллыг бүтээх ажил ундарсан байна. Мөн ондоо Урлагийн хэрэг эрхлэх газраас төрийн дууллын шүлгийг бичих хаалттай уралдааныг зохиолч, яруу найрагчдын дунд зарлаж, Ц.Дамдинсүрэнгийн шүлэг ба Д.Сэнгээ, Л.Дүгэрсүрэн, Ч.Лодойдамба нарын хамтран бичсэн шүлэгт ая зохиожээ. 1949 онд БНМАУ-ын сүлд дууллын хөгжмийг зохиох уралдаанд тухайн үеийн урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Мөрдорж “Бор шувуу”, Б.Дамдинсүрэн “Хэрээ” гэх нууц нэрээр оролцож, зохиолч Д.Сэнгээ, Л.Дүгэрсүрэн, Ч.Лодойдамба нарын хамтран бичсэн шүлгээр төрийн сүлд дууллын аялгууг бичиж, 1949 оны гуравдугаар сард циркийн хөгжимчид  төв театрын найрал хөгжим нэгдэн хор дуучидтай тоглуулж сонирхуулжээ. Уралдаанд ардын дуунууд, “Монгол интернационал”, “Зуун лангийн жороо луус” тэргүүтэй олон бүтээлийг харьцуулан сонссоны эцэст Б.Дамдинсүрэнгийн сүлд дууллын бадаг хэсгийн аялгууг, Л.Мөрдоржийн зохиосон сүлд дууллын дахилт хэсгийн аялгуутай нийлүүлсэн аж. Ингээд 1949 оны арванхоёрдугаар сард энэхүү шинэ дууллыг төв театрын найрал хөгжимчид ба цэргийн үлээвэр найрал хөгжмөөр тоглож Маршал Чойбалсан болон Урлагийн асуудал эрхлэх хорооны хөгжмийн зүтгэлтнүүдэд сонсгон санал хурааж олонхоороо дэмжсэн түүхтэй аж. Улмаар 1950 оны хоёрдугаар сарын 24-ний улс төрийн товчооны хурлаар төрийн дууллын хөгжмийг албан ёсоор баталсан байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид