Улаанбаатар 1c

Хилийн зурвасын цаана наана

Өдгөө П.Рэнцэндорж гуай 87, Б.Хандсүрэн гуай 79 настай. Тэд өөрсдийгөө “Бид жинхэнэ буриад үндэстэн. Бидний хүүхэд нас Давааны ар гэж нутгийн олны нэрийддэг Эрин багийн Бага буланд өнгөрсөн. Бүр Бага-Илэнхэн-Айнекийн боомт орчимд. Тэнд бидний гэр бүл, найз нөхөд бүх зүйл байж, одоогоос 70-аад жилийн өмнө. Өдөр бүхэн нь яг тиймээрээ өнгөрөх юм шиг л санадаг байж” гээд өнгөрсөн намар дарсан үхрийн нүдний чанамалаа хөрж гүйцээгүй шинэхэн талхтай ширээнд тавьлаа.  

Булган аймгийн Тэшиг сумын төвд амьдарч буй ийм нэгэн гэр бүлд түр саатсанаа нэхэн хүргэе. Тэд тус сумтай хиллэдэг Буриад Улсын Закаменск мужийн нутаг дэвсгэрт хүүхэд ахуй цагтаа тоглож өссөн хоёр. Гэвч түр боомтыг хааснаар хилийн зурвасын цаана ах дүү, төрөл төрөгсөд нь үлдэж, өөрсдөө наана нь үлдсэн улс юм. Хилийн зурвас тогтоосон хэсэгт очиход сумын төвөөс ердөө 62 километр. Гэвч нэвтрэх боомтгүй учраас зурвасын цаахнатай, тэрүүхэнд амьдарч буй  ах дүүсийнхээрээ очиж болохгүй. Очьё гэж зоривол хамгийн ойр боомт нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь шалган нэвтрүүлэх. Тэнд хүрэхэд талдаа 1300 километр. Ирэх очихын хамгийн багадаа 2600 километр замыг туулах шаардлагатай. Хил хаасан цагаас хойш энэ хоёр буурай амьдралын элдэв шалтгаан нөхцлийн улмаас ах дүү, төрөл төрөгсөдтэйгээ уулзаж чадаагүй өдийг хүрсэн аж. Энэ тухай нь, тухайн үед юу болж өрнөсөн талаар сонирхож яваагаа дуулгахад Рэнцэндорж гуай “20 гаруй жил болчихов уу даа. Миний болоод хөгшний маань цөөнгүй ах дүү, хамаатан садан, найз нөхөд хилийн зурвасын цаана үлдсэн. Хил удахгүй хаагдана гэж дуулсан л даа. Гэвч гэр орноо төвхнүүлчихсэн, ажил алба нь тэндээ хүмүүс хамаг юмаа ачаад наашаа нүүлтэй нь биш. Хэдхэн километрийн зайтай л болохоос биш айлсаж амьдарч байсан хэрэг. Хэлэхэд ахар юм шиг хэрнээ 20 жил гэдэг бас урт хугацаа шүү. Намайг хүүхэд шигээ хайрлаж, өсгөж, хүмүүжүүлэлцсэн авга ах, аавын минь төрөл төрөгсөд цөм тэнд бий. Зарим нь бурхны таалал олсон биз ээ. Боломж бололцоо болвол хүрээд очих сэтгэл байна. Заримынх нь нэрийг мартсан байна. Цөөн хүний дүрийг маш муу санаж байна. Гэхдээ энэ боомтыг удахгүй сэргээнэ гэсэн гэж хүүхдүүд ярих юм билээ. Нээдэг л юм бол тийшээ явчихаад ирнэ. Тэндэх ахан дүүсээрээ орж, элгийг нь дэвтээнэ” гэв.

Харин Б.Хандсүрэн гуай “Миний ч бас аавын ахан дүүс тэнд үлдсэн. Ээжийн талаас ч цөөнгүй хүн бий. Хилээ батлан хамгаалах эрхийнхээ хүрээнд Буриад түмнийг хилийн зурвасаар хуваасан явдал юм л даа. Голын наана цаана тоглож ижилдсэн хоёрыг нэг л шөнө уулзаж чадахааргүй болгочихсон юм л даа, үнэндээ. Үүнд хүн бүхэн л анхандаа гомдолтой байлаа. Он цаг явах хэрээр мартагдаж байх шиг байна. Боомт хаагдсаны дараах жилүүдэд ахан дүүс, хань ижил, найз нөхдөө санаж бэтгэрсэн, уйлж, тэмүүлсэн хүн олон байсан. Тэдний тоонд манай гэр бүлийнхэн ч орно. Миний нэг сайн найз охин байсан юм. Түүний сэтгэлтэй залуу хилийн цаана үлдчихсэн. Сэлэнгээр дамжаад хоёр удаа ирсэн. Настай ээжийгээ асардаг байсан болохоор буцахаас өөр аргагүй байсан гэдэг. Тэгээд ирээгүй. Найз минь олон жил ганц бие явсны эцэст ханьтай болсон. Энэ мэт сэтгэл зүрх, ураг төрөл хилийн төмөр торны хоёр талаас бие бие рүүгээ тэмүүлсэн өрөвдмөөр түүх олон бий” гэлээ. Түүнээс “Тухайн үед хилийн боомт байсан газраас уулзах гэж зөрчил гаргаж байсан тохиолдол байдаг болов уу” гэж асуухад “Ах дүүс тэр дундаа хайр сэтгэлд хил хязгаар, хана хэрэм саад болж чадах биш. Хилийн зурвас хууль бусаар нэвтрэхийг оролдсон зөрчил эхэндээ цөөнгүй гарсан. Тухай бүрт хатуу арга хэмжээ авсаар цөөрч, он цагийн аясаар одоо тийшээ зүглэдэг ч хүнгүй болж байх шиг байна. Тухайн үед хилийн зурвас зөрчсөн талаарх янз янзын л хөгтэй юм дуулддаг байсан. Одоо мартаж орхижээ” гэв.

Гурван жилийн өмнө 23 настай Олег гэх залуу Б.Хандсүрэн гуайг хайсаар ирсэн гэнэ. Үүдээр нь орж ирүүтээ “Закаменск мужаас явна. Очир гэж танай ээжийн ах байдгийг санаж байна уу. Түүний хүү Цэрэнгийн хүү Олег байна. Та бүхнийг мэнд сайхан амьдарч байгааг мэдүүлэхээр намайг явууллаа” гэсээр уулзсан гэнэ. Энэ тухай “Элэг дэвтэх шиг л болсон. Тэр хүүгээс тэнд амьдарч байгаа Буриад түмний аж амьдралын талаар хоёр өдөр яриулсан. Ах дүүс, хамаатан саднуудынхаа сайн сайхан явааг дуулсан. Олон хүн бурхан болсон байна лээ. Үр хүүхдүүд нь ч олуулаа болсон байна. Ээж минь амьд сэрүүн байсан ч болоосой гэж эрхгүй бодогдож байсан. Ээж ах дүүсээ үргэлж ярьдаг, санаж, бэтгэрдэг байсан. Миний төрсөн биш атлаа сэтгэлийн гүнд үргэлж хадаатай, ямар нэг юмаа хаа нэгтээ орхисон, гээсэн мэт амьдарч байхад ээжид минь ямар байдаг байсныг үгээр илэрхийлэх аргагүй байх. Ээж ахыгаа, тоглож өссөн нөхдөө зүүдэллээ гэж бараг өглөө бүр ярьдаг байсан. Бид хамтдаа гурван орой зул хөгжөөсөн. Тэр хүү дахиж бүр олуулаа ирнэ гээд явсан” хэмээв. Тэшиг сумын төв болон ойролцоо амьдарч байсан буриад үндэстнүүд тэр гурван өдөр тэднийхээр бараг бүгд ирсэн гэнэ. Ах, дүүсээ сураглаж, бараг бүгд захиа дайж, зарим нь дүүтэйгээ, хүүтэйгээ уулзсан юм шиг баярлаж хөгжсөн тухай хоёр хөгшин тэр он цагтаа дахиад очсон мэт хөөрөн ярив.  

Тийнхүү хэсэгхэн ч болтугай өөрсдийн мэдэлгүй онгирсон хоёр зэрэг гэмээр дуугаа намжаахад Хандсүрэн гуай“2600 километр тийм урт зам уу гэвэл биш. Харин настай бид хоёрт уртдаад байна.  Бид дөрвөн хүү, нэг охинтой. Хүүхдүүд биднийг Закаменск үзүүлнэ гэж байсан” хэмээв.

П.Рэнцэндорж гуай насаараа математик, физикийн багш хийхээс гадна Тэшиг, Хутаг, Сэлэнгэ сумын  дунд сургуулиудад 18 жил захирлын албан тушаал хашсан аж.  Харин Б.Хандсүрэн гуай 25 жил тасралтгүй сумдын эмнэлэгт бага эмчээр ажилласан байна. Биднийг ийн ярьж суутал гаднаас шатар барьсан хүү ороод ирэв. Өвлийн жаварт хацар нь улайж, даарсан хүү шатраа ширээн дээр тавингаа “Аав бэлтгэлээ базаа гэсэн. Орой ирж авна гэнэ ээ” гэв. Зургаан настай Б.Төгөлдөр хүүд П.Рэнцэндорж гуай сар гаруйхны өмнөөс шатрын нүүдэл заасан гэнэ. Харин Б.Төгөлдөр улсын шатрын аварга шалгаруулах “Цодгор хүү” тэмцээнд явахаар аймгаасаа шалгарсан учраас бэлтгэлээ базаахаар ирсэн нь энэ аж. Энэ талаар П.Рэнцэндорж гуай “Хэд хэдэн хүүхдэд ойр зуурын нүүдэл заасан ухаантай. Бүгд л аймаг, улсад дээгүүр байр эзэллээ гээд гүйгээд ирдэг юм. Энэ хүү маш богино хугацаанд сайжирч, маргааш улсын аварга шалгаруулах тэмцээнд явах гэж байна” гээд цаад өрөө рүү хүүг дагуулан оров. Тэднийг цааш орсны дараа Б.Хандсүрэн гуай “Энэ хэдийгээ тэмцээнд явчихаар нь сууж чадахгүй догдолдог юм байж бас нэрэлхэнгүй ярьж байна аа. Манай зээ охин бас шатар тоглоно. Өчигдөр алтан медаль авлаа гэж ээж нь ярьж байсан. Өвгөний хөл өнөөдөр газар хүрээгүй байх. Дээр нь чи ирж ах дүүс, Олегийг яриулаад” гээд инээв. Хандсүрэн гуайг хөрш амьдардаг найз нь “Ярих юм байна. Цай ууна уу” хэмээн дуудуулсныг салаа гэзэгтэй, тормойсон нүдтэй зээ нь ирж дуулгахтай зэрэгцэн бид ч яриагаа өндөрлөв.

Тэрбээр биднийг явахаар гарахад “Хилийн зурвасаар биднийг ахан дүүс, ойр дотно хүмүүсээс минь тусгаарласан ч сэтгэл зүрх нь дандаа хамт, зүүд нойрондоо үргэлж цуг байдаг юм байна. Ирэх зун бид хоёр Алтанбулагийн боомтоор Закаменскт очно гэж ярьж байгаа. Олегийн өгсөн утасны дугааруудыг маш сайн хадгалсан” гэсээр үлдсэн билээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид