Улаанбаатар 1c

Б.Бат-Эрдэнэ: Салбарынх нь асуудлыг хэлэлцэж байхад Ч.Улаан сайд хаачсан бэ

УИХ-ын баасан гарагийн чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Давс иоджуулж, иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төсөл санаачлагчид Баяжуулсан хүнсний тухай хуулийн зохицуулалттай давхардал үүсэж байгаа учраас арилгахаар дээрх хуулийн төслийг боловсруулжээ. Мөн уг хуулийн төслийг дагалдуулж Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар болсон байна. Хуулийн төсөл батлагдсанаар Баяжуулсан хүнсний тухай хууль бусад хууль тогтоомжтой давхардал, хийдэл, зөрчил үүсгэхгүйгээр хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж үзжээ. Санал дүгнэлтийг танилцуулсны дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.


УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
-Уг хуулийн төслийг дэмжиж байгаа. Байнгын хороон дээр бид энэ асуудлыг нэлээд сайн хэлэлцсэн. Үүнтэй холбоотой хоёр санал байна. Нэгдүгээрт, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан салбарынх нь асуудлыг хэлэлцэж байхад байхгүй байна. Ажлын хэсэг мэргэжилтнүүд байгаа ч дэд сайдын төвшинд энэ асуудлыг хэлэлцдэг дүрэмтэй. Хоёрдугаарт, энэ хуулийн төсөл Монгол орны хүнсний аюулгүй байдал талаас асуудлыг хөндөж байна. Хүнсний ногоо тариалж буй хүмүүс борлогдохгүй, урд хөршөөс орж байгаа хүнсний ногоо нь өрсөлдөх боломжгүй, гарал үүслийн баталгаагүй, хүнсний аюулгүй байдалд нөлөөлж байна гэх санал гомдол олон хүргүүлдэг. Гэтэл үүнд бодитой авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ байна уу. Хүнсний аюулгүй байдал нэгдүгээр асуудал. Мөн бидний 1990-ээд оноос хойш түлхүү хэрэглэх болсон хуванцар савыг дэлхий нийтээрээ хавдар үүсгэх гол эх үүсвэр гэж үзэх болж. Үүнийг ч гэсэн шийдвэрлэж, стандартыг нь тогтоох хэрэгтэй.
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн
-ХХААХҮ сайд Ч.Улаан МҮХАҮТ-ын зохион байгуулж буй хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр үйлдвэрлэл эрхэлдэг иргэд, ахуйн нэгж байгууллагатай уулзалт хийж байгаа тул чуулганы хуралдаанд оролцох боломжгүй. Дэд сайд Ж.Сауле өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангах чиглэлээр баруун аймгуудад ажиллаж байгаа. Хүнсний аюулгүй байдлын түвшинд хүнсний ногоон хөтөлбөрийн хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд дотоодын хэрэгцээг 100 хувь хангах зорилтыг дэвшүүлсэн. Мөн Органик хүнс тухайн хуулийг хэрэгжүүлж, энэ чиглэлээр ЭМЯ болон МХЕГ зэрэг холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байна. ХХААХҮЯ-нд хүнсний хангамжийн асуудлыг түлхүү хариуцан ажилладаг.
ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга. Т.Гантогтох
-Импортоор орж ирж буй хүнсний ногооны асуудалд яамнаас үнийн зохицуулалт хийх ажлыг зохион байгуулж, Засгийн газарт танилцуулах гэж байна. Харин сав баглаа боодлын тухайд бид “Сав баглаа боодол үндэсний хөтөлбөр”-ийг энэ оноос хэрэгжүүлж эхэлсэн. Тус хөтөлбөрийн хүрээнд хүнсний зориулалтын бус сав баглаа боодлыг хэрэглээнээс халах чиглэлээр ажиллаж байна. Ингэхдээ хэрэглэгчдээ дотоодод үйлдвэрлэж буй савыг хэрэглэх, хүнсний бус зориулалттай савыг хэрэглэхгүй байх чиглэлээр мэдээлэл өгч байгаа. Мөн орон нутгуудад хүнсний зориулалттай сав нийлүүлэх төсөл хөтөлбөрийн хэрэгжүүлж байна.
УИХ-ын Б.Бат-Эрдэнэ
-Хангалтгүй хариулт өглөө. Саяны миний асуултад яам хариуцахгүй гэх хариулт өгч байна. Үүний ард иргэд хохирч байна гэв.
үүнд Байнгын хорооны дарга  УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хариулт өглөө.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
-2018 оны тавдугаар сарын 3-нд Баяжуулсан хүнсний тухай хууль батлагдсан. Иймд  хуулийн давхардлыг арилгах үүднээс Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болгож байгаа. Б.Бат-Эрдэнэ гишүүний асууж буй хүнсний ногооны чанарын асуудал манайд дутагдалтай, Төмс, үр тариагаа манайх дотооддоо 80-100 хувь хангаж байгаа ч хүнсний ногооны 40 гаруй хувийг хангадаг. Ногоочдын тоо ч буурч байна. Ингэж тариаланчдын тоо буурсан нь импортын хүнстэй холбоотой. 15 хувийн импортын татвар Үндэсний үйлдвэрлэлд хамгаалалт болж чадахгүй байгаа нь үнэн.
УИХ-ын гишүүн Б.Ундармаа
-Хуулийн төслийг дэмжиж байна. Дотоодын зах зээлээ хүнсний ногоогоор хангахаар  ХХААХҮЯ бусад салбартайгаа хамтран ажиллаж байна. Монгол Улсыг гаднын бусад орон эко бүтээгдэхүүн хэрэглэдэг гэдэгтэй санал нэг байдаг. Ер нь сургууль, цэцэрлэгүүдийн хүнсэнд дотоодын хүнсээ хэрэглүүлэх ямар арга хэмжээ авч байгаа вэ. Дотоодод үйлдвэрлэж байгаа хүнс импортын хүнснээс үнэтэй байгаа нь үнэн. Үүнд ямар хяналт тавьж байна вэ. Мөн иодын хэрэглээний талаар ямар тооцоо судалгаа хийснийг тодруулья.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
-Бидэнд өргөн уудам газар нутаг бий. Иймд хүнсний ногоогоо тариалж, 100 хувь дотоодоосоо хангах хэрэгтэй. Гаднаас орж байгаа хүнсний ногоо чанарын баталгаагүй, олон жил  ашигласан хөрсөнд химийн гаралтай бордоогоор бордож, ургуулж байна. Иймд бид импортын татварыг зохих хэмжээнд нэмэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Үүнийг Байнгын хороо судалж байна. Дэлхийн худалдааны байгууллагад элсэхдээ 20 хүртэлх хувийн татвар ногдуулах саналтай элсэж орсон юм байна. Үүнийгээ хугацааны хязгаарлалттай  30 хүртэлх хувиар нэмэгдүүлэх боломжтой. Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин ажиллана. Давс иоджуулалтын хууль батлагдсанаар давсыг иоджуулахаа бүр мөсөн болино гэсэн үг биш. Хуулийн хийдэл, давхардлыг арилгана.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар
-Хуулийн давхардал хийдлийг арилгах дээрх хуулийн төслийг дэмжиж байна. Давс иод 2017 онд явуулсан судалгаа 2010 оныхоо зорилтод түвшнөөс буурсан үзүүлэлттэй байна. Яагаад энэ чиглэлээр тодорхой ажлыг зохион байгуулаагүй юм. Хоёрдугаарт, иод дутагдлаас урьдчилан сэргийлэх үндэсний гуравдугаар хөтөлбөрийг хэрэгжүүлснээс хойш түвшин нь буурсан байхад энэ чиглэлээр арга хэмжээ аваагүй юм бэ. Мөн Монгол Улсын давсны 90 орчим хувь нь импортоор орж ирдэг гэх судалгаа байна. Импортын хэмжээнд ямар арга хэмжээ авч ажиллаж байна. Гуравдугаарт, Баяжуулсан хүнсний тухай хууль гаргасан. Үүний хэрэгжилт ямар байгаа вэ.
ХХААХҮЯ-ны хуулийн газрын дарга Э.Цолмонжаргал
-Давс иоджуулж, иод дутагдлаас сэргийлэх тухай хууль 2004 онд хэрэгжиж эхэлсэн. Энэ үед бахлуур өвчний тархалт 13.8 хувьтай байсан. 2010 оны хоол тэжээлийн судалгаагаар 7.3 хувь болж буурсан. Энэ 2017 онд нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа. Хууль хэрэгжих хугацаанд иод дутагдлын эмгэгийн гурван шатны хөтөлбөр хэрэгжиж байсан. Энэ хөтөлбөр эмгэгийн тоо буурахад чухал нөлөө үзүүлсэн гэж дүгнэж байгаа. 2010 онд хөтөлбөрийн хэрэгжилт дууссан. Ингэснээр хуулийн хэрэгжилт саармагжсан. Баяжуулсан хүнсний тухай хууль 2019 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрөөс хүчин төгөлдөр болно. Ингэснээр хүнс баяжуулах хөтөлбөр хэрэгжиж, иодыг хүнсээр баяжуулах үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ.
Харин хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Элдэв-Очир, Х.Нямбаатар, Ц.Цогзолмаа нар үг хэлж хуулийн давхардал, хийдлийг арилгах гэж байгаа учраас төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд Баяжуулсан хүнсний тухай хуулийн хэрэгжилтийг хангахад салбарын яам ихээхэн анхаарах шаардлагатай байгааг хэлж байв. Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.
Үүний дараа Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Судалгааны явцад ажлын хэсгээс байгаль орчны чиглэлийн 19 хуульд нийтдээ 469 давхардал, хийдэл, зөрчил байгааг мониторинг хийж гаргаж ирсэн байна. Улмаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Чуулганы үдээс хойших хуралдаан Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх асуудлаар үргэлжлэв. Генетик нөөцийн тухай хууль Монгол Улсын нутаг дэвсгэрээс гаралтай амьтан, ургамал, бичил биетний үнэ цэн бүхий генетик нөөц болон тэдгээртэй холбоотой уламжлалт мэдлэгийг судлах, бүртгэх, хадгалж хамгаалах, ашиглах, тэдгээрийг ашигласнаас үүдэх холбоотой харилцааг зохицуулах юм байна. Хуулийн төсөл батлагдсанаар генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийн хамгаалалт сайжирч, үнэ цэн нь өсөн нэмэгдэх аж. Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд санал хураалт явуулахад  Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.
Мөн энэ үеэр  “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Уг асуудлыг өнгөрсөн пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх байсан ч Байнгын хорооны ирц бүрдээгүйн улмаас түр хойшлуулаад байсан билээ. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид