Улаанбаатар 1c

Ц.Шийрэв: Тамирчны амьдралаар амьдарна гэдэг тийм амар биш

Спорт:
NPost.mn
2019-12-26 10:00
ШШГЕГ-ын  “Сүлд” спорт хорооны жүдо бөхийн багш, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвийг “Дасгалжуулагчийн цаг” булангийнхаа зочноор урьж ярилцлаа.

-Та  бөхийн спорттой хэдий үеэс холбогдсон бэ?

-Би Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул. Сургуульд байхдаа бөхийн холбогдолтой ном, сонин, сэтгүүл сонирхон уншиж, тэдэн шиг бөх болохыг мөрөөддөг байв. 1975 онд Улаанбаатар хотод ирж,  дунд сургууль төгсөөд, цэргийн албаа 017 дугаар ангийн I, IV ротод хаасан. Бөхийн спорттой1982 оноос холбогдсон гэж болно. Дараа нь ҮБДС-ийн дасгалжуулагчийн ангийг төгссөн.

-Самбо, жүдо бөхөөс өмнө үндэсний бөхөөр барилдаж байсан бил үү?

-Манай барилгын ажилчдын олонх нь залуучууд байсан болохоор хоорондоо их барилдана. Угсармал орон сууцны трейстэд улсын арслан Ө.Эрдэнэ-Очир, том Ц.Санжаа,  спортын мастер Н.Баатар гээд мундаг бөхчүүд байв. Тэр үед би байгууллагын аваргад түрүүлээд дүүргийн аварга шалгаруулах самбо, жүдо, чөлөөт бөх, үндэсний бөх, хүндийн өргөлтийн тэмцээнд оролцож, спорттой амьдралаа холбох эхлэлээ тавьж байлаа. Улсын арслан М.Мөнгөн манай Найрамдлын районы үндэсний бөхийн бэлтгэл, сургуулилалтыг хийлгэдэг байсан юм. Миний барилддаг 68, 74 кг-ын жинд дэлхийн шилдэг бөхчүүд гэгддэг улсын заан, самбын дэлхийн аварга  Ж.Ганболд, улсын начин Д.Бадрах, дэлхийн аварга  Г.Жамсран гавьяат гээд мундагууд байв. 

-Таныг самбо, жүдо бөхийн дасгалжуулагч болоход хэн нөлөө үзүүлж, урам дэм хайрлав аа?

-Дасгалжуулагч дэвжээний захад том алчуур барьчихсан тамирчдынхаа хөлсийг сэвээд, зөвлөгөө өгч байгаа нь их гоё харагддаг байж билээ. БЗД-ийн чөлөөт бөхийн дасгалжуулагч Ш.Нямхүү гэж багш байсан.  Ш.Нямхүү багш “Чи бөхийн спорт руугаа орсон нь дээр шүү. Чамд арай илүү таарч, тохирно” гэсэн зөвлөгөө өгсөн. Тэгээд Ш.Нямхүү багшийн заавар, зөвлөгөөг авч бөхийн спортын бэлтгэлээ түлхүү хийдэг болов. Гэтэл  зах зээлийн нийгмийн шилжилтийн үе таарч, спортын салбар  уналт, зогсолтын байдалд орчихлоо. Цалин нь баталгаагүй болсон учраас Ш.Нямхүү багш амьдрал, ахуйгаа бодоод ганзагын наймаа руу оров. Тэгтэл 1993 онд Найрамдлын районы Б.Номинчулуун дарга намайг дуудаж  “Чи одоо дасгалжуулагч болох хэрэгтэй байна” гэсэн. Тэгж л анх дасгалжуулагч болох мөрөөдөлдөө хүрсэн ч хүүхэдтэй, хүнтэй ажиллахын хэцүү хүнд бэрхшээлүүдийг мэдэрч эхэлсэн дээ. Намайг дасгалжуулагч болоход олон хүн тус дэм болсон. Тэд “Хүн эхээс төрөхдөө бүхнийг мэддэг, чаддаг төрдөггүй юм. Бусдаас ичиж зоволгүй, мэдэхгүй, чадахгүй зүйлээ асууж бай” гэж захина. Тэр хүмүүсийн  үлгэр дуурайл, зөвлөгөө надад урам дэм хайрласан. Чөлөөт бөхийн гавьяат Ц.Нацагдорж багш  ирээд  “За алив  журнал, төлөвлөгөө, конспект чинь хаана байна” гээд үзэж шалгав. Түүний дараа би ҮБТДС-д дасгалжуулагчийн ангид орж Ш.Чанарав багшийнхаа шавь болсон.

-Таныг олон жил улсын цолонд ойрхон бөхөөр нэрлэж байсан?

-Би аймгийн заан цолтой байж байгаад, нас нэлээн ахисан үедээ 1997 онд Баянхонгор аймагтаа түрүүлж, аймгийн арслан цолтой болсон. Начны тааварт явдаг л байв. Улсын наадамд олон удаа 2-3 давсан. 

-Та самбо, жүдо бөхийн дасгалжуулагч. Гэтэл шавь нар чинь кураш, сүмо, жиү жүци, бүст барилдаан гээд бөхийн олон төрлөөр тив, дэлхийд амжилт гаргаж байна. Та тэднийг чиглүүлж өгдөг үү?

-Дасгалжуулагчийн хувьд ерөнхий чигийг нь өгдөг. Би тухайн хүүхдийн барилдааны  үндсэн суурийг зөв тавьж өгөхийг хичээдэг. Бөхийн сууриа зөв тавьсан хүүхдүүд өөрсдийн бие бялдрын онцлогт тохирсон төрлүүдийг сонгоод байна л даа. 

-Шигшээ багт таны олон шавь бий. Анх гарч ирэхдээ маш эрч хүчтэй, дуулиан шуугиантай амжилт гаргаж байлаа. Гэтэл одоо амжилт нь нэг түвшиндөө тогтоод байна. Спорт сонирхогчид тэднээс илүү ихийг  хүсээд байгаа. Багшийн хувиар шавь нартаа юу зөвлөмөөр байна вэ?

-Олон шалтгаан бий. Бэлтгэл, сургуулилалт, тэмцээн уралдааны зардал, жин хасалт, бэртэл, гэмтэл, сэтгэл зүй, бэлтгэлийн ачаалал таарсан үе, сэргэлт авч чадахгүй уналтад орсон үе гээд асуудал олон бий. Би шигшээ багт тамирчдыг бэлтгэн өгөх үүрэгтэй. Шигшээгийн багш нарын урдуур орж бэлтгэл хийлгэх заавар зөвлөгөө өгөх эрхгүй. Гадны дасгалжуулагчдын  судалгаа өндөр хэмжээнд хөгжиж байна. Нэг хэвийн барилдааны тактиктай,  байнга хийдэг 2-3-хан мэхтэй тамирчин амжилт гаргаж чадахгүй болжээ. Манай бөхчүүдийг гаднынхан дэндүү судалж, тэдний барилдааны эсрэг тактик сайн боловсруулдаг болсон байна.

-Таны шавь Ц.Цогтбаатар багаасаа дэлхийд танигдсан бөх. Гэтэл Риогийн олимпын дараа  жин өгсөж 73 кг руу орсон. Миний бодлоор 66 кг-д барилдвал илүү амжилт гаргахаар санагдах юм. Ер нь аль жинд барилдах нь түүнд илүү тохиромжтой вэ?

-“Бридж” группын дэд захирал, “Хонгор нутаг”-ийн тэргүүн Ч.Дорждэрэм Ц.Цогтбаатарыг надад авчирч өгч байлаа.  Тэр үед Ц.Цогтбаатар 12 настай байв. Х.Баттулга Ерөнхийлөгч энэ хүүхдийг их дэмжсэн. Ц.Цогтбаатар 16 настайдаа өсвөр үед түрүүлж, 17 настайдаа насанд хүрэгчдийн улсын аваргад Г.Хэрлэнг ялж хүрэл медаль авч байсан. Дараа жил нь дэлхийн аварга Г.Болдбаатар, дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин нарыг хожиж, улсын аварга болж байлаа. Тэгээд Риогийн олимпод орсон. Нас залуу болохоор ялимгүй туршлага дутсан, тактикийн алдаа гаргасан л даа. Би Цогоод “Чи 66 кг-ын бөх шүү. Чамд 66 кг илүү тохирно” гэдэг. Риогийн олимпын дараа  жин нь огцом өсөөд явчихсан. Цогоо “Багшаа би 73 кг-д барилдмаар байна” гэсэн. Тэгээд Парисын “Их дуулга”-аас хүрэл медаль хүртсэн. Екатеринбургийн  “Их дуулга”-д явахад нь би “Хэрэв чи энэ тэмцээнд түрүүлэхгүй бол дараагийн тэмцээнээс 66 кг-д барилдана шүү” гэлээ. Гэтэл түрүүлчихдэг байгаа. Түүнээс хойш би 66 кг-д барилд гэж хэлэхээ больсон. Одоо ч 73 кг-даа дасчихлаа. 

-Л.Энхрийлэн яагаад барил­дахгүй байна вэ. Бэртэл, гэмтэлтэй байгаа юу?

-Л.Энхрийлэн бэртэлтэй байгаа. Жүдогоор 12 настайгаасаа  хичээллэсэн. Их шаргуу хөдөлмөрч, авьяастай хүүхэд. Тэр дайчин шинж чанар нь түүнийг амжилт гаргахад нь чухал нөлөө үзүүлдэг. Насанд хүрэгчдийн улсын аваргаас 16-тайдаа медаль хүртсэн. Гранпри тэмцээнд 17 настайдаа Японы бөхийг хожиж түрүүлж байлаа. Дэлхийн залуучуудын аваргаас мөнгөн медаль хүртсэн. Д.Сумъяаг дагаад их сайхан гарч ирсэн юм. Хөлдөө бэртэл аваад, эмчилгээ нь жаахан удааширч хойшлоод цаг их алдчихлаа. Одоо бэртэл нь эдгэрч сайжраад бэлтгэлдээ орчихсон яваа. 

-Дэлхийн аваргын хүрэл медальт Л.Отгонбаатар хэдэн настайдаа таны шавь болж байв даа?

-Л.Отгонбаатарын ах аймгийн арслан Л.Үйтүмэн 12-13 настай, 40 гаруй кг жинтэй хүүхдийг надад авчирч өгсөн юм. Манай Отгоо чинь хөдөөний амьдралдаа их дуртай. Айлын отгон хүүхэд. Зун болохоор хөдөө гэр рүүгээ яваад алга болчихно. Би “Чи   дэлхийн хэмжээний том бөх болж чадна. Өөртөө итгэ. Олимп, дэлхийн медальтан болох боломж чамд бий” гэж түүнд хэлдэг байв. ОБЕГ-т оруулж арай гэж тогтоож аваад, 2015 онд шигшээ багийн тамирчин болгож  санаа амарсан. МЖБХ-ны менежер Д.Нямхүү Гүржийн тэмцээнд авч явсан. Тэндээс хүрэл медаль хүртээд Австрийн тэмцээнд орж, дараа нь Улаанбаатарын гранприд түрүүлээд л олонд танигдан гараад ирсэн. 

-Л.Отгонбаатар Риогийн олимпоос хүрэл медаль хүртэх боломжтой байсан. Тэр боломжийг яагаад ашиглаж чадалгүй алдсан  юм бол?

-Хятадын бөх Шин Жаог өмнө  нь 2-3 удаа ялсан. Шин Жао их хурдтай, огцом тэсрэмтгий хүч гаргадаг онцлогтой бөх л дөө. Магадгүй хүчний дасгал түлхүү хийдэг байх. Эхний 2-3 минутын барилдааныг нь аргалчихвал амархан цуцаад суучихдаг  бөх. Дасгалжуулагч Г.Дашдаваа өмнөх тойргийн барилдаанд нь залуу хүн болохоор алдаа гаргаж дэвжээний захаас хөөгдсөн. Тэгээд Отгоо хүрэл медалийн төлөөх барилдаанд дасгалжуулагчгүй гарсан. Би дээрээс үзэж байсан л даа. Тэр холоос миний зөвлөгөө өгөх гэж юу байх вэ. Тэр үед би ойрхон сууж байхгүй яав даа гэж одоо хүртэл харамсаад байдаг юм. Эхний дайралтыг зогсоогоод аргалчихсан бол хожих боломж байсан. Дэвжээнд гараад барилдахад Шин Жао их хөнгөн юм шиг санагдсан гэсэн. Отгоо түүнийг ялна гэдэгтээ дэндүү итгэлтэй байсан юм билээ. Үүрэх гээд татаад суухад үед Шин Жао  Отгоогийн гарыг нь ханз татан шөрмөсийг нь тасалж, булчинг нь урж хүнд гэмтээсэн. Тэгээд гартаа бэртэл авсан, эрүүл ганц гартай хүн яаж барилдаж чадах вэ дээ. Олимпоос хойш жил гаруй хугацаанд бэлтгэл хийгээгүй. Тэгээд -100 кг руу жин өгссөн. Хүнд бэртэл аваагүй байсан бол магадгүй олимп, дэлхийгээс 2-3 медаль авах боломж түүнд байлаа. Отгоогийн бэлтгэл, сургуулилалт нь тохирвол ирэх жилийн Токиогийн олимпоос медаль хүртэх боломж бий. Түрүү жил дэлхийн аварга Аарон Вольфийг ялж ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж бөмбөрцөгийн бөх гэдгээ нотолж чадсан. 

-Д.Төмөрхүлэг олимп, дэлхийн аварга домогт бөх Номура, дэлхийн хошой аварга Абэ Хифуми,  Украины  Зантарая, Узбекийн Собиров гээд  шилдгүүдийг ялж байсан. Гэтэл олимп, дэлхийн аваргын шийдвэрлэх барилдаанд ялагдчих юм. Түүний сэтгэл зүйн тогтворгүй байдал амжилтыг нь хойш татаад байна гэх яриа байдаг?

-Д.Төмөрхүлэгийг есөн настай байхад аав нь надад авчирч байлаа. Д.Төмөрхүлэгийн хувьд сэтгэл зүй жаахан тогтворгүй байдаг талтай. Тэрийг нь дараад жаахан хурцлаад өгвөл амжилт гаргах л хүүхэд байгаа юм. Төрөлхийн авьяас, чадвартай бөх. Мэх, техникийг маш хурдан сурдаг. Насанд хүрэгчдийн улсын аваргаас 16-17 настайдаа медаль хүртэж байсан. 18 настайдаа олимпын аварга  Галстянд ялагдан залуучуудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж байлаа.  Нөөц боломж, чадвар түүнд бий. Олимп, дэлхийгээс ямар ч асуудалгүй медаль хүртэж чадна. Олон жил Монголын 66 кг-ын жингийн нэг номер байлаа. Дэлхийн шилдгүүд Д.Төмөрхүлэгээс жийрхдэг. Чингис хаан “Сартуул улс мөхөөгүй гэдгийг өглөө бүр надад сануулж байгаа” гэдэг шиг.  Д.Төмөрхүлэгт “Чи эрч хүчтэй шүү” гэж сэтгэл зүйн итгэл үнэмшлийг өөрт нь зөв суулгаж өгөх хэрэгтэй байх. 

-О.Мөнхцэцэг сүмо, кураш бөх гэж яваад оройтож жүдо руу оров уу?

-Үгүй, үгүй. О.Мөнхцэцэг жүдогоор эрт барилдсан. Жинд нь манай хоёр шилдэг мастер ОУХМ П.Лхамдэгд, Ц.Наранжаргал нар байсан болохоор тэдний амжилтад дарагдаад олонд танигдахгүй явсан байх.  Ер нь манай охидоос Б.Бат-Эрдэнэ олимп, дэлхийд боломжийн амжилт гаргах хүүхэд байсан. Тэр хүүхдийг  амжилтад хүргэж чадаагүйдээ би харамсаж явдаг. Их авьяаслаг, хөдөлмөрч, чадвартай охин. Тэмцээн уралдаанд явж чадахгүй болохоор урам нь жаахан мохоод жүдогоос хөндийрчихлөө. Эдийн засгийн тэр бэрхшээлийг давчихсан бол амжилт гаргах боломж түүнд байсан. Харин О.Мөнхцэцэг их багаасаа жүдогоор хичээллэсэн. Сүмо, кураш, бүст барилдааны дэлхийн аварга, самбо бөхийн дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальтай охин.  Ер нь тамирчны амьдралаар амьдарна гэдэг тийм амар, хялбар биш шүү дээ. Дур сонирхолдоо хөтлөгдөн, амьдралаа золиослон байж спортын төлөө зүтгэж байгаа. 

-Таны хоёр шавь 60 кг-д зэрэг гараад ирсэн. Гэтэл одоо бас амжилт нь ахихгүй зогсонги  байдалд орчихоод байна уу?

-Ж.Амарболд, Б.Мягмардорж хоёр 18-19 настай хүүхдүүд насанд хүрэгчдийн улсын аварга болсон. Залуучуудын дэлхийн аваргаас медаль хүртсэн. Тэр хоёрт нас байна, цаг хугацаа ч байгаа. Өөрсдөө хичээгээд явбал амжилт гаргана. Ж.Амарболд түрүү жил Туркийн гранприд оролцохдоо гартаа бэртэл авсан. Тэр бэртэл нь эдгэхээр сайн барилдах байх аа. Б.Мягмардорж сүүлийн хоёр жил дараалан улсын аваргаас мөнгөн медаль хүртсэн. Өнгөрсөн жил гартаа бэртэл аваад энэ жил нэг ч тэмцээнд оролцоогүй. Цаашид амжилт нь ахина. Монголын 60 кг тэнцүүхэн өрсөлдөгч олонтой. Тэр хэмжээгээрээ дэлхийд өндөр амжилт гаргадаг жин шүү дээ. Эдийн засгийн хувьд боломжтой бол гадны тэмцээнд олон оролцуулж, амжилтыг нь ахиулмаар байгаа юм. 

-Б.Тэмүүлэн таны шавь, залуучуудын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж, гранпри, гранд сламаас медаль хүртээд гарч ирсэн. Одоо Н.Түвшинбаяр аварга, Ө.Дүүрэнбаяр нарын амжилтад дарагдаад байна уу?

-Тэр залуучуудын дэлхийн аваргаас 20 настайдаа медаль хүртэж байлаа. Чехийн олимп, дэлхийн аварга Крпалектай  тэгэхэд нэг жинд барилдаж байсан. Боломж түүнд бий. Б.Тэмүүлэн байгалиас заяасан бие бялдартай. Би  “Чи ер нь үндэсний бөхөөр барилдвал ямар вэ” гэж хэлдэг юм. Лондоны 2012 оны олимпод орсон бол медаль хүртэх боломж түүнд байсан. Оргил амжилтын үе нь тэр үе байлаа. Даан ч олимпод нэг улсаас нэг тамирчин оролцдог болохоор тэр цаг хугацааг алдсан. 

-Мэргэжлийн сүмогийн озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, А.Баасандорж, Г.Мөнхсайхан, Т.Эрдэнэбаатар, Б.Төрболд, Казах куресийн дэлхийн аварга Д. Анар, Б.Серик, О.Лхагвахүү, А.Давааням, шилдэг шүүгч Т.Энхцэцэг, боксчин Н.Төгсцогт,  Д.Нармандах гээд таны шавь нарын  амжилтыг тоочоод барахгүй олон юм аа?

-Багш хүн шавиараа бахархаж суух сайхан л байдаг. Шавь нар нь сайн хүн болох, сайн явах нь багшаас шалтгаална. Хүүхэд бүхэн дэлхийн шилдэг тамирчид болохгүй. Харин тэднийг зөв хүн болгон төлөвшихөд нь спорт чухал нөлөөтэй. 

-Таныг гавьяат дасгалжуулагч болох үед олимп, дэлхийн аварга Шёохэй Оно мэндчилгээ дэвшүүлсэн гэдэг байх аа?

-Миний нэрэмжит тэмцээн болсон юм. Тэр үед надад мэндчилгээ дэвшүүлсэн байсан. Манай Тэрүнофүжитэй дотно найзууд юм билээ. Шёохэйо Оно мэндчилгээндээ “Таны шавь нартай олимп, дэлхийн аваргын тэмцээнд барилдаж үзмээр байна” гэж бичсэн байсан. Энэ жилийн Токиогийн дэлхийн аварга дээр  Цогоо тэр хүслийг нь биелүүлэх дөхсөн шүү. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид