Улаанбаатар 1c

Хэдийн эхэлчихсэн маргааш

Ирээдүйд юу болохыг урьдчилан мэдэх нь хүн төрөлхтний мөрөөдлийн нэг. Цаг хугацааны машиныг бүтээж чадаагүй бид зөгнөлт зохиол, киноны тусламжтайгаар л ирээдүй рүү аялж чадна. Гэвч XXII зуунд л байж таарахаар барилга, цогцолборууд өдгөө дэлхий дээр нэгээр тогтохгүй. Урьд үзэгдээгүй барилгууд, шидэт гэмээр дэвшлүүд, сонсогдоогүй тав тухыг туурвиж буй уран барилгачдын хувьд ирээдүй хэдийнэ эхэлчихжээ.
Цаг хугацааны зүгээс авч үзвэл “ирээдүйн” гэх тодотголтой уран барилга хэзээ хөгжиж эхэлснийг тоймлох боломж хараахан алга. Мэдээж, XX зуунд хүний нүд баясгаж, чих дэлдийлгэсэн бүтээлүүд шинэ зуунд өдөр тутмын хэрэглээ болсон. Уран барилгын урсгал чиглэл бүрт өөрийн гэсэн хүчтэй түлхэлтийг бий болгосон, гайхамшигтай, өдөөн хатгасан төслүүд мэндэлсэн ч азтай нь биеллээ олж, азгүй нь цаасан дээр үлдсэн билээ. Харин өнөөгийн хөгжил, техник технологийн дэвшил хүний тархинд төрсөн ямар ч төслийг утопи хэвээр үлдээх боломжийг хумьж байна. Өөр үгээр, хүсэл хийгээд мөнгө байвал бараг ямар ч төслийг биет ажил болгох боломж олдох хэрэг. Гайхамшгийг бүтээх цахим техник, орчин үеийн дизайн, шинэ, дэвшилтэт материалууд орчин үеийн уран барилгыг өнгөрсөн зууныхаас огт өөр түвшинд хүргэж буй. “Орчин үеийн уран барилгын газрын зураг” нэртэй, 10 кг жинтэй номоос шинэ мянганы эхээр төрсөн, төрж буй, удахгүй төрөх супер бүтээлүүдийн талаар мэдэж болох агаад ур ухаан, загвар, тав тухын гайхамшиг мөнөөх Европ, Япон, Умард Америкаас хальж, Бээжин, Шанхай, Малайз, Хонконг, Мехико руу давалгаалж эхэллээ.

Дэлгэцээс амилах хэлбэрүүд

Орчин үеийн уран барилгын хөгжлийг зүй ёсоор илтгэх нэгэн бүтээлийг америкийн иргэн Франк Ф.Гери 1997 онд Испанийн умард хэсэгт бүтээжээ. Мөнгөлөг өнгийн титан хавтангуудыг нумласан хэлбэр бүхий Гуггенхаймын музейг уснаас гарч ирсэн аварга нялцгай биеттэй зүйрлэн шүүмжилж байсан нь саяхан. Гэлээ ч гадна төрхөөрөө төдийгүй дотоод зохион байгууламжаараа энэхүү бүтээл олныг гайхшируулсаар. Бильбао дахь эл гайхамшгийн төслийг анх удаа бүрэн эхээр нь компьютер дээр гаргасан аж. Компьютерийн программууд орчин үеийн уран барилгын үндсийн үндэс, цагаан толгой болох эхлэл эндээс тавигдсан. Хамгийн минималист барилгын эх загвараас эхлээд хамгийн үл анзаарагдам хэсгийн зураг, тооцоог ч компьютер дээр хийнэ. Испанийн уран барилгач Сантьяго Калатравагийн нэрийн хуудас болсон нисэж буй шувууны далавчийг санагдуулам дээврүүд, Норман Фостерийн бүтээсэн Темза голын эрэг дэх “шилэн дусал” (Great London Authority) гээд ер бусын хэлбэр, басхүү зохион байгуулалт, ая тух, эрчим хүчний хэмнэлтээрээ олныг гайхуулсан бүтээлүүд компьютерийн дэлгэцээс амилсан билээ.

Ухаантай байшин

Эдийн засгийн хэмнэлт бол орчин үеийн уран барилгад чухал байр суурь эзлэх үзүүлэлт. Ямар ч гайхамшгийг бүтээхээр зорьсон бай, эрчим хүчний зарцуулалт хийгээд ашиг тустай байх эсэхийг тооцох нь уран барилгачдын үүрэг. Гаднаасаа харц булаам цогцолборуудын дотор ч амьдрал буцалж байх ёстой гэсэн үг. Удирдах төхөөрөмжүүд, дамжуулагч, дэлгэц, агаарын даралт, чийг, дулааныг хэмжигч багажууд барилгуудыг “хянаж” байдаг. Гадаа халж эхлэх үед ид шидийн дохиураар дохих мэт цонхны хөшгүүд хаагдаж, агааржуулагч сэрүүнээр үлээж эхэлнэ гээд бод доо. Түүгээр ч зогсохгүй, нарны эрчим хүч цуглуулагч шилээр байшинг дээвэрлэх, хөрсний усаар ажиллах агааржуулагч (эрүүл мэндэд тустай), дулаан хадгалахаас гадна өнгө нь хувирдаг шилээр хийсэн цонх гээд хүний тав тух, хэрэгцээнд нийцсэн, эдийн засгийн хувьд хэмнэлттэй төхөөрөмж, эд материал орчин үеийн барилгыг илүү тансаг, өвөрмөц болгож байна. Ирээдүйн барилга, цогцолборын ерөнхий дүр зургийг гаргавал, өвөрмөц, ер бусын загвартай, шил ба төмрөөс бүтсэн, эрчим хүч хэмнэгч (тухайлбал, нарны гэрлээр халдаг), байгальд орчинд ээлтэй байх нь ээ.

Тэнгэрт ойрхон сууц, эмбрион гэр

Токио хотын түм түжигнэсэн Шибүя дүүрэгт сондгойрох нэгэн сууцыг залуу уран барилгач Масаки Эндо, Масахиро Икеда нар бүтээсэн бөгөөд сансраас унасан харь харигийн хөлөг мэт энэхүү барилгыг “Эллипс байшин” хэмээн нэрийддэг. Талбайгаараа төдийлөн том биш, өвөрмөц загвартай эл байшин хотын хуучин архитектураас ялгарч, бас нөгөө талаас хэв маягийг нь эвдэхгүй байж чадсанаараа онцлог. Багаар бодоход 500 жилийн настай хуучин хотуудын уран барилгын ерөнхий хэв маягт нийцнэ гэдэг шинэ цагийн орон сууцны хувьд том шалгуур. Хуучин барилгуудтай зэрэгцүүлэн тэнгэр баганадсан сууц босгох, эсвэл башингуудыг давхарлах гээд олон шийдлийг уран барилгачид санал болгож буй. Тухайлбал, Германы уран барилгач Вернер Айслингер Берлиний өндөр орон сууцуудын дээвэрт “Лофт-куб” байрлуулах санааг анх гаргасан билээ. Хотын нүүдэл хэмээгдэх болсон энэхүү цогцолбор нь шил, төмөр, хуванцараас бүтсэн, 36 хавтгай метр талбайтай, гал тогоо ба угаалгын өрөөтэй, авсаархан сууц. Орчин үеийн загвартай, тохилог ийм сууц дунджаар 55-70 мянган еврогийн үнэтэй.Түүнээс гадна Нью-Йорк, Парис, Лондонд ч энэ тенденц хөгжжээ.
Орон сууцанд тавигдаж буй бас нэгэн чухал шаардлага бол “олон үйлдэлтэй” байх. Гэртээ буй нэг хана, эсвэл тавиурыг олон янзаар ашиглаж болно гэдэг мэдээж таатай. Энэ тал дээр олон залуу, авьяаслаг уран барилгач ажиллаж байгаагийн дүнд уян буюу (Variomatic), зөөдөг (Portable), эмбрион (Embryological) сууцууд бий боллоо. Эвхээд хурааж болох, бага оврын машинд ачаад нүүх, эсвэл хийлээд дотор нь амьдарч болох, мэдээж аюулгүй, тухтай сууц хэнд л таалагдахгүй байх билээ. Түүнчлэн оффис болон сууцыг хамтатгасан хувилбарыг ч санал болгож байна. Дэлхий дээр төдийгүй сансарт ч амьдарч болох капсулан сууц (Bioplex Cаpsule) ч уран барилгачдын бүтээл.
Цаашлаад усан дор аж төрөхийг хүсэгчдэд зориулсан Hydra House, онгон байгалийг мөрөөдөгчдөд зориулсан Чулуун ширэнгэ зэрэг бүтээлүүд ч төрөн гарлаа.
Уран барилгачид хүн төрөлхтний түмэн хүсэл, мянган хэрэгцээг гүйцэлдүүлэхийн тулд шинэ, зөгнөлт сууцны эрэлд хатахын зэрэгцээ хуучин, хаягдсан, эзгүй обьектуудыг “ирээдүйнх” болгохоор зорьж буй. Хэнд ч хэрэггүй болсон “оноштой” агуулах, үйлдвэрийн барилгуудыг музей, үзэсгэлэн, худалдааны төв болгох тенденц ч газар авлаа.

Барилга уу, зэрэглээ юү

Эргэлддэг, хөвдөг, өнгөө хувиргадаг, хэлбэрээ өөрчилдөг гэх мэт уран чадвараараа олны амыг ангайлгах барилгууд олноор бий болох нь. Амьтан, ургамлын дүрстэйгээс эхлээд урбан, хай-текийн хязгааргүй зөгнөлүүд уран барилгад ч тусгалаа олж, дэлбээлж буй сарнай хэлбэрт цахилгаан станц, өмсгөлөө тайлж, өнгөө хувиргадаг худалдааны төв бий боллоо. Нью-Йоркийн уран барилгач Диллер болон Скофидио нарын “Blur building”, 2002 онд Швейцарьт болсон үзэсгэлэнгийн үеэр танилцуулсан үүлэн хэлбэрт барилга, Майкл Янтцений “Malibu Video Beach House”, АНУ-ын залуу уран барилгачдын “Asymptote” зэрэг төслүүд бол шинэ үеийн архитектурт ирээдүй хэдийнэ эхэлсний тод жишээ юм.

Шинжлэх ухааны асар хурдтай хөгжил, техник технологийн дэвшлийг даган таахын аргагүй зөгнөлөөр урагш хурдалж буй уран барилгын ертөнцөд хүний хүсэл  тэр дороо бодит зүйл, цаашлаад хэрэглээ болон хувирч байна. Их хотуудын түрэмгий хэмнэл, араас мөшгөх олон зуун үүрэг хариуцлага, асар хурдтайгаар эргэх сэнс мэт шинэ эриний алхаанаас уйдсан бол, эсвэл аглаг хээр, нам гүм, бөглүү тосгон, залхуурам налгараас холдохыг хүссэн бол... Хүн таны хүслийг танаас урьдан тааж, шийдлийг нь санал болгох тийм ертөнц уран барилгачдын хувьд хэдийнэ эхэлчихсэн. Алга таших л үлдлээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид