Улаанбаатар 1c

М.Амарбаяр: “Эрдэнэс Тавантолгой” компани нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаа

Манай улсын хувьд эдийн засгийг бүрдүүлдэг гол бүтээгдэхүүн бол  нүүрс. Тиймээс өнгөрсөн онд Монгол улс хэдэн тонн нүүрс экспортлов, ямар ашигтай ажилласан, нүүрсний үнэ өсөх эсэх асуудлаар “Эрдэнэс Тавантолгой” компанын  Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяртай  ярилцлаа.

-Монгол Улс түүхий нүүрсээ экспортод гаргаж эдийн засгийн эргэлтэд оруулдаг. “Эрдэнэс Тавантолгой” компани хувьд  2019 онд хэдэн тонн нүүрс экспортолсон бэ. Өмнөх жилээсээ өссөн үү?
-Манай компани 2019 онд 16.1 сая тонн нүүрс олборлосон байна. Нийт 15.5 сая тонн нүүрс борлуулаад байна. Үүнээс Экспортод 13.7 сая тонн нүүрс гаргаж ажилласан. Өнгөрсөн онд “Эрдэнэс Тавантолгой” компани улсын төсөвт 660 тэрбум төгрөг төвлөрүүлж чадлаа. Өмнөх жилийн гүйцэтгэлтэй үүнийг харьцуулбал 2019 онд нүүрс олборлолт 46 хувиар өсөж, батлагдсан төлөвлөгөө 90 гаруй хувьтай биелсэн байна.

-“Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн оны гуравдугаар сард 50 сая тонн нүүрс олборлосон тухайгаа зарласан. Өнгөрсөн жилийн нийт борлуулалтын цэвэр ашиг хэд байв? 
-Манай компани 2010 оноос хойш нийт  55 гаруй  сая тонн нүүрс борлуулсан байна. Өнгөрсөн оны нийт борлуулалтын орлого гэвэл 2.66 их наяд төгрөг буюу жилийн дундаж ханшаар бодоод үзэхэд нэг тэрбум ам.доллар хүрсэн байна. Нэг тэрбум  ам.долларын борлуулалттай дотоодын анхны компани болсон. Мөн 2019 онд  нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар үндэсний хэмжээнд анхдагч компани болж чадлаа.                 

-“Эрдэнэс Тавантолгой” компани 2019 онд ашигтай ажиллалаа. Иргэдийн дунд ноогдол ашиг өгөх үү, үгүй юу гэдэг хүлээлт үүссэн байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Ноогдол ашиг хэзээ өгөх талаар  “Эрдэнэс Тавантолгой” компаны ТУЗ болон удирдлагууд хуралдаж, шийдвэрлэсний дараа мэдээлэл өгөх болно. Одоогийн байдлаар бидэнд мэдээлэл өгөөгүй байна.

-Түүхий нүүрсийг экспортод гаргахад хилийн боомтоор зөөхөөс гадна ямар шинэ боломж, менежмент хийж байна вэ?
-“Эрдэнэс Тавантолгой” компани Цанхийн уурхайн баруун, зүүн гэсэн хоёр хэсэгт олборлолт явуулж байна. Зүүн Цанхиас Хятадын “Чалко” компанитай хийсэн гэрээний хүрээнд нүүрсээ борлуулдгийг та бүхэн мэднэ.  Баруун Цанхиас олборлосон нүүрсээ  Гашуунсухайт Ганц модны боомтоор экспортолж байгаа. Цаашид төрийн бодлогын түвшинд, компанийн стратеги төлөвлөгөөнд ч тэр нүүрс экспортын шинэ гарцуудыг нээхээр ажиллаж байна. Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажил  хийгдэж байна. Мөн Хангимандалын чиглэлийн авто зам, Гашуунсухайтын  чиглэлийн параллель авто зам болон төмөр замын ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн. 

 -Гашуунсухайт боомтын төмөр замын ажил хэдий хугацаанд хийгдэж дуусах вэ?
-Нэг жил найман сар орчмын хугацаанд дуусгаж ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Мөн үүнээс гадна Зүүнбаян чиглэлийн төмөр замыг манай компани санхүүжүүлж байна.

-Дотоодын баяжуулах үйлдвэрүүдэд нүүрс нийлүүлж байна уу. Ямар компаниудтай хамтран ажиллаж байна вэ?
-Өнгөрсөн жил бид дотооддоо нэмүү өртөг шингээх үүднээс дотоодын баяжуулах үйлдвэрүүдтэй хамтран ажилласан. Манайхаас түүхий нүүрс  аваад боловсруулж, гадагшаа экспортод гаргаж байгаа үйлдвэрүүд олон бий. 

-Гашуунсухайт боомтоор гарч байгаа нүүрс тээвэрлэлт зогсонги байдалтай байна. Үүнд нөлөөлж буй хүчин зүйл юу вэ?
- Жил бүр оны төгсгөлд нүүрсний борлуулалт багасдаг, ачилт буурдаг гэсэн судалгаа бий. Манай компаниас шалтгаалсан хүчин зүйл байдаггүй. Хятад Улсын жилд авах нүүрсний жилийн төлөвлөгөө нь гүйцээд ирэхээр оны эцэст түүхий нүүрс авах хэмжээ нь өмнөх үеэсээ багасдаг.

- “Эрдэнэс Тавантолгой” компани энэ онд ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх вэ? 
-Гашуунсухайтын  төмөр замын төсөл байна. Төмөр зам ашиглалтад орвол тээврийн зардал буурна. Авто замаар нэг тонн нүүрсийг хилийн боомт хүртэл 40 ам.доллараар тээвэрлэж байгаа бол төмөр замаар тээвэрлэвэл энэ зардал найман ам.доллар болж тав дахин буурах тооцоо бий. Мөн нүүрс угаах, баяжуулах үйлдвэр, Конверийн систем, уурхайчдын хотхон гээд төлөвлөгөөнд туссан нэлээд олон төслүүдийг хэрэгжүүлэх зорилт тавьсан.

-Яг одоогийн байдлаар нэг тонн нүүрсийг борлуулах үнэ хэдэн төгрөг байна вэ?
-Баруун, зүүн хэсэгт нүүрс борлуулалтын үнэ бага хэмжээний ялгаатай байна. Одоогийн байдлаар нэг тонн нүүрс борлуулах доод үнэ 71 орчим ам.доллар байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид