Улаанбаатар 1c

Г.Ганбат: Таэквондогийн спортоор хичээллэж байхад настангууд гудамжны хулгиануудыг бэлдлээ гэдэг байлаа

Спорт:
NPost.mn
2020-01-09 14:15
“Түшиг багана” компанийн захирал, Олон улсын таэквондогийн Монголын холбооны ерөнхийлөгч Г.Ганбатыг урьж ярилцлаа

-Та хүүхэд байхаасаа эхлэн таэквондогийн спортоор хичээллэж эхэлсэн байх аа?

-Тийм ээ. Намайг тавдугаар ангид суралцдаг жил “Олон улсын таэквондогийн клубт суралцах хүүхэд, залуусыг бүртгэж байна” гэсэн зар гарсан юм. Зарын дагуу ангийн найз Б.Ган-Эрдэнэ, байрны найз И.Отгонбаярын хамт хуучин Барилгын техникум буюу одоогийн “Дархан-Өргөө” коллежид очиж бүртгүүлэн “Зэн” клубийн н.Чойжилсүрэн,н. Цэнгэлбаяр багшид шавь орж байлаа. 1994 он л доо.

-Тэр цагаас хойш хэчнээн жил таэквондогийн спортоор хичээллэв. Ямар зэрэг, цолтой вэ?

-1995 онд н.Чойжилсүрэн, н.Цэнгэлбаяр багш нар Улаанбаатар хот руу буцахад би  IX дунд сургуулийн Оогоо багшийн секц рүү шилжиж,  үргэлжлүүлэн хичээллэсэн юм. 1995 оны намар  БНАСАУ-ын мастер багш Юн Нам Гүн Дархан-Уул аймагт ирж   шалгалт авдаг юм байна. Тэр шалгалтад манай клубийн Оогоо багш, И.Отгонбаяр, А.Түвшинбаяр, Б.Батширээт,  Д.Уянга нар тэнцэж олон улсын хар бүс I данын болзол хангасан. Харин би 1998 онд дунд сургуулиа төгсөж Цагдаагийн академийн оюутан сонсогч болоод хичээл, сургууль, ажил, амьдралын замаа хөөн таэквондогоор хичээллэхээ больсон юм. Гэтэл энэхүү спорттой миний амьдрал ямар нэгэн шижмээр салшгүй холбоотой бололтой. Энэ оны  долдугаар сард Олон улсын таэквондогийн Монголын холбооны ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг хүлээн аваад  ажиллаж байна.

-Тухайн үед Дарханд таэквондогийн олон клуб байв уу. Уралдаан тэмцээн хэр их болдог байв?

-Олон байсан шүү. Тухайлбал, намайг “Зэн” клубт орохоос өмнө I сургууль дээр Б.Оюунжаргал, Гансүрэн багшийн “Одод”, 18 дугаар сургууль дээр Оогоо, Эрдэнэбат багшийн “Шүтээн”, Оросын XX сургууль дээр Баярсайхан багшийн “Умард”, IX сургууль дээр Оогоо багшийн дугуйлан,  I ТМС дээр Батнасан багшийн, III сургууль дээр Лхагвасүрэн багшийн хувийн дугуйлангууд байдаг байсан. Гэтэл 1995 онд эдгээр клубуудийг ОУТМХ-оос бүртгэлгүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явууллаа гэж хориглосон учраас Хүүхдийн төлөө төвийн дэргэдэх “ХАСТ” клубээс бусад нь үйл ажиллагаагаа зогсоосон гэдэг. Тэгээд бусад клубийн хүүхдүүд Оогоо багшийн “ХАСТ” клуб дээр ирсэн дээ.

Олон Улсын таэквондогийн Монгол Улсын шигшээ багийн тамирчид 1993 онд Узбекстаны Ташкент хотод болсон Ази, Номхон далайн орнуудын тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож эрэгтэйчүүд хатуугийн төрлөөр мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн тулааны 52 кг жинд Маналжав мөнгөн медаль хүртсэн байдаг. Тэгсэн хэрнээ 1995 он хүртэл Монгол Улсынхаа дотоодын нэг ч тэмцээнийг зохион явуулаагүй. Анхдугаар улсын аварга шалгаруулах тэмцээнийг Дарханд зохион явуулах саналыг Чойжилсүрэн, Цэнгэлбаяр, Оогоо багш нар ОУТМХ-нд тавьсан гэдэг. Таэквондогийн холбооноос “Бид анхныхаа УАШТ-ийг хөдөө, орон нутагт хийхгүй” гэсэн хариу өгч. Тэгээд гурван багш ярилцаж байгаад анхдугаар цомын тэмцээнийг 1995 онд Дарханд зохион явуулсан юм.

Тэр тэмцээнд Спорт сургалтын төв, Дарханы  IX сургууль, “Зэн” клубийн хамтарсан баг, “Растан” клуб, “Чим Кин Ир”-ийн нэрэмжит сургууль, “Бат-Ирээдүй” клубийн баг, тамирчид оролцсон. 1995 оны анхдугаар цомын тэмцээнийг манай аав, ээж хоёрын найзуудын  ХОТШ банк, “Шагай”, “Залуу Монгол”, “Хараа”, “Од трейдинг”, “Андууд”, “Мазаалай”, “Сликат” компаниуд ивээн тэтгэж явуулсан. Би тэр тэмцээнд хоёр төрөлд оролцсон юм. Зэргийн түль болон тулааны 36 кг-ын жинд оролцож анхныхаа хоёр хүрэл медалийг хүртэж байлаа. Тухайн үед медаль их ховор байж дээ. Зэсийг хөөмөлдөж ITF гэсэн гурван үсгийг товойлгож цохьсон медаль. Түүний дараа Ким Чен Ирийн нэрэмжит тэмцээнээс хүрэл, улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн амжилт гаргасан. Ахиж тэмцээн уралдаанд ороогүй. Ер нь манай Дарханы хүүхдүүд оролцсон тэмцээнээсээ ганзага хоосон ирж байгаагүй. 1995, 1996, 1997 оны цомын аварга шалгаруулах тэмцээнд гурван жил дараалан багаараа хоёрдугаар байрт шалгарсан. Багийн дүнгээр Спорт сургалтын төв түрүүлдэг байв. Манай ХАСТ клубийн бага жингийнхэн ихэнх алтан медалийг хүртдэг, хүнд жингийн алтан медалиудыг Спорт сургалтын төвийн хүүхдүүд хүртэнэ. Тэднийх манайхаас нэг, хоёр алтан медалиар илүү гардаг байлаа.

-Тулааны урлаг, спортыг сонирхох шалтгаан юу байв. Тулааны спортын олон төрөл, урсгал байхад яагаад заавал таэквондо гэж?

-Намайг бага байхад Монголд приставка  дэлгэрч Ван Дамм, Брюс Ли,  Жеки Чан, Жет Ли, Донни Йен нарын тоглосон тулаантай кинонууд моодонд орж байлаа. Тэд нар шиг зодолдож сурах гэж тулааны спортыг сонирхсон. Анх Чинзориг багшийн кёкүшинкай каратэгийн дугуйланд орсон. Каратэгийн тулааны техник сэтгэлд хүрээгүй болохоор сар ч бололгүй гарсан. Тэгээд таэквондогийн клубт орсон чинь миний хүсээд байсан нөгөө кинон дээр хийдэг, үсрэлт, эргэлттэй хөлийн сонгодог техникүүд байв.

-Таны хувьд Өмнөд Солонгосын таэквондог сонгож болоогүй юм уу. Хойд Солонгосын таэквондогийн спортыг  хүмүүс төдийлөн дэмждэггүй юм шиг санагддаг?

-Таэквондо таэ-хөл, квон-нударга, до-арга зам гэсэн үгнээс бүрддэг. Хөл, гарын урлаг гэдэг утгыг агуулж байгаа. Гэтэл Өмнөд Солонгосын таэквондод гараар зөвхөн цээжинд цохихыг зөвшөөрдөг. Гарын урлаг гэдэг утга нь алдагдсан байгаа. Харин Хойд Солонгосын таэквондоод хөл, гарын цохилтыг хүлээн зөвшөөрдөг. Дүрмийн энэ өөрчлөлт нь энэ хоёр таэквондог өөр спорт мэт харагдуулаад байдаг. Нэг таэквондогийн спорт Солонгос Улсыг хоёр хуваадсны дараа хоёр урсгал болон хөгжсөн. Ер нь алсдаа энэ хоёр таэквондо нийлж, нэгдэж магадгүй. Хойд Солонгос таэквондогийн язгуур үндэсийг өөрчлөлгүй хөгжүүлж яваа. Харин Өмнөд Солонгос хөрөнгө мөнгө, цаг үе, хөгжил, дэвшил, техник, технологитой уялдуулан хөгжүүлэхийг хичээж байгаа. Олимпын хөтөлбөрт оруулсан ч төдийлөн олны сонирхлыг татаж чадахгүй байна. Таэквондогийн спортын язгуур үндэсийг өөрчилсөнтэй холбоотой байж магадгүй юм.

-Солонгос улсыг Өмнөд, Хойд болон хуваагдах үед таэквондогийн спорт хоёр урсгал болон салсан гэж үү?

-Солонгосын эртний Корёо улсын субок, Жозеон улсын таэккён, Шилла улсын хварандо гэсэн гурван тулааны урсгалыг генерал Чой Хон Хи 1955 онд нэгтгэн орчин үеийн таэквондогийн спорт болгон дэлхий дахинд түгээн дэлгэрүүлсэн. 1966 оны гуравдугаар сарын 22-нд дэлхийн таэквондогийн анхны холбоог байгуулсан байдаг. Улс төр, үзэл сурталын нөлөөгөөр Чой Хон Хи генерал баригдаж, түүний дараа Өмнөд Солонгосоос Канад руу 1972 онд цагаачлан гарсан. Өмнөд Солонгосын мастерууд 1976 онд Чой Хон Хи генералын боловсруулсан таэквондоог дүрэм, техникийн хувьд өөрчлөн тусдаа WTF холбоог байгуулсан юм билээ. Одоо дэлхий дахинд Чой Хон Хи генералын байгуулсан ITF холбоог хүлээн зөвшөөрдөггүй бие даасан найман таэквондогийн холбоо үйл ажиллагаа явуулдаг. Солонгосын тулааны урлагийн мастерууд бие, биенээ үгүйсгэн хоорондоо нэгдэн нийлж чаддахгүй л яваа.

-Танай үеийн хүүхдүүд ер нь ямар спортын төрлийг илүү сонирхдог байв?

-Ер нь 1990-ээд онд зах зээлийн нийгэмд шилжээд спортын салбар уналтад орчихсон үе байв. Нийгмийн шилжилтийн үе байсан болохоор сагс, хөлбөмбөг тоглох бөмбөг ховор, бараг олдохгүй. Харин тулааны спорт борооны дараах мөөг шиг дэлгэрч эхэлсэн. Социалист нийгмийн үед хааж, хорьж байсан тулааны спорт 1990 оны ардчилсан хувьсгалын дараа дэлгэрч, хүүхдүүд их сонирхож хичээллэдэг байлаа. Харин настай хүмүүс энэ спортыг төдийлөн сайшаадаггүй байв. Тэр ч бүү хэл хүүхэд, залууст зодоон зааж гудамжны хулгиануудыг бэлдэж байна гэдэг байсан.

-Таэквондогийн холбооны ерөнхийлөгчийн ажлыг аваад удаагүй байна. Холбооны ажлыг сайжруулах, өөрчлөлт шинэчлэлтийн ямар ажлыг хийж, хэрэгжүүлхээр төлөвлөж байна вэ?

-Энэ ажилд томилогдоод таван сар болж байна. Ажил авсны дараахан буюу  наймдугаар сарын 24-30-нд Болгар Улсын Пловдив хотод болсон дэлхийн аварга шалгаруулах 21 дэх удаагийн тэмцээнд бид яваад ирсэн. Ажил аваад сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх зорилт тавьсан байгаа. Дэг журам, хариуцлага, сахилга баттай байж гэмээн амжилт гаргана. Энэ 2020 онд таэквондогийн холбооны өөрийн гэсэн заалыг барьж ашиглалтад оруулах бодол байна.

-Орон нутагт Олон улсын таэквондогийн клубүүд хэр олон байдаг вэ?

-Завхан, Увс, Ховд, Сүхбаатар, Дархан, Өмнөговийн Ханбогд сум зэрэг хөдөө, орон нутагт клубүүд бий.  Улаанбаатар хотод гэвэл “Эрч хүч”, “Чоно”, “Эр зориг”, “Мөнх хөх сүлд” гээд 10 гаруй клуб хичээллэж байгаа. МҮИС дээр манай хамгийн том клуб ажилладаг. Тус сургуулийн захирал таэквондогийн спортыг маш сайн дэмжиж, сургалтынхаа хөтөлбөрт оруулан таэквондог оюутнууддаа заалгаж байгаа. Таэквондоог биеийн тамирын хичээл шиг тус сургуульд ордог.

-Танай холбоонд БНАСАУ-ын мэргэжилтэн багш байгаа юу?

-НҮБ-ын хоригоос шалтгаалан манай хоёр улсын харилцаанд асуудал үүссэн. Үүнээс болоод Хойд Солонгос иргэдээ Монголоос татаж байгаа. Монгол Улсад энэ спортыг анх түгээн дэлгэрүүлсэн мастер багш Цүн Си Хуа ажиллаж байгаад өнгөрсөн аравдугаар сарын 18-нд нутаг буцсан. Боломж гарвал ирэх  гуравдугаар сард ирнэ гээд явсан. Монголд ирэхдээ өөрийн шавь тулаан, түлийн таваас дээш дантай мастер, залуу хоёр багшийг авчирна гэж амласан байгаа.

-Холбооныхоо гадаад харилцааг хөгжүүлэх чиглэлд ямар ажил хийхээр зорьж байна вэ?

-Эхний ээлжинд хойд, өмнөд хөрштэйгээ хамтран ажиллах санамж бичиг, гэрээ байгуулахаар зорьж, оны өмнө арванхоёрдугаар сарын 6-нд  ОХУ-ын Буриадын Таэквондогийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг зурлаа. Энэхүү ажлыг амжилттай зохион байгуулсан Улаан-Үд хот дахь Монгол Улсын Консулын газрын хамт олонд баярласан талархсанаа илэрхийлье. Энэ үеэр Буриадын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн болж манай холбооны 46 тамирчин хүүхэд амжилттай оролцож 30 гаруй медаль хүртсэн.

-Улсын аварга шалгаруулах тэмцээнээ хэзээ хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Ирэх гуравдугаар сард Ховд аймагт хийхээр төлөвлөсөн. Хөдөө орон нутагт болох анхны улсын аварга шалгаруулах тэмцээн болох юм. Дархан хотод таэквондогийн анхны тэмцээн зохиогдсон гэхдээ тэр улсын аваргын тэмцээн байгаагүй. Зургадугаар сард ОУТМХ-ны 30 жилийн ойд зориулан “Чингисийн  цом” олон улсын нээлттэй тэмцээн болно. Түүний дараа ОХУ-ын Буриадын “Байгаль кап” тэмцээнд явна. Наймдугаар сард Азийн аваргын тэмцээнд оролцоно. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2021 онд Итали Улсад болно. Дэлхийн аварга нэг жил өнжөөд болдог. Өнжсөн жилд тивүүдийн аварга шалгаруулах тэмцээн явагддаг юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид