Улаанбаатар 1c

Я.Содбаатар: 50:26 хувилбар Үндсэн хуультай зөрчилдөхгүй

Сонгуулийн тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-аар хэлэлцсэн. Төсөлд УИХ-ын сонгуулийг том, жижиг тойрог хосолсон мажоритар тогтолцоогоор зохион байгуулахаар тусгаад байгаа юм. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Я.Содбаатараас дараах тодруулгыг авлаа.

-Энэ удаа Сонгуулийн тухай хуульд ямар өөрчлөлт орж байна вэ?
-Сонгуулийн тухай хуулийн хэлэлцүүлэг өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн.  2015 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Орон нутгийн сонгуулийн тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуулийг нэгтгэж, нэг сонгуулийн хуулиар явуулсан. Гурван өөр агуулгатай сонгуулийг нэг хуулиар зохион байгуулах нь зөрчил үүсгэж байгаа тухай сонгуулийн төв хорооноос санал ирүүлсэн. Иймд дээрх гурван хуулийг салгах шаардлагатай хэмээн үзээд хуулийн төсөл боловсруулж өргөн барилаа. Төсөлд УИХ-ын сонгуулийг цаашид 50:26 гэдэг том мажоритар, жижиг мажоритар тогтолцоог хослуулан явуулах нь зүйтэй гэж тусгасан. Одоогоор УИХ дахь намын бүлгээс эцсийн шийдвэр гараагүй. Хэлэлцүүлгийн явцад гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлж байна.
-Сонгуулийн тухай хуулийн төсөлд тусгасан 50:26 хувилбар манайд хэр тохиромжтой юм бэ?
-50:26 гэж ажлын хэсгээс өргөн барьсан тогтолцоо гурван давуу талтай гэж хууль санаачлагчид үзэж байна. Нэгдүгээрт, 50 жижиг мажоритар нь сонгогчдын төлөөллийг хангах нөхцөлийг бүрдүүлсэн бол улс нэг тойрог буюу 26 мандат нь улсын хэмжээний хөгжлийн томоохон бодлогыг хэрэгжүүлэхэд чухал нөлөөтэй гэж харж байгаа. Хоёрдугаарт, Сонгуулийн хууль сонгогчдын эрх ашгийг дээдэлж байх ёстой. Энэ утгаараа сонгогчдын санал гээгдэхгүй байх нь чухал. Жижиг мажоритар буюу  76 тойргийн сул тал сонгогчдын санал гээгддэг гэдгийг судлаачид хэлж байна. Харин одоогийн хуулийн төсөлд тусгасан тогтолцоогоор сонгогчдын саналыг гээхгүй байх  боломжтой. Гуравдугаарт, энэ тогтолцоо сонгогчдод сонголт хийх эрх олгож байгаа юм. Сүүлийн үед улс төрийн намын нэр дэвшигчдийг иргэд дэмжихгүй, үүнээс болж сонгогчдын ирц буурч байгаа үзүүлэлт ажиглагдаж байна. Энэ асуудалд судлаачид ч санал нэгдсэн. Иймд иргэд зөвхөн тойрогт нэр дэвшиж буй цөөн нэр дэвшигчээс гадна улсын хэмжээнд нэр дэвшигчийг төрд гаргах боломж олгож байгаа. Монголчуудын хувьд 30 жилийн хугацаанд бүх тогтолцоогоор сонгууль явуулж байсан. Тухайлбал, жижиг 76 тойрог болон томсгосон мажоритар системээр, холимог буюу 48-ийг нь мажоритар, 28-ыг нь намын жагсаалтаар оруулж байв. Ер нь аль ч тогтолцоогоор явуулсан сайн, муу талтай. Бид аль болох Монголын нөхцөлд таарсан, сонгогчдын эрх ашигт нийцсэн тогтолцоог оруулж ирэхээр ажиллаж байна.
-Дээрх тогтолцоо жижиг намууд болон шинээр гарч ирж буй улс төрчдөд  боломж олгож чадах хувилбар мөн үү?
-Сонгуулийн хуулийг хэлэлцэхдээ хэн нэгэн улс төрч, эсвэл намын эрх ашгийг бодож хэлэлцдэггүй. Сонгуулийн хууль сонгогчдын эрх ашгийг дээдэлж, сонгох эрхийг хангах ёстой. Тэр утгаараа одоогийн төсөл шинэ болон хуучин нэр дэвшигчдэд сайн, муу гэсэн зүйл байхгүй. Ер нь өмнөх сонгуулиудаас харахад ойролцоогоор нэг сонгуульд 5-10 нам оролцсон байдаг. 30 гаруй нам бүртгэлтэй байдаг ч сонгуулийн үеэр нэгдэж орох, орохгүй байх тохиолдол бий. Энэ удаагийн сонгуульд 10 нам  оролцоно гэж үзвэл, 26 нэр дэвшигчийг тодруулахын тулд 260 хүнээс сонголт хийнэ гэсэн үг. Тухайн сонгогч өөрийн тойргийн нэр дэвшигчээс гадна улсын хэмжээнд нэг нэр дэвшигч сонгоно гэж тусгасан. Гэхдээ хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад 2-3 нэр дэвшигчийг дугуйлах санал гарч байна.
-Энэ нь сонгогчдод хүндрэл үүсгэхгүй байж чадах уу?
-Сонгуулийн үеэр автомат тооллого явагдах учраас ямар нэг хүндрэл гарахгүй гэж үзэж байгаа. Сонгуулийн ерөнхий хороон байж болох хувилбараар урьдчилсан санал хураахад 3-4 хуудас уншуулна гэсэн нөхцөл ажиглагдаж байна. Тиймээс үүнтэй уялдуулан хөрөнгө мөнгө, техникийн асуудлыг шийдвэрлэнэ.
- Том жижиг тойрог хосолсон мажоритар тогтолцооны давуу тал нь юу вэ?
-УИХ дахь МАН бүлэг хүнээ сонгодог тогтолцоог бий болох хэрэгтэй гэж үзсэн. Үүнийгээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийн үеэр ч гаргаж байсан. Одоо Сонгуулийн тухай хуульд ч энэ зарчмыг баримталж байна. Тиймээс энэ удаагийн Сонгуулийн хуульд том, жижиг тойрог хосолсон мажоритар тогтолцоог тусгаад байна. Ингэж хүнээ сонгож байгаа систем нь Үндсэн хуулийн шууд сонгогдох зарчимтай зөрчилдөхгүй.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид
NPost.mn Үндэсний шуудан
Зорчигчдын анхааралд