Улаанбаатар 1c

Л.Мөнхсайхан: З.Баянсэлэнгэ хувьдаа байр авчихсан, хүнээс авлига аваад байранд оруулсан юм байхгүй

З.Баянсэлэнгэ хорих 461 дүгээр ангид 45 хонож байна

Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг  хорих 461 дүгээр ангид хориод сар гаруйн хугацаа өнгөрч байна. Түүнийг сайдаар ажиллах хугацаандаа албан тушаалаа ашиглан “Бэрэн” группийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлынхыг тендер зарлалгүй, шууд худалдан авч, улсад 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Гэвч шүүхийн байгууллага түүний үндсэн хуулиар олгогдсон өөрийгөө өмгөөлөх, хуулийн туслалцаа авах эрхийг ноцтойгоор зөрчиж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцуулан ялласан гэх асуудлыг түүний өмгөөлөгч Л.Мөнхсайхан ярьж байгаа юм.
-Та Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийн өмгөөлөгчөөр ажиллах болсон. Таны үйлчлүүлэгчийг ямар үндэслэлээр цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авсан бэ? 
-Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэтэй холбогдох хэрэг шүүх, цагдаагийн байгууллагаар гурван жил гаруйн хугацаанд шалгагдаж байна. Хэргийн байдалтай танилцахад Засгийн газар 750 айлыг түрээсийн орон сууцад оруулах төсөл санаачлан, хамтын шийдвэр гаргасан байдаг. Тухайн үед Засгийн газрын тогтоол гарснаар барилгын салбар хариуцсан сайдын хувьд З.Баянсэлэнгэ, Ерөнхий сайдын хамт гарын үсэг зурсан. Засгийн газрын шийдвэр кабинетийн зарчмаар гардаг. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн хүн дур мэдэж биш, хамтын шийдвэр гаргана гэсэн үг.

Би З.Баянсэлэнгийн өмгөөлөгчийн хувьд арваннэгдүгээр сарын 28-нд Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргасан. Утга нь “Шүүх эс үйлдэхүйгээрээ хүний эрхийг зөрчиж байна” гэсэн гомдол. Гэвч Үндсэн хуулийн цэц уг өргөдөлд  “Шүүхээр явж буй маргаан учир хүлээж авах боломжгүй” гэсэн хариу өгсөн. Үнэхээр шүүх дээр Үндсэн хууль зөрчигдөж байхад  Үндсэн хуулийн цэц хүлээж авахгүй гэж ярьж байгаа нь буруу...

Эрүүгийн журмаар асуудал шийдэхээр болоход З.Баянсэлэнгэ нь Б.Оюунбилэг гэдэг өмгөөлөгч авч, шударга үнэнд итгээд явж. Гэтэл шүүх хуралдааны үеэр шүүгч нь өмгөөлөгчийн хүсэлтийг удаа дараа авч хэлэлцээгүй. Иймээс З.Баянсэлэнгэ “Шүүхээс миний эрх ашгийг хамгаалах боломжийг миний өмгөөлөгчид олгохгүй юм байна. Би өмгөөлөгчөөсөө татгалзъя” гэсэн байна. Түүний Монгол Улсын Үндсэн хуульд заасан өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх гэснийх нь төлөө  шүүхээс арваннэгдүгээр сарын 21-нд цагдан хорих шийдвэр гаргасан. Тус шийдвэртээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байгаа учраас таслан сэргийлэх арга хэмжээг чангатгалаа гэсэн тайлбар өгсөн. Энэ бол үндэслэлгүй зүйл. Өмгөөлөгч авлаа гээд тус иргэнийг хорьдог, цагддаг хуулийн зүйл, заалт байхгүй. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гэж заасан. Үүнд 16.14-д шударга шүүхээр шүүлгэх, хууль зүйн туслалцаа авах зэрэг багтдаг. Мөн 55.1-д “Шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхтэй”, 55.2-д “Шүүгдэгчид энэ эрхээ эдлэхэд хүсэлтээр нь буюу хуульд зааснаар хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлнэ” гэсэн байдаг. Гэтэл Чингэлтэй дүүргийн Анхан шатны шүүхээс аравдугаар сарын 21-ний өдөр 123 дугаар тогтоол гаргасан нь дээрх хуулийг зөрчсөн, хууль бус үйлдэл юм. З.Баянсэлэнгэ прокурор, мөрдөн байцаалтын шатанд нэг ч удаа  хууль зөрчөөгүй. Гэвч өмгөөлөгчөөсөө татгалзлаа, шинэ өмгөөлөгч авах гэлээ гээд түүнийг цагдан хорьсон.
-Таны өмгөөлөх хүсэлтийг шүүх хүлээж авалгүй буцаасан. Хэзээнээс өмгөөлөгчөөр нь ажиллах болсон бэ? 
-Арваннэгдүгээр сарын 21-нд хоригдоод, 23-ны өдөр намайг өмгөөлөгчөөр авах гэрээ байгуулсан. Би 461 дүгээр ангид очиж бичиг хэргээр нь дамжуулан шалгуулж, гарын үсэг зуруулаад гэрээ байгуулсан. Улмаар “З.Баянсэлэнгэд хууль зүйн үндэслэлгүй цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан учраас үүнийг өөрчилнө үү” гэдэг хүсэлтээ гэрээний хамт Чингэлтэй дүүргийн шүүхэд өгсөн. Тус дүүргийн Ерөнхий шүүгч өмнөх өмгөөлөгч Б.Оюунбилэгийн хүсэлтийг хүлээж аваагүй. Энэ нь Үндсэн хуульд заасан хүний давж заалдах эрхийг хангаагүй, хууль зөрчсөн үйлдэл. Ингээд гомдлыг буцаасан учраас өмгөөлөгч нь “Хууль бус таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна, үүнийг өөрчил” гэсэн хүсэлтийг аравдугаар сарын 30-нд өгсөн байдаг. Гэтэл Чингэлтэй дүүргийн шүүгч тус хүсэлтийг эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хамт авчихаад, тодорхой шалтгаангүй тав хоногийн турш өөртөө байлгасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар шалгах шаардлагатай бол хүсэлтийг тав хоногийн дотор шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Ямар нэгэн шалтгаангүй өөртөө тав хоног дар гэсэн зүйл, заалт байдаггүй. Улмаар тав хоногийн дараа “Энэ материалд өөрийнх нь бичгээр гаргасан хүсэлт алга” гэсэн хууль бус шаардлага тавьж дахин буцаасан. З.Баянсэлэнгэ хоригдож байхдаа бичиг хэргээр дамжуулан  “Л.Мөнхсайхан гэдэг хүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оруулж өгнө үү” гэдэг хүсэлтээ арваннэгдүгээр сарын 6-нд тус шүүхэд илэрхийлсэн. Шүүх мөн хоног хугацаа алдаж арваннэгдүгээр сарын 11-нд “Л.Мөнхсайханы хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэсэн хариу өгсөн. 
-Яагаад шүүгдэгч өмгөөлөгчгүй байхад шүүх хурал болсон бэ? 
-Шүүгч Халиун шүүгдэгчид өмгөөлөгч Л.Мөнхсайханыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд оролцуулахыг зөвшөөрсөн эсэх талаар ямар нэгэн хариу өгөөгүй. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгчид нь боломжгүй гэсэн хариу өгчихөөд З.Баянсэлэнгэд арваннэгдүгээр сарын 28-ны шүүх хурал хүртэлх хугацаанд ямар ч хариу өгөөгүй. Тиймээс арваннэгдүгээр сарын 28-нд З.Баянсэлэнгэ өмгөөлөгчгүй шүүх хуралд орсон. З.Баянсэлэнгийн зүгээс тус шүүх хуралд “Дөрвөн хананы дунд хууль, эрх зүйн ямар нэгэн туслалцаа авч чадахгүй байна. Өмгөөлөгч Л.Мөнхсайхан гэдэг хүн энэ хэргийн материалтай танилцаж чадаагүй. Би Хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоонд хандсан боловч миний хүсэлтэд хариу ирүүлсэнгүй. Миний бие таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж байгаагүй учир эндээс гараад өмгөөлөгчөө сонгоё. Шүүх хуралдаанд орохдоо эрхээ хамгаалуулъя” гэдгээ хэлсэн. Мөн З.Баянсэлэнгэ “Насанд хүрээгүй эмэгтэй хүүхэд гэртээ ганцаараа байгаа. Би түүний асран хамгаалагч учир хүнд, түгшүүртэй нөхцөл байдалд хүрлээ” гэдэг нөхцөлөө илэрхийлсэн. Гэвч шүүх цагдан хорих, таслан сэргийлэх шийдвэрээ хэвээр үлдээж, өнөөдрийн байлаар 44 хоног хорьчихлоо. 
-Хоригдож байгаа орчин нөхцөлтэй нь танилцав уу. Түүний биеийн байдал ямар байгаа вэ?
-Биеийнх нь байдал сайнгүй байна. Цагдан хоригдохоосоо өмнө ходоодны эмчилгээ хийлгэсэн. Улмаар эмчилгээний дараа барих гам алдагдсан. Мөн охиндоо санаа зовж, сэтгэл санааны хямралтай байгаа. Эрх баригчид болон 461 дүгээр ангийнхан олон улсын стандартад нийцсэн хорих байр гэж тайлбарладаг ч бетонон шалтай, ор, бие засах газар нь нэг алхмын зайтай.  Өрөөндөө бие засдаг, хааш хаашаа ганц алхам газарт хүн 44 хоног хоригдоно гэдэг ямар байх нь ойлгомжтой. 
-Хэрэг үйлдсэн нь нотлогдсон бол хэн ч байсан шийтгэл хүлээх ёстой биш гэж үү? 
-740 өрхийг түрээсийн байранд оруулсан болохоос улсад ямар нэгэн хохирол учруулаагүй. Эдгээр орон сууц төрийн мэдэлд байгаа. Иргэд түрээсийн мөнгөө Төрийн орон сууцны корпорацад төлдөг. З.Баянсэлэнгэ өөрөө байр авчихсан, хүнээс авлига аваад байранд оруулчихсан юм байхгүй. Тэдгээр айлууд сугалаагаар байрандаа орсон байдаг. Дахин хэлэхэд, кабинетийн зарчмаар Засгийн газар хамтарч шийдсэн асуудал. Нэг сайд бие даан батлах боломжгүй. Энэ асуудлыг хэлэлцсэн өдөр тэр хуралд нь З.Баянсэлэнгэ сайд байгаагүй.  Гэтэл Засгийн газар энэ тогтоолын төслийг дэмжиж, шийдвэрлэсэн. Нэгэнт тогтоол гараад албажих болоход,  салбар хариуцсан сайдын хувьд Ерөнхий сайдын нэрийн дор өөрийнх нь нэр бичигдсэн учир гарын үсэг зурсан. Мөн бэлэн болсон орон сууцаа зарчихсан байгууллагаас Засгийн газраас тогтоосон үнэ ханшийн дагуу худалдаж авсан. Энд Барилга хот байгуулалтын сайдын эрх мэдэл байхгүй. Санхүүжилтийг Сангийн яам шийдэж байсан учраас энд ямар нэгэн асуудал үүсээгүй. 
-Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд та хаана, ямар гомдол гаргаж байгаа вэ. Хэрэг цаашид хэрхэн үргэлжлэх бол? 
-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс “Манайхаас шилжээд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд очсон” хэмээн ар гэрийнхний эргэлт уулзалтыг ч оруулахгүй байна.  Тухайлбал, арваннэгдүгээр сарын 28-нд З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн шүүх рүү тусгаарлан, шилжүүлнэ гэсэн. Гэвч өнөөдрийн (өчигдөр) байдлаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс хэргийг шилжүүлээгүй. Тав хоногийн дотор хэргийг шилжүүлэх ёстой ч “Манайхаас шилжсэн, манайд ирээгүй” хэмээн төөрөгдүүлж байна. Шүүгдэгч хувцсаа солих, ар гэртэйгээ уулзах боломжгүй нөхцөлд хоригдож байгаа. Үнэндээ зургаан хоног өнгөрч байхад Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс хэрэг нь гараагүй, тогтоол дээр шүүгч нар гарын үсгээ ч зураагүй байна. Хүний хувь заяаг шийдэж байгаа шүүгч нар гаргасан тогтоолдоо гарын үсэг зурахгүй долоо хонуулж байна. Монгол Улсын иргэдийн амьдрал ийм л болжээ. Би З.Баянсэлэнгийн өмгөөлөгчийн хувьд арваннэгдүгээр сарын 28-нд Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргасан. Утга нь “Шүүх эс үйлдэхүйгээрээ хүний эрхийг зөрчиж байна” гэсэн гомдол. Гэвч Үндсэн хуулийн цэц уг өргөдөлд  “Шүүхээр явж буй маргаан учир хүлээж авах боломжгүй” гэсэн хариу өгсөн. Үнэхээр шүүх дээр Үндсэн хууль зөрчигдөж байхад  Үндсэн хуулийн цэц хүлээж авахгүй гэж ярьж байгаа нь буруу. Үүнээс хойш долоо хонож байхад өргөдөлд ямар нэгэн хариу өгсөнгүй. Ийм байдлаар Монголын хууль хяналтын байгууллага хүний халдашгүй эрх, амьд явах, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхэд ноцтойгоор халдаж байна. Нэн тэргүүнд Үндсэн хуулийн цэцэд гаргасан “Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн Анхан шатны шүүх Үндсэн хууль зөрчсөн, мөн тус шүүхийн Ерөнхий шүүгч Үндсэн хуулиар тогтоосон чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээхгүй байгааг тогтоолгох” өргөдөлдөө хариу авна. Үүнээс үүдэн дараа, дараагийн асуудал  үүсэх болов уу. 
-Хоригдох хугацаанд шүүгдэгчид дарам шахалт, ямар нэгэн гадны нөлөө ирсэн үү? 
-Энэ нь 461 дүгээр хорихын дотоод асуудал байх. Гэхдээ гомдол ирсэн. Түүнийг салхинд гарахад нь хамт хоригдож буй хоригдол сайд хийж байсантай нь холбогдуулан заналхийлсэн. Энэ талаар өмнөх өмгөөлөгч Б.Оюунбилэг хорихын удирдлагад хандаж цаашид ийм үйлдэл гаргуулахгүй байхад анхаарахыг шаардсан байдаг. Үүнээс өөр ямар нэгэн асуудал үүсээгүй. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Иргэн бнаа
    УНДАРСАН АВГАЙ ШОРОНД ОРОХ ЁСТОЙ ШДЭЭ САЙХАНБИЛЭГЭЭ ШОРОНД ХИЙЧЭЭД ХҮРЭЛСҮХ ЯЛТАН ШУДАРГА ЁС ЯРИХ ХЭРЭГТЭЙ ХУДЛАА ШОУ НОВШ
    2019 оны 12 сарын 05 | Хариулах
  • Зочин
    100хувь үнэн шүү БАЯНСЭЛЭНГЭ шударга зөв эмэгтэй сайн ч хүүхэн
    2019 оны 12 сарын 05 | Хариулах
Нийтлэлчид