Улаанбаатар 1c

Д.Эрдэнэбат: тэтгэврийн зээл тэглэснээс үүдэж гарах сөрөг үр дагаврыг яах вэ

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төсөл, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцсэн. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг улс орон даяар сурталчлан таниулах ажлыг зохион байгуулахыг тогтоолын төсөлд тусгажээ. Төсөлтэй холбоотой гишүүд асуулт асууж үг хэллээ.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Улс төрийн намын санхүүжилтийн тухай хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль гэж байхгүй. Гэтэл байхгүй хуулийг байгаа мэтээр бичсэн байна. Энэ мэт зарим найруулгыг засах шаардлага байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ирэх тавдугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлнэ. Сүүлийн гучин жил маргаантай байсан асуудлыг цэглэсэн. Үүнийгээ сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Тогтоолд хоёр агуулгатай заалт орсон. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх. Үүнтэй холбоотой 45 хууль тогтоомжийн УИХ батална. Үүнийг хоёр нь анхдагч хууль, 23 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 20 хуульд шинэчилсэн найруулга хийнэ. Ингэхдээ зарим хуулийг УИХ-ын хаврын чуулганаар батална. Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг сурталчлах ажлыг бид зохион байгуулна. Улс төрийн намтай холбоотой зохицуулалтыг Үндсэн хуульд тусгасан. Урьд нь ийм хууль байгаагүй. Үүнтэй холбоотой Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн найруулах шаардлага бий. Мөн намын санхүүжилт ил тод байх зарчмыг Үндсэн хуульд тусгасан. Иймд Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль батлах зайлшгүй шаардлагатай.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагаж мөрдөх журмын төсөлд эрх зүйн орчныг бүрдүүлэх хэдэн асуудал байна. Бид Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Үндэсний баялгийн сангаа тодорхой болгоно гэж заасан. Энэ хуулийг хэзээнээс хэрэгжүүлэх вэ. Үүнийг цаг алдалгүй шийдэх ёстой. Баялгийн сангаар дамжуулж, нийгэмд үүсээд байгаа тэгш бус байдлыг арилгах, стратегийн ордтой холбоотой үндэсний компанийг байгуулж, байгалийн баялгаа тэгш хуваарилна. Мөн хотын эрхзүйн байдлын тухай хууль хэзээнээс хэрэгжиж эхлэх нь тодорхойгүй байна. Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг бид хэлэлцүүлээд эхэлсэн. Энэ удаагийн хуульд хотын эрхзүйн байдлыг хэрэгжүүлж амжихгүй.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр байгалийн баялгийг ард түмэнд хүртээх талаар тодорхой зааж өгсөн. Мөн дагаж мөрдөх журмын тухай хуулиар хэд хэдэн өөрчлөлт хийнэ. Үндэсний баялгийн сан байгуулах хуультай болсон. Хоёрдугаарт, Дархан, Эрдэнэт хотыг улсын статустай хот болгох талаар тусгасан.  Үүнийг 2020 оны тавдугаар сард багтааж улсын зэрэглэлтэй хот болгоно. Харин Сонгуулийн тухай хуультай хэрхэн уялдуулах вэ гэдэг дээр бид ажиллана.
Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналуудаар санал хураалт явуулсан. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, тогтоолыг эцэслэн баталлаа.
Үргэлжлүүлэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай  хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдсэн. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан танилцууллаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн  шинэчилсэн  төсөлд санал авах хэсгийн хороодын үйл ажиллагааг тодорхой болгох,  төрийн байгууллагуудын үйл ажиллагааны чиг үүрэг, зардлыг шийдвэрлэх, сонгуультай холбоотой гомдол саналыг Зөрчлийн тухай хуулиар зохицуулах, гадаад улсад амьдарч буй Монгол Улсын иргэд санал өгөх зохицуулалтыг боловсронгуй болгох, сурталчилгааны зардлыг багасгах зэрэг өөрчлөлт оруулжээ. Танилцуулгатай холбоотой гишүүд асуулт асууж, үг хэлэв.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Ерөнхийлөгчийн сонгууль ирэх жил болно. Харин 2025 оноос Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зургаан жилээр сонгох хуулийн төсөл хэрэгжиж эхэлнэ. Энэ нь Монголын улс төрд гарч буй томоохон өөрчлөлт. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өмнөх алдаагаа зассан ямар шинэ заалтуудыг оруулж ирсэн бэ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд парламентад суудалтай намууд Ерөнхийлөгчид нэр дэвшдэг тогтолцоо тогтсон. Тэгэхээр энэ удаагийн хуульд парламентад суудалгүй намыг сонгуульд нэр дэвшүүлэх заалт оруулах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Энэ хуулийн төслийг ганцхан эрх баригч нам оруулж ирээгүй. Ажлын хэсэгт АН, ШИНЭН-ын төлөөлөл бий. Л.Болд гишүүн ажлын хэсэгт ажиллаж, бүх хэлэлцүүлэгт оролцож, төсөлд гарын үсэг зурсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг үндэсний зөвшилцлийн хүрээнд хийж, батлах ёстой. Энэ хуулийн төслийг боловсруулахдаа УИХ, Орон нутгийн ИТХ, Ерөнхийлөгчийн сонгуулийг гурван тусдаа хуулиар зохицуулахаар болсон. Мөн бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгчийг зургаан жилд нэг удаа сонгодог байхаар тусгасан. Нэгэнт Үндсэн хуульд шинэ заалт орсон тул Сонгуулийн тухай хуулиа ч гэсэн өөрчилж, Үндсэн хуультай нийцүүлэх ёстой гэж үзсэн. Мөн Үндсэн хуульд парламентад суудалтай намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж заасны дагуу хуулийн төслөө боловсруулсан. Олон улсын байгууллагаас гаргасан судалгаагаар манайх хамгийн өндөр өртөгтэй сонгууль зохион байгуулдаг гэж гарсан байна лээ. Тиймээс бид мөнгөнөөс хамаарал багатай байх зохицуулалтыг оруулж өгч байна.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай намаас нэр дэвшинэ гэсэн заалт бий. Энэ хуулийн төслийн 26 дугаар зүйлд нам, хамтарсан намаас нэр дэвшүүлэх гэж заажээ. Хамтарсан нам гэдгээ тодорхой тусгах нь зүйтэй. УИХ-д суудалтай намууд болон эвслүүд гэж бий. Эвслээс нэр дэвших хүнийг тодорхой зааж өгөхгүй бол дотроо маргаан үүсэх эрсдэлтэй. Тиймээс шинээр байгуулагдах ажлын хэсэг энэ заалтад анхаарч ажиллах шаардлагатай байна.
Гишүүд асуулт асууж дууссаны дараа Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулж, гишүүдийн олонх дэмжив.
Чуулганы үдээс хойших хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Үүний өмнө УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороод хамтарсан хурал хийж, Тэтгэврийн зээлийг тэглэх хуультай холбоотой ажлын хэсгээс гаргасан саналуудыг хэлэлцсэн. Ажлын хэсгээс зургаан сая хүртэлх зээлийг тэглэх, тэтгэврийн зээлгүй 194 мянган ахмадад нэг сая төгрөгийн үнэт цаас олгох зэрэг санал гаргажээ. Энэ асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэн, дэмжсэн саналаа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Монгол Улсын эрх ашгийг зөрчсөн, хууран мэхлэсэн үйлдэл гаргаж болохгүй. Зээлээ тэглүүлж байгаа иргэдийг алагчилж болохгүй. Тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийн ваучер олгох асуудлыг эрх баригч  намын бүлгийн хурлаар хэлэлцсэн байна. Дараагийн парламент энэ асуудлыг байхгүй болгочихвол яах вэ. Зээл тэглэх сургаар 100 тэрбум төгрөг алдагдсан тухай мэдээлэл гарсан. Дээр нь бүлгийн шийдвэрээр энэ асуудлыг шийдээд байгаа юм биш үү.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Энэ намын бүлгийн шийдвэр биш. УИХ-ын даргын захирамжаар долоон гишүүнтэй ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Хоёрдугаарт, арванхоёрдугаар сард 100 тэрбум төгрөг гарсан гэж яриад байгаа. Энэ худал мэдээлэл. 2019 оны арванхоёдугаар сард 23875 хүний 55 тэрбум төгрөгийн зээл гарсан. Энэ сард 72.9 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн байна. Эдгээрийг холбогдох байгууллагууд шалгаж байгаа. Мөн ваучер гарна гэж хэн ч яриагүй. Үнэт цаас гаргаж, тэтгэврийн зээл аваагүй үлдэж байгаа ахмадуудад үнэт цаас эзэмшүүлэх талаар тусгасан. Тэтгэврийн зээлийг бүрэн зогсоох талаар санал орж ирсэн. Гэхдээ үүнийг бид зургаан сараар жилд нэг удаа олгодог болох хязгаарлалт хийж байгаа. Энэ нэг удаа авч байгаа арга хэмжээ.
УИХ-ын гишүүн Н.Учрал: Зээлийг нэг удаа тэглэх энэ шийдвэр тэтгэврийн реформ хийх нэг алхам. Мөнгө хүүлэлт хэрээс хэтэрсэн гэж иргэд хэлж байна. Тэтгэврийн тогтолцоогоо өөрчилсөн цагт мөнгөний ханшийг тогтвортой байлгана.
УИХ-ын гишүүн С.Чинзориг: Нийгмийн даатгалын шинэчлэл хийхээр бид ажиллаж байна. Гэхдээ тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх нь Нийгмийн даатгалын сантай холбоотой асуудал биш. Арилжааны банкнаас зээл гарч, төрөөс арга хэмжээ авч байгаа. Тиймээс бид банкны систем, хүүтэй холбоотой асуудлаа сайжруулах цаг нь болсон.
УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж: Банкууд энд ашиг олоод байгаа зүйл байхгүй. Хамгийн найдвартай зээл нь тэтгэврийнх байдаг. Үүнийгээ банкууд өөрсдийн эх үүсвэрээр санхүүжүүлдэг. Хамгийн багадаа жилийн 15 хувь хүүтэй. Зээл тэглэх асуудлыг ирэх сарын 1-ээс өмнө шийднэ гэснийг дэмжиж байгаа. Харин 194 мянган иргэнд нэг сая төгрөгийн үнэт цаасыг олгох асуудал яригдаж байна. Энэ талаар нэмэлт мэдээлэл өгөх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: 194 мянган хүнд нэг сая төгрөг өгнө. Энэ нийтдээ 194 тэрбум төгрөг шаардлагатай. Бидний нийт гаргах гэж байгаа бондын хэмжээ 900 тэрбум төгрөг. Үүний 762 тэрбум төгрөгөөр зээлийг төлнө. Ингэхдээ зургаа хүртэл сая төгрөгийн босго тавьж, нийт тэтгэвэр авагчийн 91.9 хувийг зээлээс чөлөөлж байгаа. 
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Хэлэлцэж байгаа асуудлыг зарчмын хувьд дэмжиж байгаа. Харин үүнээс гарах сөрөг үр дагаврыг Засгийн газар яаж харж байгаа вэ. Зөвхөн Салхитын алт, мөнгөний ордоор бүрэн шийдвэрлэн гэсэн баталгаа байхгүй байна. Энэ ордын нөөцийг яаж тодорхойлсон бэ. Мөн тэтгэврийн зээл аваагүй 194 мянган иргэд үнэт цаас олгоно гэж байна. Ямар үнэт цаасыг оруулж байна. Өрийн бичиг юм уу. Хувь эзэмших эрхийн бичиг үү. Үүний ялгааг гаргахгүй хоосон хүлээлт үүсгэчих вий. Энэ эргэлзээтэй байдал нь сонгуулийн шоу мэт харагдаж байна. Цаашдаа эдийн засгийг хөөрөгдчих вий.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Эдийн засагт савлагаа үүсгэхгүй байх үүднээс ахмадуудад үнэт цаас хэлбэрээр олгохоор болсон.Салхитын мөнгөний орд 850 тонн мөнгө, 1.1 тонн алтны нөөцтэй. Өнөөдрийн байдлаар энд тодорхой хэмжээний олборлолт хийж, 500 мянган тонн хүдэр олборлочихсон байгаа. Таван жилийн хугацаанд 1.3 их наяд төгрөгийн ашиг орж ирнэ гэж тооцоолсон. Тиймээс “Эрдэнэс силвэр ресурс” компанийн эзэмшилд байгаа Салхитын мөнгөний ордын орлогыг барьцаалж байгаа асуудал. 
УИХ-ын дарга Г.Занданшатар: Тэтгэврийн зээлийг олгохдоо 18 дахин хувааж олгодог. Тэгэхээр зургаан сая төгрөгийн зээл гэдэг нь 333 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг гэсэн үг. 10-15 сая төгрөгийн зээлтэй 10822 хүн бий. Энэ хүмүүсийн зургаан сая төгрөгийн зээлийг төр төлж, үлдсэн мөнгөө иргэн өөрөө төлнө. 
УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: Бэлэн мөнгө тараах юм бол эдийн засагт хүндрэл үүсэж, инфляц өсөх магадлалтай. Иймд үнэт цаас хэлбэрээр өгөх гэж байна гэж ойлгож байгаа.
УИХ-ын гишүүн Л.Болд: Энэ асуудлыг шийдэх хэрэгтэй ч, яарч болохгүй. Бид ахмадын саналыг авах хэрэгтэй. Нэг сая төгрөгийг үнэт цаас хэлбэрээр олгоно гэж байгаа нь тодорхойгүй байна. “Эрдэнэс силвэр ресурс” компанийн орлогыг барьцаалж зээл олгоно гэдгийг ард түмэн хууран мэхлэлт гэж харж байгаа. Тиймээс бид нэг сая төгрөгөө бэлэн мөнгө болгож өгөх ёстой гэж үзэж байна. Үнэт цаас хэлбэрээр өгнө гэвэл энэ саналыг унагах хэрэгтэй. 
Ингээд зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж,  тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлэв.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид