Улаанбаатар 1c

Ц.Норпил: Сурагч нэг бүрийн дэвтэр дээр бичиж өөрийгөө даган дуурайлгах байдлаар Монгол бичгийг заадаг

NPost.mn
2020-01-08 10:10

“Монголын сайхан бичигтэн-2019” улсын уралдаан 23 дахь жилдээ амжилттай болж өчигдөр аваргуудаа тодрууллаа. Тус уралдааны “Сайхан бичигтэн анги”, “Арванхоёрдугаар ангийн сурагчид”, “Бичлэгийн бус бүтээл”, “Мэргэжлийн багш нар”, “1-11 дүгээр ангийн сурагчид”, “Уран бичлэг”, “Насанд хүрэгчдийн” гэх ангилалд хот, хөдөөгийн 4000 гаруй оролцогч бүтээлээ ирүүлжээ. Уралдааны “Сайхан бичигтэн анги” ангилалд Нийслэлийн Нэгдүгээр сургуулийн 9а анги хоёр жил дараалан тэргүүлж байгаа бөгөөд анги хамт олноо амжилттай “сойсон” удирдагч багш Ц.Норпилтой ярилцлаа. 

-Монголын сайхан бичигтэн улсын уралдаан жил бүр тодорхой сэдвийн хүрээнд болдог. Энэ удаа ямар онцлогтой болов?
-Энэ жил Б.Явуухулан найрагчийн “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” шүлгийн хүрээнд тус тэмцээнийг зохион байгуулсан. Бид тухайн шүлгийн утга агуулгаар бидэнд  үеийн үед уламжлагдан ирсэн Монгол гэрийг бэлгэдсэн бүтээлээ “сойсон”. Манай шавь тус бүр Чингисийн гэрэгэ хэлбэртэй хавтан дээр бичвэрээ бэх, үзгээр цэвэр сайхан бичиж оролцлоо.  

-Хүүхэд бүрийн бичих, сурах арга барил өөр байдаг шүү дээ. Хүүхдийн бичих чадварыг яаж сайжруулдаг вэ?
-Миний хувьд 9а-даа зургадугаар ангиас нь хойш Монгол бичгийн хичээл заасан. Энэ жил дөрөв дэх жилдээ зааж байна. Хүүхэд бүрийг нэг хүн шиг цэвэр, сайхан бичигтэй болгоно гэдэг нэг сарын эсвэл нэг өдрийн хичээл зүтгэлийн үр дүн биш. Дөрвөн жилийн турш бага багаар ахиж, алдаа дутагдлыг нь хэлж засаж сайжруулсан. Үүний дүнд сурагчид хичээнгүй, жигд бичдэг болсон. Сурагчийн өөрийн хичээл зүтгэл, багшийн удирдлага, заавар зөвлөгөөнд тулгуурлан сайхан бичиж сурна. Мөн Монгол бичгээр бичих чин хүсэл эрмэлзэлтэй байж амжилтад хүрдэг.  

-Уралдаанд оролцох явцад шавь нартаа  ямар чадвар, туршлагыг суулгаж төлөвшүүлсэн бэ?
-Бид “Монголын сайхан бичигтэн” уралдаанд гурав дахь жилдээ оролцож байна. Жилийн жилд л тэмцээнд оролцож буй хамт олон, сурагчид,  багш нараас туршлага судалдаг. Өмнөх жилийнхээс  хэрхэн илүү сэтгэх вэ, сэдвийн хүрээнд ямар бүтээл хийвэл боломж байна вэ гэдгийг сайтар боддог. Ингэснээр хүүхэд бүр санаагаа илэрхийлдэг. Тэр ч утгаараа  хүүхдүүд дайчин,  хүсэл эрмэлзэлтэй болдог. 

-Багш нарын хичээл заах, хүүхдийг сургах арга барил өөр өөр. Таны хувьд ямар арга барилаар шавь нартайгаа  хичээллэж хэдий хугацааг зарцуулдаг вэ?
-Хичээлийн бус цагаар хүүхдийн тоо ихтэй, анги дүүргэлттэй байдаг учраас хичээлийн үндсэн цагтаа нягт сайн ажиллацгаадаг. Анх үсэг зааж эхлэхдээ л өдөр бүр дэвтрүүдийг нь хурааж үздэг. Хичээлийн цагт нэг бүрчлэн дэвтэр дээр нь бичиж өөрийгөө даган дуурайлгах байдлаар заадаг. Ингэснээр сурагчдыг сэдэлжүүлж Монгол бичигт дуртай болгодог. Мөн Монгол бичгийн бусад төрлүүдийг сурагчид дугуйланд явж сурах боломжтой.Тухайбал, бийрийн бичлэг, Угалзан бичлэг, Эвхмэл бичиг гээд  төрөлжүүлэн сурах боломжтой. 

-Энэ ангид Монгол бичгээр бичихээс гадна уран бичлэг, бусад төрлөөр бичдэг хүүхэд хэр олон байдаг вэ?
-Бийрийн бичлэгийн дугуйланд явдаг хүүхдүүд бий. Уралдаанд ангиа төлөөлөн сурагч Саруул бийрийн бичлэгээр бичсэн бүтээлээрээ оролцсон. Бийрийн бичлэгээр бичиж сурах хүсэл сонирхолтой хүүхдүүд дугуйланд явж хичээллэдэг. Үүнээс гадна ангиараа үзгээр цэвэр бичиж дадсан. Үүний илрэл бол тус тэмцээнд дэлгэгдсэн бичвэрүүд байлаа.  Сурагчид уралдаанд оролцож амжилт гаргаснаар илүү эрч хүч, урам зоригтой болдог. Цаашид эх хэл, бичиг соёлоо илүү сонирхох, дээдлэх, судлах, үр хүүхдэдээ өвлүүлэх эрмүүн хүсэлтэй болдгоороо өндөр ач холбогдолтой.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид