Улаанбаатар 1c

С.Баясгалан:Трамп дайн өдөөгч биш, америкийн эрх ашгийг хамгаалагч ерөнхийлөгч

Дэлхийн III дайн эхлэх нөхцөл бүрдээгүй

Сүүлийн гурван өдөр Ираны Кармен хотод амиа алдсан генерал Касем Сулейманиг оршуулах, түүний амь насыг нэхэх олон нийтийн цугларалт болж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын “тушаалаар”   Багдадын нисэх онгоцны буудлын орчимд энэ сарын 3-нд алагдсан Касем Сулеймани нь Ираны Аль-Кудс тусгай хүчний командлагч байсан юм. Ираны хамгийн нэр хүндтэй удирдагчийг устгасны хариуд Иран Ирак дахь АНУ-ын цэргийн бааз руу пуужингийн цохилт үзүүлсэн билээ. Бүс нутгийн уг мөргөлдөөн цаашид хүрээгээ тэлэх үү, олон нийтийн сүлжээнд яригдаад байгаа шиг дэлхийн III дайн болох уу зэрэг цаг үеийн асуудлаар МУИС-ийн багш, Олон улсын харилцаа судлаач С.Баясгалантай ярилцлаа.  
-Ойрхи Дорнод самуунтай байна. Иран улс цэргийн хамгийн том генералаа алдсаныхаа хариуд Ирак дахь АНУ-ын цэргийн бааз руу хэдэн арван пуужин харвалаа. АНУ-ын Ирантай сөргөлдөөд байгаа бүс нутгийг хамарсан дайн хэзээнээс эхлэлтэй вэ?
-Олон улс судлаачид АНУ Касем Сулейманиг хөнөөсөн нь АНУ-ын хар өдөр 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагыг зохион байгуулсан Аль-Каида бүлэглэлийн толгойлогч Осама бин Ладеныг устгаснаас илүү ач холбогдол өгч байгаа.
Учир нь Касем Сулеймани бол Ираны Исламын хувьсгалын хамгаалагч хүчин буюу Засгийн газрын тусгай албаны удирдагч байсан. Түүнийг бүлэглэл байгуулах замаар эргэн тойрны улсуудад сүлжээ үүсгэсэн гэж үздэг. Үүний жишээ нь Хезболлах бүлэглэл юм. Тэгэхээр террорист үйл ажиллагааг гадаад харилцаандаа дэмжихгүй гэх АНУ-ын бодлого өнөөдрийг хүртэл Ирантай таагүй харилцаатай байх үндэс болж байна. Иран АНУ руу цохилт үзүүлсэн 2001 оны есдүгээр сарын 11-ний үйл явдлаас хойш “Террорист халдлага” гэх шинэ эрин үе эхэлсэн.

-АНУ болон Ираны хооронд үүсээд байгаа сөргөлдөөн хүрээгээ тэлж дэлхийн III дайныг эхлүүлэх нь гэсэн яриа олон нийтийн дунд байна.  Ираны зэвсэг, техник болон цэрэг АНУ-ын цэргийн хүчний өөдөөс босох хүчтэй юү?
-Дэлхийн III дайн болохгүй ээ. Үндсэн нөхцөл нь бүрдээгүй. Дэлхийн III дайн ямар тохиолдолд эхэллээ гэж үзэх вэ гэхээр ОХУ, БНХАУ, АНУ гурван улс ямар нэгэн эрх ашгаа хамгаалж энэ сөргөлдөөнд оролцсон тохиолдолд III дайн эхэллээ гэж харна. Өөрөөр хэлбэл, дэлхийн бүх улсыг хамарсан дайн эхэлж байна гэж үзнэ. Хоёрудгаарт, Ираны зэвсгийн нөөц, зэвсэгт хүчний хүч, чадал хэр байна гэдгээс дараа дараагийн алхмууд хамаарна. Нөгөө талаас Иранд тусалж ОХУ, БНХАУ хэр хэмжээнд оролцох вэ гэдгээс асуудал яригдана. Дараа дараагийн алхам, хариу үйлдэл хийгдэнэ. Одоогоор ийм нөхцөл харагдахгүй байна. Яагаад гэхээр, Иранаас болж АНУ-тай ОХУ, БНХАУ хоёр муудалцахыг хүсэхгүй. Тэд өөр өөрсдийн эрх ашигтай улс. Хэрэв ОХУ-ын эрх ашиг үнэхээр хөндөгдөх юм бол Ираныг өмөөрч босно.Тэр тохиолдолд  дэлхийн III дайн боллоо гэж хэлж болох юм. 

-НҮБ-аас энэхүү сөргөлдөөнийг намжаах ямар ажил хийх боломжтой вэ. Талуудыг хэлэлцээрийн ширээнд суулгах болов уу?
-Нэг асуудал нь, одоогийн энэ бүс нутгийн дайралтын эсрэг АНУ Иранд хариу арга хэмжээ яаж авахаас шалтгаална. Трамп Ираны хамгийн чухал цэг болох өв, соёлынх нь газар болох 52 байршилд цохилт өгөх юм бол НҮБ тун хүнд байдалд орно. НҮБ олон улсад үнэхээр энхтайваныг тогтоож чадаж байна уу гэдгийг олон улс хөндөнө. АНУ бүрэн хэмжээний зэвсгээр Иран руу халдах юм бол олон улсын эрх зүйгээрээ тусгаар тогтносон улс руу халдаж байгаа юм. Ингэвэл Олон улсын эрх зүйн хэм хэмжээний асуудал мөн яригдана. Олон улсын эрх зүйгээр аливаа улс хоорондын зөрчлийг намжааж чадахгүй гэж байгаа бол бусад улс орон юу гэж бодох вэ гэхээр, Олон улсын эрх зүй гэж байсны хэрэг байна уу, НҮБ-ын хэрэг байна уу гэсэн асуудлыг ярих болно.  Тиймээс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийнхөн Иракийн асуудлыг яриа хэлэлцээрийн замаар шийдэхийн тулд Америк, Иран болон бусад ашиг сонирхол бүхий улс орныг нэг ширээнд суулгаад мэтгэлцүүлэх хэрэгтэй. 

-Ашиг сонирхол бүхий улс орнууд гэхээр?
-Израйль, Арабын нэгдсэн Эмират улс, Саудын Араб гээд АНУ-ын хамгийн том холбоотон улс ороод ирвэл бүс нутгийн хэмжээнд дайн болох төдийгүй шашны хоёр урсгалын мөргөлдөөн болох эрсдэлтэй.  

-АНУ ОХУ-ын ямар эрх ашгийг хөндвөл ОХУ Иракийг дэмжих байдлаар энэ бүс нутгийн дайныг өдөөх вэ?
-Газар зүйн байршил нөлөөлнө. Төв Ази руу америкчууд шууд орж ирнэ гэвэл ОХУ Иракийг өмөөрнө. Гэхдээ ОХУ хэрэв уг сөргөлдөөнд оролцвол АНУ-ын эсрэг зэвсэг, цэрэг, армийн хүчин чадал нь хүрэхгүй. Тэр бүү хэл БНХАУ-ын цэрэг, зэвсгийн чадал хүрэхгүй. Өнөөдөр АНУ дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн хэвээр байна. Үүний багахан илрэл нь Хонгконгийн мөргөлдөөнөөс шууд харагддаг. Хэрэв БНХАУ цэрэг, зэвсгийн чадалтай байсан бол АНУ-ын далдаас удирдаж байгаа гэх Хонгконгийн бослогыг цэрэг оруулаад нам дарчих байлаа. 

-Өдгөө цөмийн зэвсэгтэй хэчнээн улс байна вэ?
-Албан ёсны хүлээн зөвшөөрөгдсөн таван улс бий. Тэр нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын тав гэгддэг. БНХАУ, АНУ, ОХУ, Англи, Франц. Харин хүлээн зөвшөөрөгдөөгүй дөрвөн улс бий нь Хойд Солонгос, Энэтхэг, Пакистан, Израйль. 

-АНУ, Ирак хоёр цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэгч орон гэх цөмийн хэлэлцээрээс гарсан. Гарах шалтгаан нь юу байв?  
-Америк 2001 оны есдүгээр сарын 11-ний үйл явдлаас хойш террористуудтай тэмцэнэ гэсэн гадаад бодлогын албан ёсны чиг шугам баримтлаад явж байгаа. Тэр дундаа Иран терроризмыг дэмжигч улс гэдгээрээ хар жагсаалтад нь багтсан байдаг. Гэхдээ энд цохон тэмдэглэхэд, Иран дахь шийтүүд дундаас терроризм гараад байдаггүй. Нөгөө талаасаа Иран террористуудыг дэмжигч улс гэдэг утгаар нь АНУ Ираныг цөмийн зэвсэгтэй болж болохгүй, бид үүнийг зөвшөөрөхгүй гэж байгаа юм. Энэ нь ямар утгаараа вэ гэхээр, хэрэв Иран цөмийн зэвсэгтэй болчихвол террористуудад цөмийн зэвсэг очно гэж харддаг. Ираны тухайд эхний ээлжид бид энхийн зорилгоор буюу цахилгаан эрчим хүч гаргах зорилгоор цөмийн эрчим хүчийг ашиглана гэсэн байгаа. Гэхдээ үүнийг АНУ шалтаг гэж үздэг. Ираны Засгийн газраас АНУ цөмийн зэвсэгтэй байгаа юм бол, тэгээд бидний аюулгүй байдалд халдаад байвал бид цөмийн зэвсэг хийнэ гэж байгаа юм. Касем Сулеймани амь үрэгдсэний дараа Ираны эрх баригчид 2015 онд зургаан улстай байгуулсан цөмийн хэлэлцээрээсээ гарч байгаагаа зарлалаа. Ингэснээр Иран Улс цөмийн хэлэлцээрээр хүлээсэн бүх үүргээсээ, түүний дотор центрифугтэй холбоотой үүргээсээ эцсийн байдлаар татгалзаж байгаа юм. Уг хэлэлцээрээс гарснаар Иран Улсын хэрэгжүүлж буй цөмийн хөтөлбөрт ямар ч хязгаарлалт үгүй болж байна. Цаашдын хөгжүүлэлтэд тавигдсан хязгаарлалт, хэм хэмжээ ч үүнтэй хамт үгүй болж байна. 

-АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын гадаад бодлогодоо барьж байгаа бодлогыг та юу гэж хардаг вэ. Трамп дайныг өдөөгч Ерөнхийлөгч мөн үү?
-Яг өнөөдрийн нөхцөлөөс нь харвал дайныг өдөөгч Ерөнхийлөгч болж харагдаж байгаа. Гэхдээ олон улсын харилцааны онолын түвшнээс нь харвал АНУ-ын эрх ашгийг хамгаалагч гэж харагдана. Харамсалтай нь, үүний илрэл  дайн өдөөгч шиг харагдаад байгаа юм. Гадаад бодлогын хэм хэмжээ талаасаа өөрийн улс орныхоо эрх ашгийг хамгаалж байгаа юм. Ингэхдээ хатуугаар буюу хүчний аргаар хамгаалаад байгаа хэрэг. 

-Хэрэв Трампын оронд Барак Обама байсан бол Ирак, АНУ-ын гадаад харилцаа ингэтлээ муудах байсан болов уу?
-Барак Обама бол зүгээр л улс төрч. Тэр ингэж чадахгүй. Трамп бол аз турших дуртай хүн. Аз туршиж чаддаг хүн. Тийм учраас гэнэтийн үйлдлүүд гаргаад байна. Тиймээс ч Трампын удаа дараагийн гэнэтийн шийдвэрийг Конгресс авч хэлэлцэж байна. “Бидэнд мэдэгдэхгүйгээр шийдвэр гаргаж байна” гэж шүүмжлээд авч хэлэлцэхээр болоод байна.

-Исламын шашны Суннит урсгалынхан дайтагч, террористууд болоод байдаг нь ямар учиртай вэ. Шашны нөлөө байна уу.  Гэтэл Шийт урсгалынхан нь террорист үйлдэл гаргадаггүй гэдэг шүү дээ?
-Аливаа шашинд өөр өөр чиг урсгал байна. Үнэн алдартан ба Ортодокс. Эдгээр урсгалынхан бурхнаас заасан л бол ягштал биелүүлнэ гэдэг философитой. Түүнд ямар нэгэн засвар, тайлбар байхгүй гэж үздэг. Ийм урсгал, хэт туйлшрагчдын бүлэглэлийг бий болгож байгаа юм. Исламын шашны суурийг тавьсан Мухаммедын замаар Суннитүүд явдаг. Суннитүүд бол хэт туйлшрагчид. “Бид бол ганц Аллахын төлөө, буруу номтнуудын эсрэг арга хэмжээ авна” гэсэн шашиндаа хэт автагсад юм. Ийм тулгуур үзэлтнүүд террористууд болдог. “Бурхны төлөө би юу ч хийж чадна. Амиа золиослоно” гэсэн үзлээр шашиндаа үнэнч зүтгэдэг. Шийтүүд арай ардчилсан байдлаар шашнаа шүтдэг. Суннитүүд Мухаммедын талынхан шашнаа авч явах ёстой гэдэг байхад Шийтийн талынхан “Мухаммедын алтан ургийнхан л шашин шүтэх ёсгүй. Исламын шашинд итгэгчид хэн ч байж болно” гэж үздэг. Суннитүүд Арабын угсааны хүмүүс бол Иранууд бол персүүд. Тэгэхээр Суннит талд байх үндэсгүй гэдгээрээ ялгардаг. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид