Улаанбаатар 1c

Татварын мэргэшсэн зөвлөхөд хандсанаар татвараас зайлсхийх эрсдэл гарахгүй

Ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс Татварын багц хууль хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбоотой татвар төлөгчдөд мэдээлэл үйлчилгээ хүргэх үүрэг бүхий байгууллагын нэг нь Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний байгууллага. Мөн Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд хэд хэдэн заалт шинээр оржээ. Энэ талаар ЛидерФинанс ТМЗ компанийн захирал Ү.Галмандахтай ярилцлаа.

-Ер нь Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ Монгол Улсад хэр нутагшиж байна вэ?
-Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний байгууллага нь 2004 онд байгуулагдаж,  2006 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2012 оноос Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль батлагдаж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах эрх зүйн орчин бүрдсэн.Өнөөдрийн байдлаар мэргэшсэн зөвлөгөөний 40 гаруй компани үйл ажиллагаагаа явуулж байна. Бидний үйл үндсэн чиглэл нь татвар төлөгчдийн татвар төлөх үүрэг болон хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө мэдээлэл өгдөг. Түүнчлэн татварын хууль тогтоомжийг сурталчилах үүрэгтэй. Мөн татвар төлөгчтэй гэрээ хийсний үндсэн дээр санхүүгийн тайлан мэдээлэл гаргаж, тухайн этгээдийг төлөөлж хуулийн өмнө хариуцлага хүлээнэ. Тодруулбал, Сангийн яамны тусгай зөвшөөрөлтэйгөөр татвар төлөгчийн тайлан тооцоог гаргаж, үүнийхээ үүрэг хариуцлагыг хүлээх  эрх бүхий байгууллага юм. 2012 онд хууль батлагдсанаас хойш 1500 гаруй хүн мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрхээ Сангийн сайдаас авчээ.
-Татварын итгэмжлэгдсэн зөвлөхөөр тайлан тооцоогоо гаргуулах нь ямар давуу талтай вэ?
-Ер нь татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний мэргэжилтэн өөр ямар нэг байгууллагад ажиллах боломжгүй. Үүнийг хуульд заагаад өгчихсөн. Татварын мэргэшсэн зөвлөх нь татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах, татварын албаны хүрч чадахгүй хэсэгт хүрч ажиллах үүргийг гүйцэтгэж байгаа юм. Бид татвар төлөгчдөд татварын хууль тогтоомжийн талаар зөвлөгөө өгч, таниулан сурталчилах ажил хийснээр нэгдүгээрт, татварын тайлангийн ирц сайжирна. Хоёрдугаарт, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний гаргасан тайланд Сангийн яам хяналт тавьдаг. Нөгөө талаасаа тайлан гаргасан ёс зүйн дүрэм дээр хяналт тавьдаг учраас үнэн зөв тайлан гаргана. Ингэснээр татвараас зайлсхийх эрсдэл гарахгүй. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 190 мянга гаруй хуулийн этгээд байдгаас 140 гаруй мянга нь татварын тайлан гаргаж өгөх ёстой байдаг. Үүнээс өнгөрсөн жил 94 мянга орчим нь тайлангаа өгч үлдсэн нь тайлангаа өгөөгүй гэсэн судалгаа гарсан. Тайлангаа өгсөн аж ахуйн нэгжүүдийн 16 мянга орчим нь алдагдалтай байна. Улсын төсвийн орлогын 88 хувийг 100 орчин аж ахуйн нэгжийн татвар бүрдүүлдэг гэх судалгаа бидэнд бий.  
-Татварын багц хуулийн шинэчлэлд татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээтэй холбоотой хэд хэдэн нэмэлт, өөрчлөлт орсон. Хуульд нэмэлт өөрчлөлт орсноор зөвлөх үйлчилгээний байгууллагад ямар боломж олгосон бэ?
-Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээтэй холбоотой дөрвөн зохицуулалт орж ирсэн. Энэ хуулийн зохицуулалтад хуулиар зөвшөөрөгдсөн татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг татвар төлөгчид авах эрхтэй. Зөвлөх үйлчилгээний тухай хуулийг татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулиар зохицуулна гэж заажээ. Мөн татварын албаны тогтолцооны талаарх хуулийн заалтад нэгдүгээрт, хуулийг сурталчилан таниулах, хоёрдугаарт, татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлж байгаа эсэхэд хяналт тавих, гуравдугаарт, Монгол Улсын төсвийн орлогыг бүрдүүлэх гэсэн чиг үүргийг хэрэгжүүлэх талаар тусгасан байна. Татварын хяналт шалгалт эрсдэл дээр үнэлэгддэг болсон. Бид үйлчилгээний хөлс авахаасаа гадна татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлж, төсвийн орлогыг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчийн татварыг цаг тухайд нь төлүүлснээр улсын төсвийн орлогыг  хугацаанд нь бүрдүүлэх үндэс болж байгаа юм. Мөн татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ олгох үед татварын албаны дарга зайлшгүй оролцох ёстой гэж заажээ. Мэргэшсэн зөвлөгөөний талаар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар татварын мэргэшсэн зөвлөхийн үүрэг оролцоог илүү тодорхой болгожээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 11-25-ны хооронд хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд дагаж мөрдөх 35 журмын хэлэлцээр хийгдэв. Энэ үеэр татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний байгууллагууд оролцож, журамд тусгах зүйл заалтын талаар санал  бодлоо солилцлоо.
-Тодруулбал?
-Татварын тайлан гаргах явцын талаар санал хэлсэн. Татварын ерөнхий хуулийн 29.6 дахь зүйлд Татварын тайлан гаргаж буй эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурна гэх заалт байсан. Үүнийг бид эрх бүхий албан тушаалтан тодорхой болгох талаар санал гаргав. Ер нь нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд гэрээгээр ажилладаг хүн санхүүгийн тайлан гаргаж болно гэж заасан хэдий ч татварын тайлан гаргах үндэслэлгүй байдаг. Үүнд татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тусламж зайлшгүй шаардлагатай. Мөн шинэ хуулинд Үнэ шилжилтийн тайлангийн талаар заалт орсон. Зах зээлийн мэдээллийг ямар эх сурвалжаас авах, тайланг нь яаж гаргах талаар мэдээлэл хомс байгаа. Энэ талаарх журмыг хэлэлцүүлж байгаа. Үүнд бид саналаа өгсөн.
-Дээрх хуулийн өөрчлөлт нь олон улсын жишигт хэр нийцэж байгаа вэ?
-Татварын зөвлөх үйлчилгээ нь эдийн засгийн хамтын үйл ажиллагаа явуулж буй орнуудад сайн хөгжсөн. Тухайлбал,  Япон Улсад татварын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллага нь татварын албатайгаа нэг тэрэгний дугуй шиг ажиллах ёстой гэж үздэг байна. Иймд тус улсад татвартай холбоотой хяналт шалгалтыг  татварын мэргэшсэн зөвлөх нь хариуцдаг бөгөөд нийт татвар төлөгчдийн 90 гаруй хувь нь үйлчлүүлдэг аж. Харин БНСАУ-д татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг авсан татвар төлөгчид арав хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлдэг байна. Манайд энэ үйлчилгээг төрийн бус байгууллагын явуулдаг үйлчилгээ хэмээн харж, тэр бүр ойшоодоггүй.
-Та Татварын багц хуулийн шинэчлэлд бизнес эрхлэгчдэд боломж олгох, татварын эрх зүйн орчныг сайжруулсан заалтууд хэр оновчтой тусгагдсан гэж харж байгаа вэ?
- Хууль хэрэгжиж эхлээгүй байхад  дэвшил ухралтын талаар ярих хэцүү. Татварын албаны эрх, үүргийг нэмэгдүүлсэн заалтууд орсон сайн талууд бий. Тухайлбал, татвар хураалттай холбоотой асуудлыг хуучин хуулиндаа шүүхээр зохицуулдаг байсан бол шинэ хуулиар заавал шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй болсон. Ер нь хуульд өөрчлөлт оруулах цаг нь болчихсон байсан. Олон улсын жишигт нийцсэн  хууль тогтоомжийг бид хэрэгжүүлэх шаардлагатай. Шинэ хуульд боломжийн заалтууд орж ирсэн гэж харж байгаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид