Улаанбаатар 1c

Б.Хонгорзул: Аав, ээжийнхээ үзсэн тэмцээнд түрүүлж, аварга болох сайхан байлаа

Спорт:
NPost.mn
2020-01-08 10:05

Баянхонгор аймгаас ирж, чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-нд оролцсон 19 настай Б.Хонгорзул 57 кг-ын жинд аваргалсан юм. Шинэхэн аваргатай цөөн хором ярилцлаа.

-Чөлөөт бөхийн улсын аварга болсонд тань баяр хүргэе. Насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа оролцов уу?
-Баярлалаа. Насанд хүрэгчдийн улсын аваргын тэмцээнд хоёр дахь жилдээ оролцлоо. Түрүү жил хүрэл медаль хүртсэн. Харин энэ жил түрүүлсэндээ их баяртай байна.

-Өнгөрсөн жил хэдэн кг-ын жинд барилдсан бэ?
-Түрүү жил 57 кг-ын жинд барилдсан. Энэ жил ч тус жиндээ барилдлаа.

-Өнгөрснийг өнөө жилтэй харьцуулахад туршлага, арга барил тань хэр сайжирч, өөрчлөгдсөн байна?
-Энэ жилийн УАШТ олимпын жил болсон учраас өрсөлдөөн ихтэй, хариуцлага шаардсан тэмцээн боллоо. Жиндээ түрүүлж чадвал олимпын эрх олгох тэмцээнд оролцох боломж нээгдэх тул өнгөрсөн жилээс илүү хичээж барилдсан. Түрүүлэхийн төлөө, улсын аварга болохын төлөө зорилго тавьж бэлтгэл, сургуулилалтаа хийсэн. Бэлтгэлийн үр дүн гарч, хүссэн амжилтандаа хүрч чадсандаа үнэхээр их баяртай байна.

-Алтан медалийн төлөөх барилдаанд, залуучуудын дэлхийн аварга, “Хасумегастарс” клубийн  тамирчин А.Батцэцэгийг ялж,  аварга боллоо. А.Батцэцэгтэй ямар тактикаар барилдаж ялалт авсан бэ?
-Улсын аваргын өмнө гол өрсөлдөгч бөхчүүддээ зориулсан бэлтгэл сургуулилалт хийсэн. А.Батцэцэг эгч хашир, туршлагатай тамирчин. Энэ мундаг тамирчныг ялахын тулд өөрт байгаа бүхнээ дайчилсны хүчинд түүнийг буулган авлаа. Монгол Улсын аваргад түрүүлсэн энэ амжилт ганц миний амжилт биш, надад үргэлж тусалж, дэмждэг хүмүүсийн хүчин зүтгэл юм. Хамгийн түрүүнд С.Мөнхдуулдах багшдаа, бэлтгэлийн хамт олон, аав, ээж, гэр бүлдээ их баярлалаа.

-Өмнө А.Батцэцэгтэй таарч барилдаж байв уу?
-Алтан медалийн төлөөх барилдаанд ОУХМ А.Батцэцэг эгчийг 8:2-оор буулган авсан. Энэ барилдаандаа сэтгэл хангалуун байгаа. Өнгөрсөн жилийн насанд хүрэгчдийн УАШТ-ий зооны аваргын төлөөх барилдаанд би түүнд хожигдсон юм. Ардаа А.Батцэцэг эгчийг гаргаж, гартай накат алдаж 10:0-оор хол зөрүүтэй хожигдсон.

-Харин энэ жил алдаагаа давтсангүй. Тийм үү?
-Хэрхэн яаж барилдах, барилдааны тактикыг багш боловсруулж өгдөг. Багшийн заасны дагуу хамаг хүчээ гарган барилдсан маань ялалт авчирсан болов уу.

-Дэлхийн аварга С.Цэрэнчимэд танай 57 кг-д барилддаг байсан. Харин энэ жил жин өгссөн нь чамд том боломж олголоо?
-Тийм ээ. Энэ удаа С.Цэрэнчимэд эгч олимпын  62 кг-д барилдсан нь надад том боломжийг нээж өгсөн. Би ч боломжийг алдахгүй байхыг хичээсэн. Түүнчлэн 57 кг-ын жин олимпын жин. УАШТ-д түрүүлсэн болохоор одоо олимпын эрх олгох Ази тивийн аваргад явна.

-Одоо эрх олгох тэмцээнээс олимпын эрх авчирлаа гэхэд А.Батцэцэгтэй сорил барилдаан хийх болов уу?
-УАШТ-ээс алтан, мөнгөн медаль хүртсэн тамирчид олимпын эрх олгох тэмцээнд явна. Эрх авчихвал, УАШТ-д эхний зургаан байрт шалгарсан тамирчид хоорондоо сорил барилдаан хийх байх. Гэхдээ сорил хийх, хийхгүйг МЧБХ-ны удирлагууд шийдвэрлэх болов уу.

-Чиний хувьд чөлөөт бөхийн спортоор хэдэн жил хичээллэж байна вэ?
-Тавдугаар ангид байхаас чөлөөтөөр хичээллэсэн. 2011 оны арваннэгдүгээр сард Мөнхдуулдах багш дээр бэлтгэл сургуулилалт хийж эхэлсэн юм. Тэмцээн, уралдаанд оролцож, медаль авч эхлээд урамшсан. Түүнээс хойш чөлөөт бөхдөө дур сонирхолтой болж, салж чадахгүй болсондоо . Секцээ таслахгүй бэлтгэлээ үр дүнтэй, сайн хийхийг хичээдэг. Баянхонгор аймгийн Засаг дарга н.Батжаргал чөлөөт бөхийн спортыг дэмжиж, дотоод, гадаадын тэмцээн, уралданд явах зардал мөнгөн дээр тусалдаг.

-Баянхонгор аймгийн унаган хүүхэд үү. Аав, ээж нь малчин хүмүүс үү?
-Би Баянхонгор аймгийн Өлзийт суманд 2001 онд төрсөн. Аав, ээж хоёр минь Өлзийт сумандаа малчин байж байгаад аймгийн төв рүү орсон. Одоо хувийн бизнес эрхэлж байгаа. Би доороо ганц дүүтэй. Дүү минь тавдугаар ангийн сурагч. Спортоос илүү хичээлдээ дуртай хүүхэд байгаа юм.
Чөлөөт бөхөөр анх хичээллэж эхлэхэд аав, ээж төдийлөн дуртай байгаагүй ч одоо маш их дэмждэг. Ганц миний барилдааныг гэлтгүй бусад тамирчдын барилдааныг шимтэн үзнэ. Чөлөөт бөхөд дур сонирхолтой, энэ спортыг дэмждэг болоод байгаа юм. Энэ жилийн УАШТ-ийг тэд маань Баянхонгороос ирж үзсэн. Аав, ээж хоёрынхоо зорьж үзсэн тэмцээнд түрүүлж, аварга болох сайхан байлаа.

-Бэлтгэлээ аль клуб дээр базааж байна?
-Баянхонгор аймагтаа бэлтгэлээ хангадаг. Манай клубийнхэн аймагтаа бэлтгэл, сургуулилалтаа базааж, дотоод, гадаадын тэмцээнд оролцдог юм.

-Танайх “Женко” клубийн Баянхонгор дахь салбар клуб үү?
-Манай насанд хүрэгчдийн УАШТ-д “Женко” клубтээ хамтарч баг болон ордог.

-Түрүү жил U23-ийн Ази тивийн аваргад түрүүлсэн. Түүнээс өмнө олон улс, тив, дэлхийн тэмцээнд орж байсан уу?
-Өнгөрсөн жилийн U23-ийн Азийн аваргаас өмнө 2017 онд Тайландад болсон өсвөр үеийн Ази тивийн аваргаас мөнгө, 2017 онд Грект болсон өсвөр үеийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн.

-U23-ийн дэлхийн аваргад барилдав уу?
-Азийн аваргад түрүүлээд дэлхийн аваргад явсан. Эхний тойрогт Японы бөхтэй таарч ялагдсан. Тэр ялагдсан шокноосоо гарч чадалгүй Казахстаны бөхтэй дагах тойрогт барилдаж хожигдсон. Тэр хожигдол надад том сургамж болсон юм. Ялагдалдаа дүгнэлт хийж, хичээж бэлтгэлээ сайжруулсан өнөөдрийн амжилтын суурь боллоо.

-Хамгийн том зорилго тань олимпын эрх авах байх. Эрх олгох тэмцээндээ хэр бэлдэж байна вэ?
-Тамирчин бүрийн мөрөөдлийн дээд оргил нь олимпын наадам. Тийм болохоор эрх олгох тэмцээнд амжилттай барилдах зорилго тавьж, шаргуу хөдөлмөрлөж, хичээх болно. Бэлтгэл сургуулилалтаа ч сайн хийнэ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид