Улаанбаатар 1c

Томуугийн шинэ вирус дэгдээгүй

Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэгт өдөрт 25-30 хүүхэд хэвтдэг


Өрхийн болон дүүргийн эмнэлгийн хүүхдийн тасаг өнгөрсөн сараас уртасгасан цагаар ажиллаж эхэлсэн. Энэ өдрүүдэд томуугийн шинэ вирус дэлгэрч, хүүхдүүд олноороо өвдсөн гэсэн мэдээллийн мөрөөр бид Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийг зорив. 

Халуурсан, сульдсан, хүчтэй ханиалгасан хэд хэдэн хүүхэд аав, ээждээ тэврүүлэн эмнэлгийн коридорт хэвтэх бичиг, ууттай хувцсаа барин, эмчид үзүүлэх ээлжээ хүлээн сууна. Зарим хүүхэд яаралтайгаар үзүүлэх ёстой ч мөн хүлээж байв. Үзүүлэх дугаар нь болохоор эмч өрөөн дотроос “Тэр ороорой, хүүхдийнхээ бичиг баримтыг өгөөрэй, ямар зовиуртай байгаа вэ” гэж асуух нь сонсогдоно. Өрхийн эмнэлгээсээ хэвтэх бичигтэй ирсэн хүүхдүүдийн биеийн байдлыг үзэж, хэвтэх тасаг руу шилжүүлдэг аж. Харин хэвтэх бичиггүй хүүхдийг өрх ийн эмнэлэг болон амбулаториор үзүүл хэмээн буцаадаг гэнэ. Хаалга нээхэд хүйтэн салхи нэвт сэнгэнэсэн хонгилд хүлээн суугаа найман хүүхдийн тав нь томуугийн вакцин хийлгэжээ. Хүүхдүүд нь ханиах, халуурах, шинж тэмдэг удаан үргэлжилсэн учраас дүүргийн эмнэлэгт хандаж байгаагаа эцэг, эхчүүд учирлав. Мөн өрхийн эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийж байгаа ч бүрэн эдгэрэхгүй, хүндэрсэн тул II шатлалын эмнэлэгт хандаж байна ч гэх хүн байв. Томуу, томуу төст өвчний талаар Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн мэргэжилтэн  М.Чимгээгээс тодрууллаа. Тэрбээр “Одоогийн байдлаар томуу, томуу төст өвчинтэй холбоотой ачаалал хэвийн байна. Эрүүл мэндийн газраас хуваарилж өгсөн орны хэмжээнд хүүхдүүд хэвтэн, эмчлүүлж байгаа. Энэ жилийн хувьд томуугийн дэгдэлт ихсээгүй. Харин ч өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад томуугийн дэгдэлт, хүүхдүүдийн өвчлөл, хэвтэн эмчлүүлэх тоо энэ онд багассан. Хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж багассан гэж үзэж болно. Тухайлбал, утаа багассан, томуугийн вакцинжуулалт сайн хийсэн болохоор томуу, ханиад бага байна. Мөн томуугийн А, В хүрээний вирус одоогоор гараагүй байгаа юм. Өнгөрсөн өдрүүдэд улс нийтээрээ амарсан, амралтын өдрүүд гээд олон хоног дараалаад эмч нар амарсан учраас эмнэлгээс гарах хүүхдийн тоо багассан. Үүнтэй холбоотойгоор шинээр хэвтэх хүүхэд багтахгүй, ихэссэн тохиолдол гарсан юм. Тэрнээс биш, томуугийн шинэ вирус гараагүй. Улс даяар томуугийн вакциныг өнгөрсөн аравдугаар сараас эхлэн одоог хүртэл хийж байгаа. Хатгалгааны эсрэг вакцин хийлгэсэн хүүхдийн ханиад  хүндрэхгүй, удаан үргэлжлэхгүй намддаг. Манай эмнэлэгт хатгалгаа хүндэрсэн, амьсгалахад хүндрэлтэй зэрэг аюултайгаар өвдсөн хүүхэд алга. Хэрэв ийм хүүхэд байвал III шатлалын эмнэлэг рүү бид цаг алдалгүй хүргэдэг” гэв. 
Өвлийн улирал эхэлж, томуу, томуу төст өвчний тархалт эхэлсэн энэ үед өдөрт дунджаар 25-30 хүүхэд эмнэлэгт хэвтдэг аж. Мөн хүүхдүүд биеийн байдлаас шалтгаалж хамгийн багадаа 5-7 хоног эмчлүүлдэг байна. 
Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн ерөнхий   мэргэжилтэн Г.Сарантуяа “Томуугийн 300 гаруй вирус байдаг. Мөн А, В, С хүрээний вирус бийгээс манайд зөвхөн А, В нь дэлгэрдэг. А хүрээний вирус нь хатгалгааны хүнд хурц хэлбэрт шилжиж, хүүхдийн аминд хүрэх эрсдэлтэй юм. Харин В хүрээний вирус нь хүндэрдэг ч хурдан хугацаанд эдгэрэх боломжтой, амь насанд хүрэхгүй вирус. Амбулаториор өдөрт 70-90 хүүхэд үзүүлж байна. Үүний 60-65 хувь нь ханиадтай. Томуугийн шинэ болон А хүрээний вирус гараагүй байна. Харин томуугийн хуучин болон В хүрээний вирус эргэлтэнд орж, идэвжсэн” гэв.  
Сүүхбатар дүүргийн 20 хороонд 18 өрхийн эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг аж. Газар нутгийн хэмжээгээр хойд, дунд, урд гэсэн хэсэгт хуваан гурван өрхийн эмнэлэгт тандалтын цэг ажиллуулдаг гэнэ. Ханиад нь хүндэрсэн болон хатгалгааны шинж тэмдэгтэй хүүхдүүдийн ам, хамраас шинжилгээ авч, сорьцоо ХӨСҮТ-д шинжлүүлдэг аж. Ингэснээр ХӨСҮТ-ийн Томуу, томуу төст өвчний тандалт, судалгааны алба ямар вирус дэгдэж, гарах магадлалтай байгааг илрүүлдэг аж. Мөн эцэг, эхчүүд ханиадтай, халуурсан хүүхдээ цэцэрлэгт явуулж, орой ажил тарахаар эмнэлэгт ханддаг. Өөрсдөө дур мэдэн эм өгч эмчлэх гэж хугацаа алдаж, хүндрүүлэх тохиолдол их гэдгийг албаныхан хэлж байна.  

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид