Улаанбаатар 1c

Шинэ жил тойрсон эдийн засаг

Шинэ он хэдийн хаяанд иржээ. Өнгө, өнгийн тоглоом, том, жижиг гацуур, цагаан сахалтай өвөө, цасан охид, ойн хүрэн баавгай, олон янзын амьтадгүйгээр шинэ жилийн баярыг төсөөлөхийн аргагүй. Ингэж бодох төдийд л нүүрэнд инээмсэглэл тодорно. Хуучин ондоо хийсэн, бүтээснээ дурсаж, алдаа, оноогоо дүгнэн, ирэх ондоо юу хийх, бүтээх тухайгаа дэнслэх он солигдоход 21 хоног үлдсэн байна. Мөнгөтэй, мөнгөгүй ч эрвийх, дэрвийхээрээ зүтгэж, урд хойрмоогоороо хойдохоо нөхөөд ч хамаагүй монголчуудын тэмдэглэхийг хүсдэг баяр бол яах аргагүй Шинэ жил, Цагаан сар. Энэ нь тус баяруудыг элбэг, хангалуун угтвал тэр жилдээ өнгөтэй, өөдтэй явна гэж итгэдийн илрэл биз ээ. Хамгийн хямдхан, амьдралд ойрхон гэгддэг “Нарантуул” олон улсын худалдааны төвөөс бид шинэ жилийн үеэр хэрэглэгддэг зүйлсийн ханшийг сурвалжиллаа. 

Хэзээний л хүн ихтэй байдаг “Нарантуул” захад хүн зоны бөөгнөрөл үүсчээ. Баяр дөхсөн энэ өдрүүдэд хот, хөдөөгийнхөн хүүхдээ дагуулаад “Энэ ч зүгээр, тэрийг ч авах уу” гэсээр гацуур модны худалдааны хэсгээр нааш, цааш холхилдоно. Зөвхөн гацуур мод ч гэлтгүй шинэ жилийн баярт хэрэгтэй бүхнийг нэг дороос хамгийн хямдханаар авч болохуйцаар “Нарантуул” захын дөрвөн зүг, найман зовхист дэлгэжээ. Хаашаа л харна энэ баярт зориулсан худалдаа хараа булаана. “Нарантуул” захынхан харин ч энэ жил худалдан авалт муу байгааг дуулгав. Учир нь жилд 50 гацуур зардаг лангууны эзэн одоогоор арвыг ч зараагүй байгаагаа хэллээ. Мөн үнэ ханш төдийлөн нэмэгдээгүй бөгөөд өнгөрсөн жилийнхтэй адилхан байгаа гэсэн юм. Харин худалдан авагчид гацуурын үнэ жил ирэх тусам нэмэгдэж байгаа гэв. Тухайлбал, 200 мянган төгрөг халааслаад гэрээсээ гарахад, “Нарантуул” захаас хүссэн өндөртэй гацуур, тоглоом, чимэглэл, гэрлээ аваад, хүүхдийнхээ хүслийг хангалттай биелүүлдэг байсан бол одоо энэ мөнгө хүрэхгүй болсон гэнэ. Шинэ жилээр хэрэглэгддэг зүйлсийн үнэ ханшийн мэдээллийг хүргэе. 

Хоёр хүүхэдтэй айлын шинэ жил тэмдэглэх зардал ойролцоогоор 500 мянган төгрөг

Гацуур мод. Айл бүрийн хойморт сүндэрлэж, баяр баясал бэлгэлдэг ид шидийн гэмээр гэгээн бүхэн гацуур модны мөчир бүрт байдаг юм шиг санагддаг.Том, жижиг, өргөн, нарийн, саглагар, чимэглэлтэй, чимэглэлгүй гээд олон янзын гацуур байв. “Нарантуул” захад зарагдаж байгаа хамгийн хямдхан гацуур нь 40 мянга бөгөөд 50 метр өндөртэй. Харин хамгийн үнэтэй нь 400 мянга байсан юм. Гэхдээ 40-400 мянган төгрөгийн үнэтэй гацуур нь айл гэрийн хэрэгцээнд зориулагдсан юм. Худалдан авагчдын олонх нь 1.5-2.4 метр өндөртэй гацуур модыг сонгон авч байгаа харагдлаа. Орон сууц болон байшинд амьдардаг айл 200-250 мянган төгрөгтэй байхад 1.8-2.4 метр өндөртэй гацуур модыг чимэглэх тоглоом, гэрэл, хашаатай нь авах боломжтой. Харин гэрт амьдардаг болон жижигхэн гацуур сонирхож байгаа бол 1-1.5 метр өндөртэй модыг чимэглэл, тоглоомтой нь 100-180 мянган төгрөгөөр авах нь. 

Гэрэл, гоёл чимэглэл. Үзэсгэлэнтэй, нүд булаам гацуур модыг гоёл чимэглэл, гэрэлгүйгээр төсөөлөхийн аргагүй. Өнгө, өнгийн саа, элдэв янзын чимэглэл, тоглоом, гацуурыг улам бүр чимнэ. “Нарантуул” захад хайрцгандаа 20 ширхэгтэй олон өнгийн тоглоом 7000 төгрөг. Харин том, сүрлэг, ширхэг олонтой чимэглэл 20-50 мянган төгрөгийн үнэтэй байв. Гацуурын доод талд байрладаг өвлийн өвгөн, буга, янзага гэх мэт амьтдын чихмэл 25-35 мянган төгрөг гэх бөгөөд хашааг нь 10-15 мянган төгрөгөөр худалдаалж байлаа. Чамин, хээнцэр өлгөдөг чимэглэлийн нэг ширхгийн үнэ 4000-8000, модны оройд байрлах таван хошуу, барби, машин зэрэг дүрс 5-25 мянгын үнэтэй байлаа. Багачуудын бэлэгний уут 1200 төгрөгнөөс эхлээд 5000 хүрч байсан бол наадаг зураг 3000 төгрөг гэж байв. Хоёр, гурван өнгийн сонголттойгоор асдаг гэрлийн үнэ 5-20 мянга, хөшигний шулуун туузан гэрэл 18 мянга гэсэн юм. Цас энэ баярыг “амилуулдаг”. Цасан ширхэг, бөмбөлөг 500 төгрөгөөс 15 мянга, шаар 30 ширхэгтэй нь 5000, тууз 8-25 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байв. 

Мөнгөтэй, мөнгөгүй ч эрвийх, дэрвийхээрээ зүтгэж, урд хойрмоогоороо хойдохоо нөхөөд ч хамаагүй монголчуудын тэмдэглэхийг хүсдэг баяр бол яах аргагүй Шинэ жил, Цагаан сар хоёр. Энэ нь тус баяруудыг элбэг, хангалуун угтвал тэр жилдээ өнгөтэй, өөдтэй явна гэж итгэдийн илрэл биз ээ.

Амьтны хувцас. Ойн хүрэн баавгай, дэлдэн туулай, үнэг, чоно, цасан охид, өвлийн өвгөн шинэ жилийн гол “зочид”. Цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд амьтны хувцас өмсөж, алиалагч, санта өвгөн, цасан охин болоод хэдийн эхэлжээ. Амьтны хувцас төрөл бүрийн, том жижиг харгалзахгүйгээр 12 мянган төгрөгийн үнэтэй байсан бол сантагийн хамгийн жижиг хувцас нь ийм үнэтэй байсан юм. Харин дөрвөн наснаас дээш хүүхдийн сантагийн хувцас 15 мянга бол том хүнийх 20 мянга гэв. Цаснаас цагаахан охидын дэгжин даашинз 35-90 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Өвлийн өвгөний нөмрөг, дээл, сахал, малгай, гутал янз бүрийн үнэтэй. Эдгээрийг багцаар нь авахыг хүсвэл 180-300 мянган төгрөг шаардлагатай. Харин түрээслэхээр бол 30 мянгаас эхэлнэ. 
Баярын ширээ. Уур амьсгал, орчин энэ баярт хамгийн чухал нь. Улаан, ногоон өнгийг шинэ жилийн баярын өнгө гэж хэлж болно. Ийм өнгийн ширээний бүтээлэг өргөн, нарийн, урт богиноосоо шалтгаалаад 12-35 мянган төгрөг байсан юм. Баярын бялуу 15-50 мянган төгрөг бол оргилуун дарс 8000-аас эхэлж байлаа. Харин жимсний үнэ кг нь 5-15 мянган төгрөг байв. 
Элдэв янзын тансаг хэрэглээгүйгээр, эгэл даруухан мөртлөө дутагдах зүйлгүй шинэ жилийг тэмдэглэх хоёр хүүхэдтэй айлын зардал ойролцоогоор 500 мянган төгрөг байхаар байна. 

нэг эмэгтэй шинэ жилд 420 мянган төгрөг зарцуулна

Албан байгууллагууд шинэ жилээ тэмдэглээд эхэлсэн энэ үед дэлгүүр, худалдааны төвүүд охид, бүсгүйчүүдээр дүүрдэг. Ээмэг бөгжнөөс эхлээд даашинз, зүүлт, өндөр өсгийт гээд шилж, сонгох эрэл  хайгуулын баг энэ сард бүрэн ажиллаж эхэлнэ. Гэтэл ажлын хажуугаар тэр болгоныг үзэж, үнэ хөлсийг нь судална гэдэг хэцүү, цаг хугацаа шаардана. Шинэ жилийн баяр нь ойртсон ч гоёлоо бэлдэж амжаагүй, ажлынхаа араас өндийж чадахгүй байгаа бүсгүйчүүдийн цагийг хэмнэхийн тулд шинэ жилийн гоёл чимэглэлийг “Нарантуул” захын ханшаар хүргэж байна.
Гоёлын даашинз: Торон, хамбан, саатай гялалздаг материал энэ жилийн сонголт бололтой. Жил бүрийн энэ үеэр өөртөө таарсан, бас ч үгүй тэр жилийнхээ моод дагасан даашинз сонгоно гэдэг яах аргагүй хамгийн том ажил. Богино, урт, хилэн, хамбан, гялалздаг даашинз хаа сайгүй. материлаасаа шалтгаалаад 40-250 мянган төгрөгийн ханштай байсан бөгөөд дундаж нь 120-150 мянга байлаа. Тухайлбал, хамбан материал арай үнэтэй 200-250 мянга бол саатай гялалздаг материалтай даашинз 70-100 мянгын хооронд  байв. Худалдан авагч харьцангуй цөөхөн үнэ асуусан үзэж, сонирхох нь олон байлаа. Ташрамд дурдахад эрэгтэйчүүдийн хослол хоёр хос нь 130-180 мянга гурван хос нь 180-250 мянгын хооронд байна. Мөн гоёлын даашинз түрээслэх үйлчилгээ нь 30-70 мянгын үнэтэй байлаа. 
Гоёл чимэглэл. Ганган дэгжин даа­шинзыг гоёл чимэглэлгүйгээр төсөөлөхийн аргагүй. Даашинзнаас дутахааргүй үүрэг гүйцэтгэдэг гэдгийг охид, бүсгүйчүүд маань мэдэх биз ээ. Гоёлын зүүлт гурван хосоороо 20-85 мянган төгрөг аж. Харин ширхэг бүрийн үнэ 10 мянгаас эхэлж байв. 

Албан байгууллагын нэг эмэгтэй ажилтан шинэ жилийн баяртаа оролцоход ойролцоогоор 420 мянган төгрөг зарцуулах аж.  

Үс засалт болон нүүр будалт: Шинэ жилийн баярын үдэш онцгой нэгэн болж харагдах сүүлийн ажил бол үсний засалт болон нүүр будалт. Энэ жил ямар хэв маяг давамгайлж байгааг 13 дугаар хороололд байрлах нэгэн гоо сайхны газраас асуулаа. “Энэ жил бүсгүйчүүд ихэвчлэн энгийн даруухан байхыг эрмэлздэг болсон байна. Хэт их ганган биш, гоёлын гэхээсээ илүү энгийн үс засалтыг хийлгэж, даруухан мөртлөө донжтой хэв маягаар нүүрээ будуулж байна” гэлээ. Харин үнэ ханшийн хувьд гоёлын засалт 25-40 мянга, нүүр будахад мөн л ийм ханштай. Мөн маникюр хийлгэхэд 20-30 мянган төгрөг зарцуулахаар байгаа бол гоёлын гелин будалт 10-15 мянган төгрөг байв. 
Шинэ жил тэмдэглэх газар: Анги хамт олон, найз нөхөд гээд цөөхөн хүнтэй шинэ жил тэмдэглэх гэж байгаа бол 39-89 мянган төгрөгийн цэсийг дурын нэг ресторанаас сонгох боломжтой. Үүнд нэг төрлийн хоол, зууш, уух зүйлс багтаж байгаа юм. Гэхдээ энэ ханшинд өвлийн өвгөн, цасан охин багтаагүй. Харин олуулаа, албан байгууллагаараа шинэ жил тэмдэглэх цэс 70 мянган төгрөгнөөс эхэлж байна. Гэр бүлээрээ агаарт гарангаа байшин түрээсэлж, шинэ жилийн баяраа тэмдэглэвэл 500 мянган төгрөг хэрэгтэй. Гэхдээ үүнд хоол хүнс, уух зүйлс ороогүй.
Өвлийн өвгөн, цасан охид: Өвлийн өвгөн, дөрвөн цасан охидтой өдөр 13.00 цагаас шинэ жилээ тэмдэглэх бол 300 мянган төгрөг. Харин орой 18.00-20.00 цагийн хооронд энэ ханш 500 мянган төгрөг болдог байна. Мөн мэргэжлийн хөтлөгчийн үнэ 100 мянгаас таван сая төгрөгийн хооронд бол алиалагчийн үнэ 200 мянган төгрөг. Харин бүжигчид, дуучид гурван дуу дуулж, бүжиглэхэд 100 мянгаас зургаан  сая байдаг байна. Таны баярт мөчийг цаг алдалгүй мөнхлөх гэрэл зурагчин нэг цагийн 100 мянган төгрөгөөр таньд үйлчилгээ үзүүлэх гэнэ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид