Улаанбаатар 1c

Хүхрийн давхар исэл амьсгалын замын өвчлөлийг хурцатгадаг

Хэдэн жилийн турш ард иргэдийн айдас болсон утаа тодорхой хэмжээнд буурчээ. Нийтлэг хэллэг нь утаа гэх боловч утааг бүрдүүлэгч PM 2.5, PM10 тоосонцор. Эдгээрт агуулагдах нарийн ширхэгт тоосонцорууд буурсан аж. Үүний үр дүнд амьсгалын замын (уушгины) өвчлөл болон хорт хавдар, мөн жирэмсний үеийн зулбалт зэрэг өвчлөл багасаж буй мэдээг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс өгч байна. Энэ нь сайн хэрэг. Гэвч үнэн чанартаа утаа арилсангүй. Өнгөгүй, үнэргүй, амтгүй болон нуугдсан гэнэ. Мөн тоосонцоруудын эзлэх хувь буурсан ч хүхрийн давхар исэл хоёр дахин нэмэгдсэнийг мэргэжлийн судлаачид батлан ярьж байна. Монгол Улсын агаарын чанарын стандартад 24 цагийн дунджаар хүхрийн хэмжээ 50 микрограмм шоо метр байвал хэвийн хэмээн үздэг аж. Харин Улаанбаатарын агаар дахь хүхрийн хэмжээ 50, 60, зарим тохиолдолд 140 микрограмм шоо метр хүрч байгааг албаны эх сурвалж дурдсан.

Онцлууштай нь цаг тутамд хийж буй судалгааны дүн. Хүхрийн давхар исэл (SO2) нь pm тоосонцорууд шиг агаарт удаан тогтдоггүй, дэгдээд алга болчихдог гэнэ. Энэ сарын 1-нд 15.00 цагийн орчимд агаарын чанарын индексийг Цаг уур, орчны шинжилгээний газрын албан ёсны вэб хуудас Agaar.mn-ээс  харахад Амгалан-202, Баянхошуу-277, I хороолол-309 хэмээн зааж байв. Индексийн тайлбараас харахад бага бохирдолтой буюу SO2-ын хэмжээ 101-200 байхад хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөл ихсэж зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс тус нөлөөлөлд илүү өртөнө хэмээн тайлбарлажээ. Харин “бохирдолтой буюу 201-300 нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ” гэжээ. Өчигдрийн мөн үеийн байдлаар Баянхошуу -251, I хороолол-241, Амгалал-152 микрограмм шоо метр байв. Гэвч сараар болон жилээр хийсэн тоон судалгаа, харьцуулалт энэ вэб хуудаст байсангүй. Ямартаа ч хүхрийн хэмжээ өмнөх жилийнхээс хоёр дахин нэмэгдсэн энэ өдрүүдэд архаг хууч өвчтэй, тэр дундаа  багтраа, астматай хүмүүс гэрээс гарах эрхгүй болж байна. Агаарын чанарт үзүүлэх хүхрийн хэмжээ нэмэгдсэн шалтгааныг хотын удирдлага, мэргэжлийн байгууллагынхан автомашины утаатай холбон тайлбарласаар байна. Өөрөөр хэлбэл, тодорхой шалтгаан, өвчний оношгүйгээр толгой эргэх, нүд харанхуйлах, хоолой хорсох зэрэг тохиолдол иргэдийн дунд газар авч, Түргэн тусламжийн яаралтай төвд зөвхөн энэ асуудлаар өдөрт хэдэн зуун дуудлага ирж буй нь үүнээс хамааралтай гэв. Үүнээс өөр буруутан дарга нарт олдохгүй байгаа бөгөөд сайжруулсан түлшээ сайн гэдгийг үүгээрээ батлахыг хичээсээр байна. Бид хэд хэдэн төрийн байгууллага, мэргэжилтэн, эрдэмтдээс иргэдийн дээрх зовиур, хэт мэдрэг болсон шалтгааныг тодруулах гэсэн боловч “Тэртэй тэргүй хортой байгаа. Иргэдийг цочроомооргүй байна”, “Мэдчих юм бол хүмүүс сандралдаад эхэлнэ. Яах гэсэн юм” зэрэг хариултаас айсан, бултсан, албаны бус мэдээлэл өгч, албан ёсоор тайлбар өгөхөөс татгалзаж байлаа.  Харин доорх хүмүүс бидний тодруулгад хариулт өгсөн юм. 

хүхэр багатай л байвал агаар орчин бохирдолгүй байна

Хүхрийн химийн найрлага болон агаарт явагдах урвал, сөрөг нөлөөний талаар Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Багажит шинжилгээний лабораторийн эрхлэгч, доктор Ж.Нарангэрэлээс цөөн асуултад хариулж авлаа. 
-Байгальд хүхрийн агууламж ихтэй ямар бодис байдаг вэ?
-Шингэн болон хатуу аль ч түлшинд тодорхой хэмжээгээр хүхэр агуулагддаг. Ялангуяа газрын тос их хэмжээний хүхэр агуулж байдаг. Харин нүүрсэнд агуулагдах хүхрийн хэмжээ нь 0.2-12 хувийн хооронд хэлбэлздэг. Нүүрс, түлш бүрээсээ хамаарч агуулагдах хэмжээ өөр байдаг гэж үзэж болно. Манай оронд тухайн нүүрсний бүтцэд 1.5 хувиас илүү илэрвэл хүхрийн агуулга өндөр байна гэж үздэг. Тавантолгой, Шивээ овоо, Багануур зэрэг төвийн бүсийн нүүрсэнд хүхрийн хэмжээ харьцангуй бага. Манай улсад хүхрийн агуулгамж гурван хувь хүрдэг ганц орд байгаа нь зүүн бүсийн “Өвдөг худаг” нүүрсний орд. 
-Агаарт SO2, SO3 ямар хэмжээтэй байвал хортой гэж үзэх вэ? 
-Нүүрс, газрын тос, дизель түлш аль нь ч шатаахад хүхэр SO2, SO3 хэлбэрт шилждэг. Улмаар дээш хөөрч, агаар мандлын чийгтэй урвалд орж хүхрийн хүчил үүсгэдэг. Энэ нь эргээд хөрсөнд, газар буухдаа хортой нөлөө үзүүлдэг. Аль болох хүхэр багатай л байвал агаар орчин бохирдолгүй байна. Дэлхий нийтээрээ нүүрсийг голлон шатааж хэрэглэдэг. Сүүлийн үеийн цахилгаан станцууд маш сайн тоноглолтой болсон учир агаарт хаягдах хүхрийн хэмжээ багассан. Монгол Улсад шахмал түлш ялангуяа нүүрсийг хамгийн их шатаадаг газар нь дулааны цахилгаан станцууд. Тус станцад мэдээж хэрэг хүхэр маш ихээр ялгарч байгаа. Тэгэхээр түүнийг кальцийн сульфатаар барьж байдаг. Энгийнээр тайлбарлавал бидний сайн мэдэх гипс гэдэг нэгдэлд хувирч агаарт дэгдэлгүй барьцалдаж үлддэг. 
-Автомашин, нүүрс, сайжруулсан түлшний аль нь илүү их хүхэрлэг хий гаргадаг вэ? 
-Аль аль нь тодорхой хэмжээгээр ялгарна. Яг ийм, тийм хэмжээтэй гэж хэлж мэдэхгүй байна. Өөрөөр хэлбэл, нүүрс, шахмал түлш болон дизель, газрын тосыг хооронд нь харьцуулах боломжгүй. Явагдаж байгаа шаталтаасаа хамаарч ялгарах хэмжээ өөр байдаг. Ерөнхийдөө манайд дизель түлш илүү их хүхэр агуулдаг. Үүнийг стандарт хэмжээгээр зохицуулсан байдаг. Жишээлбэл, орчин үеийн “Евро 5” стандарт нь дизель түлшинд агуулагдах хүхрийн хэмжээ “5ppm”-ээс бага байх ёстой гэсэн үг. Хэрвээ стандартын бус хүхрийн хэмжээ агуулсан дизель түлш, нүүрс байвал тэр нь агаар орчинд бохирдол үүсгэх нь тодорхой. 
-Ахуй орчинд хэрэглэж буй нүүрс, сайжруулсан түлшнээс ялгарч буй хүхэр хүний биед ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ? 
-Би утааны найрлага буюу агаар орчны бохирдолд хүхэр ийм хэмжээгээр агуулагдаж, хүний биед эдгээр сөрөг нөлөө үзүүлж байна гэсэн судалгаа хийж байгаагүй. Шахмал түлшний стандарт гээд хүхэрлэг хийн агуулах хэмжээг нь тогтоочихсон байгаа. Тэр түлшийг шинжилгээнд оруулаад, агуулагдах хэмжээ нь стандартад нийцэж байвал харьцангуй аюулгүй гэж үзэж болно. 
-ШУА нь Монголын ард түмний төлөөлөл болсон эрдэмтдийн нэгдэл. Энэ утгаараа шинжлэх ухааны үндэслэлтэй, дүгнэлттэй бодит үнэнийг иргэдэд өгөх ёстой. Сайжруулсан түлшний хортой эсэх дүгнэлт үнэн гарч чадаж байгаа юу? 
-Дээр хэлсэнчлэн манайд ирсэн шахмал түлш стандарт хангаж байгаа үгүйг л үзнэ. Стандартыг л ярина уу гэхээс цаашлаад “Энэ түлш хортой байна шүү” гэж хэлэх боломжгүй. Судалгааны байгууллага хийх ёстой зүйлээ ёс журмаар нь стандартын дагуу л хийж байгаа гэв.

хоолой хорсох шинж тэмдэг илэрвэл хүхрийн давхар исэл цочроож байдаг

Агаар дахь хүхэр (SO2)-ийн  хэмжээ ихсэж байгаа шалтгааныг олж,  бууруулахын төлөө ажиллах хэрэгтэй
Агаарын бохирдол нь хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж амьсгалын зам, зүрх судас, төв мэдрэлийн cистем, удамшлын эмгэг, төрөлхийн гажиг, хавдар,  харшил зэрэг өвчний тархалт, тохиолдлын түвшнийг ихэсгэх. Улмаар ураг зулбах, дутуу төрөх, хүүхдийн дархлаа, өсөлт хөгжлийг бууруулах нөлөөтэй байдгийг олон орны эрдэмтэд баталжээ. Үүнд тулгуурлан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хамт олон гэр хорооллын мөн автомашин ихтэй орон сууцны хорооллын дотоод орчны агаарын чанарыг үнэлэх, ялгарч буй бодисыг ангилж хэмжээг нь тогтоох зорилготой төсөл санаачилжээ. Гэвч санхүүжилтгүй учир НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ-аас санхүүжилт хүссэн бөгөөд нааштай хариу гарахыг хүлээж байгаа аж. Арав гаруй сая төгрөгийн төсөв шийдэгдчихвэл 20 хоногийн дотор судалгааны ажил хийгээд дүгнэлт гаргах боломжтой гэнэ. Агаар дахь хүхрийн хэмжээ өссөн нь иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж болохыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Орчны эрүүл мэндийн албаны дарга Б.Сувдаас тодрууллаа. 
-Агаарын бохирдолд хүхэр хэдэн хувийг эзэлж байна вэ?  
-Агаар орчин нэн тэргүүнд хүний үйл ажиллагаанаас хамаарч бохирдсон байдаг. Хүний буруу үйлдэл эргээд өөрсдийнх нь эрүүл мэндэд нөлөөлж байгаа учир бүсийн улс орнуудаас дөрвөн бодисыг заавал хянаж байхыг зөвлөдөг. Ази-Номхон далай, Төв Азийн бүсийн орнуудад сүүлийн жилд хүхрийн давхар исэл нэмэгдэж байгаа. Зуны улиралд автомашинаас ялгарсан хүхэр агаарт дэгдэж, хүчиллэг бороо орох нь бүр их эрсдэл дагуулж байна. Манай улсад өвлийн улиралд агаар бохирдуулагч гол хүчин зүйл нь хүхэр болж байна. Автомашинаас ялгарч буй утаа болон нүүрс шатааснаас үүдэлтэй бохирдол юм. Тодруулбал, PM тоосонцор, азон, азотын давхар исэл, хүхрийн давхар исэлийн хэмжээг тогтмол хянаж, иргэдийн эрүүл мэндтэй холбон судлах шаардлага тавьдаг. Энэ утгаараа Улаанбаатар хотод дээрх дөрвөн бодисыг холбогдох байгууллагуудтай хамтарч тогтмол хянадаг. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэн эдгээр дөрвөн бодисын хэмжилтийг иргэдийн өвчлөлтэй харьцуулан тандалт хийж ажилладаг.  
-Агаарын бохирдолтой холбоотой өвчлөлд тандалт хийдэг гэлээ. Ямар өвчлөлд, хэчнээн тооны хүн оролцуулан тандалт хийдэг вэ? 
-Бүх аймагт агаарын бохирдол хэмждэг болсон. Тэгэхээр бид 21 аймаг, Улаанбаатар хотын арван цэгээс мэдээлэл авна. Өөрөөр хэлбэл, Цаг уур, орчны шинжилгээний газраас агаарын чанарын болон цаг агаарын мэдээг авдаг. Мөн эрүүл мэндийн яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс иргэдийн эрүүл мэндтэй холбоотой статистик мэдээг авна. Ингэснээр уушгины хавдар, уушгины архаг бөглөрөлтөт өвчин, багтраа өвчин, амьсгалын дээд замын өвчин, 0-5 насны хүүхдийн хатгалгаа гэсэн үндсэн таван өвчлөлийг хянаж байдаг.  
-Эдгээр тоосонцор, хий хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ? 
-Хатуу бохирдуулагч гэхээр PM  тоосонцорууд, хийн бохирдуулагч гэхээр азотийн болон хүхрийн давхар исэл орж байгаа юм. Улаанбаатар хотод агаар манантаж харагддаг байсан. Энэ нь нүүрсний шаталт буюу утаанаас үүдэлтэй. Утаа болон агаарын бохирдлыг үүчгэгч PM тоосонцорыг ДЭМБ, Дэлхийн хавдрын холбооноос 2013 онд хавдар үүсгэгч бодисын жагсаалтад оруулсан байдаг. Яагаад гэвэл тухайн тоосонцорууд амьсгалын эрхтнүүдээр дамжин биеийн дархлааг бууруулж, цусанд орж эргэлддэг. Улмаар зүрх судас, уушгины цулцанд хуримтлагдаж байдаг. Ингэхдээ дан ганц тоосонцор биш маш олон химийн бодисыг давхар тээж ордог. Жишээлбэл, хүүхэд байхдаа агаарын бохирдолд амьдарсан хүүхэд насанд хүрээд зүрх судас, уушгины өвчнөөр өвчлөх эрсдэл нэмэгдэж байдаг. Уушгины хавдар үүсгэх тохиолдол ч байдаг. 
-Хүхрийн давхар исэл эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй вэ? 
-Хүхрийн давхар исэл болон бусад хий нь архаг нөлөө үзүүлэхээс илүү голчлон сэдрээх, цочроох нөлөө үзүүлдэг. Тэр дундаа багтраа өвчтэй хүмүүсийн хувьд илүү сөрөг нөлөөтэй. Хүхэр агуулсан ямарваа зүйлийг шатаахад хүхрийн давхар исэл ялгардаг. Үүнд, нүүрс, автомашины шатахууныг нэрлэж болно. Эдгээрээс ялгарсан хүхэр агаарт устай нийлэхээр хүчиллэг шинж чанартай болдог. Жишээ нь, хүний ам чийглэг орчинтой түүнд  хүхрийн давхар исэл орсноор 10-15 минутын дараа хоолой хорсох шинж тэмдэгээр мэдэгдэж эхэлдэг. Хэрэв хоолой хорсох шинж тэмдэг илэрч байвал хүхрийн давхар исэл намайг цочроож байна гэж ойлгох хэрэгтэй. 
-Агаар дахь хүхрийн хэмжээ өмнө жилээс хоёр дахин ихэссэн. Үүнд яг юу нөлөөлсөн юм бол?
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа, мөн улс орнуудын нүүрс эцсийн шийдэл биш гэсэн байр суурь баримталж байгаа. Цахилгаанаар халаах, нарны зайн энергиэр халаах гэх мэтчилэн байгалийн боломжийг ашигласан цэвэр түлш хэрэглэхийг эрмэлзэх болсон. Улс орон бүр өөрийн эдийн засаг, боломж бололцоондоо нийцүүлэн нүүрсийг сайжруулан хэрэглэж байна. Манай улс ч сайжруулсан түлшийг хэрэглэж эхэлсэн. Эрүүл мэндийн байгууллагын зүгээс харахад хамгийн аюултай PM 10 тоосонцорууд буурч байна. Энэ өөрчлөлт нь зулбалт багасах, нярай бага жинтэй мэндлэх нь зүрх судасны өвчлөл, хүн амын нас баралт багасгахад нөлөөлнө. Буурч байна гэдэг нь нэг талдаа амжилт. Гэвч сайжруулсан түлш эцсийн шийдэл биш. SO2 ихсэж байгаа шалтгааныг олоод түүнийг бууруулахын төлөө ажиллах хэрэгтэй. Агаарын бохирдолд хүхэрлэг хий нөлөөлж байгааг бид тандаж байгаа. Гэхдээ үүний шалтгааныг тодруулж хийсэн судалгаа хараахан байхгүй. Судлаачийн зүгээс таамаглахад автомашины түлш, магадгүй сайжруулсан түлш хийж байгаа хүмүүс маань эргэж харах хэрэгтэй болов уу. Бид олон жилийн өмнөөс pm бодис гэж мэддэг байсан бол өнөөдөр хүхрийн давхар ислийн тухай ярьж байна гэдэг бол Засгийн газраас шийдэл хайж буйн илрэл юм. 
Хүхрийн давхар исэл илүү ялгарч байгаа. Тийм учраас бүх хүн мэдэрч чадахгүй байна. Хүн өдөр тутмын 90 хувийг дотор өнгөрүүлдэг. Тийм болохоор дотоод агаарыг ч бас хэмжих ёстой. Жишээлбэл, гал түлдэг айл, орон сууцтай айлын дотоод агаар адилхан байхгүй. Агаарын бохирдол хэнийг ч ялгахгүй. Гэхдээ иргэд маань айдаст автах хэрэггүй. Амьсгалын замын өвчлөлтэй хүмүүс гадаа гарахдаа агаарын чанарын индексээс хүхрийн давхар исэл хэр хэмжээтэй байгааг харж, хэдэн цагийн үед гадаа гарах, хэзээ ажлаа амжуулах вэ гэдгээ тооцоолох хэрэгтэй. 
-Архаг, хууч өвчингүй хүнд ямар ч нөлөөгүй гэж ойлгож болох уу? 
-Мэдээж хэрэг цоо эрүүл байсан ч бүтэн жилийн турш өөрийгөө цочролд оруулаад байвал эрхтэн систем хамгаалах тогтолцоо, биеийн дархлаа суларч эхэлнэ. Тийм учраас энэ хүхэрлэг хийг бууруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга замыг эрэн сурвалжлах хэрэгтэй. Тэрнээс би зүгээр юм байна гэж яваад байж болохгүй. Агаарын чанарын индексээ байнга харж байх ёстой.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид