Улаанбаатар 1c

Өвлийн аялал жуулчлалгүй Улаанбаатарт хүүхдээ тоглуулах тухтай ч газар алга

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүхэд энэ удаагийн хөндөх сэдвээ хаяглая. Утаа, угаар, ханиад томуу, авто замын ачааллаас өөр трэнд сэдэвгүй болтлоо амьдрах орчны доройтолд орсон Улаанбаатарт өвлийг зугаатай, өнгөтэй болгох юу ч алга. Ханиаданд дарлуулж, эмнэлгээс өөр очих газаргүй, эмийн сангаас өөр зорих замгүй болтлоо туйлдсан ээж аав, бяцхан үрсийн багширсан газар болжээ, Улаанбаатар. Өвөлдөө хасах 40 хэм хүртлээ хүйтэрдэг манай хотод яг үнэнийг хэлэхэд өвөл үзэж харах, зориод очих нүд, сэтгэл баясгах газар алга. Дулаан тохьтой амарч, зугаалах, тоглож наадах цогцолбор алга. Гарын арван хуруунд багтах кино театр, яг ижилхэн хэдэн тоглоомтой төвүүдээс өөр нэрлэчих олигтой парк байхгүй аж. Дэндүү уйтгартай, үзэж харах гоё сонин байгууламжгүй нийслэлд бяцхан иргэд яг л “Хуучин хүү” шиг нөхцөлд бойжицгоож байна. Хичээл, сургууль амарсан яг өдийд ханиад, томуутай нь эм, тариа, эмнэлэг барааддаг бол бусад нь гэрээсээ ч цухуйх эрхгүй болтлоо хөл хориотой байсаар улирлын амралтаа дуусгадаг. Амарч зугаацах, тоглох олигтой газаргүй, дэндүү сонголтгүй ийм хотод эцэг эхчүүд аргаа барахдаа амралтын өдрөөр хүүхдээ аваад  ойрхон ууланд гарч, голын мөс бараадуулаад  чаргаар гулгуулах, дааруулчихгүйхэн цөөн минутаар салхилуулсан болоод дөрвөн хананы дунд хашиж байна. Ямар сайндаа л шинэ оныг угтаж барьсан Төв талбай дээрх цөөн хэдэн мөсөн “урланд” он солигдох мөчид саатсан балчрууд уртын урт дараалал үүсгэв. Зөвхөн мөсөн гулсуур дээр ганц удаа гулгахын тулд хоёр цаг дараалалд зогсож байх жишээтэй. 

Бяцхан иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх тохь тухтай, стандартад нийцсэн, сонирхолтой тоглоом наадгай бүхий ордон, нэгдсэн цогц үйлчилгээтэй газар үгүйлэгдэж байна. Цөөн хэдэн газрынх нь үйлчилгээ дэндүү ядруугаас гадна үнэ хэт өндөр. Тоглоомууд нь хуучирсан, сонирхолгүй, хэт их дараалалтайгаас болж хүүхэд ядардаг. Хоёроос дээш хүүхэдтэй эцэг эхчүүд ийм газрыг зорих ямар ч боломжгүй. Учир нь амарч суух ч сандал байхгүй. Бага насны хүүхэд ядраад унтлаа гэхэд түр зуур унтуулах өрөө ч олддоггүй. 

Бяцхан иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх тохь тухтай, стандартад нийцсэн, сонирхолтой тоглоом наадгай бүхий ордон, нэгдсэн цогц үйлчилгээтэй газар үгүйлэгдэж байна. Цөөн хэдэн газрынх нь үйлчилгээ дэндүү ядруугаас гадна үнэ хэт өндөр. Тоглоомууд нь хуучирсан, сонирхолгүй, хэт их дараалалтайгаас болж хүүхэд ядардаг. Хоёроос дээш хүүхэдтэй эцэг эхчүүд ийм газрыг зорих ямар ч боломжгүй. Учир нь амарч суух ч сандал байхгүй. Бага насны хүүхэд ядраад унтлаа гэхэд түр зуур унтуулах өрөө ч олддоггүй. Тэгэхээр Д.Батсүх дарга аа, нийслэлийн балчир иргэндээ сэтгэл гаргаач. Хүүхдүүдэд зориулсан Диснейлэнд шиг биш юм гэхэд түүнтэй дүйх хэмжээний гоёмсог тоглоомуудтай, үнэ хямд, цэвэрхэн, тухтай, өвөл тоглож наадаж болох томоохон тоглоомын төв бариач. Хэрэв ийм төвтэй байвал өвлийн амралтаараа бяцхан хүүхдүүд уйдахгүй. Ядаж л ухаалаг утаснаас өөр үзэж харах сонголттой болно. Мөсний баяр, өвлийн аялал жуулчлал...гэх өгөөжгүй, том том тоо ярьсан бүтэхгүй сэдэв ярьж суухаар хүүхдүүдэдээ зориулсан Диснейлэнд шиг тоглоомын парк байгуулъя. Шинэ зууны нийслэл юм бол бяцхан иргэндээ зориулсан ийм гоёмсог пактай байх нь зайлшгүй мэт санагдах юм. Өвлийн аялал жуулчлал, жуулчин гэх юмгүй Улаанбаатарт хүүхдээ зугаацуулах, тоглох газар алга. 
“Өнөөдөр бахархах зүйлгүй хүн өнгөрснөөрөө сайрхдаг” гэж үг бий. Монголын гэж томроод яах вэ, нийслэлийн өвлийн аялал жуулчлалын салбарын унтаа, урагшгүй байдлыг энэ үгээр дүгнэж болохоор байна. Салбарын бодлого тодорхойлдог яам, төрийн захиргааны байгууллагууд нь “Аялал жуулчлалын салбар хөгжсөөр буй, Чингисийн Монголыг, нүүдэлчдийг дэлхий нийтээрээ сонирхож байна” гэхчлэн чихэн дээр цэцэг ургуулдаг нь нэдэр дээрээ хүүхдээ тоглуулах олигтой газаргүй хөгжлөөс хаягджээ.
Үүний нэг жишээ нь, Монголыг зорих жуулчдын тоог 10 саяд хүргэх хоосон амлалт. Салбарынхны уриа лоозон болсоор 10 гаруй жилийг үдэж буй энэ мөрөөдөл уг нь 2010 онд биелэх учиртай байв. Засгийн газар ийм зорилт дэвшүүлсэн. Гэвч тэр үеэс хойш (2005 он) 15 жил өнгөрөв. Гэтэл өвөл байтугай зундаа манай нийслэлийг зорьдог жуулчны тоо зорилтынхоо хагасад ч хүрэхгүй байна. “Чингис” гэдэг нэрнээс өөр ярих сэдэвгүй, барьж босгосон бүтээн байгуулалтгүй манай аялал жуулчлалын салбарыг “ичээнээс нь гаргаж”, улирлын хамааралгүй болгох явдал 2020 оны шинэ зорилт болоосой. Ийм шаардлага зайлшгүй тулгараад буй. Учир нь, манай улс өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлээгүйгээс жилийн есөн сарыг “унтаж” өнгөрөөдөг. Нийслэлийн өвлийн аялал жуулчлал гэдгийг жуулчин авчирах хэцүүхэн ажлаас бус багачуудаа тоглуулж, баясан цэнгүүлдэг томоохон Диснейлэндээс эхэлбэл тун ч гоё доо. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид