Улаанбаатар 1c

Д.Медведев: ОХУ Монгол улстай аж үйлдвэр, Цөмийн эрчим хүчний салбарт хамтрахаар бэлдэж байна

Москвагийн тэнгэр саарал юм. Гүн цэнхэр тэнгэрийн дор амьдарч дассан монголчуудын хувьд бүрхэг, бүүдгэр өдөр мэт санагдах ч арванхоёрдугаар сар Москвад хамгийн сайхан нь гэнэ. Шинэ жилийн уур амьсгал хэдийнэ орж, албан байгууллагууд чимэг, зүүлт бүхий дүрсэн гэрэл, “аварга” том гацуураар орчноо чимсэн нь сэтгэл татна. Яг ийм өдрүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна. 
ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.А.Медведев түүнийг эх орондоо урьж, хоёр орны худалдаа, эдийн засгийн талаар өргөн хүрээнд ярилцаж, хамтын ажиллагааны 12 санамж бичиг үзэглэсэн юм. Айчлалын үеэр Монгол, ОХУ, Хятадын эдийн засгийн коридорын хүрээнд яригддаг хийн хоолойг Монголын нутгаар дайруулах саналыг ОХУ дэмжжээ. Уг төслийг хамтран хэрэгжүүлэх ажлын гарааг эхлүүлж байна гэж ойлгосноо Ерөнхий сайд У.Хүрэлсүх яриандаа онцолж байлаа. 

Манай улс ОХУ-аас шатахууны бүрэн хараат. Хоёр орны гадаад худалдаа төдийлэн сайн биш. Жилд 1.8 тэрбум орчим ам.доллар. Үүний 1.4 орчим тэрбумыг нь шатахуун импортоор авахад зарцуулж байна. Манай валютын нөөц хэд билээ, гадагшаа зарцуулж байгаа нь шатахуунаар тогтохгүй бусад бараа бүтээгдэхүүнд ч “үрж” цөөхөн хэдийгээ хадгалж буй. Үүнийг сааруулах, валютын урсгалаа дотооддоо үлдээхээр бид газрын тосны үйлдвэр барих ажлыг эхлүүлсэн. Энэ утгаараа хийн хоолойн асуудлыг хойд хөрш дэмжсэн байр суурь илэрхийлсэн нь нэг талаар олзуурхууштай. 
Дээрээс нь бид Газрын тосны үйлдвэрээс олборлосон тосоо төмөр замаар тээвэрлэх шаардлага үүснэ. Ямартай ч Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж буй айлчлалаар Зүүнбаян-Тавантолгойн төмөр замыг барихад тус улс техник, барилгын менежментээр зөвлөгөө өгөхөөр боллоо.
Энэ талаар УБХНН-ийн захирал Д.Жигжиднямаа “Зүүнбаян-Таван толгойн чиглэлд төмөр замын шугам барих ажил гүйцэтгэх тухай гэрээг хэрэгжүүлэхэд техникийн зөвлөгөөний үйлчилгээ үзүүлэх тухай “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, “РЖД Интэрнешнл” хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэг хоорондын гэрээ”-нд талууд гарын үсэг зурлаа. Энэ бол маш чухал ажил. Монголчууд анхны төмөр замаа өөрсдийн хүчээр барьж байгаа. Үүнд ОХУ-ын талаас мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх гол зорилготой. Хоёр улсын Ерөнхий сайдын хэлэлцээрт санхүүжилт, хөрөнгө оруулалтын асуудал яригдана. УБТЗ-ын үндсэн хөрөнгийг нэмэгдүүлэх асуудлыг хоёр орны Засгийн газрын хоорондох хэлэлцээрээр ярина. Гэхдээ энэ айлчлалаар гарын үсэг зурагдахгүй. Өнөөдрийн зурсан гэрээ бол техник, барилгын менежментээр зөвлөгөө авахаар зурагдсан” гэлээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж буй айлчлалыг тохиолдуулан манай талаас Гадаад харилцааны яам, МҮХАҮТ, Евразийн эдийн засгийн холбоо болон Оросын ХАҮТ-тай хамтран ”Монгол-Орос: Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь” сэдэвт бизнес форум болон “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнг Москва хотноо зохион байгууллаа.

Маш товчхондоо, газрын тосоо тээвэрлэхдээ төмөр зам барих, эсвэл дамжуулах хоолой тавьж шийдэх асуудал л бидэнд байна. Үүнд ОХУ-ын тал хийн хоолойг дэмжсэн гэх байр суурь илэрхийлсэн нь ажил хэрэг болвол өртөг, зардлын хувьд хямд байхыг ч үгүйсгэхгүй. 
Айлчлалын үеэр ноён Д.А.Медведев хэвлэл мэдээл­лийнхэнд хандаж хэлсэн мэдэгдлээс зарим зүйл анхаарал татаж буй юм. Тэрбээр “Эдийн засаг, хүмүүнлэгийн найрамдалт харилцаа болон бүс нутгийн асуудлаар ижил төстэй байр суурьтай байгаа гэдгээ   хэлэлцээрийн үеэр ярилаа. Манай хоёр улс худалдааны сайн түншүүд. Хоёр орны худалдаа 2017 оноос эхлээд өсөх хандлагатай байгаа. Тодруулбал, 2017, 2018 онд худалдаа нэмэгдэж, 2019 оны эхний есөн сарын байдлаар мөн адил 13 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарч байна. Худалдааны үзүүлэлт өндөр гарсан нь манай хоёр орны хооронд хийх ажил байхгүй гэсэн үг биш. Өнөөдрийн яриа хэлэлцээрийн хүрээнд шинэ төслүүдийг  хийж хэрэгжүүлэхээр бид ярилцлаа. Жишээлбэл, Улаанбаатар төмөр замын шинэчлэлт, хөгжүүлэлтийн хүрээнд бид шинэ тээврийн коридор байгуулж цаашид ачаа тээврийн асуудлыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой” гэв.
Үүний зэрэгцээ Монгол Улсын дулааны цахилгаан станцыг шинэчлэх асуудалд хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа аж. Энэ талаар тэрбээр “Бид эрчим хүчний технологийн дэвшлийг танай оронд хуваалцах бодлоготой байна. Өнөөдөр 1957 оны худалдааны хэлэлцээрт өөрчлөлт оруулах хэлэлцээр хүчин төгөлдөр болж худалдааны төлөөлөгчийн газраа нээх боломж бүрдлээ. 
Мөн аж үйлдвэрийн хамтын ажиллагаа, цөмийн эрчим хүчний салбарт хамтарч ажиллах чиглэлээр бид бэлдэж, боловсруулж байгаа. Манай хоёр талын хүмүүнлэгийн харилцаа идэвхтэй хөгжиж байгаа. Тухайлбал, боловсролын харилцаа илүү хурдацтай хөгжиж байна” гэлээ. 
Зөвлөлтийн болон ОХУ-ын их, дээд сургуулиудыг өнгөрсөн хугацаанд манай 60 гаруй мянган суралцагч төгсчээ. Өнөөдрийн байдлаар ОХУ-ын их, дээд сургуулиудад гурван мянган оюутан суралцаж байгаа аж. Гадаад улсуудад олгож байгаа тэтгэлгийн хамгийн их квотыг ОХУ манайд олгодгоо Д.А.Медведев тодотож байв.
Харин Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Хоёр орны хамтын ажиллагаа итгэлцэл дээр хөгжиж ирсэн түүхтэй. Манай хоёр улсын Засгийн газар стратегийн иж бүрэн түншлэлийг хөгжүүлэх чиглэлээр ажиллах үүрэг хүлээж байна. Айлчлалын хүрээнд хоёр орны хамтын ажиллагаа, худалдааны асуудлаар санал солилцлоо. Тухайлбал, хамтарсан УБТЗ, хөдөө аж ахуй, газар тариалан, газрын тос, боловсролын асуудлууд юм. Мөн хоёр талын харилцаанд олон жил шийдэгдэж чадаагүй байсан Монгол дахь үл хөдлөх хөрөнгийн эхний ажлуудыг шийдвэрлэсэндээ талархаж байна.
Энэ удаагийн айлчлал агуулгаар баялаг болж байгаад баяртай байна. Олон санамж бичиг, хамтын ажиллагааны бичигт гарын үсэг зурсныг та бүхэн харлаа. Монгол Улсын төлөөлөгчдийг найрсаг хүлээн авч уулзсанд баярлалаа. Манай хоёр орны хамтын ажиллагаа улам цэцэглэн хөгжинө гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.
Монгол Улсын ХХААХҮЯ болон ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яам хоорондын санамж бичиг”-т  гарын үсэг зурлаа. ОХУ-ын Үйлдвэр худалдааны яамтай Монгол Улсад Хөдөө аж ахуйн техник нийлүүлэх, алслагдсан бүс нутагт элеватор барих зэрэг асуудлыг ярьж тохирсон байгаа. Мөн Монгол Улсаас мах,  махан бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх асуудлыг ярилцаж баталгаажууллаа. Ирэх жилийн тариалалтад зориулж, үрийн будаа авах асуудлаар тохиролцоонд хүрчээ. Мөн үйлдвэрлэлийн зориулалттай будаа худалдаж авах асуудлаар гэрээ хэлцэл хийж буй гэсэн.
Газар тариалангийн салбарын хүрээнд эхний ээлжинд Монгол Улсад нэн шаардлагатай байгаа хөдөө аж ахуйн техник, дагалдах хэрэгслүүдийг Гадаад худалдааны банкаар дамжуулж, хөнгөлөлттэй үнээр худалдаж авах асуудал ч яригджээ. Энэ жилийн хувьд гурван сая гаруй ам.долларын тоног төхөөрөмж худалдаж авсан байна. Цаашид хөдөө аж ахуйн техникийг ОХУ-ын орчин үеийн, чанартай техникээр солих ажил хийх аж. Мөн Монгол Улсын баруун болон зүүн алслагдсан бүсэд  элеватор барих асуудлыг тохирсон. Ингэснээр тээврийн зардлыг хэмнэх, үр тарианыхаа үйлдвэрлэлийг нэмэх, тэндээсээ экспортод гаргах боломж нөхцөл бүрдэнэ гэж талууд үзжээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж буй айлчлалыг тохиолдуулан манай талаас Гадаад харилцааны яам, МҮХАҮТ, Евразийн эдийн засгийн холбоо болон Оросын ХАҮТ-тай хамтран ”Монгол-Орос: Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь” сэдэвт бизнес форум болон “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнг Москва хотноо зохион байгууллаа. Энэ нь хоёр улсын бизнес эрхлэгчдийн хооронд хэлхээ холбоо тогтоох, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ боломж нээхэд дэмжлэг үзүүлэх зорилготой арга хэмжээ аж.
“Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэнд Монголын 50 гаруй бизнес эрхлэгч, томоохон экспортын компаниуд оролцож, хоёр орны бизнес эрхлэгчид хамтын ажиллагааны гэрээ хэлцлүүдийг хийлээ. Мөн Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хооронд 2020-2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурсан нь чухал ач холбогдолтой байв. 
Ташрамд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.А.Медведевийн урилгаар энэ сарын 3-6-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийж байгаа юм. Айлчлал үргэлжилж байна.
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид