Улаанбаатар 1c

Н.Отгонбаяр: Энэ онд нийслэлд 301 тэрбум гаруй төгрөгийн төсөвт ажил хийнэ

NPost.mn
2020-01-10 13:34
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяраас 2020 онд нийслэлд сүндэрлэх бүтээн байгуулалт, хотын өнгийг засах ямар ажил хийх талаар тодрууллаа.

-Энэ жил нийслэлд ямар шинэ бүтээн байгуулалт сүндэрлэх бол. Томоохон бүтээн байгуулалт хийх үү?
-Улаанбаатар хотын Засаг дарга бөгөөд нийслэлийн захирагчын мөрийн хөтөлбөр дөрвөн жилээр гардаг. Үүнийг нийслэлийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлээр баталсан юм. Энэ жил нийслэл авто замаа сайжруулна. Мөн орон нутгийн хөгжлийн сан, боловсрол, эрүүл мэндийн салбарт томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ. Нийслэлийн иргэдийн ая тухтай, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бүтээн байгуулалтын ажлууд хийнэ. Хотын оршин суугчид тайван, аюулгүй орчин нөхцөлд амьдрах ёстой учраас цагдаа, онцгой байдлын байгууллагад парк шинэчлэлийн ажлыг эхлүүлнэ. Тухайлбал, Цагдаагийн байгууллагад дуудлага ирсэн тохиолдолд гурван минутын дотор хэргийн газар очдог байхаар тооцож авто машинжуулна. Хоёрдугаарт, том хотын жишгээр арван мянган хүн тутамд нэг түргэн тусламжийн  машин оногддог байхаар тооцож түргэн тусламж, эрүүл мэндийн байгууллагын чадавх, машины тоог нэмнэ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 81 түргэн тусламжийн машин айл өрхөд хүрч байна. 2020 онд 40 ширхгийг нэмж авахаар төлөвлөсөн. Ингэснээр дуудлага өгсөн айл өрх, хэргийн газарт  15-20 минутад багтаж очдог болох юм. 

-Иргэд нийтийн тээврийн үйлчилгээ, автобусны хүрэлцээ муу байна гэж бухимддаг. Энэ чиглэлд тодорхой ажил хийх үү?
-Нийтийн тээврийн автобусыг шинэчлэх тухай бид удаан ярьсан. Энэ жил ажил хэрэг болгоно. Парк шинэчлэлт хийнэ. Иргэд ая тухтай, нийтийн тээврээр зорчих эрхийг хангана. Хүн бүр тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох нь зардал ихтэй. Иргэд автобусаар зорчих нь замын ачааллыг бууруулахаас эхлээд өрхийн зардлаа хэмнэх давуу талтай байдаг. Тиймээс нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх энэ мэт бодлогын ажил хийхээр төлөвлөсөн. 

-Нийслэлийг хөгжүүлэх бодлогыг ямар хугацаагаар тооцож төлөвлөдөг юм бэ?
-Нийслэлийг хөгжүүлэх бодлогын баримт бичгийг 2030 он хүртэл боловсруулж дууссан. Улаанбаатар хот Засаг даргын зөвлөлөөр “ногоон” хот болох  үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан. Дэлхийн нийтийн чиг хандлагыг баримтлах ёстой. Цахилгааны эх үүсвэрийг нар, салхинаас авдаг байх, тодорхой хэмжээнд газрын гүн дэх байгалийн хийг ашигладаг байхаар төлөвлөсөн. Хотын иргэд үнэтэй орон сууцанд, өндөр зардлаар амьдарч байна. Хотын эрчим хүчний зардал цаашид өссөөр байх тул үүнийг зохистой хэмжээнд барихын тулд бид ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхээс өөр гарцгүй. Тэгэхээр бид 2030 он хүртэл Ногоон хот болох зорилго тавьсан. Дэлхий нийт хэмнэлтийн горимд шилжиж байна. Бид үүнийг дагах ёстой. Энэ онд бид эмнэлэг, сургууль, цэцэрлэг соёлын төв гэх мэт нийгэм рүү чиглэсэн салбаруудаа хөгжүүлэх, ээлж дараатайгаар барьж ашиглалтад оруулахаар зорьсон гэдгийг онцлоё.  Өмнөх жилүүдэд Засгийн  газрын 2013-2020 оны мөрийн хөтөлбөрийн хүрээнд гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудыг хоёр ээлжинд бүрэн шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар 134 дүгээр сургууль гурван ээлжээр хичээллэж байна. 

-Хамгийн эхэнд авто замын парк шинэчлэл хийх юм байна. Үүний үр дүнг хэрхэн харж байгаа вэ?
-Авто зам нэмж бариад түгжрэл буурсан тохиолдол  дэлхийн аль ч улсын түүхэнд байхгүй юм билээ. Манай улс  олон талт тулгуур өгөгдлүүдийг судалж байна. Нэгдүгээрт, авто тээврийг бүрэн шинэчилж машинаар биш нийтийн тээврийн үйлчилгээг хөгжүүлэх, нийтийн тээврийг олон төрөлтэй болгон хүхрийн хий гардаггүй цахилгаан автобустай болох, тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл, дүүжин тээврийн хэрэгсэлтэй болох гэх мэт шийдлүүдийг туршихаар зэхэж байна.  Иргэндээ ээлтэй, иргэдийн оролцоог дэмжсэн, хариуцлагатай хэрэглээг дэмжсэн хот болохоор зорилго, зорилтоо тодорхой болгоод байна.  

-Өнгөрсөн онд тусгасан бодлогыг энэ жил хэрэгжүүлж дуусгах байх. Харин энэ онд шинээр бий болгох бүтээн байгуулалт бий юү?
-Хөрөнгө оруулалт тасалдсанаас үүдэж зогссон барилга байгууламж, авто замтай холбоотой он дамжсан ажлыг энэ онд дуусгана. Энэ жил заавал хийх ажил бол нийтийн тээврийн шинэчлэл. Бид авто замын ачааллыг бууруулахын тулд олон хувилбар гаргаж туршина. Иргэд бага  өртгөөр, аюулгүй, цэвэрхэн автобусаар үйлчлүүлдэг байхад анхаарна.  

-Энэ жил бүтээн байгуулалт хийхээр хэдий хэмжээний  төсөв, хөрөнгө баталсан бэ?
-301 тэрбум 31 сая төгрөгийн төсөв баталсан. Бүтээн байгуулалтын ажлыг төсвийн тухай хууль болон орон нутгийн бараа, ажил үйлчилгээ авах хуулиар ажлын хэсгийг гаргана. 

-“Аз жаргалтай Улаанбаатар” гэх мэт уриа гаргаад түүнийхээ дагуу нийслэлийг удирдах баг ажилладаг. Энэ жил ямар уриалга гаргав?
-Улаанбаатар хотын Засаг даргын анхны захирамжаар “Нэг хот, Нэг стандарт” уриатай ажиллана.  Хот гэж ямар стандарттай байх ёстой вэ, хүүхдийн тоглоомын талбай ямар стандарттай байх ёстой вэ, олон нийтийн аюулгүй байдлыг хангасан тээврийн хэрэгсэл ямар стандарттай хөдөлгөөнд оролцдог вэ. Сурталчилгааны салбар ямар стандарттай байх вэ гэх мэтээр нэг бүрчлэн хэм хэмжээг тогтоож шинэчилж байна. 

-Иргэдийн оролцоо, санал санаачилга чухал. Иргэдээ сонсох, саналыг нь тусгах тухайд хэрхэн ажиллах бол?
-Бүтээн байгуулалтын төлөвлөгөө болон бусад бүх ажлыг  иргэдийн хэлэлцүүлэгт тулгуурлан хийдэг. Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд иргэдийн санал оролцоо чухал. Тухайлбал, орон нутгийн хөгжлийн санд иргэдийн саналыг оруулдаг. Монгол Улс олон улсын хөтөлбөртэй нэгдэж дэлхий нийтийн чиг хандлагыг дагах ёстой. Тиймээс аливаа шийдвэр гаргахдаа иргэдээ сонсоно. Саналыг нь тусгана. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид