Улаанбаатар 1c

Сүхбаатар дүүргийн XVII хороо супермаркет дотроос төрийн үйлчилгээ хүргэж байна

“Дэлгүүрийн дээврийн өрөөнд үйл ажиллагаа явуулдаг төрийн анхан шатны нэгж байна” гэх мэдээллийн мөрөөр Сүхбаатар дүүргийн XVII хороог зорилоо. Хорооны хуучин байрны үүдэнд очвол хоёр давхар барилгын баруун тийш харсан хаалга цоожтой байх юм. Харин урд талынх нь хаалгаар бага насны хоёр хүүхэд гарч байгаа харагдав. Тухайн хаалган дээр очвол “Өрхийн эмнэлэг” гэсэн жижигхэн хаяг хаджээ. Үүдэнд таарсан сувилагч бүсгүйгээс хороо нь хаана байдгийг сураглав.  “Арвандолдугаар хороо урагшаа яваад “Хур” супермаркетын хоёр давхарт бий. Тийшээ нүүгээд удаж байна” гэв. Ингээд 300 метр орчим газар алхсаар өнөөх супермаркетын үүдэнд хүрэв. Дэлгүүрийн хаалгаар ороход хорооны зохион байгуулагч биднийг угтан үйл ажиллагаа явуулж буй дээд давхар руу хөтлөв. Тухайн барилга нь хувь хүний эзэмшил аж. Нэг давхарт нь хүнсний  дэлгүүр болон зоогийн газар үйл ажиллагаа явуулдаг бол хороо нь хоёр давхрын мансартыг нь түрээсэлж төрийн үйл ажиллагааг иргэнд хүргэн ажиллаж байв. Зэнхийсэн сэрүүхэн өрөөнд ажилчид нь гадуур хувцастайгаа ажлаа хийж сууцгаахыг хараад мэл гайхав.  

ХОРООНЫ НЭГ АЖИЛТАН ӨДӨРТ ДУНДЖААР 30-40 ХҮНД ҮЙЛЧИЛДЭГ

Тус хороо нь  7000 гаруй хүн амтай гэнэ. Засаг дарга, Хорооны зохион байгуулагч, нийгмийн ажилтан, Улсын бүртгэгч, Халамжийн мэргэжилтэн, Хэсгийн ахлагч, Хорооны цагдаагийн хэсэг гээд  20 гаруй  ажилтан энд төрийн анхан шатны үйлчилгээг иргэндээ хүргэж байна. Өдөрт хорооны нэг ажилтан дунджаар 30-40 хүнтэй харилцаж асуудлыг нь шийддэг гэлээ. Иргэд ихэвчлэн хорооноос хүүхдийн мөнгө орсон эсэхийг лавлахаас гадна жирэмсэн ээжийн мөнгө, төрсний дараах мөнгөө авахаар бичиг баримт бүрдүүлэх, хүүхдийн гэрчилгээ, тэтгэвэр, оршин суугаа хаягийн тодорхойлолт,  зээл авах, ажил сураглах, элдэв сургалт байгаа эсэх, халамж тойрсон бүхий л асуултад хариулт авахаар ирдэг гэнэ. Жил ирэх тусам хорооны хүн ам, өрхийн тоо нэмэгдэж  хэсгийн төлөөлөгчийн ажил ундарсаар байдгийг хэлнэ билээ. Уг хороонд гэхэд нийт арван хэсгийн төлөөлөгч ажилладаг гэнэ. Тэд төрийн хамгийн чухал объектод их ажлыг нугалж, иргэдийн амжиргааны болон анхан шатны бүх  судалгааг хийж байна.

ХУВИЙН СУУЦ ТҮРЭЭСЛЭЖ ТӨРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИРГЭНДЭЭ ХҮРГЭЖ БАЙНА

Тус хорооны байрыг 2011 онд суурийн блок хөдөлсөн, цууралттай,  барилгын шаардлага хангахгүй учир хүн байх боломжгүй хэмээн Мэргэжлийн хяналтын газраас дүгнэжээ. Тиймээс барилгын даацыг бууруулах зорилгоор хувь хүний байр түрээслэн үйл ажиллагаагаа явуулж байгааг хорооны Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Даваацэцэг хэллээ. “Хөдөөгийн ямар ч сумын нэг багт 2000-3000 хүн оршин суудаг. Гэтэл хорооны хүн ам үүнээс гурваас дөрөв дахин их. Бид л гэхэд 7000 хүнд үйлчилгээ хүргэж байна. Тийм болохоор хорооны Хэсгийн ахлагчийн ажлын ачаалал тэр хэрээр нэмэгддэг. Иргэдийн амьдралын боломж, цалин мөнгө, нас хүйс, орон гэрийн нөхцөл байдлын судалгааг бид өдөр бүр хийж байна. Тус хорооны ажилчид есдүгээр сараас 62-р тогтоолын дагуу түүхий нүүрс оруулж ирсэн, хэрэглэж байгаа айл өрх аж ахуйн нэгжүүдийг өдөр бүр шалгаж ажилладаг. Сайжруулсан түлшийг айл өрхүүд зөв түлж чадаж байна уу, галлаж байгаа пийшин нь ямар байгаа вэ гэх мэт асуудлуудыг шалгаж өдөр бүр эргүүлийн цагдаа шиг ажиллаж байна” гэлээ. 

ХҮҮХДҮҮДЭЭ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛСАН ХОРОО

Гэр хорооллын бүсэд тулгамдаж байгаа асуудлын нэг бол хүүхдийн хөгжих орчин, чөлөөт цагаа өнгөрөөх газар, тоглох орчны дутагдалтай байдал билээ. Тиймээс тус хороо нь энэ асуудлыг шийдэж, хүүхдийн тоглоомын талбай,  хөлбөмбөгийн болон сагсан бөмбөгийн талбай хийжээ. Нийслэлийн хэмжээнд цоожтой хаалганы цаана өнжих сугалаа сугалсан маш олон хүүхэд бий. Харин энэ хорооны хувьд том асуудлын нэг болох хүүхдийн цэцэрлэгийн хамрагдалтыг бүрэн шийдэж чадсан гэв. 
Энэ талаар Засаг дарга Г.Даваацэцэг “Энэ жил манай хорооны сургуулийн өмнөх боловсрол эзэмших ёстой хүүхдүүдийн дунд цэцэрлэг, сургуулийн хоцрогдол байхгүй. Хорооны харьяанд улсын гурван цэцэрлэг, хувийн нэг цэцэрлэг ажиллаж байгаа юм. Сургуулийн өмнөх боловсрол эзэмшихээр бүртгүүлсэн хүүхдүүд бүгд цэцэрлэгтээ хамрагдаж чадсан. Тухайн айл өрхийн хүсэлтээр өвөө эмээ нь хардаг, гэртээ харах хүнтэй гэсэн шалтгаанаар цэцэрлэгт явахгүй байгаа арав гаруй хүүхэд байна” гэдгийг онцоллоо.

ДЭЛХИЙН ЖИШИГТ НИЙЦСЭН ӨРХИЙН ЭМНЭЛЭГТЭЙ БОЛЖ БАЙНА

2020 оноос  Турк Улсын “ТИКА”-ын хөрөнгө оруулалтаар жишиг эмнэлэг барьсан учир 2020 онд шинэ эмнэлэгтээ нүүж орохоор төлөвлөөд байгаа аж.  Гэхдээ “Улсын комисс хүлээж аваагүй байгаа. Бид боломжоороо яаравчлуулж хорооны өрхийн эмнэлгээ хурдан ашиглалтад оруулахыг шаардаж байна. 2020 оны эхээр буюу нэгдүгээр сард багтаж өрхийн эмнэлэг ашиглалтад орно” гэдгийг тус хорооны Засаг дарга хэлж байна. Хэрэв дэлхийн жишигт нийцсэн өрхийн эмнэлэгтэй болчихвол нурж унах эрсдэлтэй хуучин байрнаас нүүх нь ээ.  

ХАЛАМЖ НЬ ХҮРЭЛЦЭЭГҮЙ УЛСЫН ТӨСӨВ

Энэ хороонд өрх толгойлсон 300 гаруй ээж, 20 гаруй  аав бий гэнэ. Тэдний хувьд хань ижлээ алдсан албан ёсны нэршлээр ганц бие аав, ээж болсон хүн цөөн ч амьдралын эрхээр салж, хүүхдээ орхиод явсан аав ээжүүд, хариуцлагагүй үйлдлээс үүдсэн өрх толгойлсон эцэг эх олон гэнэ. Энэ талаар тухайн хорооны Хэсгийн ахлагчид хэлж байлаа. Ийм л аав, ээжүүд хорооноосоо хүнсний толан авах хүсэлтэй байдаг ба зарим тохиолдолд энэ нь жинхэнэ эзэндээ хүрдэггүй” хэмээж байв. Хүнсний талон жинхэнэ халамж шаардлагатай айлд хүрэлцээтэй юү гэх асуултад хорооны Засаг дарга Г.Даваацэцэг “Хүнсний  толан бол үнэхээр халамж авах шаардлагатай, олон хүүхэдтэй амьдралын боломжгүй хүмүүст очих ёстой. Нэг хүний хүнсний хэрэгцээг 8-10 мянган төгрөгт бодож талон олгодог. Гэхдээ яг хүрэх ёстой эзэндээ хүрч чадахгүй байгаа. Яагаад гэвэл, Нийслэлийн халамж үйлчилгээний газраас дөрвөн жилд нэг удаа судалгаа явуулдаг. Тэгэхдээ дөнгөж амьдрал эхлүүлж байгаа залуу хосуудад талон олгосон байх жишээтэй. Бид үүнийг нь очих ёстой эзэнд нь өгөх зорилгоор дахин хүсэлт гаргаж,  бичиг баримтыг нь судалгаанд өгдөг. Гэтэл шалгаж, судалж байна гэсэн үндэслэлээр тухайн айл өрхийн хүүхдийн мөнгийг хааж, багадаа хагас жил хүүхдийн мөнгөө авч чадахгүйд хүрдэг.  Шалгаад боломжгүй гэж үзвэл тухайн айлын хүүхдийн мөнгийг тэр чигт нь өгөхгүй хаадаг учраас хорооны ажилтнууд өөрсдөө буруутан болох тохиолдол ч гарч байсан. Үүнээс төрийн ажил яаж явж байгааг харж болно. Би олон жил засаг даргаар ажиллаж байгаа хүний хувьд иргэдийн амьдралын судалгааг гаргаж,  халамж олгохыг улс төржүүлээд байна гэж харж байгаа. Иргэддээ хүндрэл учруулахгүй, сар бүр судалгаа явуулаад, амьдралын боломжгүй айл өрхийн хүсэлт долоо хоногтоо шийдэгддэг байсан. Харин 2016 оноос хойш төр барих эрх солигдсоноор  судалгааны журам дахин өөрчлөгдсөн. Судалгаанд хамруулаад 300 оноонд хүрч чадвал хүнсний толан олгохгүй болсон. Өмнө нь өрхийн судалгааг 20 оноонд багтааж дүгнэдэг байсан. 20-с дээш олоо авбал амьжиргааны түвшин сайн гэж үздэг. Одоо 300 оноо болгосон нь ойлгомжгүй мэт санагдаж байна. Өдөр бүр айл өрхийн судалгааг хийх ёстой. Гэтэл дөрвөн жилд хүний амьдрал яаж бол яаж өөрчлөгддөг. Хань ижил нь бурхан болно, ажлаасаа гарна, цалингүй болно гээд олон асуудал гарч ирдэг. Өмнө нь хүсэлт явуулаад долоо хоногийн дотор хариу нь ирдэг, хүүхдийн мөнгө нь хаагддаггүй байсан. Иргэдийнхээ амьдралыг харгалзаж үзэлгүйгээр хөрсөнд буугаагүй дөрвөн жилд ганц л удаа судалгаа хийдэг болсон. Миний хувьд үнэхээр хэцүү айлуудад халамж хүртээх нь зөв гэж маш их хөөцөлддөг. Хүмүүс хорооноос айл өрхөө сонгоод халамж тараагаад байдаг гэж ойлгодог. Шинэ төр солигдох бүрд төрийн бодлого иргэдээ хаацайлсан биш хашиж, шахсан амьдралын хөрсөнд суух боломжгүй, хүртээмжгүй болоод байна. Гэхдээ хороо бол зөвхөн төрийн шийдвэрийг гүйцэтгэгч нэгж байгууллага” гэлээ. Мөн тэрбээр төрийн ажил аль ч шатандаа замхарч болдгийн жишээг дурдахдаа “Эрүүл мэндийн яамнаас вирусны ханиад дардаг вакциныг Олон улсын байгууллагаас 25 тэрбум төгрөгөөр худалдаж авлаа гээд мэдээллэж байсан. Гэтэл тэр вакцин яг байх ёстой газраа алга. Манай өрхийн эмнэлэгт гэхэд л нэг ч ирээгүй. Тэр бүү хэл дүүргүүдийн эмнэлэгт алга. Тэр вакцин нь “Гранд мед” эмнэлэгт 8000 төгрөгөөр худалдаалагдаж байна гэсэн. Үүнээс харахад иргэндээ үйлчлээд байгаа төр байгаа эсэхэд эргэлздэг” гэлээ. Г.Даваацэцэг даргын үг хатуу ч үнэн билээ. 

ШАР УСНЫ АЮУЛААС ИРГЭДЭЭ ХАМГААЛЖ ЧАДСАН

“Манай хорооны  гудамж замаг ихтэй учир түргэний машин орох боломжгүй, машин явахад хэцүү байсан. 2016 оноос хойш  хайрган зам болгож өөрчилснөөр одоо ямар ч машин төвөггүй зорчиж байна. Мөн айлуудын хашаанаас булгын болон хөрсний ус маш ихээр гардаг. Үүнийг бид улсын мөнгөөр соруулах боломжгүй учраас хашаа байшин бариад амьдрах боломжгүй газрыг ямар ч төлөвлөлтгүй иргэдэд олгосноор иргэд эд хөрөнгөөрөө хохирох асуудлууд уг хороонд гэлтгүй  нийслэлд элбэг байгаа юм. Тиймээс шар усны үерээс сэргийлэх зорилгоор Сэлбэ гол руу шар усны хоолой тавьсан. Зуны улиралд шар усны аюул  60-70 хувиар буурсан” гэх сайн мэдээг Засаг дарга Г.Даваацэцэг хэллээ. Тэрбээр мөн “Манай хорооноос ажил өрнүүлж Богд Зонхов хайрханг бүрэн гэрэлтүүлэгтэй болгож 108 шат бүхий тохижилтын ажил хийсэн. Энэ жил хороогоо бүрэн камержуулна гэж зориод шинээр 22 хэсэгт камер суурилуулсан” ажлаа тэрбээр ярилаа.  

250 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАРИХААР 12 АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖЭЭ

Тус хорооныхон 2020 онд 250 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барихаар төлөвлөж 12 айлын газрыг чөлөөлжээ. Энэ тухай Засаг дарга Г.Даваацэцэг “Энэ жил газрын гэрчилгээ солих хууль гарсантай холбоотойгоор айл өрхүүд гэрчилгээгээ солиулж  бүх өрхийн хашааны дугаарлалт солигдоно. Энэ бол маш том ажил болно. Эхнээсээ хаягжилт хийж өгөгдлийн санд бүх айл өрх орох юм.  Тухайн өрхийн эзний регистрийн дугаар хийхэд хаана, хэддүгээр тоотод оршин суудаг зэрэг тодорхой мэдээлэл нь дэлгэрэнгүй харагдах юм” гэлээ.  

1.3 САЯ ТӨГРӨГИЙН ОРЛОГОТОЙ ӨРХ БАЙХГҮЙ

Өнгөрсөн долоо хоногт Үндэсний статистикийн хорооноос иргэдийн дундаж орлого 1.3 сая байна гэсэн судалгааны дүнг  танилцуулсан. Энэ талаар Засаг дарга Г.Даваацэцэгээс “Өрхийн орлогын дээрх хэмжээ хэр бодитойг тодруулахад “Манай хороонд амьдралын хэрэгцээ, хоногийн хоолондоо санаа зовох хэмжээнээс хальсан өртөг өндөртэй, чинээлэг өрх ховор. Ийм цалин авдаг хүн байхгүй гэхэд болно. Бусад хүнийг ярихгүйгээр өөр дэрээ жишээ авъя. Миний хувьд бас ч гэж төрийн үйлчилгээг иргэнд хүргэдэг хамгийн бага нэгжийг удирдаж яваа ч сарын цалин минь гар дээрээ 700 гаруй мянган төгрөг ирдэг. Бусадтай адил овойж товойсон зүйлгүй, өнөөдөр маргаашаа болгож байна. Тийм боломжтой айл байдаг бол хүүхдээ гайгүй эмнэлэгт үзүүлнэ шүү дээ. Ханиад хүрээд өндөр халуурсан хүүхдүүд эмнэлэгт дугаарлаж байна. Яаж бодоод, ямар үндэслэлээр ингэж их тоо гаргаад байгааг ойлгохгүй байна. Өрхийн орлого сар бүр өссөн байгааг хараад гайхдаг шүү. Ямар аргаар судлаад иргэдийн орлого өсөөд байгаа юм. Яг хөрсөн дээрээ идэх талхны мөнгөгүй, хүнсний талоноор өдөр хоногоо аргацаадаг айл олон байна” гэдгийг тэрбээр нуусангүй ээ. 

ХОРОО ТӨСӨВГҮЙ

Иргэдийн амьдралд хамгийн ойрхон ажилладаг эдгээр хүмүүс Хороо гэх ажил нь дуусдаггүй айлыг бүрдүүлэгчид. Орон гэр нь шатсан болон аминд тулсан асуудалтай өрхдөө тодорхой төсөв гаргаад туслах боломжгүй хамгийн ядуу төрийн алба залгуулагчид бол мөн л Хорооныхон гэнэ. Ямар сайндаа л энэ талаар асуусан асуултад минь Засаг дарга “Иргэд хороог их баян, төсөв мөнгө нь багтаж яддаг гэж ойлгодог. Энэ нь эндүүрэл. Хороо бол ямар ч төсөвгүй, жил бүр нийслэлийн ерөнхий газартаа татвар төлдөг нэгж. 2019 оны багахан төсвөөрөө хороондоо хүүхдийн тоглоомын талбай, гудамжны хайрган зам, хайрханы гэрэлтүүлэг  гээд бололцоогоороо бүтээн байгуулалт хийсэн. Харин 2020 оны төсвийг саяхан хуралдаад баталсан. Ирэх жил нийслэлд 62 тэрбум төгрөг татвар болгож өгнө. Иргэдийн татвар, торгууль шийтгэл гээд бүгд дүүргийн татвар болоод явдаг. Сүхбаатар дүүрэг нийслэлд 62 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гээд төсөв батлагдсан. Үүнийгээ хаанаас яаж бүрдүүлж өгөх  талаараа бодоод ч олохгүй байна. Иргэдээс татвар аваад торгоод ч энэ их мөнгө бүрдэхгүй” хэмээн Г.Даваацэцэг дарга халаглаж сууна. Нэг талаараа зөрчил арилгах гэж торгож байгаа ч нөгөө утгаараа баталсан төсөвт татвараа бүрдүүлэх гэхдээ иргэдийн халаасыг чадах хэмжээгээрээ хоосолдог гэж хэлэхэд болохоор дүр зураг харагдаад байгаа нь гол зурам хэцүү юм аа. Иргэний нуруун дээр ирэх татвар олон өрхийг туйлдуулж байгааг дарга нар мэддэггүй нь харамсалтай. 

ОРОН БАЙРГҮЙ ХОРОО

Энэ хороонд тулгамдаж байгаа гол асуудал бол төрийн үйлчилгээг хүргэх стандарт хангасан  орон байр. Улсаас актад гарсан байрыг нь нураах шийдвэр гарсны дараа шинэ байр барих талаар яригдаж төсөв  батлагдана гэж мөн ч их хүлээжээ. Хэзээ шийдэгдэх нь мэдэгдэхгүй байгаа хорооны байр баригдаж бий болтол тус хорооны үйл ажиллагаа хоёр давхар супермаркетын мансартнаас иргэнд хүрэх нь тодорхой. Дүүргийн ЗДТГ-аас хорооны байрны түрээсийг төлдөг ч ажилтнууддаа ч иргэндээ ч тохь муутайхан энэ хүйтэн байрнаас стандартын шаардлагад нийцсэн ямар ч ажил үйлчилгээ хүлээх нь утгагүй мэт. Дэлхий хөгжлийнхээ ноён оргил руу гэрлийн хурдаар өгсөж байхад Монгол Улсын нийслэлд төрийн үйлчилгээ үзүүлэгч Хороо өөрийн гэсэн байр, савгүй, нэг муу дэлгүүрийн дээврийн өрөөнд үйл ажиллагаагаа явуулж байгаа нь инээдэмтэй, эмгэнэлтэй. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. เว็บไซต์:
    2019 оны 12 сарын 23 | Хариулах
Нийтлэлчид