Улаанбаатар 1c

Ирээдүйг нээх “Токио-2020”


2020 оны зуны олимп буюу  олимпын XXXII наадам  эхлэхэд хэдхэн сарын хугацаа үлджээ. Ирэх оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд Япон улсын Токио хотод болох спортын ертөнцийн хамгийн том наадамд зориулан “Үндэсний шуудан” сонин “Токио-2020” тусгай нүүрийг цувралаар  бэлдэж  эхэллээ. Энэ удаад бид олимпын наадмыг тойрсон ерөнхий мэдээллүүдийг уншигч танд хүргэе. 


Tokyo 2020 – Countdown
Зохион байгуулагч: Токио (Япон)
Хугацаа: 2020.07.24 – 2020.08.09
Төрөл: 33 спортын төрөл, 
339 багц медаль
Уриа:  Discover Tomorrow 

Токиод хоёр дахь удаа 

Одоогоос 55 жилийн өмнө Ази тив дэх анхны олимпын наадам Токио хотод болж байсан бол 2020 онд энэ хот дэлхийн спортын их наадмыг хоёр дахь удаагаа зохион байгуулж буй Азийн анхны хот болно. Зуны олимпын XXXII наадмыг зохион байгуулах эрхийн төлөө Туркийн Стамбул, Испаний Мадрид, Японы Токио хотууд өрсөлдөж, Токио илт давуу, 24 саналын илүүтэйгээр зохион байгуулагч хотоор тодорсон билээ. Ташрамд, Токио, Истанбул, Мадрид албан ёсоор нэр дэвшигч хотоор сонгогдож, зохион байгуулах эрхийг авахын төлөө өрсөлдсөн бол Баку, Доха хотуудын материалыг ОУОХ хүлээн авсан боловч нэр дэвшигчээр сонгоогүй бөгөөд харин Ром хотын материал хүчингүй болжээ.

Хамгийн олон тамирчин 

“Токио-2020” олимп, паралимпын наадамд түүхэнд хамгийн олон буюу 4400 гаруй тамирчин  спортын 33 төрлөөр 339 багц медалийн төлөө 42 байршилд өрсөлдөх аж. 2017 оны зургадугаар сарын 9-ний өдөр Швейцарын Лозанна хотод болсон ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар “Токио – 2020” олимпын наадмын спортын төрлүүдийг баталсан билээ. Үүнд олимпын үндсэн 28 спортын төрлөөс гадна “Токио-2020” наадам зохион байгуулах хорооноос санал болгосон таван спортын төрөл буюу бэйсбол-софтбол, скейтборд, каратэ, спорт авиралт, серфингийг багтаажээ. 

“Итгэл бидний замыг гэрэлтүүлнэ”

“Токио-2020” олимпын наадмын бамбарын буухиа Фүкүшима мужаас эхэлнэ. 2011 онд газар хөдлөлт, цунамийн улмаас АЦС-д осол гарч олон хүн хохирсон энэ хотоос “Итгэл бидний замыг гэрэлтүүлнэ” гэсэн уриан дор ирэх оны гуравдугаар сарын 26-наас  буухиа эхэлж,  Японы 47 муж, 857 хотоор нийт 121 өдөр аялах юм. 
Бамбарын загварыг зохион бүтээсэн дизайнер Токүжин Ёшиока “Энэхүү бамбарын загварыг 2011 оны Иватэ муж дахь газар хөдлөлт, цунамид өртсөн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж бүтээсэн. гамшгийн дараа хүүхдүүдийн зурсан сакура цэцэг надад их сэтгэгдэл төрүүлсэн учир би тэдний зургаас санаа авсан” гэж онцолжээ. 

Робот бэлгэ тэмдэг 

“Токио-2020” олимпын наадмын гол бэлгэдэл  маскот буюу бэлгэ тэмдгийг шалгаруулах санал асуулгын уралдаанд 2042 бүтээл өрсөлдөж, уран бүтээлч Рю Танигучийн бүтээл 109041 саналаар шалгарсан аж. Шалгаруулалтыг Японы мэргэжлийн уран бүтээлчид болон 16 мянган бага сургуулийн нийт 200 мянга гаруй сурагчийн саналаар тодруулсан байна.Олимпын наадмын түүхэнд анх удаа маскот буюу бэлгэ тэмдгээр амьд амьтан бус робот тодорсоноороо онцлог. 

МИРАИТОВА 

Ирээдүй буюу “Мираи”, үүрд мөнх  буюу “Това” хэмээх үгсийн нийлмэл утгат нэртэй энэхүү робот нь Япон улсын дэвшилтэт технологийг илтгэх бөгөөд “Токио-2020” олимпын наадмын эмблемийг агуулжээ.

СУМЭИТИ 

Япон улсын бэлгэ тэмдэг сакура цэцгийн өнгө, дүрсийг илтгэсэн робот паралимпын наадмын маскот болсон. 

Хаягдлаар медаль хийнэ 

“Токио-2020” олимпын наадам зохион байгуулах хорооноос олимп, паралимпын наадмын медалийг хийх зорилгоор 2017 оны дөрөвдүгээр сараас 2018 оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд хуучин гар утас, цахилгаан хэрэгсэл хандивлах аяныг өрнүүлж, 79 мянган тонн төхөөрөмж цуглуулан,  нийт 32 кг алт, 3.5 тонн мөнгө, 2.2 тонн зэс болон цайр гаргаж авсан юм. Энэ түүхий эдээр дизайнер Жуничи Каванишийн гаргасан загварын дагуу “Токио-2020” олимп, паралимпын наадмын 5000 гаруй медалийг үйлдвэрлэх аж.
Медалийн хэмжээ нь 1.2 см зузаан, 8.5 см голчтой бөгөөд нүүрэн талд нь “Афин-1896” анхдугаар олимпын наадмын цэнгэлдэх хүрээлэн болон Грекийн ялалтын бурхан Никэ, ар талд нь “Токио-2020” наадмын эмблемийг дүрсэлсэн байна.

Тасалбар ба бэлэг дурсгалын худалдаа 

Токио хотод болох спортын их наадмын нээлтийн тасалбар хамгийн үнэтэй худалдаалагдах бөгөөд суудлаасаа хамааран 300 орчим мянган  иень буюу долоон сая гаруй төгрөгийн ханштай байх нь. Тэгвэл хаалтын үйл ажиллагааны тасалбар харьцангуй хямд, 12 мянган иень буюу 300 орчим мянган төгрөгийн үнэтэй. 
Мөн Олимп, Паралимпын наадмын бэлгэдэл бүхий бэлэг дурсгалын зүйлс, хувцас хэрэглэлийг https://tokyo2020shop.jp/ цахим хуудсаар худалдаалж буй. 

40 сая жуулчин, технологийн дэвшил 

Олимп, паралимпын наадмаар Япон улс 40 орчим сая жуулчин, үзэгч, спорт сонирхогчийг хүлээн авна гэж мэдэгдээд буй. Олон сая гадаад жуулчны тав тухыг хангахын сацуу наадмыг өндөр түвшинд зохион байгуулахаар ажиллаж байна. Ингэхийн тулд дэлхийд гайхагдсан технологийн дэвшил, инновацийг ашиглана гэж мэдэгдэж байгаа бөгөөд өмнөх удаагийн Токио, Саппоро, Наганогийн наадмуудыг давж гарах найрсаг, байгальд ээлтэй, технологийн шинэчлэлттэй болно гэж амаллаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид