Улаанбаатар 1c

Улс төрийн намын санхүүжилтийг шийдэхгүйгээр авлигаас ангижирч чадахгүй гэв

“Транспэрэнси интернэшнл” олон улсын байгууллагаас жил бүр гаргадаг дэлхийн улс орнуудын Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 2015 онд 72, 2016 онд 87, 2017 онд 103 дугаарт жагссан байна. Товчхондоо, Монгол Улсад авлигын нөхцөл байдал улам дордож гурван жилийн хугацаанд 31 байраар ухарсан гэх мэдээллийг “Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлыг хангаж, авлигын эрсдэлээс сэргийлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх нь” хэлэлцүүлгийн үеэр зохион байгуулагчид өгч байлаа. 
Азийн сан, Сант Марал сантай хамтран 2018 оны дөрөвдүгээр сард хийсэн авлигын талаарх олон нийтийн мэдлэг тогтоох судалгаагаар улс төрийн намууд авлига их тархсан байгууллагын хоёрдугаарт эрэмблэгджээ. 
Энэ талаар “Хүртээмжтэй хөгжил” хүрээлэнгийн захирал Н.Туяа “Удаа дараагийн судалгаагаар Монгол Улсад авлига цэцэглэж байна. Үүний эх үүсвэр нь улс төрийн намын хандив, сонгуулийн санхүүжилт байна гэдгийг судалгааны дүнгээс харж болох юм. Улс төрийн намын санхүүжилтийг шийдэхгүйгээр Монгол Улс авлигын асуудлаа шийдэж чадахгүй. Улс төрийн намууд өнөөдөр хуулиараа гишүүдийн татвар болон парлементад суудалтай бол суудлын тоогоор улсаас мөнгө авч санхүүждэг. Өөр ямар нэгэн санхүүжилт байхгүй. Сонгуулийн санхүүжилт ч гэсэн нэр дэвшигчийн хувийнх нь санхүү, хөрөнгө мөнгөн дээр тогтож байгаа учраас улс төрд орохоороо тэр зарцуулсан мөнгөө буцаан олж авах зэрэг бохир тойрог руу ордог” гэв.
Улс төрийн гурван том намын хоёр нь сүүлийн гурван жил санхүүгийн тайлангаа өгөөгүй байна. 
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид