Улаанбаатар 1c

Хөөн хэлэлцэх хугацаа ба хүлээлт үүсгэсэн дуулиан

Сонгуулийн өмнөх улс төр, хуулийнхны хийдэг ээлжит дуулиан, шуугиан энэ удаад шинэчилсэн Эрүүгийн хууль байх магадлал тун өндөр байна. Учир нь, уг хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлбэл хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан шалтгаанаар хэрэгсэхгүй болсон авлига, албан тушаалын томоохон хэргүүдийн эздэд холбогдох хэргийг сэргээн шалгаж эхлэх юм. Тэгвэл өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд Хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмын дагуу хэрэгсэхгүй болсон 640 гаруй түүний дотроос авлига албан тушаалын томоохонд тооцогдох 50 орчим хэргийн эзэд хууль, хяналтынханд дахин байцаагдаж, шалгагдаж эхлэх юм. Жишээ нь, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнд холбогдох тендерийн хэргийг нэрлэж болно.


Г.Дэнзэн “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа эхнэрийнхээ “Говь повер” компанид 17 тэрбум төгрөгийн тендер авч өгч, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр 2015 онд эрүүгийн хэрэг үүсгэгдэн АТГ-т шалгагдаж байсан юм. Шүүх хурал нь 2017 онд хэд хэдэн удаа зарлагдсан ч хойшлогдож, эцэстээ хэргийг нь мөрдөн байцаалтад буцаан шалгах шатанд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан шалтгаанаар хэрэгсэхгүй болоод байгаа юм. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан Өмнөд Африкийн Стандарт банкнаас зээл авсан Ш.Батхүүд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусан ялаас мултраад байгаа. Түүнчлэн УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нарт холбогдох хэрэг мөн энэ ангилалд орсон бол Зам тээврийн яамны газрын дарга асан Р.Ононд холбогдох хэргийг бас дурдаж болно. 

Цаашлаад төмөр замын 280 сая ам.долларын хэрэгт нэр холбогдож байсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүхэд холбогдох хэрэг ч хөөн хэлэлцэх хугацаа нь дуусан хэрэгсэхгүй болоод байгаа билээ.
 Энэ мэтээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаантай хэрэгсэхгүй болсон бүх төрлийн хэргийг сэргээн шалгах их ажил өрнөнө. Үүнтэй холбоотойгоор тэрийг баривчиллаа, энийг ингэлээ гэх дуулиан дэгдээнэ.  Гэхдээ ийн бужигнах хүртэл бас нэлээд юм болох вий. 

Эрүүгийн хуулийн шинэчилсэн төслийг нууж байгаад ч болов батлуулахыг оролдож байгаа гэв үү

“Хөөн хэлэлцэх хугацааг тоолох журамд өөрчлөлт орсноор” хэмээн сүүлийн хэдэн сар амаа цангатал ярьсан нэр бүхий улстөрчид энэ өдрүүдэд “Нохойн дуу ойртлоо” хэмээн бие бие рүүгээ ирмэж суугаа гэхэд хилсдэхгүй. Учир нь, УИХ-ын, Ерөнхийлөгчийн, Орон нутгийн сонгуулийн тухай хууль, тойрог, мандат гээд хэдэн гишүүн маань манарч байх зуурт санаачилсан хуулийн төслөө зүтгүүлэхэд саад хийгээд байхаар хүн нэг их олон гарахгүйг тэд мэдэж байгаа. Ингэж хэлсний учир нь Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой журмыг өөрчлөхийг хүсэхгүй, иргэдийг төөрөгдүүлэхийг санаархагч, хуулийн төслийг гацаах үүрэгтэй эрх ашиг бүхий гишүүн УИХ-д хэд хэд бий. Өөрөөр хэлбэл, манай улстөрчид хууль бус зүйлийн төлөө санаа сэтгэл, гар нийлэн ажиллах бус бие биенээсээ өрсөх замаар санаачилсан, засаж, сайжруулах гэсэн хуулиудаа зүтгүүлдэг, бараг нууж байгаад батлуулахыг хичээдэг, эрх ашгийг нь хөндөж байвал ямар ч аргаар хамаагүй хуулийн төслийг нь гацаадаг өрөвдөлтэй дүр зурагтай болоод удсаны ганцхан тод жишээ нь энэ яах аргагүй мөн билээ. 
Гэхдээ ямар ч байсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэгдэж явсаар ойрын өдрүүдэд батлагдах шинжтэй байгаа. Өнгөрсөн лхагва гарагт Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болсон. Түүгээр Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан авлигын гэмт хэргүүдийг сэргээн шалгах хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжсэн. Одоогоор дээрх хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай шинэчилсэн төсөлд “2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны нэгдүгээр сарын … /хууль батлагдсан өдөр/ өдрийн хооронд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр мөрдөн байцаалтын шатанд, прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болсон Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргийг сэргээн шалгахаар төсөлд тусгасан. Түүнчлэн дээрх хугацаанд шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болсон Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргийг сэргээн шалгахаар төсөлд тусгасан байна. Мөн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй байхаар, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хуулийг буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй байхаар тусгаад байгаа. Хэрвээ дээрх өөрчлөлтийг баталбал хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шалтгаанаар хэрэг нь хэрэгсэхгүй болсон гэмт этгээдүүдийг эргэн шалгах боломжтой хэмээн төсөл санаачлагчид хэлж буй. Гэвч нөгөө талаас энэ нь маргаан дагуулж байгааг хуульчид онцолж байгаа. 

Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэх хэргүүдийг сэргээн шалгаж чадах уу 

Эрүүгийн хуулийн 2017 оны өөрчлөлт хэрэгжиж эхэлснээс хойш 600 гаруй хэрэг хөөн хэлэлцэх хугацаа нь дуусч хэрэгсэхгүй болсныг шүүхийн байгууллагаас мэдээлсэн. Тэгвэл эдгээр хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дахин тоолох асуудлыг журмаар зохицуулах боломжтой гэж байгаа ч хууль эргэн үйлчилдэггүй зарчимтай. Хэдийгээр Байнгын хорооноос журамд тийм зохицуулалт тусгалаа ч олон саадтай учирна. Өөрөөр хэлбэл, хэдхэн сарын дараа эрх баригчид, гүйцэтгэх засаглал солигдож, тэдний эрх ашиг ямар байхаас хамаарна. Гэсэн ч нэгдэн орсон олон улсын гэрээ, тунхаглалд хуулийг буцааж хэрэглэхгүй байхыг заадаг. Тиймээс хэрэгсэхгүй болсон хэргүүдийг хөөн хэлэлцэх хугацааг дахин тоолох боломжгүй гэсэн үг. Энэ талаар УИХ-ын гишүүд Б.Пүрэвдорж “2019 оны аравдугаар сарын мэдээгээр 629 гэмт хэрэг хэрэгсэхгүй болжээ. 1200 гаруй гэмт хэрэгтэн ял зэмгүй явж байна. Авлига, албан тушаалын 40 гэмт хэрэг хэрэгсэхгүй болсон. 30 гаруйхан хоногийн дотор Прокурор 47 хэрэг хэрэгсэхгүй болгожээ. Тун удахгүй авлигын 11 хэрэг хэрэгсэхгүй болно. Хэрэгсэхгүй болох хэрэг дотор алдарт Жастын Ш.Батхүүгийн хэрэг явж байгаа. Хохирол нь 121 тэрбумын хэрэг. Авлига албан тушаалын хэрэг хожуу илэрдэг. Энэ үед илэрсэн хэрэг бүгд хэрэгсэхгүй болох нөхцөл үүсэж байна. Эрүүгийн хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, Ц.Нямдорж нарт хариуцлага тооцох ёстой. Хөөн хэлэлцэх хугацааг дахин тоолох тухай Х.Нямбаатар ярьж байгаа ч боломжгүй. Олон улсын гэрээгээр хууль эргэн үйлчлэхийг зөвшөөрдөггүй. Иймээс авлига, албан тушаалын хэргүүд хэрэгсэхгүй болох зүйл хийчихээд хэзээ хойно нь өөрчилсөн зүйл оруулж ирж байгаа нь хариуцлагагүй зүйл гэдгийг хэлмээр байна” хэмээн ярьсан удаатай. 

Хөөн хэлэлцэх хугацааг тоолох журамд өөрчлөлт орсноор” хэмээн сүүлийн хэдэн сар амаа цангатал ярьсан нэр бүхий улстөрчид энэ өдрүүдэд “Нохойн дуу ойртлоо” хэмээн бие бие рүүгээ ирмэж суугаа гэхэд хилсдэхгүй

Үүнд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар тэргүүтэй нэр бүхий улстөрчид “Хуульд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой өөрчлөлт гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш яллагдагчаар татах хүртэл тоолох юм. Мөрдөн шалгах хугацааг ерөнхий гэмт хэргийн хугацааг хоёр дахин хөнгөрүүлсэн байдлаар тодорхойлж байгаа. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой журмыг баталж, мөрдөж эхэлснээс хойш мөрдөн шалгаж байгаа бүх хэргийг шинээр тоолно. Өөрөөр хэлбэл, тухайн хүмүүсийн хөөн хэлэлцэх дуусах тухай асуудал байхгүй болно. Яагаад гэвэл яллагдагчаар татсан тохиолдолд мөрдөн шалгах хугацаа дуусгавар болно. Харин өмнө нь хөөн хэлэлцэх хугацааны үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргүүдийг Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар дахин тоолохыг холбогдох байгууллагуудад үүрэгжүүлсэн зохицуулалтыг оруулж байгаа. Энэ асуудал нэлээд маргаан дагуулна. Материаллаг хуулийг буцааж хэрэглэж болно. Харин процессын хуулийг буцааж хэрэглэхгүй учраас хөөн хэлэлцэх хугацаагаар үндэслэлгүй болсон хэргүүдийг дахиж тоолох зохицуулалтыг оруулах гээд хичээж байна” гэсэн хариу өгсөн юм. 
Өөрөөр хэлбэл, хууль эргэн үйлчлэхгүй зарчмаар одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн тухай хуулийн хүрээнд хөөн хэлэлцэх хугацаа дууссан нэрээр хэрэг нь хэрэгсэхгүй болсон авлигач, албан тушаалаа урвуулан ашиглагчид ял завшаад үлдэх магадлал өндөр байгаа юм. Хэдийгээр Х.Нямбаатар тэргүүтэй төсөл санаачлагчид ял завшигч, завшихыг санаархагчдын хэргийг сэргээн шалгах боломж, нөхцөлийг бий болгохоор ажиллаж байгаа ч энэ нь өөрийнхөө тарьсан хогийг цэвэрлэх гэж буй хэрэг төдий гэдгийг хуульчид хэлж байгаа. Учир нь Х.Нямбаатар нарын санаачилсан, өдгөө мөрдөгдөж буй Эрүүгийн хууль одоогийн нөхцөл байдлыг бий болгосныг энд дурдах нь зөв биз ээ. 
Ташрамд дурдахад, 1984, 2002 оны Эрүүгийн хуульд хөөн хэлэлцэх хугацааны томьёолол адилхан байв. Хөнгөн гэмт хэрэгт зургаан сар, хүндэвтэр гэмт хэрэгт таван жил, хүнд гэмт хэрэг 15 жил, онц хүнд гэмт хэрэг 25 жилийн хөөн хугацаатай байхаар заасан байдаг. Харин 2015 оны шинэчилсэн Эрүүгийн хуулиар гэмт хэргийг хөнгөн, хүндээр нь ялгахаа больж, хөөн хэлэлцэх хугацааг ерөнхийд нь богиносгосон. Тухайлбал, нэг жил хүртэл хорих ялтай гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг нэг жил, 1-8 жил хорих ялаар шийтгүүлэх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь таван жил, 15 жилээс дээш ялтай бол 12 жил, бүх насаар нь эсвэл 20 жил хүртэлх ялтай хэрэг нь 20 жилийн хөөн хэлэлцэх хугацаатай болсон. Гэхдээ тухайн үеийн өөрчлөлтөд гэмт этгээдүүдийн ял завших боломжийг хязгаарласан зохицуулалтыг нарийн тусгаснаараа онцлогтой байлаа. Энэ нь гэмт этгээд хуулийн байгууллагад шилжсэн үеэс хөөн хэлэлцэх хугацааг зогсооно. Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах өдрийг хүртэл тоолно гэж маш тодорхой заасан байлаа. Гэтэл 2017 оны Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр энэ заалтыг хүчингүй болгосон нь авлига албан тушаалын хэргүүдийг хэрэгсэхгүй болгох үндэс болов. Тухайн үед “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож, уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно” гэж өөрчилсөн. Ингэж өөрчилснөөр хэргийн мөрдөн шалгах ажиллагааг удаашруулах, гэмт хэрэгтэн оргон зайлах, хөөн хэлэлцэх хугацаа дуусахын алдад шүүхэд гомдол гаргаж, хэрэг шийдвэрлэлтийг удаашруулан ял завших нөхцөл бодитоор бүрдсэн байдаг.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид