Улаанбаатар 1c

М.Лхагвагэрэл: Би олимп, дэлхийн аваргаас алтан медаль авах хүртлээ барилдана

Аймгийн заан, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер М.Лхагвагэрэлтэй ярилцлаа. Тэрбээр оны өмнөхөн чөлөөтийн залуучуудын U23 дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 125 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн юм.

-Та бөхийн спортоор хэзээнээс хичээллэсэн бэ. Хамгийн анхны тэмцээндээ оролцож байсан дурсамжаасаа яриач?
-Би арван настайгаасаа үндэсний бөхийн спортоор хичээллэж эхэлсэн. Аав минь аймгийн арслан цолтой, жүдо, самбоор барилддаг спортын мастер цолтой хүн. Аавын бэлтгэл, сургуулилалтыг харж өссөн учраас хүүхэд байхаас барилдах дуртай болсон. 
Манай Завхан аймагт “Аваргын гараа” гээд өсвөр үеийнхний дунд барилдаан болдог юм. Би тэр барилдаанд 2007 онд анх удаа оролцсон. Тэр тэмцээнээс их урам зориг авч, заавал бөх  болно гэж өөртөө амлаж байлаа. Тэрхүү амлалтдаа хүрэхийн тулд бэлтгэл сургуулилалтаа сайн хийж, хичээж явна. Бөх байна гэдэг зөвхөн барилддаг байхыг хэлэхгүй. Сэтгэл зүрхээ зориулж, хөдөлмөрлөх нь хамгийн чухал. Хэн хичээнэ тэр хүн л амжилт гаргадаг шүү дээ. Тиймээс энэ спортод сэтгэлээ зориулах нь чухал. Би “Аваргын гараа” барилдаанаас нэг алт, хоёр хүрэл медаль авч байсан.

-Чөлөөт бөхөөр хэр удаан хичээллэж байна вэ. Оны өмнөхөн залуучуудын U23 дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ?
-2014 оноос чөлөөт бөхөөрөө “Аварга” дээд сургууль дээр тууштай бэлтгэл хийж эхэлсэн. Түүнээс хойш “Даян бөхийн дэвжээ”-нд харьяалагдаж байгаад  “Хилчин” спорт хороонд ороод жил болж байна. Мөн “Жем Интернэшнл” ХХК-ийн бөх.

-“Будапешт-2019” дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээний эхний тойрогт Киргизстаны тамирчин Музаффар Жаппуевыг оноогоор цэвэр ялсан. Өрсөлдөгчөө хэр судалсан байсан бэ?
-Түүнтэй өмнө нь Монголд болсон U23 Азийн аварга шалгаруулах тэмцээн дээр таарч барилдаж, долоон оноогоор хожсон. Музаффарын хувьд лав барьц сайтай, шидээ хийдэг бөх. Тиймээс би лав барьц алдахгүй зайнаас гарын ажиллагаараа илүүрхэж барилдана гэсэн тактик боловсруулсан.
Хоёрдугаар тойрогт Оросын бөхтэй барилдсан. Өмнө нь 2017 онд учраа таарч барилдаж байсан ч 11:7-оор ялагдсан. Оросын бөх аваргын төлөө барилдах болсноор би дагах барилдаанд орсон. Эхний тойрогтоо Хятадын, хоёрдугаар тойрогтоо Египетийн бөхийг ялснаар ДАШТ-ээс хүрэл медаль авсан. Миний зорилго медальд хүрэх, авна гэдэгтээ ч итгэлтэй байлаа. Учир нь бэлтгэл сургуулилалт сайн, сэтгэлзүй бэлэн. Тиймээс эргэлзэх зүйл байгаагүй. 

-Үндэсний бөх сонирхогчид өөрийг тань энэ спортод амжилт гаргах тамирчин гэж ярьдаг юм билээ. Цаашдаа үндэсний бөхөөр барилдах бодол байна уу?
-Барилдалгүй яах вэ. Гэхдээ чөлөөт бөхийн спортоо орхихгүй. Хоёуланд нь хүч үзнэ. Анх барилдсан маань хэдий үндэсний бөх ч гэлээ би чөлөөт бөхийн спортод сонирхолтой, дуртай, хайртай. Тиймээс өдийг хүртэл орхисонгүй. Өөрөөр хэлбэл, олимп, дэлхийн аваргаас алтан медаль авах хүртлээ барилдана.

-Тамирчдын хувьд бэлтгэл хамгийн чухал. Бэлтгэл сургуулилалт хийх нөхцөл боломж хэр бүрдэж чадаж байна вэ?
-Бэлтгэлийн хувьд үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид болон Монголын чөлөөт бөхийн холбоо чадлаараа тусалж, дэмжиж байгаа. Гадаадын тамирчидтай хамтарсан бэлтгэл ч хийж байна. Оросын тамирчидтай  хоёр ч удаа хамтарсан бэлтгэлд хамрагдсан. Ер нь миний амжилт гаргаж байгаа нь гадаадын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж, туршлага хуримтлуулж байгаатай холбоотой гэж боддог. 

-Тэгвэл сэтгэлзүйгээ хэрхэн бэлддэг вэ?
-Сэтгэлзүйн бэлтгэл чөлөөт бөхийн спортод маш чухал. Тухайн тэмцээн хоёрхон өдөрт болоод өнгөрдөг ч тамирчид тэр өдрийн төлөө өөрийгөө байнга бэлдэж, дайчилж байдаг. Иймдээ ч Монголын чөлөөт бөхийн холбоо сэтгэл зүйч багштай. Багш маань тамирчдын сэтгэл зүйг бэлтгэлийн үеэр хангалттай сайн бэлддэг. 
Харин сэтгэлзүйн бэлтгэлгүй дэвжээнд гарвал ялагдлаа хүлээн зөвшөөрсөнтэй адил. Өөрөөр хэлбэл, тамирчдын амжилтын нэг гол үндэс нь сэтгэлзүй.

-Бөхийн нэр төр сэвтэхдээ их амархан болж. Таны бодлоор манай бөхчүүд нэр төрөө хэрхэн хайрлаж, хамгаалах ёстой юм бол?
-Хүн бүрт нийгэмд хүлээх үүрэг, хариуцлага гэж бий. Үүнийг ухамсарлах нь хувь хүний хүмүүжил, төлөвшилтэй холбоотой. Би хувьдаа бөхчүүдийг их хүмүүжилтэй хүмүүс гэж боддог. Ер нь зөв шударга хүн л амжилт гаргадаг шүү дээ. Хүний амжилтад атаархсан гэмээр элдэв яриа байнга л гардаг. Гэвч элдэв хов жив эцсийн эцэст үнэнийг ялахгүй шүү дээ.

-Одоо ямар тэмцээнд оролцохоор бэлтгэл хийж байгаа вэ?
-Олимпын эрхийн тэмцээнд оролцохоор шаргуу бэлтгэл хийж байна. Тус тэмцээн БНХАУ-д болно. Би олимпын эрх авна гэдэгтээ итгэлтэй байгаа.
Намайг урьж оролцуулсан танай сонины хамт олонд баярлалаа. Мөн энэ боломжийг ашиглаад намайг дэмждэг хүмүүст баярлаж явдгаа илэрхийлье.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид