Улаанбаатар 1c

Туузтай бүжигчид

Охид бол цэцэгс. Аав, ээжийн энхрийлэл, хайран дунд гэрэлтэж, өндөрт ургадаг амьд сарнай.Тэдний туяхан бие, уянгалаг хоолой, энхрий зөөлөн сэтгэл хүмүүний амьдралыг зөөллөдөг. 
Эрхэмсэг хийгээд дэгжин төрх нь тэднийг дэндүү үзэсгэлэнтэй, бас чамин харагдуулна. Уян хатан байдал, уран хөдөлгөөн, мэдрэмж зэргийг хамгийн ихээр шаарддаг спорт бол яахын аргагүй гимнастик. Бид “Монголын гэрэлт ирээдүй” булангийнхаа энэ удаагийн дугаарт Монголын гимнастикийн холбооны харьяа уран сайхны гимнастикийн “Шигтгээ” клубийн охидыг онцолж байна. 

Уран сайхны гимнастик нь олимпын төрөлд багтдаг спорт. Хөгжмийн аялгуунд чөлөөт дасгал, олс, цагираг, бөмбөг, булаав, тууз гэсэн хэрэгсэлтэй дасгал хөдөлгөөнийг ур чадварын өндөр техникээр гүйцэтгэдэг урлаг, спортын нийлэмжээс төрдөг гоо зүй гэж хэлж болно. “Шигтгээ” уран сайхны гимнастикийн клубийн өдрийн ээлжин хичээллэдэг хүүхдүүд 14.00 цаг гэхэд бэлтгэлийн танхимдаа аль хэдийнэ иржээ. Уран сайхны гимнастикийн чөлөөт дасгалын тамирчдын гол зэвсэг нь инээд, толь хоёр. Хоёр гараа уяханаар өндөрт өргөөд тэд яг л тогос шиг толь руу харж, инээмсэглэн алхана. Ойролцоогоор 4х10 хэмжээтэй нарийхан танхимд 26 хүүхэд, хоёр багш бэлтгэл хийж байв. Тус клубт 5-17 насныхан хичээлдэг. Охидууд болоод ч тэр үү, танхим цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй гэж жигтэйхэн. Чимээ аниргүй, нам гүм орчинд бүгд л бэлтгэлдээ шамдана. Гимнастикийн холбооны зориулалтын заал их засварт орсон тул “Шигтгээ” клубийнхэн өнгөрсөн тавдугаар сараас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчдийн суудлын доод хэсэгт байрлах шатны хонгилд бэлтгэл хийх болжээ. Энэ тухай сонсох төдийд л тэдний хүсэл, мөрөөдөл шатны хонгилд ч гэрэлтэж байгаа мэт санагдав. Бэлтгэлийн танхимынхаа хананд толь өлгөж, булан тохой бүрт жижиг оврын халаагуур байршуулжээ. Хүүхдүүд зузаан цамц, ноолууран оймс өмссөн нь энэ өрөө зориулалтын бус, хүйтэн гэдгийг илтгэнэ. Гэхдээ тэд шантралгүйгээр өглөө, өдөр гэсэн хоёр ээлжинд хуваагдан хичээлийнхээ цагт тохируулан бэлтгэлээ хийдэг. Нэг, хоёр, гурвын тоонд тэд олон удаагийн давтамжтайгаар дээс тоглож, бие халаалалтаа эхлэв. Үүний дараа сунгалтын дасгалуудаа хэдэн арван удаа давтан хийж байсан юм. Нэг дасгалыг арваас дээш насныхан 100 удаа хийх ёстой бол багачууд 50 давтана. Багш нь “Багачууд дасгалынхаа дунд амраарай” гэж хэлснээр эхний хэдэн дасгал дууссан юм. Үүний дараа тэд хэсэг амраад, дараагийн дасгалдаа орлоо. 
Уран сайхны гимнастик нь тууз, бөмбөг, цагираг, чөлөөт үзүүлбэр гэсэн төрөлтэй. Энэ жил Монгол Улсын уран сайхны гимнастикийн баг Азербайжан Улсын нийслэл Баку хотноо болсон насанд хүрэгчдийн 37 дахь удаагийн ДАШТ-д хоёр тамирчнаа оролцуулсан.Тэдний нэг нь “Шигтээ” клубийнх. Мөн тус клубийн тамирчид Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд амжилттай оролцжээ. Түүнчлэн Ази тив, Улсын аварга, олон улсын тэмцээнүүдэд тогтмол оролцож, амжилтаа ахиулсаар байгаа хичээнгүй, дайчин тамирчид, чадварлаг багш нартай. Тухайлбал, энэ жилийн Өсвөрийн дэлхийн аваргад “Шигтгээ” клубийг төлөөлж гурван тамирчин оролцсоны нэг нь Б.Номин. Өндөр, гуалиг биетэй, төлөв даруухан бор охин одоо 13 настай, 93 дугаар сургуулийн 8а ангид сурдаг. Тэр уран сайхны гимнастикийн спортоор хичээллээд зургаан жил болж байгаа аж. Тэрбээр “Биеийн галбирыг засдаг, тэгш хөгжүүлдэг болохоор би уран сайхны гимнастикаар хичээллэж эхэлсэн. Энэ жил клубээ төлөөлж Дэлхийн аваргад оролцсон. Маш том тэмцээн болохоор их сандарсан. Гэхдээ оролцохын тулд удаан хугацаанд бэлтгэл хийж, бэлдсэн учраас хөдөлгөөнүүдээ сайн хийсэн гэж бодож байгаа. Дараа жил сайн бэлдэж байгаад дахин Дэлхийн аваргад оролцоно. Манай гэр бүлийнхэн болон багш маань намайг маш их дэмждэг” гэсэн юм. 

Дэлхийн аваргад оролцох мөрөөдөлтэй зургаан настан

“Шигтгээ” клубийн хамгийн бяцхан тамирчин бол Б.Отгонцэрэн. Тэрбээр нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр  сургуулийн 1б ангийн сурагч. Одоо зургаан настай Б.Отгонцэрэн уран сайхны гимнастикийн спортын чөлөөт үзүүүлбэрийн төрлөөр хичээллэдэг. Гурван настайгаасаа эгчтэйгээ гимнастикийн дугуйланд хичээллэсэн гэх жижигхэн биедээ баймгүй тэвчээртэй, хэрсүү “гүнж”-тэй цөөн хором ярилцлаа. 

-Гимнастикийн спортоор яагаад хичээллэх болсон бэ? 
-Манай эгч гурван настай байхдаа гимнастикаар хичээллэж, тэмцээнд оролцоод медаль аваад байсан юм. Тэгэхээр нь “Би ч бас эгч шигээ медаль авч, аав, ээждээ магтуулах юм байна” гэж бодоод гимнастикаар хичээллэж эхэлсэн.
-Чи үеийнхнээсээ арай жаахан биетэй юм байна, тийм үү?  
-Багш бэлтгэлийн эгч нарыг “Бүдүүн байна. Сайн тураарай, хоолоо зохицуулж идээрэй” гэдэг. Тэгээд ч том биетэй болчих юм бол дасгалаа хийж чадахгүй байх. Тийм болохоор зүгээр ээ. 
-Чи хэдэн медальтай вэ? 
-Таван медалтай. Анхны медалиа сургуулиасаа авсан. Дараа нь Улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, мөн энэ жил болсон Олон улсын тэмцээнээс таван настнуудын ангилалд хоёр алтан медаль хүртсэн.
-Ангийнхан чинь тэмцээн уралдаанд оролцоод, амжилт үзүүлэхээр юу гэж хэлдэг вэ?
-“Ямар мундаг юм бэ. Чи үзүүлбэрээ үзүүлж болох уу, бид хармаар байна” гэдэг. Тэгэхээр нь би зөвхөн хөлөө ардаа татаад харуулчихдаг. Манай ангийхан болон багш маань намайг их дэмждэг. Яаж вэ гэхээр “Отгоо бэлтгэлдээ яваарай, битгий таслаарай. Клубээсээ “гарч болохгүй шүү” гэж захидаг.
-Чи шантарч байсан уу? 
-Би олон удаа шантарч байсан. Клубтээ ороод, гараад л байдаг (инээв). Жаахан байхад  ядраад заримдаа бэлтгэлдээ явмааргүй санагддаг байсан. “Ядраад байна” гэхээр аав намайг бэлтгэлдээ явахгүй байж болно гэдэг. Гэхдээ ээж, багш хоёр “шантарч болохгүй, бэлтгэлээ таслахгүй байвал олон медаль авна” гэж хэлсэн. Одоо би том болчихсон болохоор шантрахаа больсон. 

-Чиний мөрөөдөл юу вэ? 
-Хичээлээ сайн хийгээд аав, ээждээ магтуулах. Бэлтгэлээ сайн хичээж хийгээд Дэлхийн аваргад оролцоно. Бас зөндөө шагнал, гоё бэлтгэлийн хувцас авна. 
“Охидоо дасгалаа чанар­тай, гүйцэтгэл сайтай хий. Инээмсгэлээрэй” гэж  үргэлж зөвлөх эмэгтэй бол  Монголын гимнастикийн холбооны дасгалжуулагч, спортын мастер, “Шигтгээ” клубийн багш М.Булган. Тэрбээр “Манай клубт тэмцээн уралдаанд оролцдог 26 хүүхэд  бий. Шинээр болон анхлан суралцаж байгаа 30 гаруй хүүхэд байгаа. Сүүлийн үед эцэг, эхчүүд хүүхдүүдээ спортоор хичээллүүлэх хэрэгтэйг мэддэг болсон учраас дугуйлан маань өнөр болж байна. Уран сайхны гимнастикаар хичээллэснээр охид эрүүл, чийрэг, зөв бие галбиртай болно. Мөн гоо зүйн мэдрэмж, уян хатан хөдөлгөөний эвсэл, тэсвэр тэвчээртэй болох олон давуу талтай. Тиймээс энэ спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд олон болж, манайх гимнастикийн нэг зааланд багтахгүй болсон. Ингээд холбооны харьяа дөрвөн клуб өрх тусгаарлаж, тус тусын заал түрээслэж үйл ажиллагаа явуулж байна. Гэхдээ холбоондоо харьяалагддаг. Хүүхдүүд бэлтгэлдээ ирэхдээ дуртай байдаг нь надад ажиллах урам зориг өгдөг. Эцэг, эхчүүд ч хүүхдээ сайн дэмжиж, зориулалтын хувцас, хэрэгслийг нь авч өгч, бүхий л боломжоороо тусалдаг. Уран сайхны гимнастик нь үнэтэй хувцас, хэрэглэлтэй спортын төрөл. Анхлан хичээллэж байгаа хүүхдүүд хоёр цаг, тэмцээнд оролцдог болон арваас дээш насныхан дөрвөн цагийн бэлтгэл хийдэг” гэв. 
Гэгээн тунгалаг хүсэл, цолгиун их мөрөөдөл, зогсошгүй хүч тамирчинд байдаг. Үүний адил энэ охид ч мөн “Би чадна” гэсэн хүсэл эрмэлзлэл дүүрэн бэлтгэлээ дуусгав. Дэлбээгээ нээсэн цэцэгс дэлхийн дэвжээнд энэ жил анх удаа  гарчээ. Одоо тэдэнд дэлхийн дэвжээнд гарах  биш, тэндээс медаль авах, улсынхаа далбааг мандуулах том хүсэл бий. 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид