Улаанбаатар 1c

Оршин суугчид хогоо ангилснаар хаягдлын хэмжээ хоёр дахин буурчээ

Өнөөдөр дэлхийн олон орон хог хаягдалд онцгойлон анхаарч, дахин боловсруулах ажлыг үе шаттайгаар хийж байгаа. Манай улс  ч гэсэн тус асуудалд анхаарал хандуулж, энэ чиглэлд үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Тодруулбал, Баянгол дүүрэг хог хаягдлыг бууруулах хүрээнд туршилтаар Х хорооллын 14 дүгээр байр болон төмөр замын арктай шар гэгдэх хуучны угсармал есөн давхар байрыг сонгож хогоо ангилж хаях зориулалттай 11 хогийн сав байрлуулжээ. Мөн ангилсан хогоо хийдэг 300 кг-ын багтаамжтай, түрдэг хогийн сав хоёрыг тавьсан байна. Бид Х хорооллын угсармал есөн давхар, гурван орцтой 14 дүгээр байрнаас дараах сурвалжилгыг бэлтгэлээ. 

Тухайн байрны II орцны дөрөв, зургаа, найман давхарт гурван тасалгаатай ангилан хаях хогийн сав тавьжээ. Өмнө нь энэ байрыг хариуцдаг байсан СӨХ-ны ажилчид замбараагүй их хогон дотор орж, тэдгээрийг гараараа ялган, түүхий эд худалдаж авдаг цэгт тушаадаг байж. Энэ нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй байснаас улбаалж  тус байрыг туршилтын нэг байраар сонгосон энэ аж. “Шил-лааз”, “хуванцар-гялгар уут”, “цаас” гэж ангилж бичсэн модон хогийн саван дотор 100 кг-ын багтаамжтай гурван даавуун уут хийжээ. Оршин суугчид түүн рүү хогоо ангилж хийсэн харагдана. Мөн үлдсэн орц болон дээр дуурдсанаас бусад давхарт гурван өөр өнгийн хуванцар сав байрлуулсан байв. Оршин суугч Ц.Батжаргал “Ангилалтай хогийн савтай болсон нь бидэнд их таалагдаж байгаа. Өмнө нь бункерийн амаар зарим хог багтахгүй, ил тавьснаас өмхий үнэр гардаг байсан нь одоо байхгүй болсон. Манайх хогоо эхлээд гэртээ ангилж байгаад, хаях оролдлого хийж үзсэн боловч нэг төрлийн хог нь дүүрээд, нөгөөх нь дүүрэхгүй уддаг юм байна лээ. Одоо бол шил, лааз гарвал тухай бүрт нь гараад хогийн савандаа ангилан хаяж байгаа” гэв. 

Н.Баяржаргал: Хуванцар хог килограмм нь 450 төгрөгийн үнэтэй

Тус байрыг хариуцдаг “Өргөө 14 СӨХ”-ны байцаагч Н.Баяржаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

-Танай хариуцдаг 14 дүгээр байранд Баянгол дүүргээс туршилтын журмаар модон хогийн сав тавьсан байна. Бусад хуванцар сав ямар учиртай вэ?
-Хуванцар савуудыг манай СӨХ-ны дарга санаачилгаараа, өөрсдийнхөө хөрөнгөөр авч тавьсан. Бид ажилчдаа гурав гурваар нь баг болгож, хуваарь гаргасан. Үүний дагуу нэг хэсэг нь хогоо цуглуулаад, хураах ажил хийнэ. Нөгөө хэсэг нь ялган ангилдаг. Цаасан хайрцагнуудыг бол задлаад өрнө. Түүний дараа ачилтын байгууллагадаа өгдөг. Ийм журмаар манайх хогоо тушааж, хуримтлалын мөнгө үүсгэж байгаа.

-Хуванцар хогоо хэдэн төгрөгөөр тушаадаг вэ?
-Хуванцар хог кг нь 450, гялгар уут 700, лааз 1000, бохир 500 төгрөгийн үнэтэй. Бохир гэдэгт аяга таваг угаагч, кетчупын сав  багтдаг. Харин нэг портер машин цаасны хаягдал 40 мянган төгрөгийн үнэтэй.
Есөн давхар нэг байрнаас гардаг хогийн хэмжээ долоо хоногт 500 кг орчим болтлоо нэмэгдэж, хоёр жилийн дотор 2-3 дахин өсчээ. Үүнээс шалтгаалж хог ачдаг тээврийн хэрэгсэл хүрэлцэхээ больсон гэдгийг тэд учирлаж байлаа. Энэ байдлыг харгалзан Баянгол дүүргийн удирдлагууд иргэдээр өөрсдөөр нь хогоо ангилуулахад анхаарч, дээрх ажлыг санаачилжээ.

 Энэ талаар Баянгол дүүргийн ЗДТГ-ын Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн Т.Мөнгөнтулгаас тодрууллаа.

-Иргэд хогоо ангилдаг болсноор ямар үр дүн гарсан бэ?
-Энэ ажлын үр дүнд долоо хоногт ачих хогийн хэмжээ 50 хувиар буурсан. Өөрөөр хэлбэл, 500 кг хаягдал 250 кг болж, хог ачих үйл явц 30-40 минут байсан бол арван минут болтлоо багассан. Хоёрхон байранд туршилтын ажил хийхэд үр дүн сайн гарсан учраас цаашид бид хуучны ес болон 12 давхар 20-иод байрны 40 орчим орцонд хогийн сав байрлуулахаар дүүргийн төсөвт суулгаад байна. 

-Хүндрэлтэй зүйл юу байна вэ?
-Ангилан хаях хогийн савыг хоёр загвараар туршсан. Нэг нь модон сав мөртлөө дотроо гурван даавуун ууттай, нөгөө нь дан даавуун сав. Түүнийг угаах, урагдахаас сэргийлэх гэх мэт арчилгаан дээр анхаарч ажиллах нь хамгийн чухал байна. Бид сав бүрийн ойролцоо хяналтын камер суурилуулсан боловч хулгайд алдах тохиолдол гарлаа. Ийм учраас оршин суугчдыг эрүүл ахуйн боловсрол, хог ангилснаар гарах үр дүн, түүний ач холбогдлыг мэддэг болоход анхаарч ажиллана. 

-Оршин суугчдад ангилан хаях  хогийн савны талаар мэдээлэл хэр өгсөн бэ. Мөн хогоо ангилж хаясан иргэдийг урамшуулах уу?
-Бид оршин суугчдад хоёр удаа хог ангилахын давуу тал, заавар, зөвлөмжийг өгсөн. Хаягдалд онцгой анхаарч ажилладаг улс оронд “Таны үүсгэж буй хог таны өмч” гэсэн өнцгөөс иргэддээ ханддаг.  Шинэ хуульд хогийн мөнгөний төлбөрийг айл өрхөөр биш, иргэн бүрээс авах өөрчлөлт оруулах төлөвтэй байгаа. Энэ ажил өргөн хүрээг хамарч, иргэд хаягдлаа ангилж дадсаны дараа хогоо тушаахад нь тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлэх талаар ярилцаж байгаа. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Оюунаа
    Энэ гоё санал байна, одоо улсын хэмжээнд нэвтрүүлснээр байна
    2020 оны 01 сарын 09 | Хариулах
Нийтлэлчид