Улаанбаатар 1c

Ц.Батсүх: Валютын ханшийн өөрчлөлт улирлын шинжтэй байна

СЭЗИС-ийн багш, эдийн засагч Ц.Батсүхээс цаг үеийн асуудлаар дараах тодруулгыг авсан юм.  

-Валютын ханш тасралтгүй өсөж байна. Төлбөрийн тэнцэл ашигтай гарч, валютын нөөц нэмэгдсэн ч ханш өсч байгаагийн шалтгаан юу вэ?
-Ам.долларын ханш өсөж байгаа шалтгаан нь эрэлт болон хүлээлттэй холбоотой. Жил бүрийн сар шинийн өмнө хэрэглээний импорт нэмэгддэг. Тиймээс ам.долларын эрэлт өсөх улирлын шалтгаан үүссэн гэсэн үг. Нөгөө талаас эдийн засгийн нөхцөл байдал муудах, зээл тэглэх гэсэн мэдээлэл, түүн дээр тоглолт хийх валют арилжаалагчдын араншингаас шалтгаалан төгрөг суларна гэсэн хүлээлт үүсэж, иргэд ам.доллар авах хүсэлтэй болж байна. 

-Та сая тэтгэврийн зээлийг тэглэх зэрэг мэдээллүүд ханшид нөлөөлөх талтай гэж хэллээ. Тодруулбал, тэтгэврийн зээлийг тэглэвэл ханшид яаж нөлөөлөх бол?
-Эх үүсвэрийг хэрхэн шийдэхээс нөлөө нь хамаарна. Хэрэв бонд гаргаад түүнийг нь Төвбанк шууд санхүүжүүлбэл ханш сулрах нөлөөтэй. Зээлийг тэглэхдээ эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөлгүйгээр санхүүжилтийг сар бүрээр хувааж, дараалсан алхмаар арилжааны банкууд руу оруулбал нөлөөллийг нь багасгах нэг арга байж болох юм. 

-Манай улсын хувьд валютын ханш улирлын онцлогтойгоор хэлбэлзэж байдаг. Энэ онцлогт ямар бодлого барих хэрэгтэй юм бэ? 
-Манай орны хувьд ханшийг чөлөөтэй байлгах нь эдийн засгийн эрүүл хөрс бүрдэх нөхцөл болох талтай. Өвчнийг түр зуур аргалж далдалсаар бүр хүнд байдалд оруулсанд орвол үндсээр нь эмчлэх чиглэлд буюу экспортын орлогоо нэмэгдүүлэх, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх гэсэн бодит эдийн засгийг дэмжих чиглэлд бодлогоо явуулсан нь зөв байх. Энэ тохиолдолд валютын чөлөөт ханш манай эдийн засгийн индикатор үзүүлэлт болох юм. Ингэснээр зарим бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх, хэрэглэх нөхцөлийг бүрдүүлж болно. Худалдааны тухай хууль гаргаж, гадаад худалдааг том корпорациудаар дамжуулан хийдэг болгож, одоогийн үүргийн гадаад худалдааг зогсоовол валютын ханшийн бодлогод өөрчлөлт гарах нэг нөхцөл болно.

-Монголбанк интервэнц хийж, захын ханшид оролцдог. Гэвч интервенц ханшийг тогтвортой байлгах чиглэлд төдийлөн үр дүнгээ өгөхгүй байна. Тэгэхээр ханшийн өсөлтийг шийдэх гол гарц нь юу бол?
-Өнөөгийн ханшийн өсөлтийн шалтгаан нь нийлүүлэлтийн гэхээсээ илүүтэй эрэлт болон хүлээлтийн шалтгаан бий учир ам.долларын зохиомол эрэлт үүсэх нөхцөлүүдийг хязгаарлах чиглэлд ажиллах, эдийн засгийн нөхцөл байдлын талаар иргэдэд аль болох үнэн, зөв мэдээлэл хүргэх нь зүйтэй. Мөн макро зохистой бодлогын хүрээнд арилжааны банкуудын валютын хадгаламжинд нийт эх үүсвэрийн төдөн хувиас хэтрэхгүй гэсэн нэмэлт шаардлага тавих бололцоо байж магадгүй.

-Ханшийн өсөлт яван явсаар иргэдийн төгрөгт итгэх итгэлийг алдагдуулах вий гэх болгоомжлол бий. Үүнээс яаж урьдчилан сэргийлэх вэ ?
-Цаашид иргэд ам.доллараар хадгаламж нээхийг хязгаарлах, хориглох чиглэлд бодлого явуулбал зүгээр байх. Төгрөгөөр хийсэн хэлэлцээр, арилжааны үнийн дүнд бага хувийн урамшуулал үзүүлэх механизмыг татварын тогтолцоотой уялдуулан оруулах бололцоо байж болох юм.

-Урт хугацаанд мэдээж экспортоо төрөлжүүлж, валютын орлогоо нэмэгдүүлж байж, ханш тогтвортой байна. Тэгвэл богино хугацаанд Монголбанкны интервэнцгүйгээр ханшийг тогтвортой байлгах ямар арга байгаа бол?
-Валют арилжаа нь ихэвчлэн хяналт султай арилжаа эрхлэгчдийн сувгаар хийгдэж байгааг албажуулах хэрэгтэй. Мөн арилжааны банкуудыг валют арилжааны төвүүд болгох, эсвэл валют арилжаалагчдын ханшийн хэлбэлзэлд хязгаарлалт тогтоож, хянах үүргийг Санхүүгийн зохицуулах хороотой хамтарч хэрэгжүүлэх нь чухал байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид