Улаанбаатар 1c

Хийн хоолойг Монголын нутгаар дайруулахад улс төрийн саад байхгүй

Жилдээ 38 тэрбум шоо метр хийг дамжуулах асуудлыг ярилцжээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д есөн жилийн дараа албан ёсны айлчлал хийлээ. Хоёр улсын хооронд шийдвэрлээгүй байсан олон асуудал ажил хэрэг болох алхам тавигдаж, хамтын ажиллагааны гэрээ, санамж бичиг талууд үзэглэсэн юм. 
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сочи хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд бараалхлаа. Тэд сүүлийн гурван сарын хугацаанд хоёр дахь удаагаа уулзаж байгаа нь энэ юм. Уулзалтын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжих хийн хоолойн төсөл нь Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулна” гэсэн бол ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Төслийг хэрэгжүүлэхэд улс төрийн зүгээс ямар ч саад байхгүй” гэлээ. Хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулах талаар олон жил ярьсан ч ажил хэрэг болоогүй байсныг ийнхүү эцэслэсэн юм. 
Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын “Газпром”-той санамж бичиг байгууллаа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын багийн гишүүнээр оролцсон юм. Мөн ОХУ дахь Ерөнхий сайдын айлчлалын бэлтгэл ажлыг хангажээ.

Түүнээс энэ талаар тодруулахад “Улсынхаа нутгаар байгалийн хийн хоолойг дамжуулах тухай Засгийн газрын хуралдаанаар нэлээд хэдэн удаа ярьсан. Ерөнхий сайдын айлчлалын үеэр үүнийг шийдвэрлүүлэхийн тулд надаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан юм. Ингээд арванхоёрдугаар сарын 3-нд Ерөнхий сайдын албан ёсны айлчлал эхэлсэн. Айлчлал эхлэхээс гурав хоногийн өмнө бэлтгэл ажлыг хангахаар ажлын хэсгийнхэн ОХУ-д ирж “Газпром”-ын хүмүүстэй гэрээ хэлцлийг эхлүүлсэн. Та бүхэн санаж байгаа бол Ерөнхий сайд албан ёсны айлчлалаа эхлүүлэхийн өмнө “Газпром” компанийн захирал, орлогч хоёртой тусгайлан уулзсан. Урьдчилж ажилласан ажлын хэсгийн дүнтэй танилцаад санал солилцсон гэсэн үг. ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.Медведевтэй хийсэн уулзалтад ч мөн ялгаагүй хийн хоолойн тухай хөндөж ярилцсан. Үргэлжлүүлээд ОХУ-ын Сочи хотноо Монгол Улсын Ерөнхий сайд хоёр ч уулзалт хийсэн. Эхний уулзалтыг Засгийн газар хоорондын комиссын дарга, ОХУ-ын Засгийн газрын Шадар сайд А.Гордеев тэргүүтэй холбогдох албаныхантай хийсэн. Үүний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон “Роснефть”, “Газпром”-ын захирлууд, ОХУ-ын Засгийн газрын Шадар сайд, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын ахлагч нарын бүрэлдэхүүнтэй албан ёсны хэлэлцээ хийлээ” гэв.

В.Путин, Ши Жиньпин нар хийн хоолойг Монголын нутгаар явуулахаар тохирчээ

Үндсэндээ “Сибирийн хүч-2” буюу ОХУ-аас БНХАУ-д нийлүүлэх байгалийн хийг хаагуур явуулах вэ гэх асуудлыг “Монголын нутгаар явуулъя” гэсэн шийдвэрийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар тохиролцоод дэмжсэн байна. Одоо энэ бүхнийг хийхэд хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд Монголын тал ажиллах үлджээ. Нэг ёсондоо, холбогдох ямар хуулийг баталж гаргах ёстой вэ гэдгээ маш сайн тохиролцох шаардлага байна. 
Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Албан ёсны хэлэлцээгээр яригдсан зүйлүүдийг л хэлье. ОХУ байгалийн хийгээ хаана, ямар үнээр зарах вэ гэдэг нөхцөл үүснэ. Монгол-Оросын хилийн үнээр зарагдана. Тэгэхээр нөгөө талдаа БНХАУ-д бас зарагдах ёстой. Ийм учраас гурван талыг хамарсан гэрээ хэлцлүүд хийнэ. Энэ гэрээ хэлцлийг хүчинтэй байх ийм хэмжээний хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй болно. Үүн дээр хууль эрх зүйн орчнуудаа судлах чиглэлийн экспертүүд гаргаж ажиллая гэж байгаа. Гурван талаас экспертүүд гарч энэ чиглэлээр ажиллах болов уу” гэсэн юм.

ОХУ анх удаа Монголын нутгаар дамжуулахаа хэллээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалын дүнг Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэх аж. Хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах асуудалтай холбогдуулан тусгайлан ажлын хэсэг гаргаж, эрчимжүүлэхээр төлөвлөж буй гэнэ. Учир нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтын үеэр “Улс төрийн хувьд янз бүрийн саад бэрхшээл алга, эдийн засгийн ашгийн хувьд мөн эргэлзэх зүйл байхгүй байна” гээд Монголын нутгаар тавих хийн хоолойг эрчимжүүлэх чиглэлээр ажиллая гэдэгт ойлголцож тохирчээ.
Хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах тухай асуудал зөвхөн манай хүсэл л байсан. Хоёр хөрш “За” гээд цаасан дээр буусан зүйл байгаагүй. Товчхондоо, Ерөнхий сайдын есөн жилийн дараах айлчлалын үеэр хойд хөршийн тал анх удаа хийн хоолойг Монголын нутгаар дамжуулж тавина гэдгээ илэрхийллээ. Үүнийгээ мөн л анх удаа цаасан дээр бууж баталгаажуулснаар онцлог. 
Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Энэ асуудал зарим хүний ярьсан шиг 25 жил ярианы сэдэв байсан байх. Гэхдээ зөвхөн манай улсын зүгээс л хүслээ илэрхийлж байсан зүйл. Нөгөө талаас хэзээ ч, хэн нь ч “За” гэж хэлж байгаагүй. В.Путин Ерөнхийлөгч, “БНХАУ руу татах байгалийн хийг Монголын нутгаар дамжуулна гэдэг улс төрийн шийдвэр гарчихлаа. Эдийн засгийн үр ашиг мөн ашигтай гэсэн тооцоолол байна” гэдгийг хэлсэн. Тэгэхээр хариуцсан ажлуудаа л сайн хийх хэрэгтэй болоод байна” гэлээ.

Монгол Улсын төмөр замын маршрутын дагуу хийн хоолой тавина

Айлчлалын үеэр албан ёсны хэлэлцээгээр манай нутгаар дамжиж өнгөрөх хийн хоолойг Монгол Улсын төмөр замын маршрутын дагуу тавина гэдгээ урьдчилж тохиролцжээ. 
Тэд жилдээ 38 тэрбум шоо метр хийг дамжуулах талаар хөндөж ярилцсан байна. Гол худалдан авагч БНХАУ-ын байгалийн хийн зах зээлийг манай тал сайн судалжээ. Сүүлийн хоёроос гурван жилийн хугацаанд БНХАУ-ын байгалийн хийн хэрэглээ 100 орчим тэрбум шоо метр гэсэн статистик байгаа аж. Тэгэхээр худалдан авах зах зээлийн хувьд ямар нэгэн бэрхшээл гарахгүй гэсэн үг. 
Монголын нутгаар ийм их хэмжээний бүтээгдэхүүн дамжин өнгөрч байна гэхээр мэдээж эдийн засгийн үр өгөөж өндөр. Адаглаад дамжин өнгөрсний төлбөр болон байгалийн хий авах боломж гарч ирнэ.
Бүтээн байгуулалтын ажил өрнүүлэхэд манай талаас хэдий хэмжээний төсөв гарах талаарх тооцоог хараахан хийгээгүй байгаа аж. Одоо ярьж буй зүйл бол үндсэндээ “Сибирийн хүч-1”, эсвэл Европ руу гаргаж байгаа хийн хоолойн бүтээгдэхүүнд  үндэслэгджээ. 

“Газпром” 100 гаруй мянган км хийн хоолой барьсан туршлагатай

Байгалийн хийн хоолойг манай улсын нутаг дэвсгэрээр дайруулах төслийн ТЭЗҮ-г бэлэн болгохоор зургийн ажлыг нь эхлүүлэхээр болжээ. Энэ ажилд 1.6 жил орчим хугацаа орно гэж үзэж буй аж. Монголын нутаг дээгүүрх байгалийн хийн хоолойг төмөр замыг дагасан маршрутаар хийвэл ложистикийн хувьд хялбар болно гэж талууд тооцжээ. Учир нь, энэ бүтээн байгуулалтыг хийхийн тулд маш том хоолойнууд орж ирнэ. Төмөр замын маршрутаар хийвэл тээвэрлэхэд амар болох аж. 
Манайхтай хамтарч буй “Газпром” 100 мянга гаруй км хийн хоолой барьсан компани юм байна. Үүн дээрээ үндэслээд Монголын нутгаар дамжих хийн хоолой өрсөлдөх чадварын хувьд маш өндөр гэж үзэж байгаа аж. Манай улсын Засгийн газраас энэ төслийг хэрэгжүүлэхэд санхүүжилт гаргах эсэхийг одоогоор яриагүй.
Ямартай ч манайхаар дамжих хийн хоолойн урт 1060 км орчим байх аж. Хоёр жилийн хугацаанд уг хоолойг барихаар төлөвлөжээ. 

Владивосток хотод Худалдааны төлөөлөгчийн газраа нээнэ

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж буй төрийн айлчлалын хүрээнд 12 баримт бичигт гарын үсэг зурсан юм. Тухайлбал, ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев “Манай хоёр улсын худалдаа 2017 оноос эхлэн өсөх хандлагатай байна. 2019 оны эхний есөн сарын байдлаар дахин 13 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа” гээд шинэ хөрөнгө оруулалт, төслүүдийг хэрэгжүүлэх талаар тодорхой байр суурь  илэрхийлсэн юм. Жишээлбэл, Улаанбаатар төмөр замын ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх боломжтой. Цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэ хэлэлцээрийн хүрээнд эрчим хүчний дэд бүтцийн шинэ технологийг хуваалцах, найдвартай ажиллагааг хангаж чиглэлээр хамтран ажиллах аж. 
Түүнчлэн 1957 оны хэлэлцээрт өөрчлөлт оруулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр хүчин төгөлдөр боллоо. Энэ хэлэлцээрийн дагуу Монгол Улс Владивосток хотод Худалдааны төлөөлөгчийн газраа нээх эрхзүйн орчин бүрдэж буй юм.
ОХУ-ын Засгийн газрын дарга Д.Медведевийн урилгаар тус улсад хийж буй Монгол Улсын  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлал өндөр ач холбогдолтой болсныг судлаачид хэлж байна. Энэ бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж буй анхны, Монгол Улсын Ерөнхий сайдын ес дэх айлчлал юм. 2009 оны наймдугаар сард Ерөнхий сайд С.Батболд тус улсад айлчилж байсан билээ. 
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид