Улаанбаатар 1c

Монголын цагдаа нарын илрүүлж чадаагүй хэргүүд

Нийгэм:
NPost.mn
2020-01-08 09:50

ЦЕГ-ын С.Баатаржав дарга аа, энэ хэргүүдээ хэзээ илрүүлэх вэ?

Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн 2019 онд 1263 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх 2018 оноос 48 хэргээр нэмэгдсэн үзүүлэлт юм. Түүнчлэн гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд 44.9 хувьтай байгаа аж. Хэдийгээр жил ирэх бүр манай цагдаа нарын ур чадвар, гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдэж байгаа ч одоог хүртэл илрүүлж чадаагүй хэргүүд цөөнгүй буй. Эдгээр нь Монголын цагдаа нар үнэхээр хэрэгтэнг илрүүлэхэд хүчин мөхөстөв үү, эсвэл илрүүлэхийг хүсэхгүй байна уу хэмээн хардахад хүргэж байна. Өнгөрсөн жилүүдэд олон нийтийг цочроож, анхаарлын төвд байсан ч өнөө хэр нь илрүүлж чадаагүй хэргүүдийн заримыг нь онцлон хүргэе.

Нөхрийнх нь нүдэн дээр эхнэрийг нь буудаж хөнөөсөн хэрэг найман жил болсон ч илэрсэнгүй

Төв аймгийн Батсүмбэр сумд үйл ажиллагаа явуулж байсан “Гурван цагаан далай” шатахуун түгээх станцад халдаж, түгээгч эмэгтэйн амь насанд халдан, гурван сая төгрөг дээрэмдсэн хэрэг өдийгөөс есөн жилийн өмнө гарч байлаа. Тодруулбал, 2011 оны арваннэгдүгээр сарын 20-21-нд шилжих шөнө  04.00 цагийн орчимд “ланд крузер” машин хөлөглөж, нүүрээ баг зүүж далдалсан гурван залуу тус шатахуун түгээх станцад нэвтэрч, 37 настай эмэгтэй Далайгийн толгойн тус газар нь буудан, амийг нь хөнөөжээ. Үүнийхээ дараа тэд бүсгүйн нөхөр Лхагвасүрэнг гуянд нь гурван удаа хутгалж, орлого болох гурван сая төгрөгийг нь аваад зугтсан. Хэрэгтнүүд хоорондоо казакаар ярьж байсныг талийгаачийн нөхөр мэдүүлэгтээ дурдсан байдаг. Хэрэг гарсан даруйд хууль, хүчний байгууллагынхнаас бүрдсэн 70 гаруй алба хаагч сүр дуулиантайгаар Батсүмбэр сумд ажиллаж, тухайн өдрийн вагоноор тус чиглэлд явсан зорчигч, сумд ирсэн, сумаас гарсан амьтай голтой бүхнийг болон Дархан-Улаанбаатарын чиглэлийн авто замд явсан автомашинуудыг шалгасан. Ингээд “Гэмт этгээдүүдийг илрүүллээ, цагдан хорив. Гурван сэжигтнийг саатуулсан бөгөөд тэд хэргээ хүлээсэн” гэх мэдээлэл хэвлэлээр гарч байсан ч төд удалгүй тэднийг хэрэгт холбогдолгүй хэмээн суллажээ. Дээрх гэмт хэрэгтэн хэмээн хэвлэлээр цоллуулан, цагдан хоригдсон гурван казах залуу нь үнэндээ малын хулгайчид болж таарсан. Тухайн үед хэргийг Төв аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Д.Болдбаатар удирдан шалгаж байсан ч Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн даргаар томилогдсоноор энэ дуулиант хэрэг намжжээ. Ийн дараагийн дарга нь хэргийг хүлээж авч, үргэлжлүүлэн шалгаж байгаа гэсэн сураг төдий мэдээлэл байсан бол сүүлдээ хавтаст хэргийг нь хаасан байна. Өнгөрсөн хугацаанд энэ хэргийн талаар янз бүрийн мэдээллийг Цагдаагийн ерөнхий газраас өгч байлаа. Тухайлбал, энэ хэрэгт цагдаагийн ажилтан, тэр дундаа офицер цолтой хүн ч холбоотой байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлж, хэргийн сэжүүрээс атгасан хэмээсэн ч ард түмний хэргийн эзэн тодорчих болов уу гэж хүлээж байсан итгэл, найдвар талаар болж, эзэнгүй хэргийн тоо нэгээр нэмэгдэв. Одоо энэ хэргийн талаар санадаг хүмүүс тоотой хэд л үлдсэн. 
Тухайн үед Хууль зүйн сайд байсан Ц.Нямдорж шинэ сайд Х.Тэмүүжинд ажлаа хүлээлгэж өгөхдөө Төв аймгийн Батсүмбэр сумд гарсан хүн амины онц ноцтой хэргийг нэн даруй илрүүлэхийг үүрэгдэж, “Бараг л илэрчихсэн” ухааны юм ярьж, албан тушаалаа өгсөн гэдэг. Гэсэн ч хэрэгтэн илрээгүйгээр барахгүй хэрэг гарах үед харсаар байж, ханиа бусдын гарт алдсан Лхагвасүрэнгийн сэтгэцэд өөрчлөлт оржээ. Түүнчлэн энэ хэрэгт түүнийг холбогдуулан шалгасан ч хэрэгтэн илрээгүй. Бүхэл бүтэн ажлын хэсэг байгуулж, орон нутгийн хэмжээнд нэгжлэг самналт хийж, сэжигтэй гэсэн хүн бүхнийг саатуулан шалгасан хэрнээ хэрэгтэнг илрүүлж чадаагүй гэхээр гайхмаар. Тэгсэн хэрнээ манай хууль, хяналтынхан өөрсдийнхөө чадварыг дэлхийн хэмжээнд хүрснийг гайхуулдаг. Үүнээс үзвэл хэргийг илрүүлэх байх хэн нэгний сонирхол байгаа юм биш биз гэх хардлага төрж байна. Уг нь хэрэг хуучирдаггүй гэдэг. Гэтэл гэрчтэй энэ хэрэг өнөө хэр илрээгүй нь манай цагдаагийнхны үнэн төрхийг илчилж байна. 

“Шунхлай” ШТС-ын түгээгч эмэгтэйг хороосон хэрэгтэн мөн л олдсонгүй

Өмнөх хэрэгтэй төстэй, бүр адил гэж болохуйц гэмт хэрэг үүнээс гурван жилийн дараа буюу 2014 оны наймдугаар сард гарсан байдаг. Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт “Шунхлай” шатахуун түгээх станцын түгээгч эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөж, тухайн өдрийнх нь орлогыг дээрэмджээ. Гэмт хэрэгтнийг улс орон даяар эрэн сурвалжилж, хэргийн талаар баттай мэдээлэл өгсөн хүнд өндөр шагнал амласан ч хэрэгтэн мөн л өнөө хэр олдоогүй. Тухайн үед албаны эх сурвалж гэмт этгээд хэргийг өс хонзонгийн сэдэлтэйгээр үйлдсэн байж магадгүй гэх таамаглал дэвшүүлж байсан. Учир нь хэрэг гарах үед тус  шатахуун түгээх станцад  зургаан сая орчим төгрөг байсан гэгддэг. Харин гэмт хэрэгтэн энэ мөнгийг биш, тухайн өдрийн орлого болох 1.2 сая төгрөгийг дээрэмджээ. Шинжээч нарын үзэж буйгаар их хэмжээний мөнгөтэй сейфийг хэрэгтнүүд онгойлгох гэж ч  оролдоогүй гэнэ. Мөн хэргийн газраас гэмт хэрэгтний гутлын мөр, хурууны хээ, өмсөж явсан цамцны урагдаж үлдсэн хэсэг зэрэг олдсон байдаг. Гэвч гэмт хэрэгтэн  иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлж, хурууныхаа хээг цахим бүртгэлийн санд оруулаагүй болохоор хэрэгтэнг илрүүлэх боломж хязгаарлагджээ. Түүнчлэн хэрэгтэн шатахуун түгээх станцын камерийн бичлэгийг устгах зорилгоор компьютерийнх нь процессорыг авч яван, хэргийн газраас холгүй байх байшингийн цонх  хагалж орсон байна. Хэрэгтэн байшинд орж компьютерийн процессороос хард дискийг нь салгаж аваад явсан ул мөр үлдсэн. Хэрэв гэмт этгээд баригдвал энэ мэт нотлох баримт хангалттай байгаа аж. Шатахуун түгээгч эмэгтэйг хөнөөсөн хэргийг илрүүлэхээр цагдаа нар өргөн хүрээнд зохион байгуулалттай ажиллагаа явуулж байгаагаа зарласан. Хэрэг гарсан өдөр хот руу орж ирсэн  бүх тээврийн хэрэгслийг шалгасан ч хэрэгтэн олдоогүй юм. 

Д.Сэржмядаг болон сураггүй болсон охид

Тоон мэдээллээр 2017 онд сураггүй болсон нэг, 2018 онд дөрвөн хүүхдийг эрэн хайснаас гурвынх нь цогцос олдсон бол 2019 онд сураггүй алга болсон нэг хэрэг бүртгэгджээ. Охид чухам яагаад алга болсон, тэднийг хэн нэгэн хулгайлсан эсэх талаар манай хууль, хяналтын байгууллагад ямар нэгэн мэдээлэл байхгүй өнөөг хүрсэн. Сэлэнгэ аймагт есөн настай Б.Ундармаа охин өнгөрсөн оны дөрөвдүгээр сард алга болсон. Тухайн үед цагдаагийн алба хаагчид 200 хүний бүрэлдэхүүнтэйгээр охиныг эрэн хайж байлаа. Тухайн өдөр буюу дөрөвдүгээр сарын 14-ний 18.00 цагийн үед  Б.Ундармаа гэрийнхээ ойролцоох тоглоомын талбайд тоглож байж. Ээж нь гэртээ хоолоо хийж байхдаа түүнийг тоглож байхыг нь хамгийн сүүлд харсан байдаг. Охиныг алга болсон гэх мэдээллийн мөрөөр сумын төв болон ойр орчмын бүх айл өрхийн өвөлжөө, амбаар, бохирын цооног, гуу жалгад эрлийн ажиллагаа явуулсан ч олоогүй. Сүүлд нь хүч нэмэгдүүлэн хайсан ч үр дүнд хүрээгүй юм. 
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын  Товог уул гэх газраас 2018 онд 13 настай Б.Мөнгөнцэцэг охин алга болсон. Тодруулбал, наймдугаар сарын 7-ны 11.00 цагийн үед охин хониныхоо бэлчээр дээрээс сураггүй болжээ. Өглөө эрт хонио дагаад гарсан охин өдөр 13.00 цагийн үед ирэхгүй болохоор гэрийнхэн нь хайж эхэлсэн байна. Ингээд 17.00 цагийн үед сум руу мэдэгдэж, эрлийн баг гарч, охиныг хайсан аж. Гэсэн ч ямар нэг ул мөр, сураг олдоогүй тул эрлийг зогсоосон байдаг. Охин алга болохынхоо өмнөх хоёр өдөр маландаа яваад ирэхдээ чихэр, жигнэмэг, гар утас авч ирсэн тухай мэдээлэл бий. Охины талаар ямар нэгэн сураг гарахгүй байсаар өдийг хүрсэн. Цагдаагийн байгууллагаас нийт гурван удаа эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч охины сургийг гаргаж чадаагүй юм.
Мөн одоогоос гурван жил гаруйн өмнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумд Д.Сэржмядаг охин  алга болсон хэрэг гарсан. 2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны 07.30 цаг өнгөрөөгөөд Д.Сэржмядагийн аав, ээж, эгч, дүү дөрөв нь гэрээсээ гарч, охин ганцаараа унтаад хоцорчээ. Охиноос хамгийн сүүлд 12.20 цагийн үед дуудлага ирсэн ч ээжийнх нь утасны цэнэг дуусаад ярьж чадаагүй. Тэр өдрийн 16.30 цагийн орчимд түүний эгч Д.Ариунзаяа ээж рүүгээ ярьж, дүүгээ олдохгүй байгааг мэдэгдсэнээр охиныг эрэн хайх ажлыг улс даяар эхлүүлсэн. Газар дээр нь очсон эх сурвалжийн хэлснээр бол цагдаагийн байгууллага охин алга боллоо гэдэг мэдээллийн мөрөөр мэргэжлийн ур чадваргүй ажилласан, сум даяараа охиныг хайж байгаа нь энэ гээд хүмүүс хуйлран давхилдаж, хэргийн ул мөрийг баллажээ. Улмаар нийгмийн сүлжээн дэх баталгаагүй мэдээллүүд нь эргээд охиныг хулгайлсан гэмт этгээдүүдэд боломж олгосон байх магадлалтай гэнэ. Д.Сэржмядагийг алга болох үеэр 500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч Замын-Үүд сумыг нэгжсэн. Тэд сумын төвөөс 15 км-ын радиуст самналт хийж үзсэн ч олдоогүй. Улс орон даяар эрлийн ажиллагааг явуулсан ч чихэнд чимэгтэй ганц үг цагдаа нар дуулгалгүй гурван жилийн нүүрийг үзэх гэж байна. Өнгөрсөн хугацаанд эл хэрэгт холбогдуулан гурван хүнийг сэжигтнээр татан шалгасан ч мөн л сэжүүр олоогүй. “Д.Сэржмядаг охиныг хил давуулан авч явсан биз” гэсэн таамгаас өөр мэдээлэлгүй Монголын цагдаа 2020 оныг угтав. Гэтэл араас нь бага насны охид ор сураггүй алга болсоор байгаа нь айдас түрүүлсээр байна. Тэдгээр охид хаана байгааг өнөөдөр хэн ч мэдэхгүй. Холбогдох байгууллагууд чадах чинээгээрээ эрлийн ажиллагаа явуулж байгаа ч амжилтад хүрэхгүй байгаа нь манай цагдаагийн байгууллагын хэр хэмжээг хэлээд байна.Одоог хүртэл хүлээлт үүсгээд байгаа энэ хэргүүд чинь хэзээ илрэх вэ, ЦЕГ-ын С.Баатаржав дарга аа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид