Улаанбаатар 1c

Салхитын мөнгөний ордын хэрэгт ЭЦГ-ын дэд дарга холбоотой юу?

NPost.mn
2019-12-10 13:05

“Эрдэнэс Монгол” компанийн мэдэлд шилжсэн Салхитын мөнгөний орд газрын маргаантай холбоотой хэргийг шалгаж эхэлснээс хойш хоёр жил болж байна. Авлигатай тэмцэх газраас энэ хэрэгт холбогдуулан Монголын нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаж, 11 нь шууд болон шууд бусаар оролцсон нь тогтоогдсон.

Дээрх шүүгчдээс зургаан шүүгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, сар гаруйн өмнө хавтаст хэргийг прокурорт шилжүүлсэн билээ. Тодруулбал, Улсын дээд шүүх (УДШ)-ийн шүүгч Д.Цолмон, Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал нарт холбогдох хэргийг яллах саналтайгаар прокурорт шилжүүлжээ.

Харин Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, тус шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Байгалмаа, Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр, Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч С.Амардэлгэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуяа, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат нарт холбогдох хэргийг шалгах ажиллагаа хараахан дуусаагүй байгаа талаар эх сурвалж мэдээлэв. С.Төмөрбат нь АНУ-д зугатан гарсан, түүнийг Монголд авчрах асуудал яригдаж байгаа.

Мөн зарим шүүгч нарын мэдүүлэгт үндэслэн энэ хэрэгт Монгол Улсын Гавьяат хуульч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн зөвлөх Б.Сарантуяа болон түүний хүү Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Г.Даваадорж нарыг ч холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл бий.

Салхитын мөнгөний ордыг анх уяач Ш.Мөнгөншагай гэгч залуу “Жи Фи Эф” компанийн нэр дээр гурван лицензтэйгээр эзэмшиж байгаад 2012 онд Хятадын “Си Си Эм Икс” компанид хоёр тэрбум төгрөгөөр худалдсаны улмаас энэ орд газрыг авах гэсэн хятад эздийн маргаан эхэлж, Монголын шүүх, хууль хяналтынхан ч хутгалдаж эхэлсэн байдаг.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр, Салхитын мөнгөний орд газартай холбоотой хэрэгт холбогдуулан Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан, ГИХГ-ын дэд дарга асан Б.Цолмон, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн тасгийн дарга Г.Алтан-Очир (ШШҮХ)-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нарыг цагдан хорьж шалгажээ. Мөн дээрх хэрэгтэй холбоотой байж болзошгүй гэх үндэслэлээр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга С.Хүрэлбаатар, Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн дарга Ч.Болдбаатарыг цагдан хорьж, гэрээс нь их хэмжээний мөнгө хураасан билээ.

Саяхан Эрүүгийн цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир энэ хэрэгт холбогдсон мэдээлэл цацагдсан юм. Тус мэдээлэлд түүнийг маргааны эзэд болох хятадуудын авлигын мөнгийг нь зөөж дамжуулсан, энэхүү их мөнгөний хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй мөрдөх хэлтэс АТГ-ын мөрдөн шалгах албаны алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр ажлын хэсэг гарган шалгаж байна” гэсэн байв.

Бид АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатараас энэ талаар тодруулахад тэрбээр “Би эрүүгийн хэргийн талаар ямар нэгэн мэдээ мэдээлэл өгөх боломжгүй. Энэ талаарх мэдээллийг Мөрдөн шалгах хэлтсийн даргаас авсан нь дээр. Надад ийм асуултад хариулах эрх байхгүй. Прокурорын зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн мэдээлэл өгөх эрх хориотой байгаа” гэв. Зарим эх сурвалж гүйцэтгэх ажиллагааны дагуу Ц.Ням-Очир хурандаад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байж болзошгүйг өгүүлсэн юм.

Б.БААТАРХҮҮ: ЭРҮҮГИЙН ГЭМТ ХЭРЭГТ ШАЛГАГДАЖ БУЙ Э ГЭХ ХҮН ЭНЭ МЭДЭЭЛЛИЙГ АНХ ТАРААСАН

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс дараахь тодруулгыг авлаа.

-ЭЦГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очирыг Салхитын мөнгөний орд газрын маргааны хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Энэ бол ор үндэсгүй худал мэдээлэл гэдгийг цагдаагийн байгууллагаас албан ёсоор мэдээлж байна. Урд нь энэ мэдээллийг тодорхой нэр бүхий хүн олон нийтэд тарааж байсан. Тухайн үед албан шалгалт хийгээд, тийм үйлдэл байхгүй нь тогтоогдсон. Арванхоёрдугаар сарын 6-ны баасан гаригт мэдээлэл гарсны дараа ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсээс АТГ-т “Салхитын мөнгөний орд газрын маргаантай холбоотой шүүгч нарт холбогдох хэрэгт цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир холбогдон шалгагдаж байгаа асуудал байна уу” гэсэн албан бичиг хүргүүлсэн. АТГ-аас энэ сарын 9-ний өдөр албан бичгээр хариу өгсөн.

-Ямар хариу ирсэн бэ?

-Түүнд “Салхины мөнгөний орд газрын маргаантай холбоотой асуудал шүүхээр шийдвэрлэгдэх үед холбогдох шүүгч нар бусдаас авлига авсан гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, прокурорын байгууллагад шилжсэн. Уг хэрэгт цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир холбогдон шалгагдаагүй болно” гэсэн байна. Цагдаагийн албан хаагчийн ажил үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан нэр төрд нь халдаж байгаа асуудалд цагдаагийн байгууллагаас арга хэмжээ авч байна. Нэгд, нэр бүхий мэдээллийн сайтуудыг худал ташаа мэдээлэл олон нийтэд хүргэсэн асуудлаар Зөрчлийн хуулийн дагуу холбогдох газар нь шалгуулахаар хандсан. Мөн алба хаагчийн ажил үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулаад байгууллагын нэр хүндэд халдаж буй асуудлуудаар цагдаагийн байгууллагаас албан ёсоор шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Энэ хэрэг дээр бид онцгойлон анхаарч, холбогдох байгууллагуудад хариуцлага хүлээлгэнэ.

-Цагдаа, хууль хяналтын байгууллагын нөлөө бүхий албан тушаалтанд холбогдох хэрэг замхардаг гэсэн хардлага их. Та юу хэлэх вэ?  

-Ер нь цагдаагийн байгууллага хэрэг шалгалтыг прокурорын байгууллагын хяналт дор явуулдаг. Цагдаагийн байгууллага Эрүүгийн хэрэг хянан шалгах тухай хуулийн дагуу процессын үйл ажиллагаа явуулдаг. Шийдвэрийг прокурор, шүүх гаргадаг. Бидэнд дур мэдэн хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулах эрх байхгүй. Бүх үйл ажиллагаа прокурорын хяналт дор явагддаг. Тэгэхээр аливаа нэг хэрэг маргааныг шалгах явцад тал талын оролцогчдоос хэрэгт хөндлөнгөөс нөлөөлөх гэж мэдээллийн хэрэгслээр дайрч, хэрэг шалгаж буй албан хаагч, мөн цаашлаад цагдаагийн байгууллагын нэр хүндэд халдах гэсэн оролдлогууд гарч байна. Энэ дээр бид холбогдох хуулийн дагуу холбогдох газарт нь хандаад явна.

-Тодорхой нэр бүхий хүн энэ мэдээллийг удаа дараа гаргаж байна гэлээ. Хэн гэдэг хүн ямар учраас ийм мэдээлэл цацав гэдгийг шалгаж тогтоосон уу?  

-ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж буй Э гэгч хүн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл өгөхдөө Ц.Ням-Очир авлигын мөнгө зөөсөн нь ил боллоо гэж анх ярьсан. Уг хүнд Эрүүгийн цагдаагийн албанд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйл (Залилан мэхлэх)-ийн 3.3.1, 17-р зүйлийн 4.2.2-т зааснаар 2019 оны наймдугаар сарын 9-ний өдөр хэрэг бүртгэл нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулаад, 2919 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр яллагдагчаар татах саналтайгаар прокурорт хэргийг шилжүүлсэн. Бид шаардлагатай гэвэл прокурорын байгууллагад хандан, тухайн иргэн ямар хэрэгт холбогдон шалгагдаж байгаа асуудлаар мэдээлэл өгч болно. Цаашид мөрдөн шалгах, цагдаагийн байгууллагатай холбоотой хөндлөнгийн оролцогчдоос иргэд олон нийтэд худал ташаа мэдээлэл тараахгүй байхыг анхааруулж байна.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид