Улаанбаатар 1c

Ус, чийгэнд тэсвэртэй барилгын материалыг шалгадаг төхөөрөмжтэй болов

Монгол Улсын Засгийн газар Япон Улстай хамтран олон төсөл хэрэгжүүлж буй. Үүний нэг нь “Инженер технологийн дээд боловсрол” төсөл юм. 1000 инженер, мэргэжилтэн бэлтгэх зорилт тавьсан уг төслийн ажлын явцтай өнгөрсөн баасан гарагт танилцлаа. 

Бид ШУТИС-ийн хичээлийн I байранд ирэв. Тус сургууль нь Коосэн сургалтын хөтөлбөрийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлж байна. "Инженер технологийн дээд боловсрол" төслийн хүрээнд нийт 200 оюутныг Коосэн сургалтын хөтөлбөрт хамруулан Японы “Коосэн” сургуульд шилжүүлэн суралцуулахаар төлөвлөжээ. Одоогоор ШУТИС-д байрлах "Бэлтгэл коосэн"-д 83 оюутан суралцаж байна. Тэд  хэлний бэлтгэлд хамрагдаж, физик, хими, математикийн хичээлээ япон хэл дээр судалдаг аж. Оюутнууд эх орондоо 1.5 жил суралцаад Японд мэргэжлийн сургуульд суралцах эрхийн шалгалт өгдөг. Шалгалтад тэнцвэл Японд гурван жил суралцах эрхтэй болно гэсэн үг. Ингэснээр инженерийн чиглэлээр Япон Улсын дэд бакалавр дипломтой болно. Төгсөгч эх орондоо буцаж ирээд ШУТИС-д нэг жилийн хугацаанд үргэлжлүүлэн суралцаж бакалаврын диплом авах боломжтой гэнэ. 

 “Бэлтгэл Коосэн” хөтөлбөрийн сургалтын танхимд зочлоход оюутнууд лего робот бүтээж, даалгавар гүйцэтгүүлэх дадлага хийж байв. Тэд саяхан Япон Улсад суралцах шалгалтаа өгчээ. Хэрэв шалгалт амжилттай болсон бол Япон Улсыг ирэх гуравдугаар сард зорино. Тэнд сургуулиа төгссөний дараа оюутнууд заавал эх орондоо ирж, таван жил тус салбартаа ажиллах нөхцөлтэйгээр суралцаж байгаа юм.  
Энэ үеэр “Инженер технологийн дээд боловсрол” төслийн зохицуулагч Д.Намсрай “Энэхүү төслөөр өндөр ур чадвартай инженерүүдийг бэлтгэх, багшлах нөөцийг олон улсын зэрэгт хүргэх, ШУТИС-ийн зарим хөтөлбөрийг Японы сургуулиудын хөтөлбөртэй дүйцүүлэх зорилго тавин ажиллаж байна.Нийтдээ арван жилийн хугацаанд Япон Улсад 1000 хүнийг сургах зорилготой. Төсөлд хамрагдан Япон Улсад суралцаж буй оюутнуудын эхний 25 хүн төгсөж ирээд, эх орондоо ажиллаж байна. Мөн магистр, докторын зэрэгт 90 хүн суралцаж байгаагаас 40 нь сургуулиа төгсөж, одоо ШУТИС, МУИС-д багшилж байгаа” гэлээ. 
Харин ШУТИС-д байрлах "Бэлтгэл коосэн"-д суралцаж буй II дамжааны оюутан Б.Итгэл “Би Архангай аймгаас ирж суралцаж байгаа. Япон Улсын Коосен сургуульд суралцах эрхийн шалтгалтаа саяхан өгсөн. Хэрэв тэнцвэл IT инженерийн чиглэлээр Япон Улсад гурван жил суралцана. Сургалтын төлбөрийн хувьд 60 гаруй сая төгрөгийн зээлийг уг төслөөс өгч байгаа. Сургуулиа амжилттай төгсөж ирээд таван жил салбартаа ажиллах юм бол уг зээл тэтгэлэг болон хувирна. Харин сургуулиа дундаас нь хаях, суралцах боломжгүй болбол зээлээ өөрөө төлөх нөхцөлтэй” гэв.  
Мөн “Инженер технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд хийж буй ажлын нэг нь Сургалтын болон судалгааны тоног төхөөрөмж худалдан авах аж. Нэгдүгээр ээлжийн тоног төхөөрөмжүүдийг ШУТИС-ийн лабораторид суурилуулсан бол хоёрдугаар ээлжийн төхөөрөмжүүдийг ирэх оны сүүлчээр хүлээн авч МУИС-д хүлээлгэн өгнө хэмээн төслийнхөн ярив. Мөн “Инженер технологийн дээд боловсрол” төсөл нь 2024 он хүртэл хэрэгжихдээ 7.5 тэрбум иенийг зарцуулах аж. Гэхдээ энэхүү санхүүжилтийг Япон Улсад 40 жилийн дараа төлөх нөхцөлтэй манайд олгож буй хөнгөлттэй зээл юм. 
ШУТИС-ийн лабораторид төслийн хүрээнд барилгын материалын чиглэлийн судалгаа явуулахаар нийт 2.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий 12 төрлийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж суурилуулсан байна. Энд ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн магистр, докторын оюутнууд судалгаа хийхээс гадна улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагууд ч судалгаа хийх боломжтой аж.
Энэ талаар ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн Хүрээлэн байгаа орчны инженерийн салбарын дэд профессор, доктор, Монгол Улсын зөвлөх инженер Д.Сүнжидмаа “Олон Улсын түвшинд хүрсэн лаборатори учир манайхан энэ чиглэлээр судалгаа, шинжилгээ хийхийн тулд заавал гадаад явах шаардлагагүй болсон. Одоогийн байдлаар лабораторид эрс тэс уур амьсгалыг тэсвэрлэх чадварын туршилтууд хийж байна. Нэгдүгээр төхөөрөмжид барилгын материалын  хүйтнийг тэсвэрлэх чадварыг шалгаж,  хоёрдугаар төхөөрөмжид ус, чийгэнд хэр тэсвэртэй байгааг нь тодорхойлохоор ажиллаж байна. Ингэснээр гүүр, бохир зайлуулах шугам, замын хашлаганы бетон зэргийг хийх материалыг оновчтойгоор шийдэх боломжтой” гэсэн юм. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид