Улаанбаатар 1c

Монголын дуурийн урлагийн анхдагч

NPost.mn
2019-12-02 12:47

Манайх 1942 онд Буянтын Улаанхарганаас нүүн аймаг орж ирсэн жил ах маань сургуульд орж бичиг ном үзэн дэнгийн гэрэлд хичээлээ давтах нь сайхан санагдах агаад хурдан том болж сургуульд орох юмсан гэсэн сэтгэлд хөтлөгдөнө. Тэр жилийн өвөл ёолк хэмээх урьд өмнө огт сонсож байгаагүй сонин үйл явдал болж таван хошуу мал, баавгай, нохой, сармагчины дүрс зурж хайчлан, өнгийн харандаагаар цаас будан гинжин хэлхээ хийж, манай нутагт шилмүүс мод ургадаггүй тул жижиг улиасны мөчрыг хөвөнгөөр имэрч цас болгон сүлд модоо чимэв. Урт цагаан сахалтай таяг тулсан өвлийн өвгөн олон янзын амьтны багтай хүүхдүүд дагуулан ирж онц сурлагатан хүүхдийг шагнаж байхыг хараад ихэд гайхан инээж ч чадахгүй алмайрч билээ.

Оны эхний шинийн нэгний Улбар шар нарны гэрэл... 

хэмээн бүх хүмүүс дуулж бүжиглэн хөгжилдөхийг анх удаа харахад гайхалтай сонин байх. Энэ нь Б.Бааст гуайн шүлэг, Б.Дамдинсүрэн гуайн аялгуу “Шинэ жил” хэмээх дуу байж. Ингэж ёолк хэмээх баярыг үзэж нүд тайлав. Хорвоогийн өдөр хоног улиран одож би ч бас өсч сургуульд орж эрдэм номын зах зухаас сурч эхлэв.
1950-иад оны үед Улаанбаатараас урлагийн тоглолтууд ирдэг болж шинэ дуу, хөгжим түгнэ. Цэргийн гуулин хөгжимд бүжиг танц явуулж, аймаг орны хөгжилд шинэчлэл болж, хүмүүсийн хувийн соёлд өөрчлөлт гарч, лааны гэрэлд мандолинтай бүжиглэдэг байсан ах эгч нар баян хууртай заримдаа цэргийн гуулин хөгжимтэй бүжиглэх нь хөдөө нутагт соёлын цангаа тайлагдаж буй бололтой. Театрын найрал хөгжмийн багш, удирдаач “жижиг” хэмээх Дамбын Лувсаншарав гуайн гэрт ортол ширээн дээр нь олон зураг харагдав. Хэрэг болгож үзвэл гоё ах эгч нар хөгжимдөж буй зураг байх агаад багш надад нөгөө зургаа тайлбарлан “Миний шавь нар. Энэ лимбэ үлээж буй махлаг зузаан эр бол Б.Дамдинсүрэн.  Их авьяастай хүн. Та нар дууг нь дуулдаг шүү дээ” гээд,

Зузаан ногоон ойтой
Зураг шиг сайхан хангай байна
Зуун жилдээ итгэлтэй
Журмын олон нөхөд минь  та нар байна аа... 

гэж намуухан аялахыг нь сонсвол нөгөө ах эгч нарын дуулаад байдаг гоё дуу мөн байх агаад Б.Дамдинсүрэн хэмээх хүндтэй хүнтэй, зурагтай нь эчнээ танилцав.
Их хөлийн газар ирсэн хойноо нөгөө эчнээ танилынхаа барааг харж танимхайрав. Унаган мяраагаа хаяагүй бололтой шилэн хүзүү, толгой нь үргэлжилсэн нэлээд зузаан, янжуур татсан, сөөнгө дуутай хүн хүмүүстэй яриа дэлгэн хөгжилдөж байхад нь ойртож харав. Яг мөн. Хотжиж зүг чигээ гадарлаж, танилын хүрээ өргөжин нэгэн өдөр эчнээ танилтайгаа учрав. “Ховдоос ирсэн, арван  жилийн дунд сургуулийн сурагч” хэмээн өөрийгөө танилцуулав. Нутаг орон, аав ээж, хаана амьдарч буйг асуухад нь товч хариулж мэлмийд нь өртөв. Ингэж урлагийн буянаар их бурхадын нөмөрт орж билээ. Төв театрынхан “бүдүүн Дандиа” гэж авгайлна. Залуучууд “Дандиа гуай” гэнэ. Хоног хугацаа ээлжилсээр бид бие биенээ гайгүй гадарлах болж нэг концертод “Жаргалын зам” дуурийн Борын үглэл дууг дуулж өөрийгөө танилцуулав. 1960-аад онд Дандиа надад “Хаврын шувуу”, “Биднийг дуудаж байна”, “Улаанбаатар” гэсэн цуврал гурван дуугаа өгч радиод бичүүлж урын сандаа оруулсан юм даа.

Дандаа ааш зан сайхан, хүнд тусархуу, их шударга, өөрт нь таалагдахгүй зүйл гарвал шууд ил хэлнэ. Харин залуудаа шазруун зантай, ажилдаа хатуу чанга, чадал тэнхээтэй, хөдөө тоглолтоор явж байхдаа сумын наадамд зодоглож түрүүлдэг байсан тухай ахмадууд хуучилдаг байсан. Ер нь бие зузаан махлаг учир инээхдээ бүх бие нь хөдөлнө. Хоол сайхан хийдэг, тамхи татна, бурханы ундааг их хэрэглэхгүй, хүнийг хүндэтгэж тогтооно. 

 “Учиртай гурван толгой”, “Тэмцэл”, “Жаргалын зам”, “Амарсанаа” зэрэг олон дуурь бичсэн Б.Дамдинсүрэн гуайг “Дуурийн урлагийн загалмайлсан эцэг” гэхээс ч яах билээ. Монголын хөгжмийн урлагийн үүсэл хөгжил, цэцэглэлтэд Б.Дамдинсүрэн гуайн хүүхэд наснаасаа хийж бүтээсэн их хувь нэмэр, үүрэг хариуцлагаа ухамсарласан бүтээлч сэтгэлгээг “Монголын хөгжмийн урлагийн тулгын гурван чулууны нэг” гэж нэрлэхээс ч яах билээ. Тэрбээр Монгол Улсын Төрийн дууллын бүрэн эрхт төлөөлөл, маршал Х.Чойбалсангийн хошой шагналт, их  Монгол Улсын иргэн билээ. 

1970-аад оны үед Улсын симфони найрал хөгжмийн урлагийн бригад Хөвсгөл аймагт явахад Дандиа удирдаачаар явсан юм. Нэг автобусанд хөгжим, хувцасаа цөмийг нь авч явцгаана. Тэр үед ахмад хийлч С.Мөнхбаяр бид хоёр хамгийн хойд суудалд суун замын уртыг туулж явахад бие биенээ шоглох, дүрсгүйтэх юм зөндөө л болно. Нэг удаа бид хоёр гартаа резинэн чавх хийчихээд цаасан сумаар урд сууж явсан хөгжимчдийн чих толгойг нь чавхдаж, тэд орилолдож бид таашаал авч явтал гэнэт Дандиа “Та хоёр яасан сүрхий улс вэ” гээд суран тэлээгээр хэд хэдэн удаа ууц нуруугаар ороолгож, сахилгын дэгэнд оруулж хүмүүжүүлэв. Урд суусан хөгжимчид нүдээрээ инээмсэглэн тавлаж байгаа бололтой. Машин зогсоход бид цамцаа тайлж үзвэл хэд хэдэн газар гөвдрүүтсэн байв. “Өөрсдийн хийсэн буруу хэрэг, харин бурханы зараалаар хийморио сэргээн барцадаасаа салж авлаа” хэмээн билэгшээн дурсах дурсамж авч үлдсэн минь энэ ээ.
1990-ээд оноос Дандиа Монголын урлагийн ажилтны холбооны ажилд нэлээд идэвхтэй оролцож III их хурлаас Холбооны нарийн бичгийн даргаар сонгогдож удирдах бүрэлдэхүүнд орж ирсэн нь бидэнд ч ийм нэр хүндтэй уран бүтээлч чухал байсан цаг үе. Монголын урлагийн ажилтны холбоо БНХАУ-ын Утга урлагийн холбоо хамтран ажиллах болж, 1991 онд холбооны анхны төлөөлөгч Б.Дамдинсүрэн, Т.Чимид, Л.Эрдэнэбулган, Г.Доржсамбуу, Б.Зангад бид хамтын ажиллагааны талаар яриа хэлцэл хийж Бээжин, Шанхай хотуудаар аялцгааж, соёл урлагийн газруудын арга ажилтай танилцаж билээ. Ингэж хоёр улсын уран бүтээлийн холбоодын хамтын ажиллагааны анхны үүд хаалгыг нээж явцгаасан түүх бий. Энэ үед Дандиа маань их өндөр сэтгэгдэлтэй ажил хэрэгч явсан нь 1960-аад онд Бээжингийн консерваторыг төгссөнөөс хойш 30 гаруй жилийн дараа төрөлх сургууль дээрээ очиж буй нь энэ юм. Хятад нөхөд төгсөгчөө халуун дотно хүлээж авч билээ. Ингэж гадаад улс орнуудад хамт явж, ажил амьдралын бие биенээ ойлгох сайхан харилцаа тогтож, 1991 онд Монголын урлагийн ажилтны холбоонд Баянзүрх дүүргийн XIII хороололд төрөөс байр хуваарилагдахад Дандиагийн ажил төрөл, бусад үйлчилгээнд нь ойр болгох үүднээс байраа сольж амьдрах болсноор бид улам ойр байх боломж нээгдсэн юм. 
Дандиа ааш зан сайхан, хүнд тусархуу, их шударга, өөрт нь таалагдахгүй зүйл гарвал шууд ил хэлнэ. Харин залуудаа шазруун зантай, ажилдаа хатуу чанга, чадал тэнхээтэй, хөдөө тоглолтоор явж байхдаа сумын наадамд зодоглож түрүүлдэг байсан тухай ахмадууд хуучилдаг байсан. Ер нь бие зузаан махлаг учир инээхдээ бүх бие нь хөдөлнө. Хоол сайхан хийдэг, тамхи татна, бурханы ундааг их хэрэглэхгүй, хүнийг хүндэтгэж тогтооно. Дандиа гадаа сууж салхилна. Бид заримдаа юманд явахдаа зээ охиноо (Б.Намуунаа) орхино. Хажууд нь тоглож бараа болно. Зээ охин маань Дандиад дасч “гадаа өвөө” гэсэн нэр өгч, хүндэтгэн үнсүүлж эрхэлнэ. Бурхан болоход нь “...өвөө хэзээ ирэх вэ?” гэж шалгаадагсан. Хүүхэд дассан хүнээ хэзээ ч мартдаггүй юм билээ. Одоо ч дурсан ярьдаг. 
Дандиа ямар ч хүнтэй хүний ёсоор харьцана. Зовлон үзэж, хатуу ширүүн үг сонсож хат суусан, хүнийг хайрлаж ч чадна, хайрлуулж ч чадна. Ийм ухаантай хүний үгийг сонсож, билэг авьяасыг нь хүндэтгэн хамт ажиллаж амьдарч явснаа санахад аз хийморьтой явцгаажээ бид. 
Монголын урлагийн ажилтны холбоо их дуучин Ц.Пүрэвдорж гуайн санаачлагаар 1990 оноос Б.Дамдинсүрэн гуайн “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүрийг шалгаруулах уралдааныг дөрвөн жилийн зайтайгаар уламжлал болгон зохион байгуулж эдүгээ 7 удаа явуулаад байна. Ингэж ахмад уран бүтээлчийн зохиол бүтээлийг мөнхжүүлж, уран бүтээлчдийн урын санг арвижуулах, авьяастай залуу үеийг тодруулах буянтай ажил болон тогтсон юм. Монголын хөгжмийн урлагийн домогт хүний уран бүтээлийн буян хишгээс нь “Монгол нутаг”-ийг симфони найрал хөгжимтэй өөрийн нь удирдлагын дор дуулж явсан азтай уран бүтээлчийн нэг билээ, би. Тийм ч учраас дурсамжаа бичиж үлдээх гэж оролдож  буй маань энэ.
Дандиа таны сэтгэлийн аялгуу монгол түмний чихний чимэг, зүрхний эгшиг болон мөнхөд цуурайтсаар байна.

Богд Дүнжингарав дуниартсаар...
Тунгалаг Туул урссаар...


Б.Зангад
Хөдөлмөрийн баатар,
ардын жүжигчин.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид