Улаанбаатар 1c

Саеид Моллаейг О.Ууганбаатар, Н.Дагвасүрэнтэй барилдуулъя

С.БОЛД, NPost.mn
2019-12-04 09:59

Ираны жүдоч, ДАШТ-ий алт, хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс  мөнгө, хос хүрэл медальт Саеид Моллаей Монгол Улсын иргэн болсныг өнгөрсөн даваа гарагт монголчууд нийтээрээ мэдэв. Сүүлийн хэдэн жил бөмбөрцөгийн бөхчүүд дунд нэр алдраа дуурсгаж байгаа шилдэг тамирчин, 27 настай залуу Ираны улс төрийн нөхцөл байдлаас үүдэн манай улсын иргэн болохоор эргэлт буцалтгүй шийдсэн нь биелэлээ олсон нь гэнэ. Иран Улсын Засгийн газар улс төрийн шалтгаанаар Израилийн бөхчүүдийг барилдахыг хориглосон. Гэвч Саеид Моллаей тэр шийдвэрийг эсэргүүцсэн. Жүдо бөхийн 81 килограммын шилдэг бөх 2020 оны олимпод оролцож, амжилт гаргах гол зорилготой байгаа нь тодорхой. Ийм ч учраас Саеид Моллаейг манай улс иргэнээ болгон авч, бүр улсын шигшээ багийн тамирчнаараа бүртгэлээ.  

Тэрбээр бэлтгэлдээ хэдийнэ орсон гэх бөгөөд Монгол Улсын нэрийн өмнөөс барилдах эхний тэмцээн нь БНХАУ-д болох Чиндоа  хотод болох “World masters”. “Саеид Моллаейд Сүмо бөхийн 68 дахь аварга Д.Дагвадорж гурван өрөө байр өглөө”, “Саеид Моллаейг Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа”, “81 килограммын шилдэг жүдочин Монголын нэрийг тив дэлхийд гаргах нь”  гээд л хөөрч баярлах хүн олон байна. Мөн дургүйцэж байгаа хүмүүс ч байна. Бүр цахим орчинд энэ талаар “Ираны бөх манай нэр дээр барилдах гэж байгаа.
-Танай бөхчүүд хаачсан юм?
-Манай бөхчүүд улсаа удирдаж байгаа” гэсэн хошигнол хүртэл гараад байна. Дэлхийн шилдэг тамирчин манай улсын иргэн болж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ ингэтлээ хөл алдан гүйж, хөөрцөглөөд байх шаардлага байна уу гэж асуумаар санагдаад байна. Өнгөцхөн харахад 81 килограммд гуравт эрэмбэлэгдсэн шилдэг бөх манай улсын нэрийн өмнөөс барилдах нь сайн хэрэг мэт харагдавч цаад учиг нь тийм биш. Монголчууд Монголоо бөхийн орон гэж нэрлэдэг. Дэлхийн бусад орон ч үүнийг хүлээн зөвшөөрдөг. “Хүү төрвөл бөх болно” гэж билэгшээдэг ард түмэн шүү дээ. Монголчууд бөхөд дуртай, хайртай. Сүүлийн хэдэн жил чөлөөт, жүдо бөхийн тамирчдынхаа олон сайхан амжилтыг харж баярлалаа. Тэднийгээ илүү их амжилт гаргаасай гэж амьсгаа даран хүлээдэг болсон. Монгол Улсад дэлхийн ард түмний эв нэгдэл, цэнгэлийн манлай олимпод бөхийн спортоор оролцоод медаль хүртэж байсан түүхэн цаг үе бий. Бас бүх тамирчин нь ялагдчихаад, ганзага хоосон ирж байсан он жилүүд ч байгаа. Гэвч Монголын ард түмний итгэл найдвар огт тасраагүй. Тамирчдаа амжилт гаргана гэж олон жил итгэж найдаж хүлээж байсан.
 2000 оны эхээр гадны тамирчдыг эх орныхоо нэрийн өмнөөс барилдуулах асуудал ч босч ирж байлаа. Тэр үед олимпийн нэг ч медаль авчирч чадахгүй байсан нь үнэн. Гэвч Монголын ард түмэн гадаадын тамирчдыг эх орныхоо нэрийн өмнөөс барилдахыг үеийн үед зөвшөөрөөгүй. Гэтэл гэнэтхэн  Саеид Моллаейг эх орныхоо өмнөөс барилдуулахаар эрхтэн дархтнууд шийдчихжээ. Бүх асуудал болж өнгөрсний дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээс Монголын ард түмэн энэ бүгдийг олж мэдэв.     
Шуудхан хэлэхэд, энэ нь бөх сонирхогчдын бухимдлыг төрүүлээд байна. Хэдийгээр дэлхийн шилдэг бөх Монголын өмнөөс барилдах гэж байгаа ч Монголынхоо тамирчинг 2020 оны олимпийн дэвжээн дээр гарч, уран мэх уралдуулан барилдахыг сэтгэл догдлон харахыг монголчууд хүсэж байгаа. Саеид Моллаейг тэр жиндээ босоо төрүүллээ гэхэд баярын нулимас унагаад суух монгол хүн ховор байх болов уу. Жүдо бөхийн 81 килограммын жинд манай шигшээ багийнхан тийм ч итгэл найдвараа алдчихаад байгаа юм биш. Бөмбөрцөгийн хүчитнүүдтэй гар зөрүүлж байгаа залуучууд олон байна. 
Бүр онцолбол, энэ жингийн улсын шигшээ багт О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн гэж хоёр тамирчин бий. О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн хоёр олимпын эрхийн төлөө бэлтгэл сургуулилалтаа тасралтгүй хийгээд, тэмцээнүүддээ оролцоод л явж байгаа. 2017 онд Японы Токио хотноо болсон  “Их дуулга” тэмцээнд дээрх хоёр тамирчин амжилт гаргаж байлаа. Тэднийг алт, хүрэл медаль хүртэхэд нь монголчууд уухайлаад сууж байвсан. Тэд 2020 оны олимпод амжилт гаргаж чадахааргүй тамирчид биш гэдгийг дасгалжуулагчид ч хэлж буй. Дэлхийн дэвжээн дээр гарч, бөмбөрцөгийн бөхчүүдийн энгэр ханцуйнаас атгасан шилдэг тамирчид яах аргагүй мөн. Хэн нь ч жиндээ төрүүлчихээд зогсож байхыг үгүйсгэх аргагүй. 2008 онд Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярыг олимпийн аварга болохоос нь өмнө хэн ч амжилт гаргана гэж хараагүй. Гэвч тэр монголчуудын хүсэн хүлээсэн медалийг эх орондоо авчирсан шүү дээ. 

Энэ тухай "Үндэсний шуудан" сонины өнөөдрийн (2019.12.04 №237 3448) дугаараас уншаарай.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид
NPost.mn Үндэсний шуудан
Зорчигчдын анхааралд