Улаанбаатар 1c

Хар тас ба хараал шингэсэн дуу

Театрын урын санг баяжуулах зорилгоор Гэгээн муза Академи болон УДЭТ, Улсын Хүүхэлдэй театр хамтран Монголд анх удаа “Хоёр хүний жүжиг”-ийн уралдаан зохион байгууллаа. Драмын урлагийн шилдгийг шалгаруулах 15 дахь удаагийн “Гэгээн муза” наадмын “Хоёр хүний жүжгийн” төрөлд нийт долоон багийн уран бүтээлчид оролцож, өөрсдийн бүтээлийг тайзнаа амилуулсан юм. Энэ удаагийн шалгаруулалтад орон нутгийн театрын уран бүтээлчид идэвхтэй оролцсоныг онцлох хэрэгтэй. 

Нүрзэдээ чөлөөлсөн Э.Дашзэвэг найруулагчид алга ташъя

Зохиолч Т.Бум-Эрдэнийн “Нүрзэд хаачив” туужийг жүжиг болгон тавьжээ. Зохиолын гол санаа нэг ч удаа уулзаагүй эцгийгээ олж, мэдэх хүсэл эхийнх нь үхэлтэй зэрэгцэн зохиолын гол баатарт төрнө. Эцэгтэйгээ цэрэгт хамт байсан эрийг зорин очсон аялал, гэнэтийн эргэлт, гол баатрын төөрөлдсөн юм шиг хэрнээ саруул бодол, түүнтэй зэрэгцэн хөврөх Нүрзэдийн дурсамж гээд энэ багахан туужийн зохиомж тун ухаалаг. “Ертөнцийн мөнхийн зөрчил бол эцэг, хүү хоёрын зөрчил” хэмээн зураач Ван Гогийн хэлсэн үг бий. Зохиолч Т.Бум-Эрдэний “Нүрзэд хаачив” туужийн учир зүйн шугамыг хурааж тайзан дээр тавихаар шийдсэн найруулагч нь Э.Дашзэвэг. Зохиолын гол санааг алдаагүй ч зарим нэг нэмэлт зүйлээр хачирласан тэр нь догь. Энэ нь нэг талаараа зөв байсан ч нөгөө талдаа эсрэгээрээ байв. Тайз засалт, хөгжим дуу зэрэг нь 1939-1970-аад оны монголчуудын ахуй амьдралын тодорхой илтгэнэ.
Нүрзэд бол сумын төвийн галч хийдэг ганцаардсан өвгөн. Түүнд үр хүүхэд байхгүйгээс гадна хүмүүс түүнээс цэрвэн зугтана. Тэрбээр тас шувууг 33 хоног хоолгүй хорьж 40 хоногийн дараа өлсгөлөн тас ойр орчмынхоо зүйлсийг идэж эхэлдэг хэмээх ёр бэлгийг таниулахыг оролдогч. Төвд, Хятад, монголчууд оршуулах ёслолдоо Тасын дуудлага хэмээх ёслол үйлддэг. Тэгвэл тус жүжгийн гол баатрын нэг Нүрзэд өвгөний тас тэжээж буй шалтгаан нь өөрийгөө тасын хоол болгохоор шийдээд буйд юм. Жүжиг эхлэхэд зохиолын гол баатар Шинэхүү, Нүрзэд өвгөнийд аавынхаа ямар хүн байсан талаар мэдэхээр ирнэ. Шинэхүү “Би хэзээч амьтан тэжээж байгаагүй, тэжээх ч үгүй. Торонд байгаа амьтныг харахаар амьдаараа үхэж байгаа юм шиг санагддаг” хэмээн Нүрзэд өвгөнд хэлж яриа эхэлнэ. Аавынхаа талаар асуухад буун дуу гарч, тайз харанхуйлж, гэрэл асахад он цаг өнгөрсөнд шилжих бөгөөд үйл явдлыг эхнээс нь өгүүлнэ. Гэвч жүжиг санаагаа тайлал хэсэг дээр биш өрнөл хэсэгтээ дэлгэсэн. Үйл явдлын зөрчил цааш үргэлжилж, тэдний уйлаан, майлаан дахин үзэгчдийг эргэлзээнд хүргэнэ. Шинэхүү ээжийгээ бурхан болсны дараа ор сураггүй, хэзээ ч харж байгаагүй аавынхаа сургийг гаргахаар явж байгаагаа Нүрзэд өвгөн хэлэхэд буун дуу гарах нь тэдний тогтворгүй сэтгэл зүйг илэрхийлж байлаа. Аристотелийн “Туурвил зүйн онол” номд жүжгийн зохиолыг “Туйлд ба цуваа зарчимт” хэмээн хоёр хуваасан байдаг. Эцэг, хүүгийн тухай энэхүү жүжиг цуваа зарчмаар тайзнаа тавигджээ. Тас шувууны хоол болохоор өөрийгөө бэлтгээд буй Нүрзэд өвгөний дүр бэлгэдэл зүйг эсрэгээр нь эргүүлсэн шинэ нээлт гэж болно. Үүгээр хэлж буй найруулагчийн санаа Хүн төрөлхтөн ямар нэгэн ёс заншил, эрх мэдэл хүлэгдэх шаардлагагүй. Хуучин зүйлийг шинэ зүйл устгдаг хэмээх үзлийг гаргаж ирсэн нь сайшаалтай байлаа.
Германы яруу найрагч, жүжгийн зохиолч, театрын найруулагч Брехт “Театрын тайзнаа амьд хүн өөрийн зөрчил хямралтайгаа, үйлдэлтэйгээ гарч байх ёстой”, “Тайз бол музей биш” хэмээсэн нь бий. Брехтийн энэ үзэл санаа Э.Дашзэвэг найруулагчийн арга барилын зөвтгөл болно. Э.Дашзэвэг дүүрэн тайзнаас ажлаа эхэлж төгсгөлд хов хоосон болгосон. Шинэхүүгийн дүр дотроо бий болгосон гүн ухааны гаргалгаанд хүрэхийн тулд зохиол, дүрүүдийг рубикийн шоо мэт эргүүлж, үзэгдэл бүр дээр өвөрмөц хөдөлгөөн, хэлбэрүүд үүсгэсээр эцэст нь ганцхан агшинд бүгд байр байрандаа орно. Гярхай үзэгчийн хувьд энэ агшин таашаал төрүүлнэ. Харин зүгээр л үзэгдэлд хөтлөгдөж суусан үзэгчид гайхширч хоцорно. Гэхдээ уран бүтээлчид ч, үзэгчид ч ямар нэг үр бодол тээсэн болов уу.
Жүжгийн тайлалд тайз хоёр хэсэгт шилжиж Шинэхүү, Нүрзэд хоёр бодлоор ярих буюу /монолог/ үргэлжилнэ. Энэ үзэгдэлд Шинэхүүгийн хажууд торонд хийсэн туулай байна. Үйл явдлын зөрчил хайн үзэж байсан үзэгчид Шинэхүү худал хэлсэн хэмээн дүгнэх биз. Гэвч уг туулайгаар түүний сэтгэлийн гэнэн цагаан тогтворгүй, ганцаардмал нэгэн гэдгийг илэрхийлнэ. Монологийн төгсгөлд Нүрзэд гээд байгаа хүн өөрийнх нь аав Тэгшээ гэдгийг мэдэж босон гүйнэ.
Нүрзэд торноос тас шувууг суллаж дуусахад Шинэхүү орж ирнэ. Аав хүүгийн нэг нэгнээ таних төгсгөлийн агшин. Хөгжмийн хэмнэл тэднийг сүүлчийн удаа уйлах боломж олгож байгаа мэт дуугарна. Эцэг, хүүгийн зөрчил эцэстээ гэмшлээр төгссөн ч тэд бүгд сэтгэлийнхээ хүлээснээс суллагдана. Тас шувуутай хамт Тэгшээгийн дотор нүүрлэсэн Нүрзэд тэнгэртээ нисэн одож, Шинэхүү бүжингээ торноос суллана. Нар жаргахын зүг рүү Тэгшээ зааж “Цагаан гэрэл” хэмээн хүүгийнхээ нуруун дээр амьсгал хураана. Тус гэрлээр Нүрзэд бүхнээс чөлөөлөгдөн гэгээрч буйг илэрхийлжээ.
“Нүрзэд хаачив” жүжгийн тайз, дуу хөгжим найруулга, жүжигчид сайн байсан ч зарим нэг элдэв хачир, уйлаан, майлааныг эс тооцвол алга ташихаас аргагүй байлаа. Тайзан дээр анх удаагаа тас нисгэж, Нүрзэдээ чөлөөлсөн Э.Дашзэвэг найруулагч театр бол найруулагчийн урлаг. Постмодерн эрин үе, театрт ямар нэгэн үйл явдал яригдахгүй, оронд нь олон бүтэц бүхий зохиомжийг үзүүлэх нь чухал гэсэн постдрамын үзэл санаа түгж буй цаг үед ч театрт гүйцэтгэх найруулагчийн үүрэг сулрахгүй гэдгийг харууллаа.

Хөгжмөөрөө аврагдсан “Торгон дэнлүү” 

“Торгон дэнлүү” жүжгийг эмгэнэлт драмын жүжиг хэмээн танилцуулах хуудаснаа зарласан. Гэвч уйлах гашуудах, эмгэнэлт явдал өрнөсөн бүхэн эмгэнэлт драм биш гэдгийг зохиолч хэлэхийг хүсчээ. “Торгон дэнлүү” жүжгийн зохиол эмгэнэлт байсан ч найруулагч тайзнаа тавихдаа уянгын драм болгон тавьжээ. Уянгын драм гэж юу болох талаар “Уянгын жүжиг гол баатрынхаа дотоод ертөнц дэх уйтгар гуниг, уярал цэнгэлтэй байдлыг нээх, түүнд зохицсон ахуйн өнгө аясыг бүрдүүлэх эрэл зонхилдог. Инээдэм, хошигнол, шүүмжлэл, уярал ухаарлын чанартай элементийг сэтгэл зүйн үүднээс шийдсэн жүжгийн хэлбэрийг уянгын жүжиг гэдэг” хэмээн Д.Галбаатар “Уран зохиол, онол, түүх, шүүмжлэл” 429-р талд дурдсан нь бий. Уран зохиолын онолчид уянгын жүжгийн төрөл зүйлийг хүний тухай эгэл амьдралыг дүрслэн үзүүлдэг реалист жүжгийн шинэхэн зүйл гэсэн байдаг. Үүний нэгэн жишээ бол А.П.Чеховын “Интоорын цэцэрлэг” хэмээх жүжиг юм. Яг энэ зарчмаар “Торгон дэнлүү” хоёр хүний жүжиг УДЭТ-т тавигдсан.
Уг жүжгийн зохиолч нь тодорхойгүй бөгөөд Японы өв соёлд хамаардаг. Энэхүү зохиолыг тайзнаа УДЭТ-ын залуу найруулагч О.Майдарравжаа тавьсан бол дүрүүдэд Г.Ганбат, Ц.Цэлмүүн нар тоглосон юм.
Тайзны хоёр талд хөгжим байрлуулж цагаан, цэнхэр хоёр өнгийн хөшиг татаж, улаан олс голоос нь унжуулсан байв. Япон хөгжмийн ая дан дуугарч жүжиг эхэлнэ. Энэхүү жүжгийн хоосон орон зайг хөгжим нөхсөн гэхэд болно. Гол дүрийн эрэгтэй Синзабуро голын хөвөөнд хэвтэнэ. Үйлдэл хийх бүрт хөгжим дуугарах бөгөөд ус, царцаахай царгих зэрэг байгалиас гарч болох бүхий л авиа гарна. Гол баатрын сэтгэл зүй хийгээд юмс үзэгдэлд хандах хандалгыг хөдөлгөөнөөр илэрхийлэхийг зорьсон нь илт. Энэ нь үүсвэр дүрийн шинж чанарыг илэрхийлэх шиг. Үүсвэр дүр буюу бодит байдал нь хүний өвөрмөц шинж чанар, түүнийг хүмүүжүүлсэн цаг үе, нийгэм, соёл гэх мэт бүх зүйлийг тээх ёстой. Дүрийн сэтгэлзүйн байдал, гадаад төрх тайзан дээр уран сайхны шинэ нээлт хийх ёстой. Гэвч “Торгон дэнлүү” жүжиг энэ үүрэг хариуцлагыг мартсан гэмээр. Тэд зөвхөн шинэ арга барил, өөрсдийгөө таниулах үзүүлэн тоглолт төдий жүжиг тавьчих шиг. Гол дүрийн эрэгтэй дүрээ олигтой гаргаж чадсангүй. Харин Япон эмэгтэй О Цуюгийн дүрийг сайн гаргасан жүжигчний үйлдэл бүр дээр ятга дуугарна. Энэ л үзэгчдийг татах зүйл болсон гэдгийг дурдъя. Гэвч ятга хөгжмөөр эмэгтэй хүний сэтгэлийг илэрхийлэх аргыг тэд сэтгэж олов уу гэдэг эргэлзээтэй. Учир нь “Гоолингоо” хэмээх Монгол ардын дуу бий. Энэ дууны үүслийн талаар ам дамжсан олон домог байдаг. Дурдвал, Монголын Юань улсын сүүлч үед буюу XIV зууны хоёрдугаар хагаст аж төрж асан Агай хатан анх дуулсан, Манж Улсын дарлалд байсан монгол эрчүүд хугацаагүй цэргийн албанд байхдаа амраг бүсгүйдээ зориулан дуулж явсан гэх мэт домог бий. Харин хамгийн сүүлд Зохиолч М.Ядамсүрэн үгийг нь шинээр найруулан бичиж, Ардын жүжигчин Д.Ичинхорлоо дуулсан хувилбар пянзанд бичигдсэн үлдсэн. Энэ дууг хагацлын дуу гэдэг. Нэгэн хэсэг хүмүүс “Хараал шингэсэн дуу” хэмээн дуулахыг цээрлэдэг байсан. Ятга хөгжим тоглож дуулах “Гоолингоо”-гийн ая Хятад ши хэмээх аятай нэлээд төстэй. Энэ элементийг “Торгон дэнлүү” жүжигт шигтгэж өгчээ. Эмэгтэй хүний тогтворгүй сэтгэлийг япон эмэгтэйн алхаа гишгээ, хятад аятай хослуулжээ. Эмэгтэй дүрийн зорилго Жүжигчин эмэгтэй ч дүрээ сайн бүтээсэн. Гэвч тэд шинийг бүтээж чадсангүй.
Гол дүрийн эрэгтэй эхнээсээ л алиалагч шиг үзэгчдэд харагдсан. Тэр хэвээрээ төгссөн. Ямар хүн, юу хийдэг нь тодорхой гарсангүй. Нэг бол самурай юм шиг, тэнэмэл эр, хан хүү гээд тодорхойгүй. Зохиолчийн дүрдээ үүрүүлсэн амьдралын утга учрыг, ялангуяа үхэлд хандах хүний өвөрмөц хандлагыг орхигдуулсан нь харамсалтай. Эцэст нь дахин хэлэхэд, энэ удаагийн тэдний тоглолтыг хөгжим л авч гарлаа. 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид
NPost.mn Үндэсний шуудан
Зорчигчдын анхааралд