Улаанбаатар 1c

Мандатын тооны төлөөх маргаан

Бид ардчилсан сон­гуу­лиар пар­ламентын гишүүдээ сонгоод хэдийн 28 жил болжээ. Энэ хугацаанд улс төрчид нь тэр ч улс төрийн намууд нь ч төлөвшсөнгүй. Үүнийг бид сонгууль бүрээр хардаг ч 3.2 сая хүнтэй улсад талцал намчирхал өдөр ирэх тусам нэмэгдэж, улс төрийн шинэ хүчин мэндэлсээр байна. Ерөөс төр түшнэ гэдэг намаар дамжиж улс төрийн өндөр албан тушаалд хүрсэн хүмүүсийн хувьд бүлэг фракцад хуваагдаж, улс төр, эдийн засгийн ашиг сонирхлоороо нэгдэж, хувийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж, амар хялбараар хөрөнгөжих арга хэмээх ойлголт бий болжээ. Энэ нь эргээд монголчуудыг  сэтгэлгээний, оюун санааны болоод улс төрийн хямралд автуулж байна. 

Ийм нөхцөл байдал улиг болсон учир өнөөдөр ард түмэн нэр цэвэр, мэдлэг боловсролтой шинэ хүнийг улс төрд эрэлхийлж байна. Энэ нь одоохондоо нам, бүлэглэлээр дамжиж төрийн өндөрлөгт хүрдэг учраас зарим тохиолдолд хязгаарлагдмал түвшинд байх. Өнгөрсөн 28 жилийн сонгуулийн түүхийг сөхөн харвал, 1992 оноос хойших УИХ-ын долоон удаагийн сонгуулийн хоёроос бусдыг жижиг мажоритар системээр явуулжээ. 1992, 2008 оны сонгуулийг олон мандаттай 26 тойргоор, 1996, 2000, 2004, 2016 оны сонгуулийг 76 мандаттай-76 тойргоор зохион байгуулж байсан байна. Энэ удаагийн ээлжит сонгуулийг олон мандаттай томсгосон тойргоор явуулахаар УИХ батлаад буй. Ингэхдээ МАН тойргуудыг шинээр зурж, өөрсдөдөө ашигтай байдлаар тоймлож буй юм. 

Орон нутгийг нэмж, нийслэлийг хасна

Үе үеийн эрх баригчид олон мандаттай томсгосон тойргоос болгоомжилж ирсэн. Учир нь энэ хувилбар тухайн намаас нэр дэвшигчид өөр хоорондоо өрсөлдөж, аль улс төрийн хүчнийх байхаас үл хамааран рейтинг өндөртэй хүмүүс нь хоорондоо тохирч, амь амиа бодох сцениараар компанит ажлаа өрнүүлдэг.  Өөрөөр хэлбэл, Ховд аймгийг нэг тойрог гэж үзвэл 2008 оны сонгуулиар гурван мандаттай байсан тус аймагт нэр дэвшигч бүр нэг намынх байсан ч хамаагүй хамгийн олон санал авахын төлөө өөр хоорондоо өрсөлддөг гэсэн үг. 
Энэ удаагийн сонгууль томсгосон тойргоор Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Орхон, Дархан-Уул, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймаг тус бүр гурван мандаттай байх нь. Харин нэг мандаттай байсан Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймгийн мандатын тоо нэмэгдэж хоёр болох юм. Хүн амын тоог тэгшитгэн мандатын тоог хуваарилснаар сонгогчдыг төлөөлөх гишүүдийн харьцааг ч нэг мөр тэгшитгэх боломжтой ч эрх баригчид өөрсдөдөө ашигтай байдлаар зурсан байдал харагдаж буй юм.
Тухайлбал, 2008 онд томсгосон тойргоор сонгууль явуулахад гурван мандаттай байсан Өмнөговь, Завхан, Дорнод аймгийн мандатын тоо хоёр болж буурчээ. Энэ нь МАН сонгуулийн тойргийг шинээр зурахдаа цэнхэртдэг (АН ихэвчлэн ялалт байгуулдаг) тойргуудынхаа мандатын тоог хасаж, ялалт байгуулах боломжтой тойргууддаа нэмжээ. 
Нийслэлийн мандатын тоог хасахаар урьдчилсан байдлаар зурсан нь Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүдийн уур ундуйцлыг төрүүлэх болсон байна. Тухайлбал, Баянзүрх, Налайх тав, Баянгол гурав, Хан-Уул, Багахангай дөрөв, Чингэлтэй гурав, Сүхбаатар, Багануур тав, Сонгинохайрхан гурван мандаттай байхаар зурсан нь урьд өмнө нь байгаагүйгээр бууруулсан, мөн дүүргүүдийн мандатын тоо тэнгэр газар шиг зөрүүтэй болжээ. Тиймээс ирэх долоо хоногийн даваа гарагийн УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар УИХ-ын тойргийн мандатын хуваарилалтыг ярихаар товложээ. 

Томсгосон 26 тойргийг нэмэх үү

2015 оноос Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Орон нутгийн сонгуулийн үйл ажиллагааг Сонгуулийн тухай нэг хуулиар зохицуулж байсан. Харин 2020 онд болох УИХ-ын сонгуулийг дангаар нь явуулахаар хуульчиллаа. Ингэхдээ сонгуулийн тогтолцоогоо томсгосон 26 тойргоор явуулах бөгөөд мандатын тоо, сонгуулийн тойргоо 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс өмнө тодорхой болгох юм. УИХ-ын 76 гишүүнийг 26 тойргоос сонгох нь сонгогчдын хувьд шинэ зүйл биш. Өмнө нь УИХ-ын 1992, 2008 оны ээлжит сонгуулийг энэ хэлбэрээр явуулж байсан. 
Олон мандаттай томсгосон тойргоор сонгууль явуулахдаа хоёуланд нь 76 суудлыг 26 тойрогт хувааж байсан аж. Энэ удаа алслагдсан гурван дүүргийг нэгтгэж нэг, бусдыг нь дангаар нь нэг тойрог болгож сонгууль явуулахаар эрх баригчид ярилцаж байгаа аж. 
2008 оны УИХ-ын сонгуульд 12 нам, нэг эвсэл оролцож, 26 тойрогт 356 хүний нэр саналын хуудаст бичигдсэний 311 нь улс төрийн нам, эвслээс, 45 нь бие даан нэр дэвшигч байснаас 66 нь эмэгтэй нэр дэвшигч байжээ. Ингээд МАХН (одоогийн МАН)-аас 39, Ардчилсан намаас 25, ИЗН-аас нэг, бие даан нэр дэвшсэн хүн тус тус сонгогдсон байна. Энэ удаагийн сонгуульд хэчнээн нам, эвсэл, бие даагч оролцох нь одоогоор тодорхой болоогүй. Ямартай ч Улсын дээд шүүхэд бүртгэлтэй, сонгуульд оролцох боломжтой 35 нам өнөөдрийн байдлаар байна. Хамгийн сүүлд Зүй ёсны нам Дээд шүүхэд бүртгүүлжээ. УИХ-ын сонгуулийн тухай шинээр баталсан хуульд намууд эвсэж оролцох боломжтойг заасан. Парламентад суудалгүй хэд хэдэн нам ээлжит сонгуульд эвсэж, оролцохоор ярилцаж буй тухай мэдээлэл ч бий. Гэхдээ УИХ-ын сонгуулийн тойргийг хэрхэн зурахаас их зүйл шалтгаалахаар байгаа юм. Иймд улс төрийн хүчнүүд УИХ-аар мандатын тоо, сонгуулийн тойргийг эцэслэхийг хүлээсэн байдалтай байна. 
Гэхдээ МАН дээр дурдсан байдлаар сонгуулийн тойргийг зурснаар энэ удаагийнх шиг үнэмлэхүй олонх болохгүй гэхэд олонх болж чадна гэсэн найдлага тавьж буй аж. 

СОНГОГЧИЙН ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ НЭГ УДАА НАМУУДАД ОЛГОНО:

20.13.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу энэ хуулийн 20.9-т заасан сонгогчдын нэрийн жагсаалтын сонгогчдын эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий хэсгийг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө цахим хэлбэрээр нэг удаа олгоно.

20.15.Сонгогчдын нэрийн жагсаалтыг хувилж олшруулах, тараахыг хориглоно.
Нэр дэвших эрхгүй: Нэр дэвшигч нь авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг нь хориглоно. Өөрөөр хэлбэл, ийм төрлийн гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвших эрхгүй болох юм.

29.7.Гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно.

29.8.Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.

32.2.10.авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид