Улаанбаатар 1c

О.Бурмаа: Нэгэн үеийн гурав тунаж үлдээд, түрүүлсэндээ баяртай байна

NPost.mn
2020-01-08 10:01

Монголын чөлөөт бөхийн хүнд жингийн эмэгтэй тамирчдыг сүүлийн 20-иод жил тахалж яваа тамирчны нэг бол О.Бурмаа. Тэрбээр насанд хүрэгчдийн ДАШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальтай. Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, Азийн наадмын хошой хүрэл, Азийн АШТ-ий алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медальтай. Улсын есөн удаагийн аварга, “Женко” клуб, цагдаагийн хоёрдугаар хэлтсийн цагдаа, гавьяат тамирчин Очирбатын Бурмаатай ярилцлаа. 

-Улсын аваргаас ес дэх түрүүгээ хүртсэнд тань баяр хүргэе.
-Баярлалаа.

-Чөлөөт бөхийн спортод хөл тавиад бараг 20 жил болжээ. Анхны багш, дасгалжуулагч тань хэн байв?
-Би 2001 оны намраас чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн. Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, спортын мастер Т.Дамбарагчаа багшийнхаа шавь болж байлаа. Т.Сүхбаатар багшийн дор одоог хүртэл бэлтгэл, сургуулилалтаа хийж байна.

-Энэ спортын юунд нь дурлаж, хөл тавьсан юм бэ?
-Биеийн тамирын  “Их шавь” дээд сургуульд оюутан болсон минь энэ спортод хөтөлсөн. Сургалтын дагуу бөхийн хичээл, бэлтгэл, дадлага гэж барилдаж явсаар бөх болчихсон юм (инээв). “Их шавь” дээд сургуульд н.Батням багшийн удирдлагад бэлтгэл хийдэг байлаа.

-Насанд хүрэгчдийн УАШТ-ээс анхны түрүүгээ хэдэн онд авч байв?
-2003 он. Насанд хүрэгчдийн УАШТ-ний 72 кг-ын жинд түрүүлж байлаа. Би анх барилдаж эхлэхээсээ л эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жин болох 72 кг-д барилдсан юм. Энэ жиндээ ес дэх түрүүгээ авлаа. Өөр жинд барилдаж байгаагүй. 72 кг-ын жин одоо 76 кг болсон ч эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жин болсон ч би барилдсан хэвээрэй.

-Бие бялдар, нуруу ойролцоо Б.Одончимэг, Г.Наранчимэг хоёртойгоо энэ жил дахин финалдлаа. Энэ жилийн тэмцээний онцлог юу байв, тэмцээний дараа танд юу бодогдов?
-Бидний дараагийн үе хүч түрэн орж ирэхгүй байна. Шижигнэсэн чадварлаг залуучууд гараад ирвэл бид гурав байраа тавьж өгнө. Энэ удаагийн УАШТ олимпын жил болж байгаагаараа онцлогтой.  Тиймдээ ч тэмцээн их өрсөлдөөнтэй боллоо. Нэгэн үеийн гурав тунаж үлдээд, түрүүлсэндээ баяртай байна.

-Б.Одончимэгтэй аваргын төлөө ямар тактикаар барилдсан бэ?
-Тактик энэ тэр гэсэнгүй. Бодож санасан барилдаанаа л гаргаж барилдсан. Одноо ч сайн өрсөлдөгч байлаа. Нараа, Одноо бид гурав гурван биенээ ирлэж өгдөг нь их сайхан.

-Хэсэг хугацаанд чөлөөт бөхөөсөө хөндийрсөн. Зодог тайлах гэж байна гэсэн яриа ч гарсан. Гэтэл хоёр жил өнжөөд дахин дэвжээндээ буцаж ирлээ.  Богино хугацаанд форомдоо орж амжилт гаргаж эхэлсний нууц нь юунд байна вэ?
-Ээж болж, үрийн зулай үнэрлээд дэвжээнээсээ жаахан хөндийрчихлөө. 2019 оны УАШТ-ээс эхэлж дахин барилдаж, түрүүлээд “Mongolia open”, Буриадын ерөнхийлөгчийн цомын тэмцээнд орсон. Мөн 2020 оны УАШТ-д дахин түрүүллээ.

-Дэлхийн аваргын анхны медалиа хэдэн онд хүртэж байсан билээ?
-2009 оны Данийн Хернингийн дэлхийн аваргаас Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдын анхны мөнгөн медалийг хүртсэн. Дараа нь 2013 онд Унгарын Будапештын дэлхийн аваргаас хүрэл, 2014 онд Узбекстаны Ташкентын дэлхийн аваргаас хүрэл медаль авсан.

-Та дэлхийн аваргын нэг мөнгө, хоёр хүрэл медальтай тамирчин. Одоо дэлхийн аваргын алт болоод олимпын медаль л дутуу байна даа?
-Би энэ жил 37 нас хүрч байна. Эмэгтэйчүүдийн хүнд жинд 37 нас гэдэг тийм ч ахмад нас биш. 2016 онд манай жинд 38 настай бөх дэлхийн аваргаас медаль хүртэж байсан. Ер нь 38, 39 настай бөхчүүд дэлхийгээс медаль авч байгаа. тэгэхээр надад ч гэсэн боломж байгаа гэж найдаж байна.

-Танай жинд залуу бөхчүүд яагаад гарч ирэхгүй байна вэ?
-Харин тийм ээ. Багш, дасгалжуулагчид нэг юм бодож л байгаа байх. Залуучууд гараад ирвэл бид байраа тавиад л өгнө. Одоо барилдаж байгаа дүү нар арай л гүйцэд болоогүй байна. Одноо, Нараа бид гурвын залгамж халаа байхгүй хэвээр... Одоо манай жинд гарч ирж байгаа залуу бөх гэвэл н.Ариунжаргал байна. Даан ч бие жижиг. Харин н.Загараа нуруу өндөртэй, бие бялдрын хөгжил сайтай ч олон улс, тив, дэлхийн дэвжээнд гарч барилдах түвшинд арай л хүрэхгүй байгаад байх шиг.

-Олимпын наадамд хэр амжилттай барилдаж байв. Одоо олимпын эрх авч чадвал хэд дэх олимпын наадамдаа оролцох вэ?
-Хэрвээ олимпын эрхийг авч чадвал гурав дахь олимпын наадам болно. 2004 оны Афины олимпод 7-8 байрт шалгарсан. 2012 оны Лондоны олимпод наймдугаар байрт шалгарч байлаа.

-2019 оны УАШТ-д түрүүлээд улсын шигшээ багт орсон уу?
-Би шигшээ багийн тамирчин биш л дээ. “Женко” клуб дээрээ Т.Сүхбаатар багшийн удирдлагад  бэлтгэл, сургуулилалтаа хийдэг. Одоо шигшээ баг намайг авах юм уу, үгүй юм уу мэдэхгүй. Улсын аварга болох нөхцөл боломжийг минь хангаж өгсөн Цагдаагийн хоёрдугаар  хэлтсийнхээ хамт олон “Женко” клубийн багш,  гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, багш Т.Дамбарагчаа  нартаа баярлаж явдгаа илэрхийлье.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид