Улаанбаатар 1c

Б.Шоовдор: Аав маань намайг их спортод хөтөлж оруулсан

NPost.mn
2020-01-05 15:18

Хорин настайдаа чөлөөт бөхөөр хичээллэж 2-3 жилийн дотор дэлхийн хэмжээний тамирчин болж чадна гэдэг гайхамшиг. Энэ гайхам ховор амжилтын эзэн бол “Хасу мегастарс” клубийн тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор билээ. Тэрбээр Будапешт-2018, Нур-Султан-2019  ДАШТ-ээс дараалан хүрэл медаль хүртсэн. Ази тивийн АШТ-ий мөнгө, хүрэл, Иван Ярыгиний “Алтан Гранпри”, Польшийн нээлттэй тэмцээн, Сассари, Александр Медведь, “Mongolia open” олон улсын тэмцээний аварга, Монгол Улсын таван удаагийн аварга тамирчин юм.  

-Хүүхэд нас чинь хаана өнгөрөв. Айлын хэд дэх хүүхэд вэ. Бага насныхаа дурсамжаас хуваалцахгүй юу?

-Би Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрж, өссөн.Ээж Ховд аймгийн Эрдэнэбүрэнгийн Өөлд хүн. Аав болохоор Ховд аймгийн Зэрэг сумын Захчин ястан. Аав ээж хоёулаа сэхээтэн. Аав багш мэргэжилтэй. Харин ээж захиргаанд цаг уурчаар ажилладаг байсан. Манайх ам бүл ес. Би айлын зургаа дахь охин. Доороо нэг эмэгтэй дүүтэй. Дээрээ таван эгчтэй. Миний хүүхэд нас Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд өнгөрсөн. Манай сум намар, өвөл, хавар суурин байж байгаад зун болохоор дээшээ Цамбагарав руу өгсөж, Хонгион гол руу нүүдэг байлаа. Шумуул ихтэй учраас сумын төвийн захиргаа  зундаа нүүж зусланд гарна. Хонгион гол дээр миний бага нас өнгөрсөн. Голд их сэлнэ. Тугал хариулдаг хүүхэд байлаа.  Нэгээс дөрөвдүгээр анги хүртлээ Эрдэнэбүрэн сумандаа сурсан. Тавдугаар ангид орох жилээ Улаанбаатар хотод шилжиж ирсэн.

-Аав чинь волейболын багш, дасгажуулагч гэсэн. Олон шавьтай биз?

-Аав биеийн тамирын багш, волейболын дасгалжуулагч, спортын мастер хүн. Аавын шавь нараас гэвэл улсын харцага Амартүвшин, Алтангэрэл гээд олон сайхан волейболчдыг төрүүлэн гаргасан. Улсын харцага Т.Амартүвшин, Г.Алтангэрэл нарын спортын “унаган суурь” нь волейбол. Аав манай сургуулийн биеийн тамирын багш байлаа.

-Гар бөмбөгөөр хэддүгээр ангиасаа хичээллэж эхлэв?

-Улаанбаатар хотод шилжиж ирээд 44 дүгээр сургуулийн тавдугаар ангид орсон. Ер нь би багаасаа барилгын инженер болно гэсэн мөрөөдөлтэй явсан.  Тэр мөрөөдөлдөө хүрэхийн тулд математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид орсон юм. Гэтэл долдугаар ангид ордог жил волейболын ангид хүүхэд шалгаруулж авна гэсэн зар гарсан. Тэр зарын дагуу шалгуулж тэнцээд, математикийн ангиасаа гарч волейболын ангид орсон. Ингэж спортын гараагаа волейболоор эхэлж байлаа. Волейболын ангид шалгалт өгч тэнцээд л “Уурхайчин” клубийн Баярсайхан багшийн шавь болсон. Одоо багш минь Монголын волейболын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа.

-Хэдэн жил хичээллэсэн бэ?

-Тухайн үед дунд сургууль 10 дугаар ангитай байж байгаад 11 жилийн сургалт руу шилжсэн. Тэгээд 7-11 дүгээр анги хүртлээ 4-5 жил  волейболын спортоор хичээллэсэн. Биднийг сургууль төгсөхөд надаас гадна манай багийн таван охинд  ШУТИС-д урилгаар суралцах эрх олгосон юм. Миний багын барилгын инженер болох мөрөөдөл биелэх  нь гэж баярласан. Гэтэл уул, уурхайн ангид хуваарьлагдсан. Анги сольж чадахгүй нэг жил сураад аавтайгаа ярилцаж шийдээд сургуулиа, волейболоо орхиод бөхийн спорт руу эргэлт буцалтгүйгээр орсон. Анх бөхөөр хичээллэж байхдаа их ичдэг байв. Ангийхаа хүүхдүүдтэй таархаас ичиж, санаа зовно. Сүүлдээ жаахан дасаад арай гайгүй болсон. Амжилт гаргах болсноос хойш ичиж, санаа зовох байдал үгүй болсон.

-ШУТИС-даа сурахгүй, мэргэжлээ яагаад сольчихсон юм бэ?

-Их спортын төрлөөр тууштай хичээллэж амжилтын төлөө яваа тамирчдыг амьдрал золиослогдож хаягдаг. Мэдлэг боловсролдоо анхаарах уу. Спортын амжилт гаргахдаа анхаарлаа хандуулах уу гэдэг хоёр салаа замын аль нэгийг сонгохтой тулгарсан. Миний хувьд спорт гэсэн замыг сонгосон.  Чөлөөт бөхөөр оройтож хичээллэсэн ч уйгагүй хичээж, зүтгэсний хүчинд өнөөгийн түвшинд хүрсэн. Магадгүй би ШУТИС-д сурахын хажуугаар бөхөөр хичээллэсэн бол өнөөдөр энэ амжилтад хүрч чадахгүй байсан болов уу. Золиос гаргасан шийдвэр минь буруу байгаагүй юм байна гэж боддог. Амжилт гаргаж, зорьсон зорилгодоо хүрсний дараа, амьдрал, мэдлэг боловсролдоо анхаарал хандуулж болох байх.

-Бөхийн спортоор 20 настай байхдаа эхлэн хичээллэсэн. Богино хугацаанд  2-3 жилийн дотор амжилт гаргаж дэлхийн хэмжээний  бөх болсон гэхээр үнэхээр санаанд багтахгүй юм. Дэлхийн хэмжээнд ийм гайхамшигтай түүх байдаггүй байхаа. Би лав сонсоогүй юм байна.  Н.Түвшинбаяр, С.Батцэцэг аваргууд оройтож их спортод орж ирэхдээ 14-16 настай байсан болов уу. Бөхийн спортоор амжилт гаргахад гар бөмбөгөөр хичээллэж байсан тань суурь болсон уу?

-Волейболын спорт суурь болж өгсөн. Их спортын суурийг аав надад зөв тавьж өгсөн гэж боддог. Багаасаа сургуулийн зааланд өнждөг хүүхэд байв. Сагсны цагаригт бөмбөг шидэж дийлэхгүй. Жижиг бөмбөгийг ханад шидэж тоглодог байлаа. Аав хавар спартикадад хүүхдүүд бэлтгэнэ. Сургуульд ороогүй жаахан охин байж том ах, эгч нарыг дагаад гүйнэ. Гүйж ирээд сунгалт, хурд, уян хатны дасгалыг дууриаж хийдэг байлаа. Тийм болохоор спортод дур сонирхолтой болох, спортын суурь мэдлэгийг аав тавьж өгсөн гэж боддог.

-Волейболын спортод дуртай охины сонирхол яагаад гэнэт өөрчлөгдөн чөлөөт бөх руу орчихов?

-Аав миний волейболын тэмцээнийг ирж үзсэн юм болов уу. Би нуруу намтай тоглогч болохоор талбайд маш бага тоглолт хийдэг. Сэлгээнд сууж, талбайд орж гараад байх нь аавд онцгүй харагдаж л дээ. Тэгээд аав “Миний охин волейболоо болиод  топ спортын төрлөөр хичээллэж үзвэл ямар вэ” гэсэн. Жүдо, чөлөөт бөхийн аль дуртай төрөл рүү өөрөө мэдээд ороод үз гэв. Аавын үгийг дагаж жүдо бөхөөр хичээллэсэн. Одоо Буриадын шигшээ багт ажиллаж байгаа Эрдэнэбаатар багшийн шавь болж дөрвөн сар хичээллээд жүдогийн залуучуудын УАШТ-д орж 57 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн. Спортын төв ордны жүдо бөхийн бэлтгэлийн заал нэг давхарт байдаг. Гадны хүмүүс их орж ирнэ.  Анхан шатны сургалтын бага насны  жаахан хүүхдүүд дотор ганцаараа дэнхийгээд зогсох нь их ичгэвэртэй санагддаг байв. Тэгээд аавд хэлээд, арай том охидууд хичээллэдэг чөлөөт бөхийн клубт орсон.

-Чөлөөт бөхийн хэн багшийн клубт анх орж байв?

 -Хоёрдугаар курсийн оюутан байхын өвөл, 20 настайдаа чөлөөт бөхийн спорт  руу орсон. Хан-Уул дүүргийн Энхтөр багшийн шавь болсон. Олны хөлөөс зайдуу ХУД-т Яаармагийн хүүхдүүдтэй хичээллэдэг болсон нь надад амар болсон. Хааяа шигшээ багийн зааланд ирж бэлтгэл хийнэ. Чөлөөтийн мундаг, шилдэг бөхчүүдээс би их ичнэ. Өрж чадахгүй, Ямарч техник, мэх давтаж чадахгүй. Санаа зовж, ичээд хүндрэлтэй байдаг байлаа. Энхтөр багш миний энэ байдлыг сайн ажиглаж мэдсэн байх. Түүнээс хойш намайг маш сайн бэлдсэн. Цаг, зав гарган өдөрт хоёр удаа мэх, техникийг эхнээс нь системтэйгээр зааж сургасан. Бэлтгэлийг сайн чанартай хийлгэнэ. Тэгэж л би ичэхгүй байх хэмжээнд хүрч, жаахан бөхийн дөртэй болсон.

-Чөлөөт бөхөөр хичээллээд хэдий хугацааны дараа амжилт гаргаж, багш, дасгалжуулагчид болон спорт сонирхогчдын анхаарлыг татав?

-2010 оноос бэлтгэл хийж эхлээд 2011 онд анх удаа том тэмцээн “Mongolia open”-д орсон. Тэр тэмцээнд 59 кг-ын жинд барилдаж хүрэл медаль хүртэж, олон улсын тэмцээний гараагаа амжилттай эхлүүлж байв. Түүний дараа оюутны УАШТ-ээс  хүрэл медаль хүртсэн. Тэгээд л тэмцээн уралдааны үүд хаалга нээгдсэн. Гэрийнхэн, эгч нар минь их баярлаж дэмжих болсон.

-“Mongolia open-2011”-д өөрийн тань жинд манай шилдэг бөхчүүдээс хэн, хэн байв.  Ямар бөхчүүдтэй барилдаж хүрэл медаль хүртэж байв?

-Манай 59 кг-ын жинд Монголын шилдгүүдээс гэвэл А.Чанцалнямаа эгч, Э.Цэгмид эгч, гавьяат тамирчин.С.Цэрэнчимэд,  дэлхийн аваргын хошой хүрэл медальтай, гавьяат тамирчин  Т.Мөнхтуяа эгч нар барилдсан. Би хэсэгтээ А.Чанцалнямаа Э.Цэгмид эгч нарыг ялаад хэсгийн аваргын төлөөх барилдаанд АНУ-ын бөх дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальтай Камптай барилдаж, сугалаа татаж челенжээр барьц сонгуулаад ялагдсан. Хүрэл медалийн төлөө Япон Улсын бөхтэй барилдаж хожсон. Хүрэл медаль хүртсэндээ их баярласан. Манай гэрийнхэн миний барилдааныг ирж үзсэн. Тэр гоё, сэтгэл хангалуун, аз жаргалтай агшин одоо хүртэл санаанаас гардаггүй. Дараа, дараагийн тэмцээнд амжилт гаргах эхлэл, суурь болж өгсөн гэж боддог.

-Чөлөөтийн улсын шигшээ багт хэзээ дуудагдав?

-2012 онд УАШТ-ээс хүрэл, 2013 онд мөнгө медаль хүртэж, 2014 онд “Mongolia open” –д болон УАШТ-д түрүүлээд, Ази тивийн аваргаас мөнгөн медаль хүртээд шигшээ багт орох байх гэж бодсон. Гэтэл шигшээ багт аваагүй. Тэгээд 2015 оны УАШТ-ээс алтан медаль хүртэж,  Иван Ярыгины  “ Алтан Гранпри”-д түрүүлж, “Mongolia open”-оос мөнгөн медаль хүртэж байж шигшээ багт орсон.

-Бага дэлхийн аварга гэж нэрлэгддэг Иван Ярыгины “Алтан Гранпри”-д түрүүлсэн бөх олимп, дэлхийн аваргаас медаль хүртдэг гэж ярьдаг. 2015 онд Иван Ярыгины “Алтан гранпри”-д дэлхийн аварга С.Батцэцэг, П.Орхон нарыг ялсан гэдэг бил үү?

-2014 он “Mongolia open” дээр П.Орхоныг ялсан. 2015 онд Иван Ярыгинд  түрүүлэхдээ П.Орхонтой барилдаагүй. Том С.Батцэцэгтэй тэмцээн дээр барилдаж үзээгүй.  С.Батцэцэг 2010 онд дэлхийн аварга болчихоод жин өгссөн. Би 2015 онд бага дэлхийн аваргад түрүүлчихээд Лас Вегасын ДАШТ-д очсон. Дэлхийн аваргын хошой мөнгөн медальтай АНУ-ын бөх Рагантай таарч ялагдсан. Би түүнийг дэлхийн цомд болон “Mongolia open”-д таарч хоёр ялчихсан байсан юм. Гэтэл ДАШТ дээр ялагдсан.

-Дэлхийн аваргын тавдугаар байрт орсон чинь хэдэн оны ДАШТ юм бэ. Тэр ДАШТ-д хүрэл медалийн төлөө барилдахдаа урагшаа сайн явахгүй. Нэг тийм зууранг, хөшүүн барилдаан хийсэн санагддаг. Сандарсан, биеэ барьсан барилдаан болсон уу ?

-Тэр 2017 оны Парисын ДАШТ. Дэлхийн аваргад явахын өмнө бэлтгэл дээр хөлөндөө бэртэл авч “өвдөг дуугарчихсан” юм. Бэртэл авсны дараа гишгэж чадахгүй байсан. Хөл хавдаад өмд багтахгүй байлаа. Маргааш нь Буян-Ухаагаас нисэх байсан болохоор багш нараас нуучихсан. Ийм чухал тэмцээнд орохын өмнө бэртчихлээ гэж багш нарт хэлэхээс айсан. Хавдрыг нь буулгаж, өвчин намдаах эм уугаад тэвчээд явсан. Тэгсэн чинь  багш нар аль хэдийнэ мэдчихсэн байв.  “Унасан бөхөд шалтаг мундахгүй” гэдэг шиг юм болов. Тэр бэртлээс гадна Парист очсон өдөр хацар дээр хатиг гарчихсан. Анх удаа ДАШТ-ий медалийн төлөө барилдаж байгаа болохоор  сандарсан, биеэ барьсан  зүйл байсан байх.

-Анхны хүрэл медаль хүртсэн ДАШТ их сайхан байсан биз. Их гоё мэдрэмж төрсөн үү?

- Унгарын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Хэсгийн аваргын төлөө Туркийн бөхтэй таарсан. Түүнийг бүрэн ялах боломжтой байв.  Оноогоор хожиж явсан юм. Нэг оноо алдаад дэвжээнээс алхаад гарчих барилдаан дээр алдаа гаргасан.  Хөлдөө оноо алдахгүй гэж  сөрж барилдаад, хэрээст мэхэнд орж бэртэлтэй хөлөө сэдрээж хоёр оноо алдаж ялагдсан.

-Олимпын жинд барилдаж байв уу. 59 кг барилдахдаа хэдэн кг хасдаг вэ?

-2015 онд олимпын жинд барилдаж үзсэн. Жин хасах хэцүү. Миний өндөр 168 см. Жин хасаад 57 кг руу орох тийм тохиромжтой биш санагддаг. Одоо жин өгсөж олимпын жинд барилдах бодол бий.  Буриадын олон улсын тэмцээнд жин өгсөж барилдаж үзсэн. Ер нь жиндээ дасаад ирвэл боломжийн юм шиг санагдсан. Одоо барилдаж байгаа 59 кг-д орохдоо  2-3 кг хасаад барилддаг.

-Тэгэхээр удахгүй олимпын жинд барилдах юм байна гэж ойлгож болох уу?

-Олимпын жин 62 кг руу жин өгсөж барилдах бодол бий. Дэлхийн цомд 62 кг-д барилдах саналаа холбооны удирдлагуудад хэлсэн. Багш, дасгалжуулагчид чиний амжилт Монгол Улсад чухал байна. Дэлхийн цомд 59 кг-д барилдаач гэсэн. УАШТ-д 62 кг-д барилдана. Түрүүлж чадвал дараа дараагийн тэмцээний үүд хаалга нээгдэх байх.

-2019 оны  ДАШТ-ий хэсгийн аваргын төлөө их бяртай Канадтай барилдсан. Би өөрийг чинь ялчихлаа гэж харсан. Цагтаа амжиж хийсэн сүүлийн оноог яагаад өгөөгүй вэ?

-Канадын бөхтэй урд өмнө таарч барилдаж байхад тийм их бяртай байгаагүй. Энэ жил их бяртай болсон байна лээ. Би урд өмнөх барилдаануудаа бодчихсон нь миний алдаа болсон байх. Ийм мэх хийж  оноо аваад ялж байсан. Тэр мэхээ хийх гэж зүтгэсэн нь алдаа болчихсон. Сүүлийн  оноог цагаас өмнө амжиж авсан гэж бодсон юм. Дараа нь бичлэг харсан чинь цагтаа уралдаад ард нь гарсан байсан. Оноо өгвөл, өгөхөөр юм билээ. Шүүгч нар ярилцаад шийдвэрээ гаргасан болохоор надад маргалдах эрх байгаагүй.

-Барилдааныхаа үеэр ямар мэхийг гол төлөв дархан  хийдэг вэ. Бүхэл онооны  ямар мэхийг хийдэг вэ?

-Дархан мэх гэвэл хөлд орох мэхийг  хэлнэ. Ямарч бөхийн хөлийг авна  гэж үзнэ. Барьц ороод ирвэл бүхэл оноо авах өмсөх мэхийг хийдэг.  Хөлд орсон бөхийг дагуулж хөмөрнө. П.Сумъяа багш бид хоёр хэвтээ барилдааны бэлтгэлийг давтаж байгаа. Миний уян хатан чанар тийм сайн биш. Накат шахахад хатуу болохоор мостолж чадахгүй өөр дээрээ алдаж оноо алдах гээд байдаг. Энэ байдлаа засаж сайжруулж байгаа.

-Хүчний бэлтгэлийг хэр их хийдэг вэ. Гадаадын бөхчүүдэд бярдуулаад байх шиг харагдах юм?

-Ер нь бол жингийнхээ бөхчүүдэд  бярдуулаад байдаггүй. Харин сая ДАШТ дээр Канадын бөхөд жаахан бярдуулчихлаа. Сүүлийн гурван жил хүчний бэлтгэлийг Батчулуун багшийн хамт системтэйгээр хийж байгаа. Жин их хасахад хүч, хурд буурах, амархан сульдаж ядардаг.  

-Сүүлийн жилүүдэд Энэтхэгийн бөхчүүд сайжирч гарч ирж байна. Япон, Хятадын эмэгтэй тамирчид дэлхийд бараг ноёлоод байна уу. Энэтхэгийн бөхчүүдтэй таарч байв уу?

-2018 оны  ДАШТ дээр Энэтхэгийн бөхтэй таарч барилдсан. Энэтхэг, Японы  сургалтын систем сайн. Бөхчүүд нь техник сайтай. Уян хатан чанар, барилдааны мэдрэмж сайн. Харин Европын бөхчүүд илүү бяр, тэнхээтэй байдаг.

-Гадны бөхчүүдтэй өөрийг чинь барилдахыг харахад их тайван нягт барилдаан хийдэг. Энэ таны тогтвортой сэтгэл зүйтэй холбоотой байх. Та сэтгэл зүйчтэй юу?

-Хэн тайван, чөлөөтэй барилдаж чадна тэр хүний барилдаан илүү гарч амжилт гаргадаг юм болов уу гэж боддог. Хэт их шатаж, улаарч дайрах нь хяналтаа алдах алдаанд хүргэх нь бий.  

-Одоо “Хасу мегастарс” дээр бэлтгэлээ базааж байна уу. Нутгийн уул, ус хүнийг түшиж явдаг гэдэг.  Том тэмцээнд явахын өмнө нутагтаа очдог уу?

-Би “Хасу мегастарс”-ын тамирчин. Сүүлийн гурван жил бэлтгэл хийж байгаа. Надад ээлтэй, түшигтэй газар. Жилдээ нэг удаа нутагтаа  очдог. Яг чухал тэмцээний өмнө нутагтаа очиж Цамбагарав хайрхандаа сүсэглэн залбирдаг. 2019 оны ДАШТ-ий өмнө очоод ирсэн.  Цамбагарав хайрханы өвөрт төрж өссөн. Тийм болохоор Цамбагарав хайрханаа шүтэж явдаг.

-Дэлхийн аваргад аавтайгаа бас Сумъяа багштайгаа цуг явсан. Аавынхаа дэргэд ялагдахгүй юм шүү гэсэн бодлоос болж биеэ барих, цэгнэх асуудал гарав уу?

-Ерөөсөө тэгэж сэтгэл зүйн хүнд ачааг өөртөө үүрүүлээгүй. Би ер нь тийм их сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн биш. Аль болох тайван байхыг хичээдэг. Сүүлийн хоёр жил сэтгэл зүйч У.Чулуунчимэг эгчтэйгээ хамтарч аижллаж байгаа. Гадаадын тэмцээнд цуг явдаг. Сэтгэл зүйчтэй ажилласны үр дүн гарсан гэж боддог. Ялалт ялагдлын алинд ч намайг тайван байлгаж чаддаг хүн бол сэтгэл зүйч У.Чулуунцэцэг эгч.

-Оны өмнө болон он гараад ямар тэмцээн байна вэ. Тэмцээний зардлыг хувиасаа гаргадаг уу. “Хасу мегастарс” клубээс гаргаж байна уу?

-2020 оны нэгдүгээр сард УАШТ байгаа. Хамгийн чухал нь УАШТ байгаа юм. Улсын аваргад түрүүлж байж олимпын эрхийн тэмцээнүүдэд орох эрхтэй болно. Олон байгууллага, сайн санаат хүмүүсийн тусламж дэмжлэгтэйгээр тэмцээнд явдаг. Үргэлж надад тусалж, дэмжлэг үзүүлдэг БТСГ,  Чөлөөт бөхийн холбоо, Үндэсний шигшээ баг , Түмэн-Аюуш захиралтай “Хасу мегастарс” клуб, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ховд аймгийн ЗДТГ, Эрдэнэбүрэн сумын ЗДТГ, “Од” фитнесийн хамт олон, У.Чулуунчимэг эгчдээ, гэр бүлийнхэндээ,  тусалж дэмждэг хүмүүст баярлаж талархаж явдгаа илэрхийлье. П.Сумъяа багшдаа их баярлаж явдаг. Миний өдий зэрэгтэй тамирчин болсон нь багшийн минь  их хөдөлмөрийн үр дүн.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид