Улаанбаатар 1c

АНУ болон холбоотнуудтай нь дайтахад Ойрхи Дорнод бэлэн болоод байна

Багдадын олон улсын нисэх буудалд АНУ агаараас цохилт өгч, улмаар Ираны генерал Касем Сулеймани болон Иракийн цагдаагийн дарга Абу Махди аль-Мухандис амиа алдсан нь Вашингтон,  Тегераны харилцааг хурцдуулж, дайны ирмэг дээр тулж ирээд байна. Иран өчигдөр Ирак дахь АНУ-ын цэргийн хэд хэдэн байгууламж руу баллистик пуужин харваад буй. Эх сурвалжуудын мэдээлснээр, Иракийн  хойд нутаг дахь Эрбиль хот орчмын Америкийн  цэргийн байгууламж болон Айн аль-Асад агаарын бааз пуужингийн цохилтод өртсөн байна. Агаарын цохилтын улмаас 80 гаруй хүн амиа алджээ.  Ийнхүү Ирак дахь АНУ-ын цэргийн баазад агаараас цохилт өгснөө Тегеран “Кудс” тусгай анги нэгтгэлийн дарга, генерал Касим Сулейманийн амийг хөнөөсний хариу гэж тайлбарлав. Болсон үйл явдалтай холбоотойгоор Цагаан ордон яаралтай хуралдаан зарлаж, хэлэлцлээ. Түүнчлэн Ираны Исламын хувьсгалын хамгаалагчдын корпусаас Вашингтон  пуужингийн дайралтын эсрэг хариу арга хэмжээ авбал  АНУ-ын нутаг дэвсгэрт цохилт өгнө гэж сүрдүүлээд авлаа. Өдгөө АНУ болон Ираны хооронд дэлхийн II дайнаас хойших хамгийн том сөргөлдөөн үүсээд байгааг ажиглагчид онцолж байна. Британийн хэвлэлүүд дэлхийн III дайн  эхлэхэд бэлэн боллоо хэмээн мэдээлэх болов. “The Independent” дэлхийд шинэ дайн гарах эсэхийг хэлж мэдэхгүй ч мөргөлдөгч талууд хурцадмал байдалд шилжиж байгааг онцолжээ. Ийнхүү Ойрхи Дорнод, Арабын ертөнц АНУ болон түүний холбоотнуудтай дайтахад бэлэн болоод байна.

Дэлхийн улс орнууд Иракийг орхиж гарахыг ард иргэддээ уриалав

Пакистаны Гадаад хэргийн яамнаас Иракт байгаа иргэддээ хандаж, Багдад байгаа Элчин сайдын яамтайгаа нягт холбоотой байж,  болгоомжтой байхыг зөвлөжээ. Түүнчлэн Филиппинийн Засгийн газраас Ирак дахь иргэддээ хандан яаралтай тус улсыг орхихыг анхааруулсан байна. Энэтхэгийн Гадаад хэргийн яамнаас ч гэсэн иргэдээ  боломжтой бол Иракийг яаралтай орхиж гарах, тус улсад зорчихгүй байхыг анхааруулжээ.  Үүнээс гадна Сингапур агаарын тээврийн компаниудадаа Иран, Иракийн газар нутаг дээгүүр нисэхгүй байхыг үүрэгдэж, Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Ойрхи Дорнодын орнуудад хийх айлчлалаа хойшлууллаа.

Газрын тос, алтны ханш дахин өслөө

Иран АНУ-ын Ирак дахь цэргийн баазуудад агаараас цохилт өгсний дараа  “Brent” маркийн газрын тосны фьючерсийн үнэ 1.83 ам.доллароор буюу 2.7 хувиар өсөж, 70.10 болжээ. Түүнчлэн алтны ханш ганцхан өдрийн дотор 
1.91 хувиар өсөж, унц тутамдаа  1605 ам.доллар болоод байна. Дэлхийн зээл дээрх алтны үнэ 2013 оноос хойш хамгийн дээд цэгтээ хүрч,  унц нь өнгөрсөн даваа гарагт 1588.13 ам.доллар болсон бол нэг унц палладийн үнэ 2030.28 ам.долларт хүрч өсөөд байгаа юм.

АНУ, Ираны зөрчил

Иран Улс  1979 оны исламын хувьсгалаар хаант засгаа түлхэн унагасан. Хувьсгалын дараахан буюу 1979-1988 онд Ирак Улстай дайтсан бөгөөд хэн хэн нь ялалт байгуулж чадалгүй дайн зогссон түүхтэй. Тухайн үед АНУ  Иракийг дэмжин зэвсэг, санхүүгээр тусалж байсан юм. Үүнээс үүдэж,  АНУ, Ираны  харилцаа хурцаар хөндөгдөж эхэлсэн. Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр АНУ-д ашиггүй бүхий л гэрээ, хэлэлцээрээс гарна хэмээн хэлж байсан билээ. Түүний ихээхэн шүүмжлэлтэй хандаж байсан хэлэлцээрийн нэг нь 2015 онд байгуулагдсан “Ираны цөмийн хэлэлцээр” байсан юм. Энэ хэлэлцээрийн гол зорилго нь Ираны цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг хязгаарлах бөгөөд Тегераны зүгээс өндөр түвшинд баяжуулсан уранаа хорогдуулж, дахин уран баяжуулахгүй байх замаар цөмийн зэвсэг үйлдвэрлэхгүй гэх баталгааг их гүрнүүдэд өгөхөд оршиж байв. 2015 онд энэхүү хэлэлцээр байгуулагдахад  олон улсын цөмийн зэвсгийн эсрэг тэмцэгчид, хэлэлцээрт оролцогч улс орнууд тэр дундаа АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама цөмийн зэвсэг хураах чиглэлд гарсан түүхэн, чухал ач холбогдолтой гэрээ хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байлаа. Гэрээнд цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх хэлэлцээрээр хүлээн зөвшөөрөгдсөн цөмийн зэвсэгтэй таван орон болох ОХУ, БНХАУ, АНУ, Франц, Их Британи болон ХБНГУ  оролцсон юм. Гэвч 2018 оны тавдугаар сарын 8-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дээрх гэрээг Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах бус харин ч эсрэгээрээ терроризмыг санхүүжүүлэхэд нь Тегеранд тусласан, Вашингтонд ямар ч ашиггүй муу гэрээ гэж үзэж байгаагаа илэрхийлээд гэрээнээс гарахаа албан ёсоор зарласан. Ингээд Ираны эсрэг цуцлагдаад байсан хоригууд шат дараатайгаар дахин сэргэж эхэлсэн билээ.
Эх сурвалж: https://edition.cnn.com/middleeast/live-news/us-iran-soleimani-tensions-intl-01-07-20/index.html

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид
NPost.mn Үндэсний шуудан
Зорчигчдын анхааралд