Улаанбаатар 1c

Д.Эрдэнэбат: 50:26 гэх автомат тоо тогтчихоод байна. Заавал 26 байх албагүй

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Сонгуулийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж баталсан. Хоёрдугаар сарын 1-нээс өмнө тойргийг хуваарилах ёстой. Тойрог хуваарилалтад ямар өөрчлөлт орж байгаа вэ. Нийслэлээс мандатын тоог хасаж, орон нутгийн мандатын тоог нэмнэ гэх мэдээлэл бий?
-Тойргийг нутаг дэвсгэр, хүн ам, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан хуваарилах нь зүйтэй. Зарим тойргийг тэгш бус хуваарилах явдал байдаг. Хүн амын тоо цөөн хэрнээ дөрвөн мандаттай аймгууд ч бий. Үүнийг цэгцэлж, гурван мандаттай болгох, цаашлаад хүн ам ихтэй аймгийн мандатын тоог нэмэх шаардлага байна. Тухайлбал, Дундговь, Говьсүмбэр аймгийг хоёр мандаттай болгох хэрэгтэй. Улаанбаатар хотын мандатын тоог цөөлөх тухай асуудал яригдаж байна. Ер нь Монгол Улсын хүн амын олонх нь нийслэлд байна. Тэгэхээр Улаанбаатар хотын мандатын тоог хасах шаардлагагүй. Гэхдээ нэг мандаттай аймгуудыг зайлшгүй хоёр болгож нэмэхээс өөр аргагүй. Харин 100 мянгаас дээш хүн амтай аймгууд гурван мандаттай байна. Гэтэл 100-гаас доош хүн амтай олон мандаттай аймгийн квотын тоог хасах ёстой. Ингээд нутаг дэвсгэр, хүн ам, эдийн засгийн бүтцийг зөв тодорхойлж мандатын тоог гаргах нь зүйтэй. Сонгуулийн ерөнхий хороо энэ асуудлыг хараахан оруулж ирээгүй байгаа ч бид ирэх сарын 1-нээс өмнө хуулийн дагуу тойргийг тодорхой болгоно. Энэ асуудалд АН-ын зүгээс байр сууриа илэрхийлнэ. 

-Орон нутгийн Сонгуулийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт УИХ-аар хэлэлцсэн. Дээрх хуульд орсон өөрчлөлтийн талаар АН-ын зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?
-Ер нь Орон нутгийн сонгуулийг жижиг тойргоор явуулах тухай ярьж байгаа. Ажлын хэсэг үүн дээр ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Хэрвээ УИХ-ын сонгуулийг томсгосон тойргоор явуулна гэвэл орон нутагт ч энэ хувилбарыг ашиглах ёстой. Дүүргийг нэг томсгосон тойрог гэж үзэх гэх мэтээр зохицуулж болно шүү дээ. Ерөнхийдөө бүх тойргийг жижигрүүлэх нь ач холбогдол багатай. Мөн орон нутгийн Сонгуулийн тухай хуульд сонгуулийн сурталчилгаа явуулах хоногийг УИХ-ын сонгуультай ижил 22 болгосон. Гэхдээ орон нутагт улстөржилт их байдаг. Улс төржилтийг багасгахын тулд сурталчилгааны хоногийг цөөн болгох хэрэгтэй. Аймаг, сумдын ИТХ-д нэр дэвшиж байгаа нэр дэвшигчид ихэвчлэн нутаг орондоо танигдсан, биенээ таньдаг хүмүүс байдаг. Мэддэг хэрнээ олон хоног сурталчилгаа явуулж, их зардал гарах тал бий. Тэгэхээр орон нутгийн сонгуулийг бага зардлаар, богино хугацаанд явуулах нь зүйтэй.

-Дархан, Эрдэнэтийг улсын статустай хот болгохоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасан. Тэгэхээр газар нутаг, хилийн заагийг дахин тодорхойлох уу?
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ирэх тавдугаар сараас хэрэгжиж эхэлнэ. Гэхдээ хотын статусыг бид энэ сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлж амжихгүй. Энэ асуудал дараагийн УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд шилжих магадлалтай.  Өөрөөр хэлбэл, хотын статус хэрэгжих хугацаа 2021 оноос эхэлнэ гэсэн үг. Одоо бид өнөөдрийн хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд Сонгуулийн тухай хуулиа баталсан. Засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу орон нутгийн заагийг тодорхойлно.

-Тойргийг 30 болгож хуваарилах тухай ярьж байна. Энэ асуудалд танай намын зөвлөл ямар байр суурьтай байна вэ?
-50:26 гэх автомат тоо тогтчихоод байна. Заавал 26 байх албагүй. Үүнийг Төрийн байгуулалтын байнгын хорооноос гарсан ажлын хэсэг шийднэ. Үүн дээр нухацтай хандаж, аль нэг улс төрийн хүчинд давуу тал бий болгохгүйгээр шийдэх хэрэгтэй. Бид өмнөх сонгуулиар бүх тойргийг өөрчилж байсан. Харамсалтай нь үүний ач холбогдол гараагүй. Тиймээс улстөрч, намын эрх ашиг гэхээсээ илүү тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх ашиг, эдийн засгийн хөгжлийн чиг хандлагыг харж шийдвэр гаргах нь зүйтэй. 

-Ерөнхийлөгч ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэхээ хэлсэн. Та үүнийг дэмжиж байгаа юу?
-Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өөрийн бүрэн эрхийн хэмжээнд “Тэтгэврийн зээл”-ийг нэг удаа тэглэх тухай зөвлөмж гаргасан байна лээ. “Иргэдээ зээлийн дарамтаас чөлөөлөх бодлого”-ын хүрээнд гаргаж байгаа энэ асуудал Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн санаачилга гэж Ардчилсан нам үзэж байна. Учир нь 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд Ардчилсан нам Ерөнхийлөгчид Монгол хүн бүрийг нэг удаа өргүй болгох тухай ийм захидал илгээж байсан. Энэ асуудлын хүрээнд Төрийн тэргүүний гаргасан улс төрийн санаачилгыг ҮАБЗ хүлээж авчээ хэмээн ойлгож байгаа. Ер нь бол иргэн бүр өрийн дарамтгүй амьдрах асуудал бидний хувьд хамгийн ихээр тулгамдаад байна. Тиймээс Ардчилсан нам иргэдээ зээлийн дарамтаас чөлөөлөх тухай бодлогыг хэрэгжүүлэх ажлыг санаачилж байсан. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн санаачилгыг бид бүрэн дэмжиж ажиллах нь зүйтэй гэж бодож байна. 

-Халамжийг хэт хавтгайруулсан шийдвэр юм биш үү?
-Нийгэмд зөв буруугаар талцах янз бүрийн хандлага байгаа ч бидний туйлын зорилго ямар ч ялгаваргүйгээр тэгш, шударгаар иргэдээ өрийн дарамтаас чөлөөлөх юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг УИХ авч хэлэлцэх байх. Засгийн газар ч мөн “Тэтгэврийн зээл”-ийг нэг удаа тэглэх тухай асуудлаар хуралдаж дэмжсэн байна лээ. Үүнтэй холбогдуулан бид Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу МАН-ын бүлэг болон Засгийн газарт шаардлага хүргүүлэх ёстой гэж үзэж байгаа. Хамгийн гол нь “Тэтгэврийн зээл”-ийг нэг удаа тэглэх эх үүсвэрийг байгалийн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар санхүүжүүлэх асуудлыг хэлэлцэж, Үндсэн хуульд заасан тэгш эрх, шударга ёсны зарчмыг хэлбэртэлгүй дагаж мөрдөх шаардлагатай. Хэд хэдэн болзошгүй сөрөг үр нөлөөллөөс бид хамгаалах ёстой. Үүнийг сонгуультай холбон шоу болгон эдийн засгаа битгий баллаасай гэж хүсэж байна. Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд Монгол хүн бүрийг нэг удаа өргүй болгох захиасанд байсан нэг онцлох зүйл заалт бол “Тэтгэвэр, цалин, оюутны сургалтын төлбөр болон малчны зээлтэй нийт иргэдийнхээ одоо байгаа зээлийн өрийн үлдэгдлийг байгалийн баялгаас иргэдэд хүртээх өгөөж болон иргэдэд эзэмшүүлэх хувьцааны ногдол ашгаар төлүүлэх” гэж орсон. Тиймээс зөвхөн Салхитын мөнгөний ордын асуудал яригдаж болохгүй. Бид эрх зүйн орчноо шинэчилж нэг стратегийн ордыг шинэ Үндсэн хуулийнхаа суурь зарчмыг баримталж төрийн нийтийн өмчийн компани байгуулах тухай асуудлыг нэг мөсөн ярих ёстой.

-Эдийн засгаа бүү баллаасай гэж байгаа ч танай зөвлөл энэ санаачилгыг дэмжиж байгаа юм байна гэж ойлголоо?
-ҮАБЗ-ийн шийдвэр бол энэ ажлыг хэрэгжүүлэх эхний алхам болж байна. Өртэй иргэдийнхээ асуудлыг орлоготой амьдралтай, цаашид өрийн дарамтгүй байлгахын тулд Стратегийн ордуудынхаа энэ компанийг байгуулах эрх зүйн орчныг яаралтай бүрдүүлэх шаардлагатай. Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэдэд хүртээхдээ Үндсэн хуулийн суурь зарчмыг хазайлгаж огт болохгүй. Үүн дотроо төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмаа ягштал мөрдөх ёстой. Хүний эрх эрх чөлөөний зарчмыг баримтлах, хөрөнгө чинээгээр үл ялгаварлан, иргэдийн эрх ашгийг хохироохгүйгээр үндэсний эв нэгдлийг хангаж ажиллах нь зүйтэй. Уул уурхайн ордын үр өгөөж буюу орлогыг иргэдийн өрийг тэглэхэд ашиглах асуудал нь Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсөвтэй зайлшгүй уялдах учир Төсвийн тодотголыг хийх шаардлага үүснэ гэдгийг сануулах нь зүйтэй. Ер нь үүнийг өргөн хүрээгээр олж харах нь чухал. Зөвхөн ахмадуудын тухай асуудал биш. Нийт иргэдийнхээ өрийг стратегийн ордын үр өгөөжөөс цаашид өргүй болгох асуудалд Ардчилсан нам илүү санаачилгатай ажиллана. Энэ шийдвэрээс цааш гарах эдийн засгийн үр дагаврыг бид маш зөв тооцох хэрэгтэй. Уул уурхайн баялгийг ард иргэдэд нийтэд нь тэгш, шударгаар хүртээх асуудалд ул суурьтай хандах болов уу гэж бид найдаж байгаа. Нэг удаагийн сонгуулийн шоу болгож эдийн засгаа нураахгүй байх, инфляцын өсөлт, зээл аваагүй иргэдийн тэгш хүртээмж, татвар нэмэгдэхгүй байх баталгаа, Засгийн газрын өр нэмэгдэхгүй байх зэрэг асуудалд бид онцгой анхаарах ёстой. Тиймээс өнөөдрийн эхлэл бол тэтгэврийн зээлтэй ахмадуудаа өрийн дарамтаас гаргах юм. Бид үүнийг дэмжинэ. Энэ нь цаашлаад зөвхөн ахмадууд биш, нийт өртэй иргэдэд энэ их баялгийнхаа нөөц боломжийг ашиглаж цаашид өргүй байлгах дээр маш зөв менежментийг хийх ёстой. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид