Улаанбаатар 1c

Үзэгчдийнхээ нүдийг гурилаар хуурсан “Сүүн замын сахиул”

“Титанс пикчерс”-ийн анхны уран бүтээл болох “Сүүн замын сахиул” уран сайхны кино дэлгэцнээ гараад удаагүй билээ. Тус киноны зохиолч, найруулагчаар Т.Анар ажилласан юм.
Кино түүхэн цаг үеэс эхэлнэ. Тулаан, тамганы тухай өгүүлэмжээс бүрджээ. Энэ хэсэгт дүрс, зураг авалтыг сайшаах хэрэгтэй. Харин хэтийдсэн дуу авиа, хашхираан нь зохимжгүй байв. Хөгжмийн зохиол киноныхоо уур амьсгалыг бүрэн илэрхийлж утга уянгатай болгох ёстой. Кино сонирхогчийн хувьд хөгжмийн оролцоонд илүү болгоомжтой хандаж зарим хэсгүүдэд хасаж болоогүй юм байх даа гэсэн бодол зурвасхан төрж байлаа. Хөгжимгүй, нам гүм байдал заримдаа бодитой хэрнээ илүү драматик уур амьсгал бий болгож чаддаг билээ. Сахиулууд тамгаа хэсэг хэсгээр  хуваан авч биедээ хадгалж явах бөгөөд тэд цуглан тамгаа нийлүүлж сүү дусаана. Энэ үед тамга цэнхэр өнгөөр гэрэлтэж, арван хоёр жилийн амьтдын дүрс тодорно. Энэ Монгол билэгдэл зүйг ашигласан шинэ үзэгдэл байсныг хэлэх хэрэгтэй.
Театр харилцан яриаг, кино дэлгэцэнд тодрох дүрсийг чухалчилж үздэг. Кино бол дүрсний урлаг. Хэдий тийм ч логик дэс дараалалгүй, уран сайхны хэтрүүлэг зэргээс хамаарч киноны үнэ цэн унадаг. Энэ үзэгдлийн төгсгөлд Хасбуу тамганы сахиулууд тулаанд орж амиа алдана. Яг энэ үед тэдний дундаас нэг нь амьд үлдэж тамгыг авч зугтсанаар киноны өрнөл эхэлнэ.
Киноны сцен солигдож орчин үед шилжинэ. Хасбуу тамгыг цуглуулах сонирхол хүсэлтэй Бао хэмээх Хятад ноён. Ямар шалтгаан, ямар зүйлд ашиглах гээд байгаа нь тодорхойгүй  Баогийн дүрд тоглосон жүжигчин Ц.Төмөрхуяг дүрээ сайн бүтээжээ. Хятад хүний болгоомжтой байдал, гэнэтийн хурц шийдвэр, алхаа гишгээ, ууртай царай, гэх мэт.  Боагийн  захиалгаар ажилладаг Хүрлээ буюу жүжигчин С.Болд-Эрдэнийн дүр. Мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй. Нохой санаа, үнэгэн зальтай дүр төрхийг гаргахыг хичээсэн. 
Киноны өрнөл хэсэгт Бао Хасбуу тамгыг дархан өвгөнд мэдэж байгааг ямар ч хамаагүй аргаар авч ирэхийг Хүрлээд даалгана. Сэлэнгэ аймгийн нэгэн гудамжинд байрлах  “Уран дархан” хэмээх хаяг бүхий газар Хүрлээ ирснээр зөрчил эхэлнэ. Дархан өвгөн ач хүүгийнхээ найзуудын хамт тус газрыг ажиллуулдаг бөгөөд сахиулуудын удмын хүн юм. Найз нөхөдийн урвалт шарвалт, мөнгөний төлөөх шунал, гэнэтийн эргэлт бүхэн эндээс үзэгчдийг хөтөлнө.   
Монголын кино урлаг, ялангуяа жүжигчдийн гүйцэтгэлийн нэгэн хатуу шүүмжлэл бол үнэмшилгүй байдал. Үнэндээ кинонд ямар ч үйл явдал өрнөж, санаанд багтамгүй юуг ч өгүүлж болно, хамгийн гол нь “үнэмшилтэй” л байх хэрэгтэй гэсэн хамгийн чухал шаардлага бий. “Үнэмшилтэй” киног бүтээхэд мэдээж хамгийн чухал зүйлүүдийн нэг бол жүжигчний гүйцэтгэл байдаг. Т.Анар найруулагчийн уран бүтээл болох “Сүүн замын сахиул” уран сайхны кино. Ер нь Монголын кино, тайзны урлагийн нүүр царай болсон чадварлаг жүжигчдийн нэг С.Болд-Эрдэнийн өөрийнх нь төдийгүй кино жүжигчний гүйцэтгэлийг тодорхой хэмжээнд барьж байлаа. Мөнгө л олж байвал хэнийг ч хайрлаж хамгаалах нь бүү хэл өрөвдөх сэтгэлгүй эрийн дүрийг үнэмшилтэй харуулж чадсан нь танхимд суусан үзэгчдийн сэтгэлийг эзэмдэж байсныг энд дурдъя.
Кино бол аль нэг бүлэг хүмүүс рүү зохиолын баатрын өгүүлэхүүн хэлбэрүүд болон аж төрөхүйн орон зайнаас гадна, зохиолд бүрдсэн дотоод хийгээд гадаад орчин, сэтгэл зүй, сэтгэлгээний орон зай, үйл ажиллагааны орон зайн бүх хэлбэрийн тогтолцоо, тэдгээрийн тодорхой хэмжүүрүүдийг хамруулан үздэг. Жүжиг, кино зохиолд баатар бүр өөрт оногдсон орон зайг бүрдүүлж, тэр хүрээндээ үүргээ гүйцэтгэж өөрөө амилдаг. Энэ хүрээнд өөрийгөө хэсэгхэн зуур амилуулсан жүжигчин Д.Гүрсэдийн дүр. Тэрбээр дархан өвгөний дүрийг содон өнгө аястай бүтээсэн юм. Дарханы газрыг хүмүүс ухаж байгааг гаднаас харчихаад яван орно. Тэдэнтэй тулалдаж тархи руугаа цохиулан унана. Ач хүү нь ирэхэд тэрбээр Хасбуу тамгыг амь насаараа харж хамгаалахыг хүсэж амьсгал хураана. Гаднаас Хүрлээ залуусаа дагуулан орж ирнэ. Хасбуу тамгыг өөрт нь өгөхийг хүснэ. Дарханы газраас дархан өвгөний ач хүү найзыгаа дагуулан гарч зугтана. Хасбуу тамгыг найздаа өгч амь насаараа хамгаалж явахыг гуйна. Найз нь цааш зугтаж Оросын хэл давж ачааны галт тэргэн дээрээс буудуулан унана. Хасбуу тамгыг нэгэнт найзын хүсэлтээр хамгаалахаар шийдсэн Тулга буюу С.Ариунбямбийн дүр. Энэ киноны амин сүнс болсон гэхэд болно. Кино урлагийн бүх санаа жүжиг шиг харилцан яриагаар явах шаардлагагүй  ч санаагаа лавшруулж, хийх зүйл, ажил мэргэжил, албан тушаалаар дүрээ илэрхийлж болдог. Гэтэл уг кинонд тийм зүйлс байсангүй. Дүрийг тодорхойлох хэллэг, зан байдал, үйл хөдлөлийг чимэх харилцан яриа дутагдаж байв. Тулгын амь насыг аварсан автомашины засварчин залуугийн гараашд хар тамхи худалдаалдаг залуус ирж багахан хэмжээний дайн болно. Эндээс киноны гол эргэлт эхлэх учиртай. Гэвч уран бүтээлчид нүглийн нүдийг гурилаар хуурна гэгчээр дом төдий эргэлт хийлээ. Хасбуу тамганы төлөө тэмцэхээр болсон залууст хамгаалах ёстой гэдгээс өөр ойлголт байгүй мэт харагдана.
Хятад ноён Баогийн илгээмжид ирэх учир битүүлэг хор. Баогийн үхэл, энэ бүх зангилааг тайлж чадсангүй. Дүрс хоорондын шилжилт хөгжим зэрэг муугүй байсан ч зохиолын гол агуулга, найруулга зэрэгт дутагдал их ажиглагдаж байлаа. Дүр болгонд өөрийн гүйцэтгэх үүрэг гэж бий. Гэтэл гүйцэтгэх үүрэггүй олон дүр байв. Жишээлбэл, засварчин залуутай хамт ажилладаг Орос залуу. Гэмт хэргийн араас дагах ёстой юм шиг мөрддөг цагдаа. Хэргийн араас мөрдөх цагдаагийн гүйцэтгэх үүрэг учир битүүлэг. Төгсгөл хэсэгт Хасбуу тамганы сахиулуудын нэг болчихсон зогсож байх жишээний. Энэ мэт кино уран бүтээлчид хөнгөхөн утга санаагаар үзэгчдээ хуураад байвал энэ салбар хөгжихгүй. Адал явдал хөөн үзэж, зодоон цохионыг л ярилцдаг массын сэтгэлгээнд суурилсан киноны нэг болжээ. Тэд үзэгчдийн оюун санаа бодолд мэдлэг өгсөн, юм уу зүрх сэтгэлд гэгээ цацруулсан, урам хайрласан, хамар шархируулсан үйл явдал, уялдаа холбоо, юу ч хийсэнгүй. 
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид